Г.Батхуяг: “Морин хуур” наадмыг мэргэжлийн төрлөөр салгах нь зүйтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Жил бүрийн шилдэг дууны уран бүтээл шалгаруулдаг “Морин хуур” наадам 33 дахь удаагаа явагдаж байна.  Уг наадмаас “Хайрхан уулын бараа”, “Тогосын цагаан овоо”, “Бурхан бумбын орон”, “Аргалд явсан ижий” зэрэг монголчуудын сонсох дуртай олон сайхан дуу төрсөн. “Морин хуур” наадмын утга агуулга, зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай байгаа талаар Соёл урлагийн газрын хэлтсийн дарга, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Батхуягтай ярилцлаа.


-Энэ удаагийн “Морин хуур" наадам  өмнөх жилийн наадмуудаас юугаараа онцлогтой вэ. Энэ жил цар тахлын улмаас хугацаа нь хойшлогдлоо. Үйл ажиллагааны хувьд ямар өөрчлөлт, шинэчлэлт оров, шинэлэг зүйл нь юу байна вэ?

-2019 оны дууны шилдэг бүтээл шалгаруулах “Морин хуур” наадмын бүртгэл эхэлсэн байсан боловч цар тахал дэгдэж наадам хойшлогдсон. Хөл хорио цуцлагдсанаар Соёл урлагийн газар, Соёлын яам, Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран тус наадмаа энэ сард хийхээр болсон. Жил бүрийн намар болдог “Алтан намар” хөгжмийн наадамтай хамтатган “Морин хуур” наадмаа хийнэ. Энэ жил зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орсноос утга агуулгын хувьд өөрчлөлт ороогүй. Мэргэжлийн, нийтийн, страд, хүүхдийн гэсэн дөрвөн төрлөөр болдог бол энэ жил хүүхдийн төрлийг оруулаагүй. Хөгжмийн зохиолчдын удирдах зөвлөл шинэчлэгдэж шинэ залуу уран бүтээлчид нэмэгдсэн. Цаашид энэхүү наадмыг цаг үедээ нийцсэн, сонсогч үзэгчдийн хэрэгцээ шаардлагад тохирсон байдлаар зохион байгуулах  боломжийг ярилцаж байна. 1980 оны сүүлээр анхлан эхэлсэн уг наадам утга агуулгын хувьд энэ цагтай тохирох уу гэдгийг бодох цаг иржээ. Симфони найрал хөгжимтэй дуулагддаг мэргэжлийн түвшний дуунууд  энэ наадмаас төрдөг учраас өндөр хэмжээнд зохион байгуулдаг болох шаардлагатай.

-Энэ удаагийн наадам хэлбэр, агуулгын хувьд өөрчлөгдөөгүй уламжлалт маягаар явагдаж байгаа юм байна. Зохион байгуулалтын хувьд ямар өөрчлөлт хийсэн бэ?

-Монголын хүүхдийн ордонд аравдугаар сарын 10-ны өдөр нэгдүгээр шатны уралдаанаа зохион байгуулсан. Энэ удаагийн наадамд нийт гурван төрөлд 84 дуу ирүүлсэн. Мэргэжлийн төрөлд 33 дуу, нийтийн дууны төрөлд 34 дуу, эстрадын дууны төрөлд 17 дуу оролцсон. Үүнээс мэргэжлийн, нийтийн  дууны төрөлд тус бүр 15 дуу, эстрадын дууны төрөлд найман дууг шалгаруулсан. Хоёрдугаар шатны уралдаанаа энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Улсын филармонд “Морин хуур-33” шилдэг дууны концерт хэлбэрээр зохион байгуулна. Хоёрдугаар шатанд шалгарсан дуунуудаа хоёр хувааж хоёр өдөр дараалан тоглоно. Энэ шатны шалгаруулалтаа үзэгчтэйгээ хамт шалгаруулна. Өөрөөр хэлбэл шүүгчид маань хэн нь тодорхойгүй бөгөөд нууцлаг байдлаар үзэгчдийн дунд сууж шүүх юм. Дуучны ур чадвар, дуугаа хэрхэн үзэгчдэд хүргэж байгаагаар нь шалгуур үзүүлэлтээ болгоно. Дээрх гурван төрөлд 10 дууг шалгаруулж  дараагийн шатанд үлдээнэ. Гуравдугаар шатны шалгаруулалт Төв аймгийн “Монгол туургатан” театрт ирэх сарын 14-нд “Алтан намар” хөгжмийн наадамтай хамтатган зохион байгуулна. Энэ үеэр тэргүүн, дэд, гутгаар байр болон Гран при шагналтныг тодруулна.

-Цаашид нийгмийн хэрэгцээ, шаардлагаа дагаад “Морин хуур” наадмыг утга агуулгын хувьд  болон бүтцийн хувьд өөрчлөх шаардлагатай гэлээ. Энэ талаараа тайлбарлана уу?

-Дараа дараагийн наадамд мэргэжлийн дууны төрлийг нэгдүгээр шатанд дан төгөлдөр хууртай явуулах, хоёрдугаар шатанд симфони найрал хөгжимтэй дуулуулах гэх мэт зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай юм байна. Мөн нийтийн, мэргэжлийн, эстрад гэдэг гурван төрлийг тус тусад нь уралдаан болгож явуулах хэрэгтэй юм байна. Жишээ нь, мэргэжлийн дууны уралдааныг тусад нь өөр цаг үед хийж мэргэжлийн түвшинд бүтээсэн бүтээлийг шалгаруулдаг болох. Нийтийн дууг нийтийн дууны холбоотой хамтарч тусад нь хийдэг болгомоор байна. Эстрад дууг “Пинтатоник” академитай хамтарч эстрадын уран бүтээлч нарын дунд хийх зэрэг санал, санаачилга гаргасан. Үзэгчид өөрийн сонирхсон төрөл дээрээ ирж үздэг байх нь ч чухал шүү дээ.

-Шүүгчид уран бүтээлүүдийг кодолж шүүсэн үү?

-Нэгдүгээр шатны шалгаруулалт дээр дуунуудыг кодлоод шүүгчдэд дууны үг, ноттой нь хүлээлгэн өгсөн. Нийтийн болон мэргэжлийн дууны төрөлд шүүгчдийн бүрэлдэхүүнд Соёлын гавьяат зүтгэлтэн , урлаг судлаач Г.Буянхишиг, хөгжмийн судлаач доктор Б.Батжаргал, “Морин хуур -2018” наадмын гран при шагналт Мөнх-Ертөнц, Ардын жүжигчин Б.Жавзандулам, Үндэсний урлагийн их театрын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар нар багтсан. Эстрадын дууны төрлийг Гавьяат жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн орчин үеийн хөгжмийн тэнхимийн эрхлэгч Ч.Насантогтох тэргүүтэй шүүгчид шүүн тунгаасан. Хэний бүтээл вэ гэдэг нь тодорхойгүй байдлаар шүүх нь шүүгчдэд маш амар байсан. Хоёрдугаар шатны шалгаруулалт дээр шүүгчид хэн байгаа нь тодорхойгүй явна гэж дээр хэлсэн. Үүн дээр нэмээд хэлэхэд дууны үгийн утга агуулга, найруулга талаасаа  утга зохиол шүүмж судлаач, хөгжмийн найруулга , хөгжмийн зохиомж талаасаа хөгжмийн судаач  шүүгчтэй байна. Монголын дууны урлагийн чиг хандлагыг тодорхойлж байх наадам учраас маш хариуцлагатай хандаж байгаа. “Морин хуур”, “Алтан намар” наадмаар урлаг судлаач, утга зохиол судлаач, хөгжим судлаачид оролцсон бүтээлүүдэд мэргэжлийн үнэлэлт өгнө. Энэ утгаараа судлаачдыг урамшуулах, алдаршуулах ажлыг хийнэ.

-“Морин хуур” наадам цаашид мэргэжлийн төрөл дээр бүтээл сойно гэж ойлгож болох уу?

-“Морин хуур” наадамд мэргэжлийн,  нийтийн, эстрадын гэсэн төрөл байгаагүй. Сүүлдээ уран бүтээлчдийн төрөл жанраар ялгаж төрөлжүүлсэн. Тийм учраас мэргэжлийн төрлийг нь барьж салгаж явуулах нь зүйтэй юм байна. “Морин хуур” наадамд ирүүлсэн бүтээлийн үгтэй, ноттой нь ном бүтээж байна. Энэ каталоги нь судлаачдад үнэлэлт, дүгнэлт, харьцуулалт хийхэд дөхөм болно. Эцсийн шалгаруулалт дээр гурван төрөлд тус бүр нэг, хоёр, гуравдугаар байр шалгаруулж, мэргэжлийн төрөл дээр Гран при тодруулна. Ивээн тэтгэгчдийн шагнал урамшуулал бий. Хамгийн гол нь “Морин хуур” наадмын шагналт гэдэг нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд чанартай, чадвартай бүтээлийг шалгаруулахад ур, ухаанаа уралдуулж байна даа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.214.48) 2020 оны 11 сарын 16

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
С.Батболд(202.9.46.33) 2020 оны 10 сарын 28

Сайхан ярилцлага болжээ.

0  |  0
Top