Улс орны хөгжлийг тодорхойлоход “өрсөлдөх чадвар” хэмээх ойлголтыг судалгаанд ашигладаг болоод манай улс 10 дахь жилээ үдэх гэж байна. Одоогоос 10 жилийн өмнө Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв хэмээх хараат бус судалгааны төв байгуулагдаж, Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг эрхлэн гаргаж байв. Анхны тайланд Монгол Улс өрсөлдөх чадвараараа авах ёстой 100 онооноос 27 оноог авч, харьцуулж буй 15 орноос 15 дугаарт жагсаж байсан бол 2020 оны судалгаагаар Монгол Улс авах ёстой 100 онооноос 43.4 оноог авснаар үзүүлэлт ахисан.
Өрсөлдөх чадварын судалгааны төвөөс зөвхөн улсынхаа өрсөлдөх чадварыг Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран үнэлээд зогсохгүй улсынхаа аймаг, дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаа, макро эдийн засгийн тойм судалгаа, банкуудын улирал тутмын өрсөлдөөний тойм, ногоон эдийн засгийн судалгааг тогтмол хийж ирсэн. Өөрөөр хэлбэл, 10 жилийн хугацаанд 150 орчим том, жижиг судалгаа, судалгааныхаа хүрээн дэх 70 орчим хурал хэлэлцүүлгийг зохион байгуулсан үр дүнг авчиржээ. Судалгааг хийхдээ өргөн хүрээнд санал асуулга явуулж, улсын хэмжээний статистик мэдээллийг ашиглан, харьцуулан судалж, давтан хяналт тавих гээд олон аргачлалд тулгуурладаг байна. Тэгэхээр ийнхүү өрсөлдөх чадварыг судлах гол ач холбогдол нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэх чадвартай гэдгээ нотлоход оршино. Өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд өнөөдөр ямар байгаагаа хэмжиж, үнэлэх, дараа нь үнэлж, судалсан тоо баримт, мэдээлэл нь урт хугацааны бодлого боловсруулахад хэрэгцээт эх сурвалж нь болдог гэдгийг жишээгээр тайлбарлая.
Өрсөлдөх чадварын судалгааны төв 2012 оноос эхлэн аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг жил бүр хийж ирсэн. Хамгийн сонирхолтой нь судлагдсан найман жилийн хугацаанд аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо жилээс жилд өсөх хандлагатай болжээ. Анхандаа өрсөлдөх чадварын судалгааны ач холбогдлыг хараахан ойлгодоггүй байсан бол сүүлийн жилүүдэд харьцангуй ухамсарлаж, эдийн засгийн ач холбогдол талаас нь харж, хөгжлийн бодлого, төлөвлөгөөндөө ч авч хэрэгжүүлэх жишиг тогтжээ. Аймгууд жил бүр гардаг өрсөлдөх чадварын жагсаалтыг хүлээж, эхэнд бичигдсэн аймгууд хийсэн ажлаараа үнэлэгдэж, сүүлдсэн үзүүлэлтүүддээ анхаарч, сайжруулахын тулд алхам алхмаар ажилласаар байгаа юм. Ерөнхийдөө аймгуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт тулгуурлан нийт 176 үзүүлэлтээр судалж дүгнэдэг. Үүнээс хамгийн тогтвортой өсөж байгаа бүлэг нь дэд бүтэц бөгөөд хамгийн тогтворгүй онооны хувьд үргэлж өөрчлөгдөж байдаг бүлэг нь засаглалын үр ашиг юм. Цаашлаад аймгуудын өрсөлдөх чадварын тайланд онцолмоор сонирхолтой үзүүлэлтүүд бий. Тухайлбал, орон нутагт цахилгаан, халаалтын үнэ харилцан адилгүй тогтоогдсон байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй байна.
Сүүлийн судалгаагаар Архангай, Баян-Өлгий аймагт халаалт хамгийн өндөр үнэтэй байгаа гэсэн бол Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгуудад цахилгааны үнэ хамгийн өндөр гэж өрсөлдөх чадварын судалгааны тайланд дурдагдсан байна. Энэ мэтчилэн аймаг, орон нутаг, улсын хөгжилд хэрэгцээтэй судалгаа, тоон мэдээллийг нарийвчилсан болон тойм байдлаар дэлгэрэнгүй авч болох ганц эх сурвалж нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн судалгаанууд болж байгаа юм. Дэлхийн улс орнууд ч өрсөлдөх чадвараа ямар нэгэн байдлаар хэмжиж, дээшлүүлэхийн тулд бодлогууд хэрэгжүүлдэг. Уг бодлогыг нь дүгнэдэг дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлсон тайланг хоёр байгууллага жил бүр гаргадаг. Нэг нь Дэлхийн эдийн засгийн чуулган 140 улсын өрсөлдөх чадварыг 12 үндсэн бүлэг бүхий 98 үзүүлэлтээр хэмжиж “Глобал өрсөлдөх чадварын индекс”-ийг боловсруулж байна. Нөгөө нь Дэлхийн өрсөлдөх чадварын төв 1988 оноос хойш “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-г гаргаж байгаа бөгөөд одоогоор 63 улсын өрсөлдөх чадварыг 261 үзүүлэлтээр хэмждэг.
Монгол Улсын хувьд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв үүсгэн байгуулагдсан цагаасаа Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран ажиллаж, өрсөлдөх чадварыг дэлхийн жишигтэй адилхан аргачлалаар үнэлсээр ирснийг тодотгоё. Тус байгууллагаас судалгааны мэдээллээ англи, монгол хэл дээр бэлтгэн тарааж, дэлхийд Монголыг үнэлүүлэх хэрэгцээт судалгаануудыг хийхийг зорьж буй. Мэдээж эдийн засгийн судалгааны цар хүрээгээ илүү өргөжүүлж, салбар тус бүрээр нарийвчилсан судалгаа гаргахын тулд бие даасан судалгааны төвөөс гадна томоохон судалгааны хүрээлэн болж өргөжих шаардлагатай. Өрсөлдөх чадварын судалгааны хувьд хамгийн том онцлог нь үндэстнийхээ амжилтыг тайлбарлаж болох бүхий л хүчин зүйлсийг судалдаг байна. Цаашлаад улсынхаа компаниуд нь илүү өндөр ашиг орлоготой, ард түмэн нь илүү чинээлэг, хангалуун амьдралтай байх орчныг бүрдүүлж, хөгжүүлэх талаар бодит байдал, бодлого хоёрыг харьцуулан судалдаг эдийн засгийн шинжлэх ухааны салбар өрсөлдөх салбар судлал болтлоо өргөжин хөгжсөөр байгааг дурдахгүй өнгөрч боломгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )