Бидний хэрэглээнээс үүдэн гарч буй хог хаягдлыг хаягдал гэж харах цаг нэгэнт ард үлджээ. Нийслэлийн хэмжээнд жилд 1.3 сая тонн хог хаягдал үүсдэг бол жил бүр нэг сая орчим дугуй хаягддаг байна. Жишээлбэл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн авто замын хажуу хөвөөгөөр том оврын тээврийн хэрэгслийн дугуйнууд хаа сайгүй хаягдал болон “хэвтдэг” цаг саяхныг хүртэл элбэг хэвээр байв. Ойрын нэг жил л онцгой нөхцөл байдлуудын улмаас зам дагаж хаягдсан дугуй эрс багасчээ. Энэ талаар “Баян зам” тээвэрчдын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодруулахад “Нэг жилийн өмнөөс зам дагаж хаягдсан дугуй эрс багассан. Саяхан хоёр ч удаа Гашуунсухайтын замаар явахад хаягдал дугуй бараг харагдсангүй. Өмнө нь элбэг байсан. Зогсоол байхгүй. Том оврын машинууд эвдэрч гэмтсэн дугуйгаа шууд сольсон газраа хаяад явчихдаг байсан. Яагаад хаягдал дугуй цөөрсөн гэхээр энэ жил хоёрдугаар сараас хойш өнгөрсөн наймдугаар сарыг хүртэлх хугацаанд уртын нүүрс тээвэр бараг яваагүй гэж хэлэхэд хилсдэхгүй.
400-500 машин л ачилт хийхээр эргэлдэж байсан. Түүнчлэн зам дээр болон зам дагасан хог хаягдлыг түүж, цэгцэлж арчилдаг туслан гүйцэтгэгч компаниуд ажилладаг юм байна лээ. Тэдгээр компани хог хаягдлыг ачиж арчилдаг учраас хаягдал дугуй ч мөн цөөрсөн гэж бодож байна” гэж хэллээ. Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн замын хөвөө хажуугаар бус зам дагуу байрладаг дугуй засварын газруудад хаягдал дугуй овоолгоостой харагдах болжээ. Орон нутаг дахь дугуй засварын газрууд цуглуулсан хаягдал дугуйгаараа хашаа хайс босгож, боловсруулахаас бусдаар л элдэв янзаар ашигладаг гэнэ. Өөрөөр орон нутгийн хувьд дугуй боловсруулах үйлдвэр ч алга. Харин нийслэлд байдал арай өөр.
Нийслэлийн иргэд хэрэгцээгүй болсон дугуйгаа засварын газарт үлдээж орхих, хог хаяж болох тааралдсан ямар л газар байна тэндээ хаях, бүр цаашилбал түлээ нүүрсний оронд хаягдал дугуйг шатааж гэрээ дулаацуулах нь манай улсын олон айлуудын энгийн хэрэглээ болдог. Сайндаа л цэцэрлэг, сургуулийн гадна талбайд хамгаалалт хайс маягаар дугуйг будаж ашигладаг шүү дээ. Тэгвэл хаягдал дугуйг сонгодог хэлбэрээр боловсруулж, шатаахгүйгээр бутлаад төрөл бүрийн шалавч, хавтан зэрэг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж та сонссон уу. Ийнхүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ цэцэрлэг, сагсны талбай, бодибилдингийн талбай, гадна фассат, явган хүний зам, машины жийргэвч гээд л хэмжээ, хийц, дугуйн чанараас хамаараад төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог байна. Гагцхүү манай улсад зөвхөн дугуйн хаягдлыг боловсруулах үйлдвэр ч биш бүх төрлийн хог хаягдлыг боловсруулах үйлдвэр тун ч хүрэлцээ муутай бас тогтвортой үйл ажиллагаа явуулахад асуудал олонтой байдаг.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунаас авсан мэдээллээр бол “Нийслэлийн хэмжээнд жилд 1.3 сая орчим тонн хог хаягдал үүсдэг. Хог хаягдлаа нийт зургаан төвлөрсөн хогийн цэгүүддээ хүргэж дарж булах байдлаар устгадаг. Харин хог хаягдлыг дахин боловсруулах 30 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй л үйлдвэр байгаа” гэнэ. Тэдгээр үйлдвэр нь хуванцар, цаас, шил, металл, хаягдал дугуй, хаягдал тос, хаягдал ясыг дахин боловсруулж импортыг орлох бүтээгдэхүүнээ Монголдоо үйлдвэрлэхээр хичээн зүтгэж буй. Албаны хүний өгсөн мэдээллээр энэ дахин боловсруулах үйл ажиллагаанд жилд 160 мянган тонн хог хаягдал боловсруулалтад орж, устгагддаг байна. Манай улсад дахин боловсруулалтад ордог хэд хэдэн хаягдал түүхий эдээс дугуйг жишээ татан аваад үзэхэд ил задгай дугуй шатааснаар их хэмжээний бохирдол үүсдэг байгаа юм. Дугуй шатаахад мод шатааснаас 16 дахин их, нүүрс шатааснаас 13 мянга дахин их бохирдол үүсэж, нэг дугуйг шатааснаас болж үүсэх утаа таны биед болон таны ойр орчимд тараагдсанаас 14 жил тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт утааг таны уушги руу оруулдаг байна. Энэ их хор нөлөөг байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд тархаах аюултай хаягдал дугуйг ашиглаад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоёр л компани бидэнд олдсон юм. Нэг нь 2008 оноос эхлэн дахин боловсруулсан эко бүтээгдэхүүн тэр дундаа хаягдал дугуйг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж буй “Инахис” ХХК юм. Тус компанийн дугуйн үйлдвэрийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар “Инахис” компанийн захирал Н.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
Н.Мөнхбаяр: Санаснаар болдог бол аль 2015 онд л каучукны үйлдвэр байгуулчих байсан
-Танд хаягдал дугуйг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн санаа хэзээ, хэрхэн төрсөн бэ?
-1995 онд Австралид сурч байхдаа дугуй боловсруулах үйлдвэрт ажилладаг байсан. Япон, Солонгос, Тайван, Хятадаар явж судалгаа хийгээд 15 жилийн өмнөөс ажлаа эхэлсэн. Сүүлийн жилүүдэд л байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гээд үнэлэгдэх болоод байна. Манай боловсруулах үйлдвэрээс гаргаж байгаа бүтээгдэхүүний гол түүхий эд дугуй нь 10 гаруй жилийн өмнө үнэгүй байлаа. Энд тэнд хаягдсан дугуйг цуглуулахдаа цуглуулаад, дугуй засвараас үнэгүй авдаг байсан гэсэн үг. Гэтэл түлээ нүүрсний үнэ өсөх тусам дугуйн үнэ өсөх болсон. Анх дугуй үнэгүй байсан 10 гаруй жилийн өмнө түлээ нүүрс 400 төгрөгийн л үнэтэй байлаа. Үнэ нь өссөөр 1400-1500 болоход хаягдал дугуй 200 төгрөг боллоо. Хэдхэн жилийн дараа түлээ нүүрс 3500-5000 болж үнэ өсөхөд нэг дугуй 500 төгрөгийн үнэд хүрлээ. Одоо бол дугуй засварын байршлаас хамаарч нэг дугуйг 200-500 төгрөгөөр худалдаж авдаг.
-Ерөнхийдөө бол хаягдал дугуйг үнэлэхдээ үнэлж авч, заримдаа ч та бүхэн өөрсдөө хайж цуглуулж авдаг юм байна. Дугуй дахин боловсруулах үйлдвэр манай улсад тун цөөн бололтой. Хамгийн олон жил үйл ажиллагаа явуулж байгаа нь танай үйлдвэр юм байна. Үйлдвэрлэл явуулахад тулгамдаж буй гол асуудал юу байна вэ?
-Төр засгаас бодлогын түвшинд дэмжээд явбал ямар ч асуудал алга. Жишээлбэл, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатын дэмжлэгээр манай үйлдвэр 2019 онд 18 цэцэрлэг, 2020 онд 13 цэцэрлэгийн гадна талбайн тохижилтыг хаягдал дугуйг дахин боловсруулсан хавтангуудаа ашиглан хийж гүйцэтгэсэн. Энэ мэтээр үндэсний эко бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэхэд дэмжээд явбал хамгийн том тус юм. Энэ бол зөвхөн 31 цэцэрлэг хүүхдийн тоглох талбайтай болсон юм биш. 18 цэцэрлэг тохижуулахад бид 250 мянган дугуйг устгасан. 13 цэцэрлэг тохижуулахад 200-аад мянган дугуйг устгасан. Нийт 31 цэцэрлэг тохижуулахад 500 мянган дугуйг устгажээ. Ийнхүү байгалиа цэвэрлэж, дугуйн хаягдлыг устгаж, зөвхөн 18 цэцэрлэгийн талбайг тохижуулахад 9532 хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах сайхан орчныг бүрдүүлж байгаа юм.
-Үйлдвэрээ өргөжүүлэхэд хөрөнгө мөнгө дутагддаг л байх. Танай үйлдвэрийн хүчин чадал хэр вэ?
-Дугуйн үйлдвэрийн хүчин чадлын хувьд нэг цагт 100-150 ширхэг дугуйг бутална. Хоногт 1000 гаруй дугуй, сард 30 мянга гаруй дугуйг буталдаг. Нэг портер дээр 80-90 ширхэг дугуй ачдаг. Мэдээж бодлогоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, ижил төстэй бараа бүтээгдэхүүнийг импортоор орохыг нь хориглочихвол борлуулалт ихэснэ. Борлуулалт нэмэгдчихвэл хөрөнгө цугларч, хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа ахиулна шүү дээ. Би 2015 оноос Монголын анхны каучукны үйлдвэрийг барихаар зорилго тавиад зээл хөөцөлдсан боловч хараахан амжилттай болоогүй л явна. ЖДҮ-ийн сангуудын зээл, Зээлийн батлан даалтын сан, ЖАЙКА-гийн зээл гээд л тухайн үед нэлээд хөөцөлдсөн. Тэр үедээ зээлээ авч чадсан бол каучукны үйлдвэр Монголд анх үүсэх эхлэлийг тавьчих байсан.
-Каучукны үйлдвэр байгуулахад хэдэн төгрөг шаардлагатай юм бэ?
-Одоо байгаа дахин боловсруулах үйлдвэртээ түшиглээд каучукны үйлдвэр барих санаа байсан. Байгаа тоног төхөөрөмж дээрээ нэмэлтээр туслах тоног төхөөрөмжүүдээ авахаар 600-800 сая төгрөг шаардлагатай. Каучукын үйлдвэртээ болчихвол бид дотооддоо гутлын ул, автомашины шалавч, уул уурхай, машин, техник хэрэгсэлд хэрэгцээтэй олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой. Ойлгомжтойгоор хэлбэл, ёстой резинтэй холбоотой бүхнийг дотооддоо, бэлэн нөөцдөө түшиглээд хийх боломжтой болно гэсэн үг.
-Хаягдал дугуйн үйлдвэр нь хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
-Энэ үйлдвэрийн арга технологи дэлхий дээр аль 60 жилийн өмнө л бий болчихсон. Тэр дагуу л Герман технологийг манайх үйлдвэртээ нэвтрүүлээд 11 төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа. Энэ нь бүгд хүний хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хагарахгүй, хөлдөхгүй, ялзрахгүй, уян хатан, дуу чимээг намсгах гээд олон давуу шинжтэй. Жишээлбэл, Солонгос, Хятадад манайхаас үйлдвэрлэж байгаа резинтэй яг адилхан материалаар явган замыг хийдэг. Бид дотоодоос 100 хувь түүхий эдээ бэлтгээд, насан туршийн баталгаатай шалавч, резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манай бүтээгдэхүүн хэрвээ үйлдвэрийн технологиос шалтгаалаад ч юм уу элэгдэх хугарах тохиолдолд дахин бутлаад, дахин ашиглах боломжтой л гэсэн үг.
-Жилд хэчнээн хаягдал дугуйг дахин боловсруулж бүтээгдэхүүн хийж байна вэ?
-Байгуулагдсан цагаас хойш 8,000,000 гаруй дугуйг байгальд ээлтэй аргаар устгаж, дахин боловсруулсан. Хаягдал дугуйг шатааж, булж, ил задгай хаяж болохгүй. Ингэснээр хор уршиг маш их. Жишээлбэл, нэг дугуйг шатаахад 14 жил тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт утаа гардаг.
-Үйлдвэрлэлийн үйл явц яаж явагддаг вэ?
-Дугуйгаа шатаахгүйгээр бутлах технологиор шат дамжлагууд явагддаг. Зүйрлэвэл, гурил, элсэн чихэр, шар будаа, цагаан будаа, хөц будааны хэмжээтэй таван янзаар буталдаг. Мөн резинэн хавтандаа улаан өнгө оруулахад зөвхөн улаан пигмент хийхгүй улаан, цагаан, шар пигмент хольж байж улаан өнгө гаргах жишээний. Резинэн хавтангийн өнгийг арилгахгүй хадгалж үлдэх тал дээр ч технологиуд бий.
-Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд түүхий эд болох хаягдал дугуй хангалттай олдох уу?
-Хангалттай. Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянган автомашин бүртгэлтэй байгаа гэсэн. Автомашин бүр дөрвөн дугуйтай гэж тооцоход 2.4 сая дугуй байна. Үүнээс жилд нэг сая орчим хаягдал дугуй гардаг. Манай үйлдвэр зөвхөн Улаанбаатарт гарч байгаа дугуйн хаягдлын 10-20 хувийг л алга болгож устгаж байна.
Хаягдал дугуйгаар эко бүтээгдэхүүн хийдэг өөр нэгэн компани бол “Eco Surfacing Mongolia” юм байна. Морингийн даваанд үйлдвэр нь байрладаг бөгөөд 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус үйлдвэр жилийн хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 300-350 тонн хаягдал дугуйг боловсруулах хүчин чадалтай гэнэ. Тэд хаягдал дугуйг ашиглан зарим төрлийн цутгамал талбай хийдэг байна. Үйл ажиллагаа явуулаад удаагүй, өвлийн улиралд сул зогсолттой байдаг учраас хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэж тус үйлдвэрийн захирал М.Дэнзэнтавхай хэллээ. Хүчин чадал хязгаарлагдмал байгаа хэдий ч үйлдвэрлэж буй резинэн хавтан нь хятад бүтээгдэхүүнээс илүү чанартай, үнийн хувьд ч боломжийн гэдгийг дотоодын үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Тиймээс үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд багахан дэмжлэг л хэрэгтэй байна. Тэр дундаа хаягдлаар импортыг орлох эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжээ үгээр биш үйлдлээрээ дэмжээсэй хэмээн итгэл тээн, чих тавин хүлээгсэд байсаар.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Сайн уу Элбэгээ. 1. Би чамайг хулхидсан юм бол яаж, хэзээ, ямар хохиролтойгоор гэдгээ надад хэлээ. Намайг танидаг бол миний утсыг мэдэж байгаа байх. 2. Манай бүтээгдэхүүн 1 жил болоод үүрсэн бол бид гэрээний дагуу үнэгүй өгөх ёстой. Тэгэхээр та манайх аваагүй юм шиг бна.
Хийж бүтээж байгаа нэгнээ шүүмжилэх нь монгол хүний зан юм даа
энэ мөнхбаяр ч сайхан хулхи гар даа хийсэн юм нь маш чанаргүй жил хүрэхгүй бутраад хог болдог
Монголчууд арнал түшсэн үйлдлээ үйлдвэр гэж үздэг түлш үйлдвэроэчихлээ гэдэг. Ийм сэтгэхүйтэй болохоор Монгол хөгжихгүй байгаа вм. Эрх мэдэлтнүүд нь үйлдвэрлэл үйлчилгээний талаар ямар ч ойлголт байхгүй өлсвөл хоол идэх шаардлагатайг хөрин гадарлаад байдаг болотой юм билээ.
Дугуй шатааж байгааг бурэн таслан зогсоох хэрэгтэй байна агаар газар шорох бохирдуулан хорт хавдар уусгэгч болдог шуу