Уулын Карабахын төлөө Армен, Азербайжаны хооронд өрнөөд буй дайнд тэдний кавказын хөрш болох Гүрж улс төвийг сахисан бодлого баримталж байна. Гүржийн хүн амын аравны нэг хувь нь армен, азербайжанчууд байдаг бөгөөд тэд хэдэн үеэрээ мөр зэрэгцэн амьдарсаар иржээ. ВВС-ийн сурвалжлах баг хоёр тосгонд очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан тухай сонирхуулья.
Ходжорни: Дайны тухай хэлэлцэлгүй, хамтдаа нөхөрсгөөр амьдарч байна
Гүржийн өмнө зүгт байрлах, Арментай хил залгадаг Ходжорни суурин руу нийслэлээс хоёр цаг орчим яваад очно. Гаднаас нь харахад уг суурин гүржийн бусад тосгодоос төдийлөн ялгагдахааргүй бөгөөд тосгоны төв хэсэгт зөвлөлтийн үеийн хуучин байшингууд байх нь клуб, номын сан байсан аж. Гүржийн парламентын сонгууль болоход арваад хоног үлдээд байгаа учраас эрх баригч “Гүрж мөрөөдөл” намаас нэр дэвшигчдийн сонгуулийн зурагт хуудсууд энд тэндгүй харагдаж байв. Суурингийн төвд хэдэн эрчүүд цуглан, “бирж” хэмээх тоглоомоор наадаж байлаа. Эд бол эртнээс суурьшсан армен, азербайжан гаралтай иргэд бөгөөд ахуйн асуудлууд болон сүүлийн үеийн мэдээлэл хоорондоо ярилцах хэдий ч Уулын Карабах-д болж буй дайны тухай огт дурсахгүй байсан нь энэ суурин дахь бичигдээгүй хууль гэнэ. “Тосгоны доод талд азербайжанчууд, дээд хэсгээр арменууд амьдардаг” гэж тус суурингийн оршин суугчдын нэг, 62 настай Завен Ашотян тайлбарлав. Тэрбээр сууринд сэтгүүлчид ирсэн явдалд төдийлөн дуртай бус байгаагаа эхлээд илэрхийлж байлаа. Оршин суугчдын хэн нэгний сэтгэл хөдлөлөөр хэлсэн үг тэдний тосгоны амар амгалан байдлыг бусниулах вий хэмээн тэрээр болгоомжилж буйгаа нуусангүй. Гэвч хэсэг хугацааны дараа Карабах дахь зөрчил мөргөлдөөнийг үл хайхран, армен, азербайжанчууд нэгэн сууринд хэрхэн амьдарч байгаа талаар сонирхуулан ярьж эхэллээ. “Бид бие биетэйгээ байнга харилцаа холбоотой байж, оршуулга болон хуримын ёслолд хамтдаа оролцон, тэр байтугай, үдийн хоолоо ч хамт зооглосоор олон он жилийг үдсэн. Хэрэв арменууд өөрсдийн хүрээнд, азербайжанчууд ч өөр хоорондоо Уулын Карабах дахь дайны талаар ярилцдаггүй гэвэл би худлаа хэлсэн болно. Гэвч бид хамтдаа цугларсан үедээ энэ сэдвийг хэлэлцэхгүйг хичээж байна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Ашотян Ходжорни тосгонд төрж, эндээ амьдардаг бөгөөд одоогоор Марнеулийн захирагчийн ажлын албанд мэргэжилтнээр ажиллаж байгаа аж. Үүнээс өмнө олон жил удирдах албан тушаал хашин, хөдөө аж ахуйн зөвлөлийн даргаар 15 жил ажилласан байна. Түүний мэдэхээр, 1980-аад оны сүүл хавьд уг тосгонд ганц удаа үндэстэн хоорондын зөрчил үүсэж байжээ. “Уг явдлын маргааш нь Гүржийн Коммунист намын төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга бөгөөд Дотоод хэргийн сайд Тбилисиэс манай энд хүрэлцэн ирсэн. Тэгээд одоо бидний зогсож байгаа яг энэ газарт тосгоны иргэдтэй уулзалт зохион байгуулж, асуудлыг бүрэн шийдвэрлэсэн юм” гэж тэрбээр сонирхуулан ярилаа.
Тэр үеэс хойш энэ сууринд үндэстэн хоорондын зөрчил огт гарч байгаагүйг тосгоны бусад оршин суугчид ч батлан өгүүлж байв. “Армен, азербайжан гэлтгүй энд бид бүгд цуглардаг. Би гэхэд армен үндэстэн, харин энэ хажууд байгаа хөрш маань азербайжан хүн, миний багш байгаа юм. Хүмүүс амь эрсдэлгүй, амгалан тайван амьдраасай гэж би их хүсдэг. Бид тэгээд ч дайныг огт хүсэхгүй байна” хэмээн 40 настай Алик өгүүллээ. Түүний дэргэд байгаа 64 настай Хусейн Абдурахманов бол зураг, биеийн тамирын багш бөгөөд тосгоны сургуульд 40 орчим жил ажиллажээ. “Манай сургуульд зургийн дугуйлан хичээллэдэг байхад би армен, азербайжан хүүхдүүдэд хичээл заадаг байсан. Би армен хэл сайн мэднэ, арменаар бичнэ, уншина, заримдаа бүр дуулна” гэж Хусейн инээмсэглэн ярилаа. Биднийг ярилцаж байх үед сургуулийн байшингаас баахан багш нар гарч ирсэн нь армен, азербайжанчууд холимог байх бөгөөд тэд сэтгүүлчидтэй харьцахыг төдийлөн хүсэхгүй байгаа нь илт. Нутгийн оршин суугчдын тайлбарлаж буйгаар, тосгонд сэтгүүлчид олноор ирж байгаа, армен, азербайжанчууд хамтдаа амар амгалан амьдарч байгаа тухай тэдний яриаг Уулын Карабах-д дайн болж буй өнөө цагт Арменд болон Азербайжанд буруугаар ойлгочихож магадгүй хэмээн болгоомжилж байгаа аж.
Цопи: Энэ дайн бидэнд бүгдэд маань сэтгэл хөндүүрлэм байгаа
Ходжорни суурингийн ихэнх оршин суугчид арменчууд байсан бол түүнээс дөрвөн км зайд байрлах Цопи тосгоны иргэдийн олонх нь азербайжанчууд аж. Энд өндөр хашаатай, цэмцгэр хувийн том байшингууд олноор харагдах нь нутгийн хүмүүсийн тайлбарлаж буйгаар, ийш тийш ажиллахаар явсан хүмүүс барьж байгуулсан гэнэ. Сууринд ажлын байр гэхээр зүйл бараг байхгүй учраас залуус өөр тийш явж ажил эрхлэн мөнгө олдог юм байна.
Тэндхийн оршин суугчид зөвлөлтийн үеийг санагалзан дурсдаг бололтой. Тухайн үед энэ сууринд гантиг чулуу олборлох үйлдвэр байсан бөгөөд олон үндэстний хүмүүс ажилладаг байжээ. Харин одоо тосгонд зөвхөн армен, азербайжан үндэстнүүд л үлдсэн аж. “Манай энд дээр үед грек, гүрж, орос, азербайжан, армен үндэстнүүд амьдардаг байсан. Дараа нь тэд хаашаа ч юм явцгааж, бид үлдээд байгаа нь энэ. Армен, азербайжан гэлтгүй бидний үр хүүхдүүд хоорондоо эвтэй найртай тоглоцгоон, бид ч мөн нэг нэгнийхээрээ зочлон, энд ямар ч асуудал алга” хэмээн тосгоны оршин суугч Севиль Наджабова өгүүллээ.
Сууринд саяхан шинэ зам тавигдаж, хийн шугам холбогдон, сургуулийн барилга шинээр ашиглалтад оржээ. Энд мөн л армен, азербайжан хүүхдүүд нэг байранд хичээллэдэг аж. “Би азербайжанчуудтай хамт амьдарч байна, манай өвөг дээдэс ч бас хамтдаа амьдардаг байсан. Бидний ирээдүй хойч үе маань ч гэсэн хамтдаа эвтэй найртай амьдраасай гэж хүсэж байна. Намайг иргэдийн хурлын төлөөлөгчөөр арменчууд ч, азербайжанчууд ч сонгосон. Би өдөр бүр тэдний гэр бүлээр очин асуудал шийдэхэд нь тусалж, миний хувьд ямар ч ялгаагүй адилхан харьцдаг” хэмээн орон нутгийн зөвлөлд дөрвөн суурингаас сонгогдсон депутат Ахвердян ярьж байв.
Түүний өгүүлснээр, тосгоны ихэнх гэр бүлийн ойрын хамаатан саднууд Арменд ч, Азербайжанд ч байгаа бөгөөд түүний эгч гэхэд Арменд амьдардаг аж. “Карабах дахь дайн бидэнд бүгдэд маань хүндээр тусаж байгаа. Энэ маягаар удаан үргэлжлэхэд хүрвэл ойр дотныхон маань тэнд байгаа учраас бидэнд ч бас нөлөөлж таарна” гэж тэрбээр санаа зовнингуй өгүүлсэн байна.
Армен, азербайжан холимог амьдардаг тосгодод одоогоор амар амгалан байгаа хэдий ч Карабах дахь зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байвал тэдний аж амьдралд бараан сүүдэр тусах вий гэдгээс ихээхэн болгоомжилж байгаа аж. Зарим оршин суугчид зөрчил мөргөлдөөний аль аль талыг зөвтгөж байгаа хэдий ч тэрхүү гамшгийг ямар нэг байдлаар Гүрж рүү “зөөвөрлөх” нь маш буруу хэмээн үзэж байна. Хусейн болон тэдний тосгоныхон Карабахын тухай мэдээллийг өдөр бүр анхааралтай ажиглаж байгаа аж. “Мэдээж, үүнийг харах нь бидэнд хэцүү байгаа. Зөрчил тэмцлийг хэн ч хүсэхгүй байна. Муу үндэстэн гэж байдаггүй, харин бусдад тайван амьдрах боломж өгдөггүй муу хүмүүс л гэж байдаг” хэмээн Хусейн өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )