Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын тэргүүлж буй хууль хүчний байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ хүүхдийн хүчирхийллийн эсрэг, амь насыг хамгаалах талаар дорвитой ажил хийх үүрэг даалгавар өгсөн. Гэтэл түүнийг ажлаа авснаас хойш хэдхэн сарын хугацаанд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг нэмэгдсээр байна.
Хойд эцэгтээ зодуулж нас барсан есөн настай охины хэрэг дээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хийсэн шинжилгээгээр охин удаан хугацаанд хүчирхийллийн золиос болсон байна гэдэг урьдчилсан дүгнэлтийг гаргасан. Үүнд хэд хэдэн байгууллага хариуцлага хүлээх ёстой. Тухайлбал, хорооны хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, олон нийтийн цагдаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл мөн хамтарсан багуудын үйл ажиллагаа хэрхэн хяналт тавьж байсан бэ гэдэг нөхцөл байдлыг эхлээд шалгаж тогтооно. Хэсгийн байцаагч нарын хувьд ачаалал өндөртэй байдаг. Нэг хэсгийн байцаагчид 40-50 зөрчлийн хэрэг шалгах зэрэг ажлын ачаалалтай. Үүнийг цаашид уялдуулах шаардлага бий” гэж хэлсэн. Үүнтэй уялдуулж Засгийн газрын ээлжит хуралдаанаар, Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллуулахаар болсон. Энэ нь учир дутагдалтай бөгөөд байцаагчийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай юм. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч ажиллаж байгаа нь нэг албан хаагчид 19 мянга гаруй хүүхэд оногдож байна гэсэн үг юм. Тиймээс нэмж 103 байцаагч ажиллуулахад шаардагдах 2.5 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгаж байхаар шийдвэрлэсэн. Сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа, хүүхдийн эрхийн байцаагч нарын орон тоог нь нэмэгдүүлэх шаардлагатай байгааг “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоо” “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” зэрэг ТББ-ууд дуу хоолойгоо нэгтгэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шаардах бичиг өргөн барьж байгаагаа өчигдөр мэдээлэв.
ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 60 ХУВЬ НЬ ХАМААТАН САДАН, ОЙРЫН ТАНИЛ НЬ ҮЙЛДДЭГ
Энэ оны эхний найман сарын байдлаар буюу хөл хорионы үед гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон бөгөөд улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ нь нийт хүчиндэх гэмт хэргийн 63 хувийг нь хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдэж байгаа нь сэтгэл сэртхийлгэм тоо. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгсдийн 68 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байгаа нь тогтоогдсон. Архидан согтуурах үзэгдэл нь нийгмийн өвчин болж архинд донтогсдын тоо эрс залуужиж байгаа нь харамсалтай. Мэргэжлийн хяналтын газар, хил гааль, Эрүүл мэндийн яам нь архи согтууруулах ундааны найрлага, аюулгүй байдлыг шалгаж, стандартын шаардлага хангаагүй архины үйлдвэрүүдийг хаахыг мянга мянган эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд хүсэж байгаа. Цагдаагийн байгууллагаас нийгмийг соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор “Сүүдэр бүү тусга” аяныг зохион байгуулсан. Нэг үеэ бодвол иргэдийн сонор сэрэмж сайжирч, хөрш айлаа, хажуу хавиргаа анхаардаг болсон нь сайн хэрэг. ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан ”Хүүхдийн хүчирхийлэл нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас болж байна. Жишээ нь гэр бүл салалт. 18-40 насны хүмүүсийн дунд гэр бүл салалт их байна. Жилд дунджаар 3,000 орчим гэр бүл салдаг ба үүнээс үүдэн жилд 5,000-6,000 орчим хүүхэд өнчирч үлддэг. Энэ хүүхдийн 500 орчимд нь эцэг эхийн хараа хяналт маш дутмаг буюу хайр халамжаас гадуур өсдөг. Энэ хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн зонхилох хохирогч болж байна. Хүүхдээ хамаатныхаа айлд үлдээдэг, хот суурин газар айлд суулгаж, сургуульд явуулдаг, хүүхдийн дэргэд архидан согтуурдаг зэргээс ихэвчлэн болдог. Түүнээс биш огт танихгүй хүн, гудамж талбайд үйлдэгдэж байгаа зүйл биш шүү дээ. Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 60 хувь нь хамаатан садан, найз нөхөд, тэр айлаар орж гардаг таньдаг мэддэг хүмүүс үйлдэж байгаа юм.” гэлээ. Иймд эцэг, эхчүүд үр хүүхдээ хамгаалахын тулд анхаарал халамжаа дээшлүүлж, төр засгаас нийгмийн хавтгайрсан архидалтад хяналт, шалгалт тавьж ажиллахыг анхааруулахад илүүдэхгүй биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
гэмт хэрэг гарахад арчаагүй ,боловсролгүй, биеэ авч явах чадваргүй эрчүүдийн дарамтанд өөрөө гүйж очиж үр хүүхдээ хохироодог нинжин сэтгэлгүй эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн үед их гарах болж . Эмэгтэйчүүдээ нэгэнт салсан бол дахин бүү гэрлэ.дарамт шахалтгүй арчаатай бай.муу эр хүнтэй байснаас ганцаараа явсан нь хамаагүй дээр
угаасаа 5 хүүхдэд 1 байгаад ч байдал өөрчлөгдөхгүй.тэр хүүхдүүд гэр оронтой асран хамгаалагчтай.тэр байцаагч 24 цаг хажууд нь байхгүй н ь ойлгомжтой. хамгийн гол нь тэр хэрэг тариад байгаа хүмүүстэй нь ажиллаж нийгмээ цэвэршүүлэх хэргэтэй.тэр бузрын ухамсаргүй, гаж донтой, ажилгүй архичин хүмүүсийг яаж засах вэ гэдгийг бодож хатуу чанга хууль гаргаж дахиад хэрэг хийхгүй болтол нь жигшүүлэн цээрлүүлэх хэрэгтэй. ардчилал гэдэг чинь сул дорой байхыг хэлдэггүй юм хүнээ боддог эөр юм бол хуулиа чангатгах хэргэтэй.
Монголд 5 хүүхдэд 1 байцаагч байгаад ч ажлаа хийхгүй төрийн ажлыг хийхээ больсон шүү