АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ.
АНУ-ын түүхэнд анх удаа албан ёсны санал хураалт буюу арваннэгдүгээр сарын 3-наас өмнө ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарчихаж магадгүй болжээ.
Учир нь, энэ удаагийн нөхцөл байдлаас шалтгаалан Америкийн сонгогчдын бараг тал хувь нь саналаа аль хэдийн урьдчилан өгөөд байгаа аж. Олон нийтийн санал асуулгаар Жо Байден өрсөлдөгчөө илт ялж яваа хэдий ч дөрвөн жилийн өмнөх гашуун сургамжийг мартаж болохгүй юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны санал хураалт явагдахаас гурав хоногийн өмнө гэхэд 91,6 сая сонгогчид урьдчилсан байдлаар саналаа өгөөд байгаа нь тус улсын түүхэнд шинэ дээд амжилтыг тогтоожээ. Энэхүү үзүүлэлт нь тус улсад бүртгэлтэй нийт сонгогчдын 43 хувь бөгөөд өнгөрөгч 2016 онд 136,5 сая хүн санал өгсөнтэй харьцуулах юм бол 67 хувийг эзлэхээр байна. Албан ёсны мэдээллээс харахад, 35 муж улс болон нийслэлийн Колумби тойрогт нийт сонгогчдын талаас илүү хувь нь урьдчилсан байдлаар саналаа өгчээ. Өнгөрөгч аравдугаар сарын сүүлч гэхэд, Флорида, Жоржи, Хойд Каролинад сонгогчдын 70 гаруй хувь нь саналаа өгсөн бол Техаст энэ үзүүлэлт бүр 90 хувийг даваад байгаа аж. Урд хожид тохиолдож байгаагүй энэхүү өндөр оролцоо нь ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден тэргүүлж явааг илтгэх бас нэг үзүүлэлт хэмээн шинжээчид дүгнэж байна. Цар тахлын халдварын аюул заналхийлж буй нөхцөл байдалд сонгуулийн хэсгийн хороодод олон хүмүүс цугларахаас сэргийлэх зорилгоор эчнээ болон урьдчилсан санал хураалтад өргөнөөр оролцохыг ардчилагчдын зүгээс сүүлийн саруудад идэвхтэй уриалж байсан явдал бас уг үзүүлэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн бололтой.
Статистикийн алдаанууд
Ардчилсан хүчнээс нэр дэвшигчийн сонгуулийн штаб эдгээр тоонуудад тайлбар хийхийг төдийлөн хүсэхгүй байна. Жо Байден өөрийн дэмжигчдийн өмнө үг хэлэхдээ, арваннэгдүгээр сарын 3-нд “бүгд найрамдахчуудыг бүрхэх” “цэнхэр давлагааны” /Ардчилсан намын албан ёсны өнгө/ тухай үргэлжид сануулсаар байгаа хэдий ч олон нийтийн санал асуулгын үр дүнд анхааралтай хандах хэрэгтэйг ардчиллын улстөрийн стратегичид сэрэмжлүүлсээр байгаа аж. “2016 оны сонгуулийн санал хураалтын өмнөхөн Хиллари Клинтон социологийн судалгаагаар өрсөлдөгчөөсөө 3-5 хувиар илүүрхэж явсан хэдий ч эцсийн дүндээ Дональд Трамп ялагчаар тодорсон” хэмээн Байдены сонгуулийн штабын нэгэн зөвлөх ВВС-д ярилцлага өгөхдөө дурдсан байна. Гэвч 2020 оны энэ удаагийн нөхцөл байдал 2016 оны сонгуулиас зарчмын хувьд ялгагдаж байгааг ажиглагчид онцлон тэмдэглэжээ. Тухайн үед явагдсан социологийн бүхий л судалгаануудын үр дүнг батлан Трамп үнэхээр Хиллари Клинтоноос бараг гурван сая саналаар дутаж, нийт саналын дүнгээрээ ялагдахад хүрсэн хэдий ч Америкийн сонгуулийн өвөрмөц тогтолцооны ачаар сонгогчдын төлөөллийн ихэнх саналыг авч ялалт байгуулсан билээ.
Ингээд сонгуулийн үр дүнгээр бүгд найрамдахчууд Сенат дахь хяналтаа хадгалангаа Конгресст олонх болж чадсан учраас Трампын засаг захиргааны эхний хоёр жилд улстөрд нөлөөлж чадахуйц ямар ч арга зам ардчилагчдад бараг байсангүй. Харин 2018 оны нөхөн сонгуулийн дараа тэд нөхцөл байдлыг өөрчлөн, Төлөөлөгчдийн Танхимд олонх болж чаджээ. Энэ удаад ч социологийн санал асуулгуудын үр дүнгээс харахад, Трампын өрсөлдөгчид Сенатын хяналтыг авах бүрэн боломжтой байгаа аж. Олон арван жилийн туршид бүгд найрамдахчуудыг туйлбартай дэмждэг байсан Техас, Аризона гэх мэт өмнө зүгийн хэд хэдэн мужийн сонгогчдын бараг тал хувь нь ардчиллаас нэр дэвшигчийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү нөхцөл байдлын үндсэн шалтгаан нь коронавируст цар тахал хэмээн судлаачид үзэж байгаа бөгөөд уг гамшгийн улмаас 230 мянга гаруй америкчууд амь насаа алдаж, 20 сая иргэд ажлын байргүй болсны гол буруутан бол Трамп хэмээн сонгогчдын ихэнх нь үзэж байна. Цар тахалтай хийх тэмцлийг тэрбээр оройтуулснаас болж америкчуудад ийм гамшиг нүүрлэсэн гэж түүнийг буруутгаж байгаа аж.
Алсын зайн сурталчилгаа
Дональд Трамп янз бүрийн мужууд дахь өөрийн дэмжигчдийн өмнө өдөр бүр шахуу илтгэл тавингаа Air Force One ерөнхийлөгчийн онгоцны бүхээгтээ сүүлийн хэдэн долоо хоног бараг “амьдраад” байгаа аж. Тэрбээр уулзалт бүрийнхээ үед Жо Байденыг Дэлавер муж дахь гэртээ бүгэж байгаа хэмээн битүүхэн шоглон, “Нойрмог Жо өөрийн хонгилыг орхихоос зүгээр л айж байгаа” гэж даалаалан ярьсаар байна. Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахаас албан ёсоор татгалзан, өөрийн дэмжигчидтэй зөвхөн видео хэлбэрээр уулзалт хийж, олныг хамарсан теле сурталчилгаагаар дутуу орон зайгаа нөхөж байгаа аж. Advertising Analytics судалгааны компаний мэдээллээс харахад, АНУ дахь телесувгуудад ардчилагчдын байршуулсан реклам сурталчилгааны тоо хэмжээ Трампын сонгуулийн кампанийн клипүүдээс даруй гурав дахин их байгаа бөгөөд өнөөгийн ерөнхийлөгчийн сонгуулийн штаб таван мужид теле сурталчилгаа огт хийлгүй, сонгуулийн “тулааны талбайг” Ардчилсан намд орхихоор шийджээ.Хоёр нэр дэвшигчийн хувьд үзэл бодлын эрс тэс зөрүүтэй учраас америкийн сонгогчид тэднийг реклам сурталчилгаагаар бус, харин телевизийн мэдээллийн хөтөлбөрүүдээр шүүн дүгнэж байгаа бололтой. Трамп олон мянган дэмжигчдийнхээ өмнө үг хэлж, тэдний ихэнх нь амны хаалт зүүгээгүй, хоорондын зайгаа мөрдөхгүй байгаа нь сонгогчдод төдийлөн таалагдахгүй байгаа аж. Ардчилсан захирагч нар хэтэрхий хатуу хорио цээрийн дэглэм тогтоож буйг АНУ-ын Ерөнхийлөгч шүүмжлээд, цар тахлын нөхцөлд алсын зайн сургалт явуулж буй дунд сургууль, коллежуудыг нээхийг шаардаж, тус улсад “халдварын оргил үе хэдийн өнгөрсөн” учраас одоо эдийн засгийн асуудлуудад анхаарлаа хандуулах ёстой хэмээн батлан өгүүлсээр байна. “Би зүгээр л хэвийн амьдралдаа эргэн орохыг хүсэж байна. Та нар ч бас үүнийг хүсэж байгаа биз дээ” хэмээн өнгөрөгч баасан гарагт Висконсин мужид уулзалт хийхдээ тэрбээр онцлон дурджээ.
Харин Жо Байден түүний эсрэгээр, олон нийтийг амны хаалт заавал зүүж, халдвар тархахаас сэргийлсэн хорио цээрийн дэглэмийг сайтар мөрдөн, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагахыг уриалсан байна. “Амны хаалт зүүх нь бидний хувьд улстөрийн дохио зангаа биш. Энэ бол Аврагч Бурхны өмнө хүлээсэн бидний эх оронч үүрэг юм. Би эдийн засгийг боомилохыг хүсэхгүй байна, харин вирусыг устгахыг машид хүсэж байна” хэмээн тэрбээр Висконсин дахь уулзалтынхаа үед цохон өгүүлжээ.
“Ичимхий сонгогчид”
Бүгд найрамдах намын улстөрийн стратегичдын зүгээс, олон нийтийн санал асуулгуудын үр дүн нь Трампыг ил тод дэмжихээс нэрэлхэн, харин санал хураалтын өдөр түүнд саналаа өгөхийг эрхэмлэж буй олон тооны сонгогчдыг тооцоолж үзэлгүй, буруу ташаа төсөөлөл гаргаж байна хэмээн шүүмжилжээ. “Бид тэдгээр “ичимхий сонгогчдын” тухай байнга сонсож байгаа боловч хэнд ч үл ажиглагдам атлаа Трампыг дэмжиж буй ямар нэгэн хүнийг одоогоор олж хараагүй байна” гэж Висконсин муж дахь Ардчилсан намын хорооны дарга Бен Виклер Washington Post сонинд ярилцлага өгөхдөө бүгд найрамдахчуудын мэдэгдэлд тайлбар хийсэн байна. Сонгуулийн үр дүнд чухал нөлөө үзүүлдэг тулгуур мужууд болох Мичиган, Висконсин, Пенсильванид сүүлийн хоёр долоо хоногийн турш Жо Байден итгэлтэйгээр илүүрхэж, сонгуулийн өрсөлдөөнд манлайлж байгаа бол, харин Трамп олон нийтийн дэмжлэгийг илтээр алдаж байгааг хүн ам зүйн судалгаанууд харуулж байгаа аж. Өнөөгийн ерөнхийлөгчийн дэмжлэгийн түвшин АНУ дахь цагаан арьст эрчүүдийн дунд 15 хувиар, цагаан арьст эмэгтэйчүүдийн дунд 10 хувиар буурсан бол, өнгөрөгч 2016 оны сонгуулиар Трамп найман хувь илүүрхэж байсан ангилал болох 65-аас дээш насны сонгогчдын дотор Жо Байден өрсөлдөгчөөсөө даруй есөн хувиар давуу байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )