Их эзэн Чингис хааны зарлигаар Хар Хорум хот байгуулагдсаны 800 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулж Монголын Урчуудын Эвлэлийн галерейд “Хархорин -800” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ.
Тус үзэсгэлэнд долоон бурхан шиг гялалзсан долоон зураач шинэхэн бүтээлээ дэлгэжээ. Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн нэгэн үеийн залуу уран бүтээлчид ийнхүү хамтын үзэсгэлэнгээ дэлгэсэн нь тун сонирхолтой агаад уялга, зохицолдоо нь хоорондоо салшгүй холбоотой мэт. Долоон уран бүтээлчийн 50 шахам бүтээл өөр өөрийн өнгө, донж, зохиомж, сэтгэлгээгээрээ ялгарна.
Зураач Э.Түвшинтөрийн арьсан болон холимог техникийн бүтээл, У.Батцоожийн орчин үеийн хэллэг бүхий кубизм бүтээл, Г.Одбаярын монгол зургууд, Ц.Баттөрийн түүхэн сэдэвт зургууд, Б.Ганбаатарын эрчим хөдөлгөөнт баримлууд, А.Энхбатын уран дархны ур чадварыг харуулсан зэс хөөмөл, Б.Баярсайханы керамик бүтээлүүд олны харааг булаана.
Зураач Ц.Баттөрийн бүтээл энэ үзэсгэлэнгийн амин сүнс нь бөгөөд өнгөрсөн зуунуудаар аялуулах нь гайхамшигтай. Сүнслэг, нууцлаг агаарт автуулах эртний хатад, сүм хийд, орд өргөө нь бүдэг бадаг өнгөөр дүрслэгдэх атлаа инж гоёл, хээ хуар нь тодорч харагдах нь ихэмсэг. Тэрбээр “Их Монгол гүрэн маань аугаа түүхтэй. Би Хар Хорум хот байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан “Улаан хас” хэмээх бүтээлээ туурвисан. Түүхэн ном бүтээл уншиж судалсны эцэст өөрийнхөө төсөөллийг баяжуулдаг” хэмээн даруухан өгүүлэв. Их гүрний сүр хүч, эрхэмсэг төрх, язгуурын чанарыг “Он цагийн чинадаас”, “Сүүн гэгээ”, “Амгалан шөнө, “Хаврын цас”, “Оршихуй”, “Ихэмсэг” зэрэг бүтээлүүдээс нь харж болно.
Зураач Г.Одбаярын бүтээлүүд эрмэг дайчин, хурд, хурц шинжийг мэдрүүлнэ. “Жаргалтайн дэлгэр”, “Зээрийн хавцал”, “Дөрвөн морьтон” хэмээх бүтээлүүдээс нь дайнч эцэг өвгөдийн цус, эзэрхэг түүхэн омогшлын цөс огших мэт. Тэрбээр зураач мэргэжлээр 2003 онд төгссөнөөсөө хойш 17 жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж байна. “Зээрийн хавцал” бүтээл нь түүхэн сэдэвтэй бөгөөд Чингис хаан, Жамух нар анд нөхөд бололцсоноос хойшхи анхны түүхэн тулааныг дүрсэлсэн аж. Зээрэн хавцалд шахагдаад байхдаа ч довтолж буй Жамухын дүр зургийг илэрхийлэхдээ суман мөндөрийн эсрэг тэсрэгцлээр илүү амьд хүчтэй болгожээ. Мөн морьдын туурайнд бутрах чулуу, үргэх шувуу, дэл сүүлний цацалт зэргээр орон зайн агаартай дүрсэлжээ.
Зураач У.Батцоожийн “Хөх уст нуур”, “Бурхан халдун”, “Аянга айсуй”, “Үүлэн дундах уул” зэрэг бүтээлүүд түүний содон ертөнцийн илэрхийлэл гэлтэй. Тэрбээр 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд 16 жил уран бүтээлээ туурвиж байна. Үндэсний хэв маягтай өөрийн гэсэн кубизмийн урсгалыг зарлан тунхаглаж буй У.Батцоож “Кубизм гэдэг нь хурц өнцөгтэй хатуу дүрсээр илэрхийлэгддэг. Түүнийг хэрхэн уян налархай хөдөлгөөнд оруулж, зөөлөн хэлбэртэй болгох вэ гэдэг нь тухайн зураачийн чадвар. Зургийн агуулга, мөн чанараас шалтгаалж амин сүнс нь ямар өнгөөр илрэх вэ гэдгээ сонгодог. Дулаан өнгөтэй байх уу, хүйтэн өнгөтэй байх уу гэдгийг зураг өөрөө л шийддэг. Хүний хөргийг ч кубизмээр зурж болно” гэж даруухан өгүүлсэн юм. Энэхүү урсгал нь геометрийн гурвалжин дүрсээр “тоглож” бүтээсэн өнгө будгийн мэдрэмжтэй хослол басхүү сэтгэлгээний үсрэнгүй “тэсрэлт” билээ. У.Батцоожийн бүтээлд энэ нь дотроосоо алсуур яргаж, бодлоосоо аниргүйхэн цохилсон зөөлөн хэлбэр, дулаан өнгөтэй шүтэлцүүлэн илрэх боловч үес үесхэн мөнөөх л нүд гялбам гэрэл гялсхийгээд, хацар эсгэм мэдрэмж тэмтрэгдээд ирэх аж.
Уран барималч Б.Баярсайхан Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2002 онд керамик уран баримлын чиглэлээр сурч төгссөн. Энэ удаагийн үзэсгэлэнд “Талын бүжиг”, “Шандас”, “Жин үд"зэрэг 10 гаруй бүтээлээр оролцжээ. Орчин цагт албан тасалгаа, гэр орондоо интерьерийн шийдлийг өвөрмөц содон хийдэг болсон. Түүний бүтээлүүд хаана ч тавьсан үзэмж нэмж, өгүүлэмж илэрхийлэх аж. Авангард загвар, баригдмал бус ойлголт, байж боломгүйг бий болгох чадвар, задгай сэтгэлгээг түүний бүтээлүүдээс л харж болно. Тэрбээр “Би хурдан морины тухай сэдвүүдээр бүтээлээ зохиомжилж эрч хүч, шандас хурдыг мэдрүүлэх дуртай. “Шандас” хэмээх уран бүтээлээ уламжлалт байдлаар чулуун дээр суурилуулахаас татгалзаж, агаар дээр тогтож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд шилэн дээр тогтоосон” гэв.
Дүрслэх урлагийн салбарт уламжлалт ахуй, зан заншил, монгол сэтгэлгээг орчин үеийн уран бүтээлч сэтгэлгээгээр сүлэлдүүлэн бүтээсэн бүтээлүүд ийнхүү нэг дор цогцлон үзэгч олны нүдийг баясгаж, сэтгэлийг бадраав. Орчин үеийн дүрслэх урлаг илүү эрх чөлөөтэй, этгээд хачин, элдэв санаа агуулах болсон нь улс орны нийгэм, соёлын хувьслаа даган тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буйтай салшгүй холбоотой. Урлаг бүхий л цаг үед дүр төрхөө өөрчилсөөр ирсэн. Эдгээр долоон уран бүтээлчийн илэрхийлэл, хийсвэрлэл, гүйцэтгэл нь дүрслэх урлагийн ертөнцөд тэс өөр, цоо шинэ үе хүчээ авч буйг илтгэнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )