Вилли Брандтын нэрэмжит Берлин-Бранденбург олон улсын нисэх буудал товлосон хугацаанаасаа есөн жилийн хойно Берлин хотод нээлтээ хийлээ. Орчин үеийн ХБНГУ-ын энэхүү урт хугацааны бүтээн байгуулалт нь олон нийтийн дунд доог тохуу болоод зогсохгүй, яс цагаа барьдаг, дэг журамтай байдлын үлгэр жишээ байсаар ирсэн тус улсын нэр хүндийг асар их сэвтээгээд байна.
2018 онд ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нэгэн уулзалтын үеэр: “Берлинд юу болоод байна вэ, чөтгөр аваг, тэд хоёрхон нисэх зурвастай онгоцны буудлаа ч барьж чадахгүй байна шүү дээ.гэж хятадууд асуугаад байна” хэмээн онцлон дурдахдаа, Хятадад дэд бүтцийн асар том байгууламжууд ямар хурдтайгаар барьж байгуулагддагийг далдуур анхааруулсан аж.
Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Берлин-Бранденбургийн нисэх буудлын бүтээн байгуулалтыг “шившиг” хэмээн нэрлэж байсан бол, олон нийтийн сүлжээ хуудсуудаар түүнийг зөвхөн алдартай “баатар” Чак Норрис л дуусгаж чадах байх гэж дооглон тохуурхаж байлаа. Тэр ч байтугай, уг нисэх буудлын байгууламжийг хий үзэгдэл, сүнстэй гэх цуурхал дэгдэж, газар дээр нь өөр шинийг барих, эсвэл өөр газарт нисэх буудлаа барьж байгуулан одоо байгааг нь цөмийн хаягдлын агуулах болгон ашиглах хэрэгтэй гэх саналууд хүртэл гарч байв.
Энэхүү олон улсын нисэх буудал хэзээ нэгэн цагт нээлтээ хийнэ гэдэгт берлинчүүд бараг итгэхгүй байсан хэдий ч гайхалтай нь, яг цар тахлын оргил үеэр ийнхүү ашиглалтад орохоор болжээ. Нисэх буудлын удирдлагуудын өгүүлж буйгаар, хорио цээрийн дэглэмтэй өнөө үед бүтэн хүчин чадлаар ажиллах шаардлагагүй тул алгуур бүх зүйлсийг дуусган, бүрэн ашиглалтад оруулах боломжтой гэсэн нь, энэ тохиолдолд халдварт цар тахал бас ч үгүй сайн нөлөө үзүүлсэн мэт санагдахаар.
“Нээлтийн ёслолд хүрэх зам хүндрэл бэрхшээл ихтэй байлаа. Бүхий л Герман даяараа олны доог тохуу болох нь, бидэнд, герман инженерүүдэд үнэхээр ичгүүртэй байсан. Одоо бид ажиллахад бэлэн болоод байна. Магадгүй, коронавирусын өмнөх түвшиндээ хүрч очтол бараг гурваас дөрвөн жил шаардагдах байх” хэмээн өнгөрөгч аравдугаар сарын эхээр сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэр нисэх буудлын дарга өгүүлсэн байна.
Германы гол нисэх буудлын бүтээн байгуулалт яагаад ингэж сунжрахад хүрэв.
Берлиний хана нурж, хоёр Герман нэгдсэний дараахан буюу бүр 1990-ээд онд олон улсын том нисэх буудлыг Берлинд барьж байгуулах санаа анх төрсөн аж. Тухайн үед Берлинд агаарын гурван боомт ажиллаж байсан нь Темпельхоф, Тегель болон Шёнефельд нисэх буудал байв.
Темпельхоф 1923 онд байгуулагдаж, дайнаас өмнө нацистууд ашиглаж байгаад хожим нь Баруун Берлиний бүслэлтийн үед түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Тегель бол Баруун Берлиний цор ганц нисэх буудлын үүргийг удаан хугацаанд гүйцэтгэж байсан бөгөөд түүнийг хориглолтын үеэр буюу 1948 онд богино хугацаанд барьж байгуулан, харин зорчигчийн терминал нь 1974 онд нээгдэж байжээ. Арилжааны тээвэрлэлтэд зориулан 1946 онд нээсэн Шёнефельд нь тухайн үеийн Ардчилсан Герман улсын гол нисэх буудал байсан хэдий ч хоёр Герман нэгдсэний дараа ихэнх нисэх компаниуд Тегелийг сонгосон учраас зорчигч тээврийн урсгал нь хэсэгтээ огцом унасан боловч хожим нь хямд үнэтэй авиа компаниуд түүнийг таашаах болсон юм.
1990-ээд оноос зорчигч тээвэрлэлт нэмэгдэхийн хэрээр эдгээр гурван нисэх буудал ачааллаа дийлэхгүй, мөн он удаан жилийн эдэлгээний элэгдэлд ороод эхэлжээ. Үүний сацуу Европын бусад улс орнуудын нийслэлд томоохон нисэх буудлууд ажиллаад эхлэв: Амстердам дахь Схипхол, Лондон дахь Хитроу, Парис дахь Шарль де Голль гэх мэт. Мөн Германы Франкфурт, Мюнхен нисэх буудлуудтай ч Берлин өрсөлдөж чадахгүй байлаа.
Ингээд тохиромжтой байршил газраа сонгох, зөвлөгөө авах зэрэгт хэдэн жилийг зарцуулсны эцэст Берлиний өмнө хэсэг Бранденбургт Шёнефельдийн дэд бүтцийг ашиглан түүнийг нэг терминал болгох замаар шинэ нисэх буудал байгуулах шийдвэрийг 1996 онд гаргасан байна. Түүнээс 10 жилийн дараа уг нисэх буудлын бүтээн байгуулалт эхэлжээ.
Эрх баригчид эхлээд хувьчлах амжилтгүй оролдлого хийж, дараа нь бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн нутгийн оршин суугчидтай удаан хугацаанд шүүхээр заргалдахад хүрсэн байна. Энэ хугацаанд улсын төсвөөс олон сая евро “урсаж”, нисэх буудлыг хувийн хөрөнгө оруулагчдын гарт өгөлгүй улс мэдэлдээ авч үлдсэн нь томоохон алдаа болжээ.
2006 оны зун шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын талбай бэлэн болж, намар есдүгээр сард шав тавих ёслолын ажиллагаа болов. Тухайн үед ашиглалтад орох хугацааг 2011 оны аравдугаар сарын 30 хэмээн албан ёсоор зарлаж, бүтээн байгуулалтын нийт өртөг хоёр тэрбум еврогоор үнэлэгдэж байжээ. 2008 оны долоодугаар сард зорчигч терминалын ажил эхэлж, намар нь Темпельхоф нисэх буудал хаагдсан байна. Нисэх буудал хаахыг эсэргүүцэгчдийн бүлэг бүх нийтийн санал асуулга явуулсан хэдий ч түүнийг хүчин төгөлдөрт тооцсонгүй. Тегель, Шёнефельд хоёр бүхий л боломжоороо ажиллаж байсан хэдий ч шинэ нисэх буудал зайлшгүй хэрэгтэй нь илт харагдаж байлаа. Азаар, Берлин-Бранденбург нисэх буудал нээгдэхэд ердөө хоёрхон жил үлдээд байв.
Түгшүүртэй хүлээлт
Эхний түгшүүрийн дохио 2010 оны зургаадугаар сард дэгдэж, зураг төслийн компанийнх нь дампуурал болон Европын Холбооны эрх баригчдын зүгээс аюулгүйн ажиллагааны дүрэм журмыг чангатгасантай холбоотойгоор нисэх буудлын нээлт 2012 оны зургаадугаар сарын гурав хүртэл хойшилжээ. Тухайн үед хэн ч үүнийг тоосонгүй. Эхний төлөвлөсөөр бол, шинэ нисэх буудал нээгдэхтэй зэрэгцээд Тегель хаагдах ёстой байв. Иймд 2012 оны зургаадугаар сарын эхээр нэг шөнийн дотор бүхий л хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг Берлин-Бранденбург руу нүүлгэх ложистикийн тусгай ажиллагаа төлөвлөгдөж, үүний тулд зарим замыг хаан, орон нутгийн телекомпани шууд дамжуулалт хийхээр шийдсэн байлаа. Мянга мянган зочдод урилга тарааж, Берлин-Бранденбург шинэ нисэх буудлыг нээлгэхээр Ангела Меркелийг дуудаж, эхний нислэгийг Lufthansa авиакомпанийн Airbus A380 гүйцэтгэх ёстой байлаа. Гэвч нээлт болохоос сарын өмнө ёслолын ажиллагааг гэнэт 2013 оны гуравдугаар сар хүртэл хойшлуулжээ. Нисэх буудал PG-BBI консорциум болон төслийн зохиогч болох Майнхард фон Герканы архитектурын алдартай товчоотой хамтран ажиллахаа зогсоолоо. Үүний шалтгаан нь "Барилгын ажлын хяналт, зохицуулалтгүй байдал" гэжээ. Энэхүү даруухан томьёоллын ард ихээхэн ноцтой асуудлууд нуугдаж байсан учраас нисэх буудал ажлаа эхэлж чадахгүй найман жил сунжрахад хүрэгсэн байна. Нисэх буудлын галаас хамгаалах систем, кабель утасны зохицуулалт, дээврийн асуудал гээд олон мянган зөрчлүүд хяналт шалгалтын явцад илэрч, тэр бүрийг засаж янзлахад олон жил шаардагдан, хэдэн зуун сая еврогоор “шатахад” хүрчээ.
Бүрхэг ирээдүй
2012 онд Берлиний Сенат шинэ нисэх буудлын ажил хүлээгдээд буй шалтгааныг олж тогтоох комисс байгуулав. Хэд хэдэн удаагийн сонсголын дараа уг бүтээн байгуулалт дахь эмх замбараагүй байдал бүр 2009 онд үүссэн, энэ талаар нисэх буудлын удирдлагууд мэдэж байсан нь тогтоогджээ. Ялангуяа 2010 онд төлөвлөсөн хугацаанаас 17 сараар хоцорч, ажил нь хугацаандаа дуусах боломжгүй болсон хэдий ч нисэх буудлын удирдлагууд нөхцөл байдлыг хянаж байгаа гэдэгтээ хуурамчаар итгэсээр байж. 2014 онд Берлиний эрх баригч бургомастер Клаус Воверайт огцорч байгаагаа мэдэгдэж, Берлин-Бранденбург нисэх онгоцны буудлын Хяналтын зөвлөлийн даргаас мөн чөлөөлөгдсөн байна. Германы канцлерийн албан тушаалд социал-демократчуудаас өрсөлдөх хамгийн магадлалтайд тооцогддог байсан энэхүү эрхэм өөрийн улстөрийн карьерийн гол сүйрлүүдийн нэг нь шинэ нисэх буудлын амжилтгүй үйл ажиллагаатай холбоотой хэмээн хожим нь өгүүлж байжээ.
“Клаус Воверайт нь нарийн төвөгтэй барилгын төслүүдийн үзэл баримтлал, менежментийн талаар ямар ч ойлголтгүй байсан атлаа чухал асуудлуудаар мэргэжлийн зөвлөгөөг хэрэгтэй цагт нь авахаас татгалздаг байсан” хэмээн Берлиний Сенатын гишүүн асан Тило Саррацин бичсэн номондоо түүнийг шүүмжлэн дурдсан байна.
Берлин-Бранденбург олон улсын шинэ нисэх буудлын нээлтийн эцсийн хугацааг "2020 оны аравдугаар сарын 31" хэмээн 2019 оны арваннэгдүгээр сард товлосон бөгөөд нисэх буудлыг ашиглалтад оруулахад шаардагдах 16 зөвшөөрлийн сүүлчийнхийг TÜV Rheinland техникийн хяналтаас 2020 оны хавар хүлээн авчээ. Өнгөрөгч долоодугаар сард хэдэн зуун сайн дурынхан уг нисэх буудал дээр ажиллан, зорчигч нисэх буудал руу орохоос авахуулаад онгоцонд суух хүртэлх бүхий л системийг шалгахад тусалсан байна. Үүнд арав орчим минут шаардагдаж байсан нь зорилгод нийцэж байсан бөгөөд зарим заагч наалтуудыг сольсныг эс тооцвол нисэх буудал ерөнхийдөө шалгалтыг амжилттай давсан аж. 2020 оны аравдугаар сарын 1-нд буюу Герман улс нэгдсэний 30 жилийн ойгоос хоёр хоногийн өмнө эрх баригчид шинэ нисэх буудлын албан ёсны лицензийг олгожээ. Агаарын тээврийн олон улсын нийгэмлэг /IATA/ өнгөрөгч аравдугаар сарын 25-нд Шёнефельд / SXF/ нисэх буудалд BER шинэ үсгэн код өгсний дараа тэрбээр албан ёсны нэршил нь өөрчлөгдөж, “BER Terminal 5” хаягийг зүүх болсон байна.
Үүний дараагаас шинэ нисэх буудлын анхны, үндсэн терминалын нээлтийн эцсийн шатны бэлтгэлийг эхлүүлж, арваннэгдүгээр сарын 8-наас өмнө авиакомпаниуд өөрсдийн бүх нислэгүүдээ Тегель-ээс ийш нь зөөх ёстой бөгөөд үүний дараа тус нисэх буудал хаагдаж, түүний байран дээр орон сууцны хорооллууд баригдах юм байна.
Шинэ нисэх буудал нээгдсэнтэй холбоотойгоор элдэв шоу цэнгээн зохиогдохгүй. Түүний цаашдын ирээдүй төдийлөн тодорхой бус байгааг ч удирдлагууд нь хүлээн зөвшөөрөөд байгаа аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Tegel neeree arai jijigxen shuu, Berlinii international airport murtluu barag l buyant uxaa shig