Улсын төсвийн алдагдал энэ оны эцэст 4.8 их наяд төгрөгт хүрэхээр байгаа. Цар тахлын үед төсөвт нэмэгдсэн ачаалал, алдагдал нь Төв банкны бодлогод хэрхэн тусч байгаа вэ гэдэгт Мөнгөний бодлогын газрын удирдлага дараах хариултыг өгч байна.
“Энд бодлогын гурван хослолын тухай яригдана. Нэгдүгээрт төсвийн бодлого, хоёрдугаарт санхүүгийн зохицуулалтууд, гуравдугаарт мөнгөний бодлого. Эдгээр нь хоорондоо нийцтэй уялдсанаар эдийн засгийг сэргээх, тогтвортой өсөлтийг хангах зорилтот амжилттай хүрнэ. Эсвэл эдийн засгийг хэт сэргээж, хэт халаахгүй байх, эсвэл хэт гүнзгий уналт руу оруулахгүй байх бодлого үр дүнд хүргэх юм. Энэ жилийн хувьд цар тахлын нөлөөгөөр нэлээд суларсан, тэлэлттэй төсвийн бодлого хэрэгжүүлж байгаа. Дөрвөн их наяд гаруй төгрөгийн алдагдалтай, үүний нэг их наяд гаруй төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт, орлогын хөнгөлөлттэй холбоотой. Үүнээс гадна нийгмийн амьжиргааг хамгаалах чиглэлийн зардлын өсөлтүүд төсвийн зардлыг нэмэгдүүлж байгаа. Үүнтэй зэрэгцээд санхүүгийн талын зохицуулалтууд ч орж ирж байна.
Тухайлбал, зээлийн хугацаа, төлөлтийг хойшлуулах гэх мэт. Үүнээс гадна зээлийн хүүг харьцангуй бага түвшинд хүргэж бууруулах, мөнгөний бодлогын хүүг бууруулах гэх зэрэг бодлогууд он дуустал хэрэгжээд явна. УИХ-аар батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлээс харахад ирэх 2021 онд нэлээд том хэмжээний төсвийн тохируулга явагдахаар байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн 12.5 хувийн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал нь 5 хувьд хүрч буурахаар байна. Тэгэхээр ирэх жил 6-7 нэгж хувийн тохируулга төсөв талдаа явагдахаар байна гэж Төв банк харж шийдвэр гаргасан. Яг үүнтэй зэрэгцээд бодлогын хүүг энэ жил 3 нэгж хувиар буюу 8 хувь болгож бууруулсан бодлогын шийдвэрийн үр нөлөө нь 2021 оноос гарч эхлэх ёстой. Бодлогын хүүг бууруулсан, зээлийн хугацаа эргэн төлөлтийг сунгаж, хойшлуулж шинэчилсэн арга хэмжээний нөлөө нь банкуудаар дамжиж санхүүгийн системд шинэ зээл болж гарах ёстой. Ялангуяа санхүүгийн чадавх сайтай банкууд зээл шинээр гаргаж, харилцагчдынхаа санхүүжилтийн хэрэгцээг ханган эрсдэлийг нь хуваалцана” гэв.
Сэтгэгдэл ( 0 )