Дэлхийн эдийн засгийн өсөлт “W” хэлбэртэй болж, сэргэлт УДААШИРЧ болзошгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд хүлээлтээс доогуур гарсныг Төв банкнаас гаргадаг инфляцын тайланд онцолсон байна. Коронавирусний дотоод эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө хүлээлтээс өндөр байж, хөдөө аж ахуйгаас бусад салбарын өсөлт төсөөллөөс бага гүйцэтгэлтэй гарсан нь үүнд голлон нөлөөлжээ. Эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх төсөөллөөс буурч, ирэх онд бага зэрэг нэмэгдэхээр байна. Цар тахлын нөлөөгөөр энэ онд дийлэнх үйлдвэрлэлийн салбарын өсөлт өмнөх төсөөллөөс буурах бол ирэх онд уул уурхайн салбар идэвхжиж, нийт эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байна.


Уул уурхайн салбар

Энэ оны хоёрдугаар улирлын гүйцэтгэл бага байснаас гадна долоодугаар сард дийлэнх бүтээгдэхүүний олборлолт хүлээлтээс багассан тул уул уурхайн салбарын энэ оны өсөлтийг өмнөх төсөөллөөс буурууллаа. Ирэх онд гадаад эрэлт сэргэж, зэс, нүүрс, газрын тос зэрэг голлох түүхий эдүүдийн олборлолт нэмэгдэж, Оюутолгойн зэсийн баяжмал дахь металлын агууламж сайжрах нь уул уурхайн салбарын өсөлтөд эерэг нөлөөг үзүүлнэ.


Уул уурхайн бус салбар

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй цар тахлаас сэргийлэх зарим арга хэмжээ гуравдугаар улиралд үргэлжлэн сунгагдсан болон энэ оны хоёрдугаар улирлын гүйцэтгэл бага гарсантай уялдуулан энэ онд хөдөө аж ахуй, барилгаас бусад уул уурхайн бус салбаруудын өсөлт өмнөх төсөөллөөс буурна гэж Инфляцын тайланд тодотгожээ. Хөдөө аж ахуйн салбарын өсөлт энэ оны эхний хагас жилд өндөр байж, сүүлийн хагас жилд хадгалагдах төлөвтэй байна. Түүнчлэн, төсвийн хөрөнгө оруулалтын зардал өмнөх төсөөллөөс нэмэгдэж, барилгын салбарын өсөлтийг оны хоёрдугаар хагаст дэмжихээр байна. Ирэх онд гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, уул уурхайн салбар идэвхжих нөлөөгөөр уул уурхайн бус салбарын өсөлт энэ оноос сайжрах төлөвтэй.

Эдийн засгийн цаашдын төлөвт нөлөөлж болзошгүй тодорхой бус байдал цар тахлын дэгдэлт үргэлжлэн, богино хугацаанд хяналтад орохооргүй байгаа нь төсөөллийн тодорхой бус байдлын гол эх сурвалж болж байна.

Төсөөлөлд ашигласан шинэ коронавирусний  тархалттай холбоотой авч үзсэн таамаглалт нөхцлүүд өөрчлөгдвөл эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өөрчлөгдөж болзошгүй.

БНХАУ-д коронавирустэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдал сайжирсан ч АНУ, ОХУ, Евро бүс зэрэг томоохон эдийн засагтай орнуудад хямрал гүнзгийрэх эрсдэлтэй байна. Энэ нь БНХАУ-ын сэргэлтийг удаашруулж болзошгүй юм.

Мөн БНХАУ, АНУ-ын харилцаа муудсан нь тодорхой бус байдлыг улам нэмэгдүүллээ. БНХАУ-ын гадаад эрэлт, эдийн засгийн өсөлт саарах нь түүхий эдийн эрэлт, үнэд сөрөг нөлөөтэй юм. Улс орнууд хорио цээрийн арга хэмжээгээ яаран зогсоох, улмаар коронавирусний тархалтын дараагийн давалгаануудад өртөх боломжтой гэж зарим судлаачид анхааруулж байна.

Энэ тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт “W” хэлбэртэй болж, сэргэлт нь 2022 он хүртэл удааширч болзошгүй.

Энэ нь гадаад эрэлтийг бууруулж, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээрх зарим эрдэс бүтээгдэхүүний үнэ огцом өсч, үүнийг дагаад экспортын үнийн төсөөлөл сайжирлаа.

Гэхдээ геополитикийн асуудал болон цар тахалтай холбоотой тодорхой бус байдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд эрдэс бүтээгдэхүүний үнэ эргээд буурах эрсдэл өндөр байна. Коронавирусний тархалтаас сэргийлсэн хорио цээрийн хязгаарлалтууд чангарч, сунгагдвал худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл огцом буурах, гадаад худалдаа тасалдах, ажилгүйдэл нэмэгдэх, улмаар эдийн засгийн хүндрэл гүнзгийрэх эрсдэлтэйг Инфляцын тайланд тодотгожээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top