АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Дональд Трамп, Жо Байден нар өнгөрөгч пүрэв гарагт Теннесси мужийн Нэшвилл хотноо хоёр дахь буюу сүүлчийн мэтгэлцээнээ хийлээ. Уламжлал ёсоор, Ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хоорондох халз мэтгэлцээн гурван удаа явагддаг хэдий ч энэ удаад Дональд Трамп ковидоор халдварласны улмаас нэг мэтгэлцээн цуцлагдсан юм.
Сүүлийн мэтгэлцээний үеэр өрсөлдөгчдийн хэн нэг нь хуваарьт цагийн дагуу ярьж байгаа тохиолдолд нөгөө өрсөлдөгч дундуур нь тасалж оролцохоос сэргийлэн микрофоныг хаах шинэ журам мөрдөж, оролцогчдыг шилэн хаалтаар тусгаарласан байв. Мөн халз мэтгэлцээний танхимд зочид, үзэгчдийг байлцуулахгүй, бүтэн онлайн хэлбэрээр явуулахаар зохион байгуулагчид шийдвэрлэсэн байна.
Үндсэн сэдвүүд
Халз мэтгэлцээний сэдвүүд уламжлал ёсоор эрт зарлагддаг хэдий ч энэ удаад сэдвүүд өөрчлөгдөх магадлалтай хэмээн зохион байгуулагчид анхааруулж байлаа. Мэтгэлцээний үед асуултууд тавигдах үндсэн зургаан зүйлээр оролцогч талууд бэлтгэж болох тухай өмнө нь мэдэгдэж байсан юм. Үүнд, коронавируст цар тахал, арьс өнгөөр ялгаварлах асуудлууд, цаг уурын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал, коронавируст халдвараас шалтгаалсан эдийн засгийн хямралын нөхцөл байдалд байгаа америк гэр бүлүүд, улс орныг удирдах талаар. Ингээд тодорхой нэг сэдвээр хоёр оролцогч ямархуу байр суурьтай байсныг товчлон сонирхуулья.
Коронавирус
Дональд Трамп: “Вакцин бэлэн болсон, бид түүнийг аль болохоор хурдан түгээх болно. Бид Жо Байден шиг өөрийгөө хонгилд түгжихгүй. Түүнд тийм л боломж байсан....Тэр хаа нэгтээ ажиллаж их мөнгөтэй болсон. Түүнд зоорийн давхар /подвал/-д амьдрах таалагддаг хэдий ч бусад хүмүүс бол үүнийг өөртөө зөвшөөрч болохгүй”.
Жо Байден: “Тэр /Дональд Трамп/ вирустэй зохицож амьдрахад бид суралцана гэсэн боловч одоогоор хүмүүс энэ вирустэй хамт хэрхэн үхэхэд суралцаж байна....Тэгээд ч энэ хэчнээн аюултай болохыг тэр хэзээ ч ярьж байгаагүй”
Дашрамд дурдахад, өнгөрөгч оны хоёрдугаар сард коронавирусын үхлийн аюулын талаарх мэдээллийг Трамп хүлээн авсан боловч түүнийг нууцлахыг хичээсэн хэмээн ардчилагчид нэг бус удаа буруутгаад байгаа билээ. АНУ-ын ерөнхийлөгч сүүлийн саруудад хэд хэдэн удаа ярилцлага өгөхдөө, “Хүмүүсийг сандралд оруулахыг хүсээгүй”, “Хавар болоод дулаараад ирэхээр вирус тэртэй тэргүй алга болно” хэмээн мэдэгдэж байсан юм.
Хувь хүний татварын тайлан
Жо Байден: “Би өөрийн татварын тайланг бүгдийг нийтэлсэн байгаа. 22 жилийн хугацаан дахь тайланг ороод харж болно. Чи тэгэхэд нэг ч татварын тайлангаа нийтэд ил мэдээлээгүй байна. Чи юуг нуугаад байгаа юм бэ. Яагаад ил мэдээлэхийг хүсэхгүй байна вэ. Гадаад улс орнууд чамд ихийг төлж байна. Орос чамд ихийг төлж байгаа, Хятад бас адил....Өөрийн татварын тайлангуудаа ил болго, эсвэл энэ талаар ярихаа боль”.
Дональд Трамп: “Миний тайлангууд бүгд аудитын хяналтанд байгаа хэдий ч би олон сая долларыг татварт төлсөн”.
Жич: Бүр 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Дональд Трамп өөрийн татварын тайланг ойрын хугацаанд нийтлэнэ гэж амалж байжээ. Энэхүү бичигдээгүй хуулийг Америкийн сүүлийн 60 жилийн Ерөнхийлөгчид бүгд мөрдөж байгаа хэдий ч сонгогчид Цагаан ордны тэргүүний татварын тайланг өнөөг хүртэл харж чадаагүй байгаа аж. Тэрбээр татварын алба тайлангуудыг нь шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн бөгөөд америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний хяналтад байдаг компаниудыг 400 саяас нэг тэрбум доллар хүртэлх өртэй гэж мэдээлж байв.
Тэдгээр өрөө ойрын дөрвөн жилийн хугацаанд төлөх шаардлагатай хэдий ч Ерөнхийлөгчид хэн зээл өгөв гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Түүнээс гадна, Нью-Йорк таймс сонин Трамп Хятадын нэг банкан дахь дансаа нуусан талаар өнгөрөгч долоо хоногт мэдээлж байсан аж.
СОНГУУЛЬ ДАХЬ ОРОСЫН ОРОЛЦОО
Дональд Трамп: “Орос руу Дональд Трамп шиг хатуу хандсан ямар ч хүн өмнө нь байгаагүй”
Жич: АНУ-ын Ерөнхийлөгч Оростой харьцах хамгийн хатуу бодлогыг санаачилсан гэдгээ байн байн дурдаж, өөрийнхөө талаар гуравдугаар бие дээр өгүүлж байв.
Халз мэтгэлцээн болохын өмнөхөн АНУ-ын Үндэсний мөрдлөгийн албаны захирал болон Холбооны мөрдөх товчооны зүгээс мөдхөн болох сонгуулийн үйл ажиллагаанд Орос, Иран зэрэг улс орнууд хутгалдан оролцож буйг илтгэх шинэ баримтуудыг тусгай албаныхан олсон, эдгээр орнууд сонгогчдын мэдээллийн баазыг хакердан, санал хураалтын үр дүнд нөлөөлөхийг оролдож байна хэмээн мэдэгдэж байсан аж.
Нотлох баримт
Жо Байден: “Энэ тухай тэр цаг үргэлж яагаад яриад байгаад ямар нэгэн учир шалтгаан байна. Түүний ярьж байгаа зүйл нь манай гэр бүлийн тухай биш юм”
Дональд Трамп: “Чи бүгдийг шударгаар ярьж, энэ тухай америкчуудад тайлбарлах ёстой гэж би үзэж байна”
Жич: Ардчилсан намаас нэр дэвшигчийн хүү Хантер Байдены хувийн нөүтбүүкний хатуу дискэд нэвтэрч чадсан тухай Трампын сонгуулийн штаб мэдээлсэн хэмээн саяхан Америкийн консерватив хэвлэлүүдэд нийтлэгдэж байсан билээ. Цахим шуудангийн мэдээллүүдээс харахад, Жо Байдены хүү Украин болон Хятадад ашигтай гэрээ байгуулахын тулд тухайн үед дэд-Ерөнхийлөгч байсан аавынхаа албаны нэр нөлөөг ашигласан нь илэрхий байсан аж. Мөн Москва хотын захирагч асан Юрий Лужковын эхнэр Елена Батурина бага-Байденд 3,5 сая доллар шилжүүлсэн баримт цахим шууданд байсан гэнэ.
Америкийн тэргүүлэгч сонин хэвлэл, теле сувгууд энэхүү баримтад нотолгоо байхгүйн улмаас нийтлэхээс татгалзаж, зарим олон нийтийн сүлжээ энэ мэдээллийг тарахаас сэргийлэн блоколсон байна.
Эдийн засгийн тусламжийн хөтөлбөр
Дональд Трамп “Нэнси Пелоси /Төлөөлөгчдийн танхимын дарга/ үүнийг батлахыг хүсэхгүй байна. Бид ямар нэгэн зүйл хийхэд бэлэн байгаа бөгөөд үүнийгээ харуулахыг хүсэж байна. Бид гурван төлөвлөгөө баталчихаад байгаа гэдгийг бүү мартаарай....Гэвч улстөрийн өнцгөөс харахад, энэ нь түүнд тусална гэж бодоод тэрбээр үүнийг хийхийг хүсэхгүй байна”.
Тайлбар: Энэ оны хавар АНУ-ын Конгресс цар тахлын нөхцөлд америкчуудад тусламж үзүүлэх эдийн засгийн хөтөлбөрийг баталж, үүний дагуу оршин суугч бүр 1200, 17-оос доош насны хүүхэд бүрт 500 доллар олгосон аж. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүүгүй зээл олгох тусдаа хөтөлбөр батлав. Конгресс дахь ардчиллын олонхийн эдийн засгийн төлөвлөгөөнд туссан эдгээр тусламжийг үргэлжлүүлэх оролдлого Сенат дахь бүгд найрамдахчуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.
Цагаачлалын бодлого
Дональд Трамп: “Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь ийшээ эцэг эхгүй ирцгээсэн. Тэднийг хууль бус тээвэрлэлтээр хар тамхичид, гэмт бүлэглэлүүд зөөвөрлөж авчирсан”.
Тайлбар: Мексикийн хилийг даван АНУ руу нэвтрэхийг оролдсон 500 гаруй цагаач хүүхдүүд эцэг эхээсээ салсан учраас америкийн эрх баригчид тэднийг хэнд буцааж өгөхийг тогтоож чадахгүй байгаа тухай саяхан хэвлэлүүдээр мэдээлж байсан юм.
Мэтгэлцээний явцад, цагаачдыг саатуулж хорих бодлогыг Барак Обамагийн Засгийн газар гаргасан хэмээн Трамп нотолсон бол, гэр бүлийг тусгаарлах үйлдэл нь одоогийн Ерөнхийлөгчийн санаачлага гэж Жо Байден үгүйсгэсэн байна.
Арьс өнгөөр ялгаварлах үзэл
Жо Байден: “Америкт институтчилсэн арьс өнгөөр ялгаварлах үзэл оршсоор байна. Хэрэв чамайг зам дээр цагдаа зогсоовол түүний машин руу дөхөхийг бүү оролдоорой, хэн нэгэн нь чамайг буудчихаж магадгүй хэмээн би өөрийн охиндоо хэзээ ч хэлж байгаагүй.... Хэрэв та хар арьст эцэг эх байлаа гэж бодъё. Тэгвэл баян, ядуу ямар ч байсан, зам хөндлөн гарахдаа юүдэн малгайгаа өмсөж болохгүй гэж өөрийн үр хүүхдэд тайлбарлан захих ёстой”
Тайлбар: Энэ оны тавдугаар сард африк гаралтай америк иргэн Жорж Флойдыг цагдаа нар хөнөөсний дараа арьс өнгөөр ялгаварлах үзэл АНУ-ын гол асуудлуудын нэг болжээ. Энэхүү эмгэнэлт явдлын дараахан тус улсын томоохон хотуудад эсэргүүцлийн давлагаа өрнөж, BLM /Black Lives Matters/ хөдөлгөөн ноцтой улс төрийн хүчин болсон юм. Мэтгэлцээний явцад, Байден арьс өнгөний тэгш бус байдлыг арилгах чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэсэн бол, Трамп улс орондоо “хууль, дэг журам” тогтоох явдал бол түүний гол зорилго хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )