Нобелийн Энхтайвны шагналыг хүртсэн Дэлхийн хүнсний хөтөлбөр гэж юу вэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

Нобелийн Энхтайвны шагналын 2020 оны ялагчаар НҮБ-ын дэргэдэх Дэлхийн хүнсний хөтөлбөр /ДХХ/ шалгарч, ирэх арванхоёрдугаар сарын 10-нд Осло хотноо шагналаа гардахаар боллоо. “Цар тахал болон зөрчил мөргөлдөөний улмаас Йемен, Ардчилсан Конго, Нигери, Өмнөд Судан, Буркина-Фасо гэх мэт олон орны хүн ам өлсгөлөнд нэрвэгдэн, өлбөрөхийн даваанд очсон хүнд бэрх цаг үед ДХХ өөрийн хүчин чармайлтыг улам нэмэгдүүлэх талаар чадамж бололцоогоо харуулж чадсан учраас энэхүү хүндтэй шагналын эзнээр тодорч байна” хэмээн Нобелийн хорооны мэдэгдэлд дурджээ. Мөн өнгөрөгч 2019 онд ДХХ өлсгөлөн болон хүнсний дутагдалд өртсөн дэлхийн 88 орны 100 сая орчим оршин суугчдад тусламж хүргэн, Өмнөд Америк, Африк, Азид хэрэгжүүлж буй энхтайвныг тогтоохын төлөөх төслүүдийн хүмүүнлэгийн ажил үйлсэд зонхилох гол үүргийг өөртөө хүлээсэн тухай уг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Дэлхийн хүнсний хөтөлбөр үүссэн түүх

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн хүнсний хөтөлбөр /ДХХ/ 1961 онд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч асан Дуайт Эйзенхауэрын хүсэлтээр, НҮБ-ын системийн хүрээнд хүнсний тусламж хүргэх туршилт хийх зорилгоор анх байгуулагджээ. ДХХ зайлшгүй байх хэрэгтэй эсэх талаарх давтан үнэлгээ гурван жилийн туршид хийгдэх ёстой байсан бөгөөд хямралын тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр уг туршилт өөрийн ач холбогдлыг хангалттай баталсан байна. 1962 оны есдүгээр сард Ираны хойд хэсгийн Буин-Захра мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 12 мянга гаруй хүн амь насаа алдаж, олон мянган байшин барилгууд нуран сүйрчээ. Энэхүү газар хөдлөлт нь үүсгэн байгуулагдаад хэдхэн сарын нүүр үзэж байсан НҮБ-ын ДХХ-ийн хувьд чансаа шалгасан хатуухан сорилт болсон хэдий ч тэрээр амьд үлдэгсдэд маш хурдан хугацаанд 1500 тонн улаан буудай, 270 тонн элсэн чихэр, 27 тонн цай хүргэж амжсан аж.

Мөн хар шуурганы улмаас Тайландад хөрсний гулгаа үүсэхэд, мөн шинээр тусгаар тогтносон Алжир улс дайны үеэр орон гэрээ орхисон цагаач иргэдээ хооллож ундлах шаардлагатай болох үед ДХХ өөрийн үүргээ маш сайн гүйцэтгэж байв. Тус байгууллагын хөгжлийн эхний хөтөлбөр 1963 онд Суданд эхэлж, тухайн онд Того улсад сургуулийн ундны анхны хөтөлбөр нь дэмжигдсэн байна. Иймэрхүү маягаар ДХХ нь онцгой нөхцөл байдалд туслах өөрийн гол зарчмаа сайтар бэхжүүлсээр байсан тул 1965 онд НҮБ-ын бүрэн эрхэт хөтөлбөр хэмээх статустай болжээ.

Үйл ажиллагааны цар хүрээ өргөжсөн нь

Сүүлийн хэдэн арван жилийн туршид НҮБ-ын ДХХ-ийн үүрэг улам өргөжсөөр байна. Олон жилийн туршид үргэлжилж буй шинэ шинэ хямралуудын уршгаар олныг хамарсан аюулт өлсгөлөн нүүрлэж, байгалийн гамшгууд авхаалжит байдлыг шаардахад хүнсний тусламжийн хүргэлтийн ажиллагаанд нэлээд өөрчлөлтүүд гарчээ. 1970-аад онд Сахелийн баруун хэсэгт удаан хугацааны өлсгөлөн нүүрлэх үед НҮБ-ын ДХХ суудлын жижиг тэрэгнээс авахуулаад тэмээ хүртэл янз бүрийн тээврийн хэрэгслээр, авто зам, гол мөрөн гээд бүхий л боломжит сувгаар хүнсний тусламж хүргэж байв. 12 орны цэргийн агаарын хүчнээс хөлсөлсөн ачааны 30 онгоц агаарт хөөрөх тохиолдол ч гарч байлаа.

1984 онд Эфиопид болсон өлсгөлөн ДХХ-өөс ихээхэн хэмжээний хүчин чармайлт, хөрөнгө мөнгө шаардаж, хоёр сая тонн хүнсийг тийш нь хүргэсэн байна. 1989 онд Lifeline Sudan ажиллагаа эхлэн НҮБ-ын ДХХ ЮНИСЕФ-тэй хамтран хүмүүнлэгийн байгууллагуудын эвслийг толгойлон одоогийн Өмнөд Судан болсон газар нутаг руу 1,5 сая тонн хүнсийг агаарын замаар хүргэжээ. Өглөө нар мандахаас авахуулаад орой нар жаргах хүртэл ачааны 20 онгоц өдөрт тус бүр гурван удаагийн нислэг үйлдэж, тухайн өдрийн энэхүү ажиллагаа олон мянган хүмүүсийн амийг авран түүхэнд хамгийн томд тооцогдохоор болсон аж.

1990-ээд оны эхээр олон улс орон эрх чөлөөтэй болсон хэдий ч түүнтэй зэрэгцээд хагарал бутрал, гамшигт ядуурал, дайн тулаан гээд элдэв хүндрэлүүд дагалдан гарч ирэв. Иймд НҮБ-ын ДХХ –ийн төсөв хөрөнгийн тэнцэл хөгжлийн хөтөлбөрөөс онцгой нөхцөл байдалд шилжих маягаар байнга хэлбэлзэж байлаа. Руандад геноцид, Югославт задрал бутрал явагдахад тэдгээр улсуудад ДХХ үйл ажиллагаагаа эхлүүлэн, мөн 1999 онд Косовод хүнсний гар утасны сүлжээ байгуулж байв. Гэвч өлсгөлөнтэй дангаар нь тэмцээд нэмэргүй, түүнийг үүсгэж буй анхдагч шалтгааныг арилгах хэрэгтэй гэх ойлголтод дэлхий нийтээр хүрч, 1997 онд Киотогийн протоколыг гаргангаа дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс улбаалан НҮБ-ын ДХХ-ийн тусламжийг үзүүлэх чиглэлээр удаан хугацаат төслүүд боловсруулагдан, хамрах цар хүрээ улам өргөжиж, хамтын харилцаат байгууллагуудын тоо ч өссөн байна.

Нобелийн шагнал хүртэхэд нөлөөлсөн өнөөгийн хөгжил дэвшил, зүтгэл чармайлт

2000 онд Мянганы хөгжлийн зорилтууд гарсан нь ядуурал, өлсгөлөн болон түүнтэй холбоотой өвчлөлийг арилгах дэлхийн хэмжээний анхны төлөвлөгөө болсон билээ. Дэлхийн олон улс орнуудад удирдлагын стандарт сайжран, зөрчил мөргөлдөөн, хамгаалалтгүй байдлыг аль болохоор зохицуулахыг хичээж байна. Ихээхэн хэмжээний тусламжийг шаардсан 2004 оны Азийн цунами, Гаити дахь 2010 оны газар хөдлөлт гэх мэт томоохон хэмжээний хүмүүнлэгийн гамшиг сүүлийн 10 жилд бараг тохиосонгүй.

Хүмүүнлэгийн агаарын ачаа тээвэрлэлтийн анхны алба үүсэж, мониторингийн шинэ боловсронгуй системүүд бий болсон нь хүнсний аюулгүй байдлын хүрээнд нөхцөл байдлыг маш нарийвчлалтайгаар дүгнэж цэгнэх боломжийг НҮБ-ын ДХХ-д олгож байна. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэхүү байгууллага нь теле харилцааны зохион байгуулалтыг тэргүүн эгнээнд хэрэгжүүлж, НҮБ-ын бүх агентлаг, ТББ-уудад техникийн туслалцаа үзүүлдэг. Үйл ажиллагааны үр ашгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх дижитал платформуудыг боловсруулсан нь түүний зохион байгуулалтад сайнаар нөлөөлж, 2015 онд Непалд газар хөдлөлт болоход шаардлагатай тусламжийг хэдхэн цагийн дотор хүргэж байв. Үүнээс нэг жилийн өмнө Баруун Африкт дэгдсэн эбола вирусын халдвар хүмүүнлэгийн байгууллагуудын нэгдмэл ажиллагааг “шалгасан” гэж болно. Өнөөдөр НҮБ-ын дэргэдэх Дэлхийн хүнсний хөтөлбөр нь дэлхийн өлсгөлөнтэй тэмцэж буй хамгийн томоохон хүмүүнлэгийн байгууллага болж чаджээ. Тэрбээр сүйрэл гамшиг тохиолдох үед маш хурдтайгаар үйл ажиллагаа зохион байгуулан өргөжүүлж, тайван цагт нэмэлт тэжээлийн дэмжлэг болон хүнсний аюулгүй байдлын асуудлууд дээр голчлон ажиллаж байна. Өдөр бүр 5000 ачааны тэрэг, 20 ачааны хөлөг онгоц, 92 агаарын тээврийн хөлөг НҮБ-ын ДХХ-ийн хүнс болон бусад тусламжийг шаардлагатай газар оронд хүргэж, онцгой нөхцөл байдал үүссэн бүс нутагт тус байгууллага тэргүүн ээлжинд хүрэлцэн очиж, гамшигт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна.

2020 оны аравдугаар сард Норвегийн Нобелийн хороо “өлсгөлөнтэй тэмцэж буй хүчин чармайлтынх нь төлөө, мөн зөрчил мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутагт энх тайвны нөхцлийг сайжруулахад оруулсан хувь нэмэр, өлсгөлөнг дайн, мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахаас урьдчилан сэргийлэхээр зүтгэл гаргасных нь төлөө" НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийг Нобелийн Энхтайвны шагналын эзнээр тодруулах шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top