-Гурилын үнийг өнөөдөр хэд болж нэмэгдэхийг мэдэхгүй учраас үнийн мэдээллээ байршуулаагүй гэв-
Зах, худалдааны төвүүдэд мах, ногооны үнэ тогтвортой байгаа хэдий ч гурилын үнийн өсөлт худалдаа эрхлэгч, иргэдийг ихээр бухимдуулж байна. Хэзээний л олны хөлд дараастай байдаг “Хүчит шонхор” захыг өдрийн 12.00 цаг өнгөрч байхад зорилоо. Гурил, будааны бөөний төвийнхөн завгүй бас бухимдалтай байна. “Аравдугаар сар эхлэхтэй зэрэгцэн бүх төрлийн гурилын үйлдвэрийн үнэ учир нь олдохгүй нэмэгдэж байгаа. Өнөөдөр ийм үнэтэй авсан гурил, маргааш ямар үнэтэй болсныг тааж тааварлах аргагүй. Тиймээс гурил, будаа, тосны үнийн мэдээллийг өгөхгүй. Иргэд жижиглэн худалдаа эрхлэгч биднийг үнээ нэмчихсэн юм шиг уурлаж, бухимдаж, загнаж байна” гэсэн шалтгааныг хэлж гурил, будааны худалдаа эрхлэгчид зарж буй бүтээгдэхүүнийхээ үнийн мэдээллийг өгөхөөс дуу нэгтэйгээр эрс татгалзлаа. Гурил, будааны бөөний төвийн кантейнер бүр дээр очиж учрыг лавлавал “Үнээ нэмж байгаа үйлдвэрлэгчдээс учирыг асуу. Бид мэддэг хүмүүс биш. Гурилын үнэ өдөр бүр хэлбэлзэж байна. Манай улсад энэ жил улаанбуудайн нөөц хангалтгүй байгаа гэсэн. Улаанбуудай үнэтэй ч гарсан сурагтай. Нэг кг гурил дунджаар 105 төгрөгөөр нэмэгдсэн. Гурилаа ховордуулж, үнэд оруулж байна. Ерөнхийдөө есдүгээр сард худалдаалагдаж байсан гурилын үнийг одоогийнхтой харьцуулбал багадаа 2000 төгрөгийн зөрүү гарч байна” гэсэн бухимдангуй үгсийг хэлж байна. Худалдагчдын яриаг сонсоод байхад гурилын үнэ нэмэгдсэн нь гарцаагүй юм байна. Нэмээд таван литр нь 14-15 мянган төгрөгийн үнэтэй байсан наранцэцэгийн тосны үнэ 3000-4000 төгрөгөөр нэмэгдэж, 19 мянган төгрөг болсон юм байна гэдгийг баттай мэдэж авав. Ихэвчлэн наранцэцэгийн тос Орос улсаас орж ирдэг учраас тухайн улсдаа цар тахалтай холбоотойгоор бас өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байх магадлалтайг ч худалдагчид таамаглаж байна. Харин цагаан будааны үнэ гайгүй тогтвортой байгаа гэнэ. 25 кг цагаан будаа 45-48 мянган төгрөгийн үнэтэй бол нэг кг цагаан будаа болон элсэн чихэр дунджаар 2200 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байлаа.
“Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгчид үндэсний гурилын үйлдвэрүүдээс гурилаа татаж авдаг байна. Тухайн өдрийн ханшаар нь худалдаж аваад шуудай гурилд 500-1000 төгрөг л нэмж зардаг гэдгээ худалдаа эрхлэгчид хэлэв. Нэрийг нь бичихгүйгээр одоо зарагдаж байгаа гурилын ханшийг хэлүүлэхээр нэг худалдагчтай тохирлоо. Түүний хэлснээр “Хүчит шонхор” зах дээр Улаанбаатар дээд гурил 25 кг-тай бол нэг кг нь 1350 төгрөгөөр тооцож худалддаг. 10 кг-тай бол 1380 төгрөг, 5 кг-тай бол 1390 төгрөгийн үнэтэй. Улаанбаатар нэгдүгээр гурил 25 кг-тай бол 1100 төгрөг, 10 кг-тай бол 1140 төгрөг, 5 кг-тай бол 1130 төгрөг, Улаанбаатар хоёрдугаар гурил 25 кг-тай бол 800 төгрөг, 10 кг-тай бол 810 төгрөг, 5 кг-тай бол 820 төгрөгийн үнэтэй зарагддаг. Алтантариан дээд гурил 25 кг-тай бол кг нь 1220 төгрөгөөр тооцож боддог. Гурилын үйлдвэрийн үнэ бидний зарж буй үнээс 50-80 төгрөгийн л татуу байдаг. Гоймонгуудын үнэ хэвэндээ байгаа” гэв. Үйлдвэрээс л үнээ буулгахгүй бол жижиглэн худалдаа эрхлэгчид гурилын үнийг буулгах аргагүй гэнэ. Үйлдвэрээс гурилаа аваад тээврийн зардал, лангууны түрээс гээд зардлаа тооцож зах, худалдааны төвийнхөн ч үнээ тогтоодог байна. Ямар сайндаа гурилын үнэ тогтворгүй байнга өсөн нэмэгдэж байгаа учраас худалдаа эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийн мэдээллээ ч ил байршуулаагүй байв. Аль гурил, хэдэн төгрөгийн үнэтэй болсныг нь үнэхээр мэдэх аргагүй байлаа. Уг нь бол Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийн талаар үнэн бодит мэдээллийг хэрэглэгчид өгөх үүрэгтэй. Хэрвээ мэдээллээ өгөхгүй бол хуулийн этгээдийг таван сая төгрөг, иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох зохицуулалт бий. Тэгэхээр үнийн мэдээллээ ил байршуулахгүй байна гэдэг бол хэрэглэгчээ хүндлэхгүй байгаагийн наад захын жишээ. Гурилын үнэ нэмэгдэхэд талхны үнэ ч дагаж өсдөг жамын дагуу Улаанбаатарт таарсан дэлгүүртээ ороход л “Атар” талх 1300 төгрөг, “Мишээл” зүссэн талх 2000 төгрөг болсныг харж болно. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас талхны үнийн өсөлттэй холбоотойгоор өнгөрсөн сарын сүүлээр үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар төрөл бүрийн талхны үнээ 50-500 төгрөгөөр нэмсэн компаниуд байхад мөн талх, нарийн боовны үнээ 3400 хүртэл төгрөгөөр нэмсэн үйлдвэр ч байна гэхээр санаанд багтамгүй юм. Засгийн газраас цар тахлын нөхцөл байдлын үед үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих бодлогыг хэдийн авч хэрэгжүүлсэн ч гурилын үнэ буурсангүй.
Үхрийн мах 6500-10 мянга, хонины мах 5500-7800 төгрөгийн үнэтэй байна
“Хүчит шонхор” зах дээр эртлэн өрнөдөг гол үйл явдал бол малчид болон “Эмээлт”-ийнхэн захынханд махаа борлуулдаг. Тухайн өдрийн махны эрэлт, нийлүүлэлт, тарган, туранхай, цаг агаарын байдлаас хамаарч үнэ нь ялимгүй ялгаатайгаар тогтдог байна. Өнөөдөр хямд байгаа хэдий ч гэнэт хүйтэрвэл үнэ нэмэгдэх талтай. Өнгөрсөн долоо хоногт “Хүчит шонхор” зах дээр “Хонины мах бөөний үнэ нь 5500-6000 төгрөг, лангуун дээрээ хонины ястай мах 6600, цул мах 7800 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Тэмээний мах бөөний үнэ 4500, тэмээний цул мах лангуун дээрээ 7000 төгрөгийн үнэтэй байв. Ямааны мах бөөний үнэ нь 5600 төгрөг бол ястай мах 6500 төгрөг, ямааны цул мах 7000 төгрөгийн үнэтэй гэнэ. Үхрийн мах гаднаа 6500-7500 төгрөг бол лангуун дээрээ 9000-10 мянган төгрөгийн үнэтэй. Адууны мах гаднаа 5500 төгрөг, худалдааны зааланд 7500 төгрөгийн үнэтэй байлаа. “Махны үнэ ойрын хоёр, гурван сар нэмэгдээгүй. Өглөө ирсэн махаа өдөртөө л зараад дуусгадаг” гэж хонины махны худалдагч хариулав. Одоохондоо махны үнэ тогтвортой байгаа хэдий ч өвөлжилтийн нөхцөл байдлаас хамаарч үнэ бас л хэлбэлздэг. Энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай гэсэн зургаан аймгаас хонь, ямааны мах экспортлох тоо хэмжээг 40 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэрийг ч гаргачихсан гэдэг нь өвөлжилт хүндэрч болзошгүйг харуулсаар байна.
Төмс 700, монгол сармис 20 мянган төгрөгийн үнэтэй гэв
“Хүчит шонхор” зах дээр Монголынхоо хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо хямд үнээр худалдаалагдаж байлаа. Хүнсний ногоо борлуулалтын цэгүүд харьцангуй хүн цөөнтэй харагдана. “Ногоогоо хямд үнээр аваарай. Ямар ногоо авах вэ” гэсэн худалдагч нар “Манайх хямд шүү. Шинэ ногоо эндээс аваарай” хэмээн ам уралдан өрсөлдөнө. Хүнсний ногоо зардаг Д.Цэвлээ “Нэг кг төмс 700, 40 кг буюу шуудай төмс 18 мянган төгрөг. Лууван, манжин кг нь 1000 төгрөг, шуудай нь 25 мянга, байцаа 800, шуудай нь 25 мянга, хужаа сонгино 1500, монгол сонгино 2500, ногоон сонгино 1800, хужаа сармис нэг кг нь 6000, монгол сармис 20 мянган төгрөгөөр зарж байна” гэлээ. Ургац арвинтай намрын өдрүүдэд өргөн хэрэглээний хүнсний ногоо, нарийн ногооны үнэ ч буусан хэвээр байна. Төрөл бүрийн шинэ ургацын ногоо зах, худалдааны төв гэлтгүй зарим дүүргүүдийн төв талбай, байр, байшин хорооллуудын гадна ч элбэг зарагддаг намар цагт л монголчууд хүнсний ногоогоо хямд үнээр худалдан авдаг сан.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Гурилын үнэ нэмэгдэхгүй. Дотоодоо хангаад гадагшаа худалдахаар их тариа хураан авч байна түүхэнд анх удаа.