Нүүдэлчин монголчуудын амьдралтай олон мянган жилийн өмнөөс холбогдсон зүйл бол яах аргагүй мал аж ахуй. Үүнийгээ дагаад зөвхөн монголчуудыг илэрхийлэх олон, олон өв соёл бий болж, одоо ч ихэнх нь хэвээр хадгалагдсаар байна.
Өргөн уудам газар нутагтаа дураар бэлчих мал, тэнгэрийн араншингаар нүүдэллэж, малынхаа ашиг шимээр амьдралаа авч явдаг малчидгүй бол Монгол орныг төсөөлөх боломжгүй. Биднийг униарт хотдоо түгжрэнгээ махны үнэ хэтэрхий өндөр байгаа тухай сошиал орчинд шүлсээ үсчүүлэн сууж байх хооронд малчдын амьдралын гол эх үүсвэр болсон хэдэн мал нь шил архины ч үнэ хүрэхээ байж. Баянхонгор аймагт өвөл нь хүндхэн орж, зундаа зуншлага муу байснаас ган болж малчид малынхаа 60-70 хувийг зарж борлуулахаар хичээж байгаа гэнэ. Ихэнх малаа цөөхөн хэдэн төгрөгөөр зарж, үлдсэн хэддээ өвч тэжээл авсан ч өнөөдүүл нь онд орохгүй бол хэрхэх билээ гэсэн айдас малчдад байна.
Баянхонгор аймагт мянган толгой хонио 18 мянгад зарах гээд авах хүн олдоогүй ч тохиолдол гарсан тухай мэдээлэл байна. Малчид нэгэнт онд орохооргүй болсон хэдэн малаа тав гурван төгрөг болгохыг хичээж байгаа ч амьдаараа турсага болчихсон гээд ченжүүд нь ч тоож авахаа байжээ. Мал авна гэсэн зарын дагуу ачаад, туугаад очдог ч нөгөөдүүл нь үнээ багасгаж, сүүлдээ огт авахаа болиод яваад өгсөн тохиолдолууд гарч эргээд малчид машины хөлс, цаг заваараа хохирч байна. Их хуралд сонгогдсон нэгэн эрхэм сонгуулийн үеэр малыг чинь өндөр үнээр авна гэсэн ч үгэндээ хүрэлгүй говь газар малчид 20 мянган малтайгаа хаачихаа мэдэхээ байсан талаар ч мэдээлэл гарч л байсан. Энэ бол зөвхөн ганц аймгийн жишээ. Одоогоор яг ийм байдалд хүрээгүй ч гэсэн цаашдаа олон мал, малчид хэрхэхийг зөвхөн тэнгэр хангай мэднэ. Жилийн дөрвөн улиралд тэнгэрийн араншин дагаж нүүдэллэдэг малчид өнөөдөр өөр аймгийн нутагт олон сая төгрөгөөр өвөлжөө түрээслэн өвөлжиж, нутгийнханд гадуурхагдан хавчигдсаар отор хийх зэрэг олон бэрхшээлийг туулж байна. Өнөөдрийн байдлаар Эмээлт зах дээр амьд хонь 100-150 мянган төгрөг байгаа бол ямаа 55-100 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Одоогоор ямааны үнэд нөлөөлж байгаа гол зүйл нь ноолууртай арьс аж. Ямааны арьсыг ноолуур гүйсэн эсэхээс нь шалтгаалан хамгийн ихдээ 21 мянгаар авч байгаа юм байна. Харин ченжүүд мал, махаа газар дээр нь очиж авдаг бөгөөд “хээрийн бой” хийж ямааг 3500-4800 төгрөг, хонийг 5000-5300 төгрөгөөр авдаг гэнэ. Харин Баянхонгор аймагт үүсээд байгаа талаар асуухад “Үнэхээр ясан дээр тохсон арьс шиг болчихсон нь дийлэнх байгаа учраас үнэ хэлээд авахад хэцүү юм билээ. Тэгээд ч тийм болтлоо турж, эцсэн малын мах хүнсний хэрэглээнд тохирохгүй шүү дээ” хэмээн хэлж байна.
Тэгвэл ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы өгч байгаа мэдээллээр бол өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймаг/Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь/-аас нийтдээ 5.2 сая толгой малыг зах зээлийн эргэлтэнд оруулах хүсэлт гаргасан. Ингээд тус аймгуудаас 40 мянган тонн махыг дулааны аргаар боловсруулан экспортод гаргах зөвшөөрлийг ҮАБЗ-өөс олгожээ. Мөн улсын хэмжээнд энэ жил 57 мянган тонн мах бэлтгэн гаргахаар болсон бөгөөд ингэснээр 100 орчим мянган тонн мах бэлтгэн гаргахаар болжээ. Харин үнэ ханшийн хувьд зах зээлийнхээ зарчмаар явна гэсэн тайлбарыг хийсэн юм. Бид Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтантай мөн утсаар холбогдож энэ талаар тодруулахад тус аймгаас нийтдээ 1.5 сая толгой мал бэлтгэхээр болсон байна. Засгийн газраас гаргасан үнэлгээгээр нэг ямааг 30 мянган төгрөгөөр бодож гурван компаниар дамжуулан мал авч эхэлжээ. Гэхдээ нөгөө 30 мянган төгрөгийнхөө 70 хувийг зээлээр, 30 хувийг бэлнээр малчдын гарт өгч байгаа аж. Нэг ёсондоо малчид нэг ямаагаа 9000 төгрөгөөр нүдээ аниад өгчихөөд үлдэгдэл мөнгөө хүлээж суух болж байна. Нэг ёсондоо амьд ямаа арьснаасаа илүү үнэ бараг хүрэхгүй байна гэсэн үг. Төр засгаас малыг нь ингэж үнэлж байгаа болохоор бэлэн мөнгөөр нь ченжүүдэд 20 мянган төгрөгөөр өгөөд “өнөөдрийн өөх”-ийг илүүд үзэх нь ч бас байгаа. Хэдэн малаа онд оруулах эсэх нь малчны хэрэг гэж үзэх нэгэн байх ч амьдралынх нь гол эх үүсвэр үнэгүй шахам болчихсонд халаглах хүмүүс олон байна. Нэг малчин өрхийг 500 ямаатай гэж тооцвол нийтдээ 15 сая төгрөг болно. Амь, амьдралаа залгуулж байсан хэдийгээ нэг мөсөн зараад дээр нь таван ханатаа нэмээд ч суудлын тэрэг авч хүрэхгүй байдалд малчид орчихоод байгаа нь үнэхээр харамсалтай. Цөөн хэдэн төгрөг үрэгдэж дуусахад малчид амьдралаа залгуулах зүйлгүй шууд ядуусын эгнээ, ажилгүйчүүдийн тоог нэмэхээр болж байна. Хотондоо үхүүлж байхаар хэдэн төгрөг болгох нь зөв байж мэдэх ч байгаль дэлхий сэргэхээр эргээд малчид маань амьдралаа хэрхэн авч явах вэ гэдгийг төр засаг маань бодолцох л хэрэгтэй байлаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )