Татварын багц хуулиудын хэрэгжилт эдийн засгийн ХҮНД СОРИЛТТОЙ "нүүр тулж" байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд орлого төвлөрүүлдэг төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа билээ. Энэ хүрээнд өчигдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Нийт төсвийн орлогын 60 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг татварын албаныхан энэ оны эхний есөн сарын байдлаар 3.9 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх зорилготойгоор ажилласан байна. Тэгвэл энэ 7 хоногийн байдлаар 3.4 орчим их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, нийт гүйцэтгэл 88.8 хувийн дүнтэй явж байгаа аж.


Б.Заяабал: Татварын алба таван их наяд төгрөгийг улсад төвлөрүүлдэг

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа тухайд Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал “Татварын ерөнхий газарт УИХ-ын гишүүд ирж ажиллаж байна. Өмнө нь ийм жишиг байгаагүй. Шинэлэг арга хэмжээ болж байна. Арваннэгдүгээр сарын 15-ны дотор Үндсэн хуульд заасны дагуу улсын төсвийг УИХ-аар баталж дуусгах ёстой. Энэ хугацаанд Төсвийн байнгын хорооны гишүүд төсвийн орлогын голлох үүргийг гүйцэтгэдэг Татварын албан дээр ирж ажиллаж байгаа нь онцлогтой байна.

Энэ жилийн хувьд “КОВИД-19”-тэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбараас бусад салбарт эдийн засгийн уналт, бууралт тохиолдож байгаа учраас төсвийн тодотголоор нийт төсвийн орлогыг 10.7 тэрбум их наядаар баталсан. Үүнээс 51 хувийг нь манай татварын алба бүрдүүлдэг. Үндсэндээ тав орчим их наяд төгрөгийг төвлөрүүлдэг. Тодруулбал, улсын төсөвт дөрөв орчим их наяд төгрөг, орон нутгийн төсөвт 1.3 их наяд төгрөгийн орлогыг бүрдүүлэх чиглэлээр ажилладаг. Нийт 29 төрлийн татвар, төлбөр, хураамжийн хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаж байна. Ирэх онд коронавирус намжиж, эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэж олон улсын эдийн засаг судлаачдын зүгээс үзэж байгаа. Ийнхүү судалгаанд үндэслэн улсын төсвийн тооцоолол хийгдсэн. Татварын алба энэ жил 5.2 их наядын төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэгтэй байсан бол ирэх жил 6.5 их наяд төгрөг болж өссөн. Энэ нь нэгдүгээрт, эдийн засаг өснө гэдэг тооцоотой холбоотой. Хоёрдугаарт, хэрэгжилт удаашралтай байгаа хуулиудын хэрэгжилтийг сайжруулж ажиллах тал дээр холбогдох Засгийн газрын яам, агентлагуудын хүрээнд уулзалт хийж, тодорхой шийдлүүдийг гаргасан. Тухайлбал, газар өмчлөлийн асуудал байна. Монгол Улсад иргэн болгон газраа өмчилж авах эрх нь нээгдсэн. Мөн газар өмчилсөн иргэд газрын татвар гэж төлөх ёстой. Яагаад гэвэл өмчилсөн газар нь тухайн хүний хөрөнгө болоод бүртгэгдэж байгаа учраас хөрөнгийнхөө татварыг төлдөг. Хуулиараа бол энэ татвараас 98 хувь нь чөлөөлөгддөг, хоёр хувь нь л төлдөг. Нэг иргэний хот, суурин газарт өмчилсөн газарт 3000-5000 төгрөгийн татвар ногдох бол хөдөө, орон нутаг, сумын хувьд 1000-3000 төгрөгийн татвар ногдож байх жишээтэй. Энэ татварыг өмнө нь авдаггүй байсан. Одоо бид БХБЯ болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтраад энэ татваруудыг авдаг болж байгаа. Мөн автомашины татвар төлөх 1200 орчим автомашин бүртгэлтэй байдаг. Гэтэл энэ татвар төлөгчдийн хагас нь л татвараа төлдөг. Үлдэж байгаа хэсгийг яаж татварт хамрагдуулах вэ гэдэг чиглэлээр бид онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Энэ мэтчилэн татварын хуулиуд, татварын төрөл болгон дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Түүнчлэн НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс QR код бүхий наалтыг зах, худалдааны төвүүд, үйлчилгээний газруудад байршуулсан. Ингэснээр кассын программ авах шаардлагагүйгээр и-баримт апплейкишны тусламжтайгаар худалдан авалт татварын систем дээр бүртгэгддэг. Энэ нь алдсан орлого буюу далд эдийн засгийг бууруулж байгаа бас нэг сайн талтай. НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт сайжирч, борлуулалтын орлого нэмэгдэнэ гэдэг нь дараагийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого дээр шууд нөлөөтэй татварууд гэсэн үг. Тиймээс хуулийн хэрэгжилтийг сайжруулж, эдийн засаг сэргэснээр энэ хэмжээний орлого бүрдэх боломжтой гэж тооцоолсон” хэмээлээ.

Б.Жавхлан: Технологи дээр суурилсан татварын бааз суурийг тэлэх тал дээр түлхүү анхаарчээ

Монголын татварын алба ирэх оны төсөвт төвлөрүүлэх 6.6 их наядын орлогыг төвлөрүүлэхийн тулд татвар нэмэхгүйгээр цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн далд эдийн засгийг бууруулах, цахим төлбөрийн систем ашиглан ажил гүйлгээ бүрийг бүртгэлжүүлэх, татварыг хялбаршуулан, бүртгэлийг сайжруулж, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгээ үйл ажиллагаагаа танилцуулахдаа онцолсон юм. ТЕГ-аас ажлын тайлан танилцуулсны дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлангаас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Төсөв хэлэлцэж байгаа энэ үед төсвийн орлогыг голлон бүрдүүлэгч байгууллага Татварын ерөнхий газарт ажиллалаа. Сүүлийн жилүүдэд татварын багц хуулиудад өөрчлөлт орсон. Уг хуулиудад татварыг аль болох нэмэхгүйгээр, тоон өөрчлөлт оруулахгүйгээр татварын бааз суурийг тэлэх, жижиг аж ахуйн нэгжүүдийг дунд шатны аж ахуйн нэгж болон том татвар төлөгч болгох, энэ үе шатыг дэмжих хуулийн концепцууд батлагдаад, хоёр дахь жилдээ орж байна. Харамсалтай нь, багц хуулиуд орсон эхний жил КОВИД-19-ийн үеийн эдийн засаг сорилт болж туллаа. Эдгээр хуулийн бүрэн хэрэгжилтийг дүгнэх цаг хугацаа хараахан болоогүй байна. Гэсэн хэдий ч татварын албаныхны үйл ажиллагааг харж танилцахад хичээж ажиллаж байгаа нь харагдаж байна. Ялангуяа технологи дээр суурилсан татварын бааз суурийг тэлэх, өмнө нь татвар ногдуулж амждаггүй, татвараас зайлсхийдэг байсан хэсгийг ил болгох, татвар ногдуулах ажлууд дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа юм байна.

Тэгэхээр энэ жилийн хувьд татвараас үл шалтгаалан КОВИД-19-ийн үеийн олон татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэргээс болж энэ жилийн төсвийн орлого тодотголын үеэр бараг 20 хувь танагдсан. Ирэх онд эргээд 2019 оныхоо хэмжээнд очих эдийн засгийн макро зорилго байна. Тэгвэл үүнд Татварын ерөнхий газар, татвар хураалт ямар байх вэ, үүнд бэлэн байна уу үгүй юу гэдэгтэй бид танилцлаа.

Эцсийн байдлаар дүгнэж хэлэхэд хараахан эрт байна. Татварын орлогоо бүрдүүлэх зорилгын хувьд эргээд 2019 оны үетэй дөхүүлж очих том тоо тавьж төсвөө батлахаар бид ажиллаж байна” гэв. Улсын төсөв дан ганц татварын орлого бус олон төрлийн орлогоос бүрддэг. Төсвийн хөрөнгө оруулалтаас гадна урсгал зардал гээд төсвийн зардлын 80 гаруй хувийг эзэлж, үлдсэн 17 хувийг халамжийн зардал эзэлдэг байна. Тиймээс төсвийн харилцаанд ордог, төсвийг бүрдүүлдэг бүхий л талууд шинэчлэл хийж байж төсөв өөрөө шинэчлэгдэх учиртайг талууд онцолж байгаа юм. Зөвхөн нэг удаагийн төсөв батлах процесс дээр төсвийн шинэчлэл хийгдэхгүй. Энэ дөрвөн жилд төсвийн системийг бүхэлд нь шинэчилж байж цогц шинэчлэл явагдана гэдгийг Төсвийн байнгын хорооны гишүүд онцоллоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.42) 2020 оны 10 сарын 23

Харин европ тоолол мянгачлах ангиллаар нэршдэг. 10-т, 100-т, 1000-т, сая, тэрбум, трилион гэх мэтээр явна. Хэрэв бид яг хятад уламжлалаар тоогоо нэрлэх гэвэл 10-т 10-таар үелэн тоогоо нэрлэх ёстой. Гэтэл энэ нь маш сунжруу болно. 123456790 гэх тоог 1 дүнчүүр 2 живаа 3 сая 4 бум таван түм 6 мянга 7 зуун ер гэнэ. Их наяд руу халивал замд нь наяд гэх тоог нэрлэх хэрэгтэй болно. Бас их тэрбум байна. Бид ингэж чадах уу?

0  |  0
Зочин(202.55.188.42) 2020 оны 10 сарын 23

Энэ их наяд гэж будилуулсан тооны нэрийг хэрэглэхээ болимоор байна. Энэ сэтгүүлчийг л хар л даа. 10.7 тэрбум их наяд гээд л бичээд байна. Бас л нэг аргаа барсан амьтан. Сэтгүүлчид тоондоо муу. Түрүүхэндээ аль л сурлага муутайгууд нь багш, сэтгүүлчийн анги дээр бөөгнөрдөг байсан. Монгол тоолол европ тоолол хоёр 10-тын системийн нэршлийн зарчмаараа зөрдөг. Монгол тоолол гэдэг нь эртний Хятадын одон орны тооцоон дэр суурилдаг. Аравчлах байдлаар ангилал нь нэршсэн. 10 хүртэлх бүхэл тоог Дан гэнэ. Тэр арвыг зуу. Тэр арвыг мянга. Тэр арвыг түм гэж явсаар наяд, их наяд гэх мэтчилэн үргэлжилнэ.

0  |  0
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 23

бусад хүмүүс болоод байна харин том захууд дэлгүүр дээр баримт өгөхгүй байна арга хэмжээ аваа чдээ

0  |  0
Top