Нэрт судлаач Х.Сампилдэндэв агсны дурсамж, бүтээл дугуйрсан өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны 75 насны сүүдэр тохиож, энэ хүрээнд “Соёлын өв, туршлага” сэдэвт дугуй ширээний ярилцлага Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн байранд Хэл зохиолын хүрээлэнгийн зохион байгуулалт дор амжилттай болж өндөрлөлөө. Өнгөрөгч зуун, энэ зууныг дамжиж бүтээсэн нэрт судлаач Х.Сампилдэндэвт зориулсан дугуй ширээний ярилцлагыг утга зохиол судлаач, доктор, профессор С.Байгалсайхан нээж үг хэлэхийн сацуу хөтлөн явуулав. 

Тэрээр “Х.Сампилдэндэв нь өөрөө нэртэй судлаач төдийгүй, өдгөө Монголын хэл шинжлэл, утга зохиолын салбарт олон нэртэй эрдэмтэн мэргэд, зүтгэлтнүүдийг төрүүлсэн багш хүн. Тэр аман зохиол судлалаар эхэлж, сүүлдээ утга зохиол судлал руу өргөн хүрээнд орсон байдаг. Бид урьд өмнө судлаачийн 70 насны ойд зориулж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, нэлээд өргөн дэлгэр тэмдэглэсэн учраас энэ удаад дугуй ширээний ярилцлага хэлбэрээр явуулж байна. Уулзалт ярилцлагад судлаачтай хамт сурч, ажиллаж байсан дотно нөхөд, гэргий нь, ах дүүс, садан төрөл гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй цугларчээ. Х.Сампилдэндэв гэж дурсагдах учиртай, дуурсах алдартай хүний үлдээсэн өв, үнэлж баршгүй их ном бүтээлийг цаашид улам дэлгэрүүлэх шаардлага байгаа. Судлаачийн үнэлж дүгнэснээр Төрийн шагнал хүртсэн хүмүүс ч бий. Тухайлбал, тэр Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романд шүүмж бичиж, түүнийг ард түмэнд нээж өгсөн учраас улмаар Төрийн шагнал хүртсэн түүхтэй” хэмээн онцолж байсан.

Өдгөөгөөс дөчөөд жилийн өмнө буюу 1983 онд тэрээр Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог” номд “Уянгын тойрогт хийсэн ажиглалт” шүүмж бичиж байсан байдаг. Ийнхүү Х.Сампилдэндэв багш 2001 онд бидний хэдэн оюутнууд дээр Б.Лхагвасүрэн найрагчийг дагуулан орж ирээд “Би Б.Лхагвасүрэнг утга зохиолд, ард түмэнд нээж өгсөн. Тийм биз” хэмээн асуухад нэрт найрагч “Гарцаагүй нээж өгсөн хүн нь та” хэмээн зогсож байсныг хэрхэн мартах билээ. Мөн 1983 онд Төрийн шагналт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбатын “Улаан жигүүр” номын шүлгүүдийн санааг задалсан шүүмж “Утга зохиол” сонинд хэвлүүлж, түүгээрээ “Би Д.Төрбатыг нээсэн” хэмээн ярьж байсныг ч тод санаж байна. Тэр цагт Б.Лхагвасүрэн, Д.Төрбат нар анхныхаа номыг тус тус гаргаж байсан цаг. Өдгөө аль аль нь нэр зүстэй алдарт зохиолчид болжээ. 

 

Тэр 59 насандаа 60 боть ном гаргачихсан байв

Х.Сампилдэндэв агсантай МУИС-ийн оюутны анги, нэгэн ширээнд тохой залган сууж, Хэл зохиолын хүрээлэнд өөд болтол нь хамт ажиллаж, туурвиж бүтээж явсан Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Л.Болд энэхүү дугуй ширээний ярилцлагыг санаачилж, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй, доктор профессор С.Байгалсайхан нар зохион байгуулжээ. Л.Болд академичийг “Цаатан түмний хэл судлаач” гэдгээр нь олон нийт мэддэг юм билээ. Арга хэмжээнд түүний шавь доктор, профессор С.Энхбаяр, А.Алимаа нар байсан бол анд нөхөр Л.Дашням, гэргий Г.Должинжав, Ардын уран зохиолч Т.Галсан, судлаачийн ойрын хамаатан Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч М.Баттөмөр, доктор профессор Д.Сумъяа, Гавьяат багш Ч.Жачин, сэтгүүл зүйн нэрт төлөөлөл, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, залуу судлаач Д.Цэвээндорж гээд олон хүмүүс хүрэлцэн ирсэн байв. 

Хурсан олны салхийг хагалж, идэрхэн залуугийн анд академич Л.Болд  “Х.Сампилдэндэв бид хоёр МУИС-д нэгэн ангид таван жил хамт суралцсан. Бусдаас илүү уншиж, сурахыг хичээдэг оюутан байлаа. Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний шийдвэрээр МУИС-ийн 1971 оны төгсөлтөөс хоёр хүүхдийг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд  хуваарилсан юм. Нэг нь би, нөгөө нь манай Х.Сампилдэндэв. Сургууль төгсөөд шинээр ирсэн залууст халамжлан хүмүүжүүлэгч буюу удирдагч багш томилдог байлаа. Тэр уламжлалаар Х.Сампилдэндэвийг академич П.Хорлоо багшид, намайг А.Лувсандэндэв багшид хариуцуулж өгсөн юм. Тэр сургууль төгсөх дипломынхоо ажлыг нэрт эрдэмтэн Ш.Гаадамба багшийн удирдлаганд хамгаалж байв. Тухайн үед их сургууль төгссөн залуусыг шууд л хөдөө орон нутагт явуулдаг жишиг байв. Энэ жишгээр Х.Сампилдэндэв Өвөрхангай, би Хөвсгөл аймагт ажиллах томилолт авчихаад байж байтал яаман дээрээс дуудсанаар Хэл зохиолын хүрээлэнд ирж байлаа. Ингээд их сургууль төгссөн хоёр залуу хөтөлцөөд хамт ажилд орж байсан цагаас хойш тасралтгүй үерхэж, хамт бүтээж иржээ. Оюутан байхад Х.Сампилдэндэвт биднээс ялгарах юм гэвэл эрт гэр бүлтэй болсон байсан. Тиймээс төлөвшиж тогтвор суурьтай болсон учраас судалгааныхаа ажилд эрт тууштай орсон хүн. Би тооцож үзсэн, Х.Сампилдэндэв 59 насандаа 60 боть ном гаргачихсан байсан шүү. Тэр маш сайн зохион байгуулагч, сайн багш байсан. Жишээлэхэд энэ цагт ид судалж яваа С.Байгалсайхан, С.Энхбаяр, Д.Галбадрах гээд дурдахад л ямархан багш байсныг гэрчилнэ. Мөн 99 ботийг санаачлан эхлүүлж байсан гээд сайн зохион байгуулагч байлаа” гэлээ. Энэ үеэр судлаачийн номын үзэсгэлэнг дэлгэсэн ч академич Л.Болд баахан чамлангуй байгаагаа дурдаж байв. 

Аливаа зүйлд их бодитой, ул суурьтай ханддаг хүн

Х.Сампилдэндэв нь зөвхөн судлаач байгаагүй олон талд ажиллаж туурвиж ирсэн хүн гэдгийг эрдэмтэн мэргэд энэ үеэр онцолж байв. Бага залуудаа шүлэг, зохиол бичиж байсны гэрч болж, далаад онд хэвлэгдсэн “Монголын шилдэг түүвэр”-т түүний шүлэг бүтээл нь хэвлэгдэж үлдсэнийг мэдэх юм. Тэрээр шүлэг зохиол оролдон бичиж байсан учраас Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржид шавилж байсан гэдгийг ч амь сэрүүн ахуйдаа Д.Пүрэвдорж багш хэлж байв. Мөн үе тэнгийн нөхөд нь “Манай Сампил Номын санд үдэш орой болтол сууна. Тиймээс их сургуулийн Номын сангаас хөөгдөж гардаг байсан. Ингэж л их уншиж байсан хүн дээ” хэмээн дурсаж байхыг ч олонтаа сонсожээ. Мөн үеэр Монголын сэтгүүл зүйн нэг тод төлөөлөл, нэртэй зүтгэлтэн Т.Баасансүрэн “Тэр бол XX зуунд шоргоолж шиг хөдөлмөрлөсөн хүн. Тэр хэрээр утга зохиол судлалын тод төлөөлөл, нэртэй оргилуудын нэг болсон. Х.Сампилдэндэв маш өргөн мэдлэгтэй, торгон мэдрэмжтэй хүн байсан. Мөн тэр маш шударга хүн байв. Найз нөхөд, ахан дүүс гэж хандахгүй шууд л хэлдэг. Аливаа зүйлд их бодитой, ул суурьтай хандана. Одоо бол хүний шахалт шаардлагаар шүүмж бичдэг байдал ажиглагддаг. Тухайн үед ч байсан. Харин тэр хэзээ ч захиалгаар юм бичиж байгаагүй” хэмээн дурдсан.

 

Хүн чанартай, ахас ихсээ мэддэг, жудагтай хүн байлаа

Дугуй ширээний ярилцлагыг нэлээд өнгө төрх, донж маяг оруулсан хүн бол Ардын уран зохиолч Т.Галсан байв. Тэрээр “Тэр жил яруу найрагч Л.Лувсандорж над дээр хоёр хүү дагуулж ирсэн. Нэг нь хөөрхөн бор залуу байсан нь өдгөөгийн нэртэй яруу найрагч Б.Хүрэлбаатар байж. Нөгөө нь Улс төрийн товчооны гишүүний хүүхэд болов уу гэмээр цэмцгэр, мяраалаг, царайлаг хүү байсан нь шинжлэх ухааны салбар, Хэл зохиолын хүрээлэнгийн ноён оргил, нэрт эрдэмтэн Х.Сампилдэндэв байв. Тэр хүн чанартай, ахас ихсээ мэддэг, жудагтай хүн байлаа. Нэг удаа Шинжлэх ухааны академийн захирал томилох гээд нэлээд хэдэн хүн яригдаж байгаад Х.Сампилдэндэв дээр тогтож, нэрийг нь дэвшүүлэхэд багш нар маань, ах нар маань байхад би урьдуур нь дайрч орох утгагүй гээд академич С.Цэрэнсодном багшийгаа захирал болгож байсныг би сайн мэдэх юм байна” хэмээгээд түүний гэргий Г.Должинжав гуайд эдийн дээд хадаг өргөн барьж, хүндэтгэл үзүүлсэн юм.

 

Түүнд байгалиас авч төрсөн торгон мэдрэмж байдаг

Соёлын гавяат зүтгэлтэн Л.Дашням “Сампил бид хоёр бол яах аргагүй нэг үеийн хүмүүс. Х.Сампилдэндэв маань ардын аман зохиол судалж эхлээд утга зохиолын өргөн хүрээнд нэвтэрч орсон хүн. Тэр зөвхөн судлаач байгаагүй, зохион байгуулагч, сэтгэгч, удирдагч хүн байсан. Түүнд байгалиас авч төрсөн торгон мэдрэмж байдаг. Тиймээс уран зохиолын судлал, шүүмж тал дээр онцгойрсон хүн” хэмээж байв. Ийнхүү Монголын нэрт эрдэмтэн судлаачид нэгэн ширээ тойрон сууж, нэрт судлаачийн тухай дурсамж хөврүүлж, намтар уран бүтээлийн талаар ч дэлгэрэнгүй ярилцсан юм.

Намтар, уран бүтээл

Өдгөө жараад жилийн түүхтэй Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд эх хэл, уран зохиол судлалын сор болсон эрдэмтэн мэргэд ажиллаж байсан юм. Монгол хэл бичиг, уран зохиолын суурь судалгааны байгууллага болох Хэл зохиолын хүрээлэнд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, П.Хорлоо, А.Лувсандэндэв нарын нэрт эрдэмтэд ажиллаж байсан бол тэдний залгамж халааг авсан хүн нь яах аргагүй Х.Сампилдэндэв агсан юм.

Нэрт судлаач Х.Сампилдэндэв нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт 1945 онд төрж, 1963 онд Улаанбаатар хотод 10 жилийн сургууль дүүргэж, 1971 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги төгссөн хүн. Сургууль төгссөн шинэхэн боловсон хүчин 1971 онд Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд ангийн нөхөр, өдгөөгийн академич Л.Болдын хамт эрдэм шинжилгээний туслах ажилтан болж байжээ. Энэ тухайгаа академич дээр дурдана лээ. Тэрээр 1971 оноос Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд ажиллахдаа эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, секторын эрхлэгч, 1997-2006 онд тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв. Х.Сампилдэндэв нь 1970-аад оноос эрдэм шинжилгээний бүтээлээ эхэлж, “Хурим найрын дэг ёс”, “Уул усны зуун домог”, “Цасан ширхэг”, “Орчин үе, яруу найраг”, “Монгол домог”, “Малчин ардын зан үйлийн уламжлал”, “Монгол ардын аман зохиол”, “Монгол яруу найргийн товчоон”, “Монгол аман зохиолын товчоон” тэргүүтэн бүтээлүүдээ тус тус хэвлүүлж, олны хүртээл болгожээ.

Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар дэвшин ажиллах үедээ буюу 1978 онд “Монголын хуримын яруу найргийн төрөл зүйл” сэдвээр хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бол 1993 онд “Монгол зан үйлийн  яруу найраг” сэдвээр ОХУ-ын Улаан-Үд хотноо хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байдаг. Ийнхүү 1997 онд профессор цол, 1999 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2005 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, хүртэж, 2002 онд Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, 2003 онд ОХУ-ын Петерийн Академийн гишүүнээр тус тус сонгогдож байжээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top