АНУ-ын сонгууль: Европ тив Байденыг “хүсэмжилж” байна уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт даваа гарагт Флорида мужид эхэллээ. Энэ удаад урд хожид байгаагүй идэвхтэйгээр эхэлж, сонгогчид хүчтэй салхи, бороог үл хайхран санал хураах хэсгүүдийн гадаа урт дараалал үүсгэжээ.

2000 онд Флоридагийн 537 саналын зөрүү ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг хэрхэн өөрчилснийг энэхүү тулгуур мужийн оршин суугчид сайн санаж байгаа. Энэ удаад ч мөн Флорида дахь саналын үр дүн ялагчийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ хэмээн зарим шинжээчид үзэж байна. Энэ жил 28 сая гаруй саналын хуудас шуудангаар тараагдсан нь Америкийн сонгуулийн түүхэнд рекорд тоо юм. Тэгээд ч коронавируст цар тахлын нөхцөлд  урд өмнө хэзээ ч сонгууль явагдаж байсангүй.

Америкийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Ардчилсан намын бүртгэлтэй гишүүд хоёр дахин их саналын хуудас илгээн, бүгд найрамдахчуудыг ардаа орхиод байгаа аж. Гэвч урьдчилсан санал хураалтаар ардчилагчид ялж болох хэдий ч яг сонгуулийн өдөр бол Трампын талынхан илүүтэй их санал өгнө хэмээн бүгд найрамдахчууд баталж байна.

Шуудангаар санал өгөх явдал бол луйварчдын хувьд диваажин л гэсэн үг гэх Трампын үзэл бодлыг тэдний зарим нь хуваалцаж байгаа боловч тэрхүү болгоомжлолыг батлах зүйл одоогоор алга. Бреннаны Хууль зүйн судалгааны төвийн баримтаас харахад, АНУ-ын сонгуулийн үеэр луйвар хийх магадлал 0,00004-0,0009 хувьтай байгаа аж.

 

Трамп аялан, Байден мэтгэлцээндээ бэлдэж байна

АНУ-ын сонгууль болоход хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байгаа энэ цагт Дональд Трамп муж улсуудаар аялан нисэх буудлууд дээр уулзалт цуглаан хийж, өөрийн талынхны урам зоригийг сэргээхээр хичээж байна.  Даваа гарагт тэрбээр Аризонаг зорьжээ.

Харин Жо Байдены кампанит ажлын хуваарьт олныг хамарсан арга хэмжээнүүд одоогоор тусгагдаагүй байна. Тэрбээр Нэшвиллд пүрэв гарагт зохиогдох сүүлчийн мэтгэлцээний бэлтгэлд ихэнх цаг хугацаагаа зарцуулж байгаа аж. Байдены хамтрагч бөгөөд дэд-ерөнхийлөгчид нэр дэвшигч Камала Харрис сонгогчдын төлөөллийн саналын төлөө тулаан өрнөдөг гол тулгуур муж болох  Флоридад сонгуулийн кампанит ажлаа явуулж байна.   2016 оны сонгуулиар уг мужид Трамп ялсан билээ.

Байдены гэргий Жилл мягмар гарагт Мичиганд ажиллахаар болсон ч тэр тухай  одоогоор тодорхой зүйл мэдэгдээгүй байгаа. Харин Америкийн улстөр дэх хамгийн алдартай төлөөллүүдийн нэг болох Барак Обама лхагва гарагт Пенсильвани мужид Байденыг дэмжин илтгэл тавихаар төлөвлөж байгаа аж. Санал асуулгуудад тогтмол манлайлж буй Жо Байденыг олон нийт болон хэвлэлийнхнээс нуугдаж байна хэмээн бүгд найрамдахчууд шүүмжилж байгаа хэдий ч тэрбээр сонгуулийн кампанит ажлын галзуурсан мэт график гаргахыг  хүсэхгүй байгаа аж. Пүрэв гарагийн орой явагдах халз мэтгэлцээнийг сая сая америкчууд үзэж, 90 минутын туршид нэр дэвшигчдийн  тайзан дээр гаргах ааш аяг нь энэ долоо хоногт тэдний хэлж ярих, хийж бүтээх зүйлсээс ч илүүтэй ач холбогдлыг сонгогчдод үзүүлэх юм.

 

Урьдчилсан санал хураалтууд хуурамч гэж үү

Шуудангаар санал хураах явдлыг Дональд Трамп шүүмжилсээр байна. Тэрбээр ням гарагт цуглаан хийхдээ, Охайо-д 50 мянган саналын хуудас “сураггүй алга болсон” хэмээн мэдэгджээ. Энэ нь хуурамч сонгуулийн тухай гэрчилж байгааг ерөнхийлөгч өмнө нь баталж байсан хэдий ч түүнийг нь нотлох ямар ч баримт алга байна.

Энэ сарын эхээр техникийн саатал гарсны улмаас Охайо дахь сонгогчдод 50 мянган алдаатай саналын хуудас хүргэгдэн, орон нутгийн сонгуулийн комиссын зүгээс түүнийг ноцтой алдаа хэмээн шүүмжилж байсан хэдий ч одоо асуудал бүрэн шийдэгдэж, бүгд зөв хувилбарыг хүлээн авсан талаар комиссынхон өгүүлжээ.

 

Европ тив болгоомжилж, бас итгэж найдаж байна

Европын улс орнууд Атлантын далайн нөгөө талд явагдах сонгуулийг гярхай бөгөөд болгоомжилсон маягаар ажиглаж байна. Ардчиллаас нэр дэвшсэн Жо Байден олон нийтийн ихэнх санал асуулгуудад манлайлж яваа хэдий ч сонгогчдын санал болон тэдний төлөөллүүдийн санал тэр бүр давхацдаггүйг 2016 оны сонгууль тодорхой харуулсан билээ. Тиймээс ч, ирэх арваннэгдүгээр сарын 3-нд нөхцөл байдал ахин давтагдаж болзошгүйг шинжээчид үгүйсгэхгүй байна.

Трамп ялагдсан тохиолдолд төрийн эрхийг тайван замаар шилжүүлэх хэтийн төлөвийн талаар давхар санаа агуулсан зүйл ярьснаас харахад,  сонгуулийн эцсийн үр дүн Дээд шүүхээр шийдвэрлэгдэхэд хүрвэл ялагчийн нэр тодортол нэлээдгүй хугацааг зарцуулах аж. 

Британийн нэгэн бооцооны төв Трамп санал хураалтаар ялагдах хэдий ч 69 хувьтай ахин сонгогдох болно гэжээ. Сонгуулийн үр дүнг сонгогчдын саналын тоо биш, харин сонгогчдын төлөөлөл шийддэг АНУ-д иймэрхүү хувилбар тохиолдох боломжтой юм. Олон улсын сангуудыг удирддаг Bank of America-ын явуулсан санал асуулгаар, сонгуулийн үр дүн шүүхээр шийдэгдэнэ гэж оролцогчдын 60 хувь нь үзсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч солигдож, цаг уураас худалдаа арилжаа хүртэл, НАТО болон Ирантай хийх цөмийн гэрээ зэрэг олон асуудлаар Америкийн улстөрд ахиц гарна гэдэгт Европын томоохон нийслэлүүд чимээгүйхэн итгэж найдсаар байгаа аж. “Европын Холбооны ихэнх засгийн газар илтээр мэдэгдэхгүй байгаа ч гэсэн Жо Байденыг ялаасай хэмээн битүүхэн хүсэмжилж байгаа. Тэд янз бүрийн өнцгөөс асуудлуудыг авч үзэж байгаа хэдий ч хэрэв Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргалдахад хүрвэл юу хийж болох талаар одоогоор тодорхой ойлголтгүй байна” хэмээн Европын нэгэн дипломат Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө дурджээ.

 

Геополитикийн саажилт

Сонгуулийн үр дүнгийн маргаан коронавирустэй тэмцэл хийж буй Америкийн дотоод болон гадаад бодлогын олон салбарт ноцтой хор уршгийг дагуулж болзошгүй юм. Вашингтон Хятадтай худалдааны дайн хийж, Өмнөд Хятадын тэнгисээс Йемен хүртэл нөлөөлөхийг хичээж байгаа. Сонгуулийн маргаантай үр дүн геополитикийн ваакуум үүсгэхэд хүрвэл Бээжин, Москва, эсвэл Пхеньян тэр дор нь дүүргэхийг хүсэх магадлалтай. Жишээ нь, Хятадын зүгээс Тайванийн эсрэг түрэмгийлэл үйлдэх боломж нь шинжээчдийн санааг зовоож байгаа аж.

 Их Британийн Гадаад хэргийн яам ямар ч үр дүн гарахад бэлэн гэдгээ илтгэжээ. Гэвч сонгуулийн маргаантай үр дүн Их Британийн хувьд тийм ч таатай зүйл биш. Тус улс ирэх нэгдүгээр сарын 1-нд Европын Холбооноос гарах учраас Вашингтонтой нэн даруй худалдааны гэрээ хэлцэл хийхийг бүхий л хүчээрээ хичээж байна.

Францын хувьд, АНУ уур амьсгалын талаарх Парисын хэлэлцээрээс бүрэн гарах эсэх нь сонгуулийн үр дүнгээс ихээхэн хамаарах аж. Байден ялсан тохиолдолд уг хэлэлцээрт АНУ дахин нэгдэх боломжтой юм.

Цагаан ордны эзэн хэн ч боллоо гэсэн АНУ өөрийн үүргээ биелүүлээсэй хэмээн НАТО хүсэж байгаа бол уламжлал ёсоор Оросод болгоомжтой ханддаг Зүүн Европын улс орнууд Америк аюулгүй байдлын салбарт өөрийн үүргээ биелүүлж, Польш дахь цэргийнхнээ нэмэгдүүлээсэй хэмээн хүсэж байна.  Мөн Трамп болон Байдены талынхан гудамжинд зэвсэг хэрэглэн илтээр дайтах вий гэдгээс Европ дахь дипломатууд ихээхэн болгоомжилж байгаа аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top