"Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгаааны төв" нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны аргачлалын дагуу Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчныг таатай болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж, 10 дахь жилдээ судалгаа хийж байна. Тус төвийн үйл ажиллагааны талаар дэд захирал И.Одончимэгтэй ярилцлаа
-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв 10 жилийн өмнөөс өрсөлдөх чадварын судалгааг хийж иржээ. Анх ямар зорилгоор судалгаа хийж байв. Анхны судалгааных нь талаар яриагаа эхлүүлье?
-Манай судалгааны төв анх 2010 онд Монгол Улсад тэргүүлэгч хувийн хэвшлийн байгууллагууд болон П.Цагаан, Ц.Болдбаатар нарын санаачилгаар үүсгэн байгуулагдсан. Аливаа улс оронд өөрсдийнхөө хөгжлийг хэмжих, богино, дунд, урт хугацааны бодлого шийдвэрүүдийнхээ үр дүнг эргэж харах, стратеги, төлөвлөлтөө тодорхойлох, үр дүнг нь гаргах, давуу, сул талуудыг нь дүгнэх шаардлага байдаг. Энэ бүхнийг судлах хэрэгцээ байсан учраас 2010 оноос дэлхий дахинаа өрсөлдөх чадварын чиглэлээр хүлээн зөвшөөрөгдөж, өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлсэн Швейцарийн Луизанн хотод төвтэй “Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв”-тэй хамтарч ажиллаж эхэлсэн.
2010 онд Монгол Улсын өрсөлдөх чадварын тусгайлсан тайланг анх гаргаснаас хойш жил тутам тасралтгүй гаргаж байна. Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг 2016 оноос хоёр жил тутамд гаргалаа, энэ жил гурав дахь судалгаан дээрээ ажиллаж байна. Үүний зэрэгцээ 2012 оноос хойш жил тутам Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг гаргаж эхэлсэн. Эдгээр судалгааны мэдээллийг www.ecrc.mn, www.aimagindex.mn сайтаас дэлгэрэнгүй харах боломжтой.
-Монгол Улсын өрсөлдөх чадварт 10 жилийн хугацаанд ямар өөрчлөлтүүд ажиглагдаж байна?
-Аливаа судалгаа бодлого шийдвэрийг ахиулахад хамгийн найдвартай хэрэгсэл болж өгдөг. Эдийн засгийн өсөлт өндөр үед ч, удаашралттай үед ч Монгол Улсын өрсөлдөх чадвар бусад улстай харьцуулахад өндөр байж чаддаггүй. Хамгийн сүүлийн судалгаагаар гэхэд Монгол Улсын өрсөлдөх чадвар дэлхийн 63 улсаас 61 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Аливаа улс, аймаг, дүүргүүдэд технологи, инновац, амьдралын чанар сайжрах, шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч ирэх гээд олон өөрчлөлт гардаг. Гэхдээ тэдгээр нь хүн болгонд хүртээмжтэй байна уу, улс орон болгонд адилхан байна уу, үнэ нь ижил үү, бид дэлхийн хөгжилтэй зэрэгцэж чадаж байна уу гэх мэтчилэн асуултад хариулт олоход манай судалгаа хэрэгцээтэй.
-Аймгуудын өрсөлдөх чадварыг дүгнэвэл аль үзүүлэлтэд илүү анхаарах шаардлагатай вэ?
-Аймаг болгонд давуу болон сул тал бий. Судалгаанаас харахад Орхон аймаг судалгаа гаргасан анхны жилээс эхлээд өрсөлдөх чадвар хамгийн өндөр байсаар ирсэн. Жишээлбэл, Орхон аймгийн нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бусад аймагтай харьцуулахад гурав дахин өндөр, Улаанбаатар хотын дунджаас ч өндөр байдаг. Гэвч бүх үзүүлэлтээрээ өндөр биш. Дэд бүтэц, засаглалын үзүүлэлтээр заримдаа гурав, дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг. Ерөнхийдөө бүх аймагт хамгийн давтагдаж гарч байгаа бэрхшээл, сорилт гэвэл хот, хөдөөгийн ялгаа их байгаа нь харагддаг. Дэд бүтэц бүлэг доторх үзүүлэлтүүдийг задлаад үзвэл сурагч багшийн харьцаа, эмч үйлчлүүлэгчийн харьцаа гэх мэт үзүүлэлт сул байдаг.
Аймгуудад бизнес эрхлэх орчин сул, зээлийн хүү аймаг алслагдах тусам өндөр болдог. Шатахууны үнэ, зардлын үнэ өсдөг. Төр засгийн дамжлага, мэдээлэл авах хурд удааширдаг. Орон нутагт ажилгүйдэл өндөр, ажлын байрны хүрэлцээ сул. Ялангуяа сумдад бүр хэцүү болдог. Бид аймгуудын судалгааг хийж эхэлсэн бас нэг шалтгаан гэвэл монгол хүн хот, аймаг хаана амьдарч байгаагаас үл хамаараад төрийн үйлчилгээг ижил түвшинд, ижил хугацаанд авах боломжтой байгаасай, тэгэж байж хүн бүхэн тав тухтай, эдийн засгийн хувьд бэрхшээл багатай амьдарна гэж тооцсон. Гэтэл үүнд шаардлагатай зарим үзүүлэлт тун сул байна. Аймгуудын аль бүсэд байршилтайгаас хамаарч ажлын байрны олдоц, бизнес эрхлэх боломж, хүн амын ачаалал яалт ч үгүй сул, сайжруулах шаардлагатай байна.
-Танай судалгааны арга зүйн онцлог юу вэ?
-Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангийн аргачлалын дагуу судалгаагаа хийдэг. Аймаг, дүүргүүдийн судалгааг ч энэ аргачлал, туршлагын дагуу хийдэг учраас нэлээд ул суурь, үндэслэлтэй. Түүнчлэн аймгуудын судалгаа 180 орчим шалгуур үзүүлэлт, дүүргүүдийн судалгаа 150 орчим шалгуур үзүүлэлтээр эрэмбэлдэг. Аливааг зөвхөн том зургаар нь харах бус нарийвчлан гаргадаг онцлогтой. Зарим судалгаандаа гадны эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажиллаж, багаараа байнга хөгжиж, туршлагажиж байдаг. Судалгааныхаа тайланг монгол, англи хэл дээр давхар гаргадаг. Ийм ч учраас Монгол Улсыг сонирхож бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс, Монголд төсөл хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүс, Монголд ирэх гэж байгаа жуулчид Монгол Улсыг хэр аюулгүй, хот, хөдөө нь ямар байдаг гээд тодорхой мэдээллийг манай тайлангуудаас авч болно. Аймгуудын судалгааг гэхэд ес дэх жилдээ хийж байгаа учраас бүх аймгаас ямар нэг байдлаар бидэнтэй холбогдож судалгааны талаар лавлаж асууж, сургалт, хэлэлцүүлэг хийж, зарим тохиолдолд илүү тусгайлсан судалгааны тайланг гаргуулах гээд олон янзаар ашигладаг боллоо.
-Өрсөлдөх чадварын судалгааг төрийн байгууллагууд хэр сонирхож, бодлого төлөвлөгөөндөө ашигладаг вэ?
-Бид судалгааны тайлангуудаа төр, засгийн бүхий л түвшинд хүргэхийг зорьдог. Зүгээр нэг судалгаа хийгээд орхих биш судалгаанаас ямар нэг шийдэл гарч үр дүнд хүрээсэй гэж боддог. Тиймээс 2020 онд УИХ-ын болон орон нутаг, нийслэлийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст зориулаад “Бид хаана явна вэ” гэдэг ном гаргасан.
Бодлого шийдвэр гаргаж, төр засгийн байгууллагуудад ажиллах тэдгээр хүмүүст Монгол Улсын өрсөлдөх чадвар, аймаг, дүүргийн өрсөлдөх чадварын хамгийн сүүлийн судалгааны мэдээллийг нэг дороос харах боломжийг олгож, энэ номыг эмхэтгэсэн. Манай тайлан тус бүрээрээ ном болж гардаг боловч мэдээллийг нэгтгэсэн ном нь “Бид хаана явна вэ” юм. Мөн өрсөлдөх чадварыг сайжруулахад эерэг нөлөөтэй байхыг харгалзан үзэж гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар бүлэг энэ номд тусгагдсан. Монгол, англи хэл дээр хэвлэгдсэн.
-Танайхаас “Монгол Улсын ногоон эдийн засгийн төлөв байдал” гээд тайлан гаргасан санагдаж байна?
-Ногоон эдийн засгийн судалгааг 2014 оноос хойш хийж байгаа. Монгол Улс дэлхийд ногоон эдийн засгийн бодлогоо боловсруулсан анхны улсуудын нэг бөгөөд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиа баталсан. Даян дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтууд, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт ногоон эдийн засгийн хөгжлийг тусгайлан оруулсан байдаг. Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг 330 гаруй шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж гаргадаг. Үүн дотор ногоон эдийн засгийн үзүүлэлтүүд байна.
Дэлхий нийтийн чиг хандлага ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийг ярьдаг боллоо. Энэ бүхэнд тулгуурлаад олон улсын болон салбарын яамны хүсэлтээр анх 2014 онд “Монгол Улсын ногоон эдийн засгийн төлөв байдал” тайланг гаргасан. Мөн ондоо “Ногоон ажлын байрны зураглал” тайланг гаргасан. 2016 оноос "Ногоон эдийн засгийн холбоо" гээд дэлхийн ногоон эдийн засгийн чиглэлээр ажилладаг байгууллага, судалгааны хүрээлэн, ТББ-ын хамгийн том нэгдэлд манай судалгааны төв нэгдэж, Монгол Улсын ногоон эдийн засгийн түнш байгууллага болсон. www.nogoonhutuch.mn гээд сайтаас ногоон эдийн засгийн судалгааны мэдээллийг авах боломжтой.
-Олон шалгуур үзүүлэлтээр хэмжиж судалдаг учраас танай судалгаа багадаа жилийн хугацаанд боловсруулагдаж гарч байна. Цаашдаа өрсөлдөх чадварын судалгааг хэрхэн өргөжүүлэх вэ?
-Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв 30 жил дэлхийн улсуудын өрсөлдөх чадварыг тасралтгүй хэмжиж судалсан байна. Энэ хугацаанд зарим улс засаглалын өөр хэлбэрт шилжээд, зарим нь үсрэнгүй хөгжөөд, зарим улс огт хөгжөөгүй, дайн дажинтай болсон гээд сонирхолтой дүр зургууд харагддаг. Тэгэхээр бид ямарваа нэг хүчин зүйлсээс хамаарахгүйгээр Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг тогтмол, тасралтгүй хэмжиж байж илүү өндөр үр дүнд хүрнэ.
Олон жил судалгаагаа хийж, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, нийгэмд сэтгэлгээний өөрчлөлт бий болгох, Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулах, нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлохын тулд хамгийн хэрэгцээтэй чиглэлүүдээр нарийвчилсан судалгааг гаргаж байх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )