-Ирэх арван жилд эх орондоо зүрх шилжүүлэн суулгах зорилт тавьсан-
Өнгөрсөн сарын сүүлээр найз маань Улсын гуравдугаар эмнэлэгт зүрхний мэс засалд орсон юм. Цусны шинжилгээ өгөхөөс халгадаг над шиг нөхөрт бол төсөөлөгдөхгүй зүйл байна билээ. Зүрхний хавхлага солих уг хагалгааг алтан гартай эмч нар хэдхэн цагийн дотор амжилттай хийж, өнөөдөр найз маань цоо шинэ мэт зүрхтэйгээр эмнэлэгээс гарч байна. Анд нөхрийнхөө зүрхийг ахин цохилж эхэлснээс хойш тус эмнэлгийн Зүрхний тасгийн хамт олны ажлыг сурвалжилах бодол тээсээр баасан гарагийн үдээс хойш очлоо. Долоо хоногийн сүүлийн өдөр аливаа газрын ачаалал эрс багасдаг гэсэн ойлголт маань хаалгаар нь ороод л өөрчлөгдөв. Хагалгаандаа орчихсон, орохоор бэлдэж байгаа олон өвчтөн, тэдний ар гэрийнхэн гээд зөндөө хүмүүс байх аж. Саяхан мэс засал хийлгэсэн өнөө нөхөр маань цээжээрээ даруулга бүсэлж, шаар үлээсэн шигээ гараад ирлээ.
“Цээжээ нээлгэж, зүрхээ тавган дээр тавиулсан” хүн ийм хурдан тэнхэрч байгаа нь мэс засал хийсэн эмч нарын мэдлэг, чадвар мундаг, хагалгааны дараах асаргаа сувилгаа үнэхээр сайн байдагтай холбоотой биз. Манай эмч нар 1957 оноос анх гэмтлээс болж зүрхэнд шигдсэн гаднын биет, бэтэг авах, зүрхний артерийн битүүрээгүй цоргыг боох зэрэг мэс заслыг амжилттай хийж байсан аж. Харин байгуулагдаад хагас зуу илүү жилийг элээж байгаа БНМАУ-ын Төрийн шагналт Ц.Бундангийн нэрэмжит Зүрхний тасгийн эрхлэгчээр Гавьяат эмч Ц.Даваацэрэн, зөвлөх эмчээр “зүрхний” хэмээн алдаршсан Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав зэрэг мундагчууд, тэдний залгамж халаа, мэргэжилдээ эзэн нь болсон шижигнэсэн залуус ажилладаг. Монгол Улсад зүрх, судасны чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц тасаг ч гэсэн тусламж хэрэгтэй болоод ирсэн өвчтөн бүрийг эдгээж, амьдрал бэлэглэсээр байна.
Зүрхний гажгийг төрөлхийн, олдмол, зүрхний судасны гэж ерөнхийд нь гурав ангилдаг аж. Манай улсын мянган хүн тутамд 25-30 төрөлхийн гажиг, 15-20 олдмол гажиг, мөн энэ тооны зүрхний судасны гажиг оношлогддог байна. Нэг мэс засал хийхэд ганц хүний чадвар бус хамгийн багадаа найман хүний бүрэлдэхүүнтэй баг, тэдгээрийн ур чадвар шаардлагатай. Нэг хором ч алдаж болохгүй маш хариуцлагатай ажил. Яг л ингэж хором бүртэй уралдсан хагалгааг тус тасгийн хамт олон жилдээ 180-220 удаа хийж байна. Дэлхийн стандарт, жишгээр бол энэ тоо хүн амдаа харьцуулбал 500 хүрэх учиртай. Зөвхөн нэг тасаг гэхэд энэ тоог чамлах арга байхгүй. Сүүлийн жилүүдэд тус тасгийн тоног төхөөрөмжийг харьцангуй шинэчилж, олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн учраас мэс засал амжилттай болоход ихээхэн түлхэц болж байгааг тасгийн эрхлэгч Ц.Даваацэрэн ярьж байлаа. Цаг үе, нийгмийн байдлаа дагаад зүрхний өвчлөл улам олон төрөл болсон байна. Гэсэн хэдий ч “дайсан” чадвараа өөрчлөх бүрт эмч нар маань эмчилгээний чадвараа дээшлүүлж, хагалгааны төрлөө нэмэгдүүлсээр ирж. Тийм ч учраас Зүрхний тасагт хийж байгаа олон хагалгаа дэлхийн түвшинд хүрсэн бөгөөд гадаадад эмчлэх заалттай өвчнүүдийг багасгасаар байна. Ирэх арван жилд эх орондоо зүрх шилжүүлэн суулгах зорилт тавин мэрийцгээж байгаа гэнэ.
Зүрхний өвчлөл нас баралтаараа манай улсад тэргүүлдэг. Үүний дараа хавдарын өвчлөл ордог гэхээр ямар түвшинд байгаа нь ойлгогдох байх. Нас баралтад нөлөөлж байгаа гол шалтгаан нь зүрх судасны өвчтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнээс гадна өвнийх нь бүтэц хувьсан өөчрлөгдөөд маш олон болжээ. Манай орны нөхцөл, амьдралын хэв маяг, нийгмийн байдал гээд нөлөөлөх шалтгаан олон. Дэлхий нийтэд цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байгааг Зүрхний их эмч Д.Бат-Ундрал хэлж байна лээ. Тасаг анх байгуулагдаад удаагүй байхад хүнийг мөсөөр хучиж, биеийнх нь дулааныг 28 хүртэл бууруулаад 15 минутад амжин зүрхний мэс заслыг хийдэг байж. Ингэснээр бодисын солилцоо удааширдаг. Хэвийн үед хүний зүрх таван минут зогсоход тархи үхэждэг бол ийм арга хэрэглэснээр 15-20 минутад тархи үхэждэггүй аж. Энэхүү хүнд хэцүү хагалгааг зүрхний мэс заслын үндэс суурийг тавигч Т.Шагдарсүрэн, Ц.Бундан зэрэг алдартнууд, тэдний шавь нар болох “зүрхний” хэмээгддэг Н.Баасанжав, Ц.Даваацэрэн нар гардан хийдэг байжээ. Харин одоо бол техник технологийн хөгжил нэвтэрч олон хагалгааг амжилттай болгож байна. Зургаан жилийн өмнөөс Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар зүрхний хагалгааны зардлын 75 хувийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж, үлдэгдлийг нь өвчтөн төлөх болжээ. Энэ асуудлыг анхлан шийдэх үеийн Ажлын хэсгийн гишүүнээр Д.Бат-Ундрал эмч ажиллаж байжээ. Ингэснээр тоолдогтоо баригдаад эмчилгээ хийлгэж чадахгүй байсан олон мянган хүмүүсийг эрүүл саруул болгож байна. Гадаадад 70-80 мянган долларын өртөгөөр хийгддэг хагалгаанууд манайд 10-15 сая төгрөг болдог. Энэ нь мэс ажилбар хийж байгаа эмч нарын хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдээгүй, ашиглаж байгаа тоног төхөөрөмж, эм тарианы зардал л ордог учраас ийм хямд болдог гэнэ. Тэгэхээр хагалгааны зардлын үлдэгдэл гэж өвчний шат, хүндрэлээсээ шалтгаалаад 1,5-3,5 орчим сая төгрөг л төлж байна. Үхэл, амьдралаа шийдэх гэж байгаа үед энэ хэмжээний мөнгө бол юу ч биш. Тэгээд ч аминаас үнэтэй зүйл гэж хаа ч байх билээ. Гэвч галын шугаманд нүүр тулж яваа эмч нарын ярьж байгаагаар хагалгааны үлдэгдлээ ч төлөх боломжгүй хүмүүс бас гардаг. Тиймээс цаашид эдгээр хүмүүст ч гэсэн хүрч ажиллах хэрэгтэй байгаагаа хэлж байсан юм. Тэгж чадвал эмч нар маань өргөсөн тангарагаа биелүүлж, эндэгдлийн тоог улам бууруулах боломжтой юм.
Нэг хагалгааг бүтэн багаараа мэрийж байж амжилттай хийдэг гэдгийг дээр хэлсэн. Тэгвэл энэ багийн бас нэгэн чухал гишүүн нь бидний нэрлэдгээр норказны буюу мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч юм. Ганбаатарын Ундармаа гэж эгэл даруухан эмэгтэй энэ чухал ажлыг 2013 оноос хойш тасралтгүй хийж байна. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчийн хамгийн сайхан нь мэс засалд орж байгаа хүнийг ямар нэгэн өвдөлт мэдрэхгүйгээр өвчнөөсөө салах боломж олгодогт байдаг хэмээн бахархан ярих. Зүрхний мэс заслын мэдээгүйжүүлэгийн эмч тухайн зүрхийг зогсоогоод хагалгааны эмч нар ажлаа хийхэд бэлэн болгож өгнө. Харин эмч нар ажлаа амжилттай дуусгасны дараа нөгөө зүрхээ буцаан агшааж ажиллуулдаг байна. Зүрхний үйл ажиллагаа доголдохоор бусад эрхтэнүүддээ ч нөлөөлдөг. Тэгэхээр нойрсуулага хийхдээ бусад эрхтнүүдийнх нь үйл ажиллагаа хэвийн эсэхийг оношлоод өвчлөл явагдсан өөр эрхтэнд нь сөргөөр нөлөөлөхгүй эм, тариаг сонгон орцыг найруулж бэлддэг аж. Мөн нойрсуулгын эм, тариаг сонгоход тухайн өвчтөний биеийн жин, өндөр ч нөлөөлдөг байна. Зүрх буцаад агшиж/хэвийн ажиллаж/ эхлэх мөч бол миний мэргэжлийн онцлог хэмээн нүд дүүрэн баяртай ярих Г.Ундармаа эмч бусад эмч нарынхаа л адил гэрийн бараа хардаггүй, хүүхдэдээ цаг гаргахгүй байна гэсэн гомдол байнга сонсдог. Гэвч гомдолоосоо баяр талархал нь хавьгүй их учраас ажилдаа тэд зүрх сэтгэлээ зориулдаг. Асрагч, сувилагч нар нь хүртэл өдөржин, шөнөжин ажиллаж байж шөнө дунд жаахан чимээ гарахад л өрөөнд нь орж ирээд тоног төхөөрөмжөө шалгаж, биеийнх нь байдлыг асууж тодруулдаг гэдгийг найз маань ярьж байсан. Тэгэхээр ганцхан зүрхийг цаашид олон жил амьдруулж, дахин цохилуулахын тулд Зүрхний тасгийн 10 эмч, 31 сувилагч, асрагч, үйлчлэгч гээд олон хүний нөр их хөдөлмөр, сэтгэл зориулагддаг аж. Тийм ч учраас ахин шинээр цохилж эхэлсэн атгахан зүрх эдгээр ачтануудаа мартахгүйн дээр тэднийхээ ачийг хариулахын тулд олон жил жигдхэн цохилох хэрэгтэй болно. Харин үүнийг хангахын тулд гамаа сайн барьж, эмчийнхээ хяналтад үргэлж орж байхыг гагцхүү хувь хүн л шийднэ. Аравдугаар сарын сүүлээр зураач, яруу найрагч Г.Мөнхбаатар найз маань зүрхний хавхлага солих хагалгаанд орж, эдгээр алтан гартай эмч нарын буянаар дахин шинээр мэндэлсэн юм. Найз шиг минь мянга, мянган хүн эрүүл саруул болж, мянга, мянган зүрх цээжин цаанаа эдгээр эмч, сувилагч, асрагч нарт талархаж байгаа нь дамжиггүй. Ахин цохилсон эдгээр зүрхнүүд ачтануудаа мартахгүй, мартах ч учиргүй билээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )