Соёл урлагийн салбарын хөл буюу судлаач, эрдэмтэд цөөрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 15

Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан энэ сарын 5-ны өдөр боллоо. Уг хуралдаанд сайдын зөвлөлийн 15 гишүүн бүгд оролцож,  байр сууриа илэрхийлж, саналаа хэллээ. Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, Чингис хаан одонт, МУ-ын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог, Доктор, профессор Э.Сонинтогос, Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, Найруулагч Б.Баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол, Гавьяат жүжигчин Н.Онон нар багтжээ.

 

СОЁЛЫН САЛБАРТ ХҮНИЙ НӨӨЦ МАШ ДУТАГДАЛТАЙ

 

Хуралдааныг нээн Соёлын сайд С.Чулуун хэлсэн үгэндээ, “Соёлын яам байгуулагдсан цагаасаа соёлын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд болон соёлын салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар анхаарч, бодлого, үйл ажиллагаагаа төлөвлөж ирсэн. Сайдын зөвлөлд Монгол Улсын урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэд ахмад, залуу, дунд үеийн төлөөлөл бүхий салбар салбарын туршлагатай хүмүүс орсон.

Монгол Улсын соёл, урлагийн салбарт хийгдэх ажлууд нь зөвхөн нэг яамны ажил биш, энэ салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа бүх хүмүүсийн дуу хоолой байх ёстой. Манай яамны тэргүүлэх асуудал бол соёлын салбарт хүний нөөцийн дутагдалтай байна. Сүүлийн 20-иод жил хүний нөөцийн бодлогогүй байснаас мэргэжлийн ажилтан ихээхэн дутагдалтай болсон. Ялангуяа хөдөө орон нутагт энэ асуудал хамгийн их тулгамдаж байна. Орон нутгийн 340 орчим суманд ажиллаж байгаа соёлын ажилтнуудын 70 хувь нь мэргэжлийн бус байна. Мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд Соёлын яам тэргүүлэх бодлого баримтална. Дөрвөн жил ажилладаг биш, 40 жил ажиллах салбарын мэргэжилтэн бэлдэх шаардлагатай. Мөн дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд ч бэлдэх ёстой” гэлээ.

 

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ БАТАЛЖ ОЮУТНУУДЫГ ДУУРЬ ҮЗДЭГ БОЛГОМООР БАЙНА

Энэ үеэр сайдын зөвлөлийн гишүүд соёлын салбарт тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров "Соёлын асуудал гэхээр бид Улаанбаатар хот дотроо эргэдэг.  Монголын соёл Улаанбаатар хотынхоо гадна талд л байх ёстой. Аймгуудад мэргэжлийн концертмейстер, бүжиг дэглээч байна уу, үүнийг өмнө нь босоо удирдлагатай байхдаа бүртгэдэг, мэргэжлийг нь дээшлүүлдэг, хүнийхээ тоогоор дээд сургуульд сурган бэлддэг, захиалгыг нь авдаг байсан. Тиймээс босоо удирдлагын  асуудлаа бүх талаар хөөцөлдөн олж авах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Засгийн газрын сайд нар томилогдохдоо соёл уламжлал, түүх соёлоо эрхэмлэнэ хэмээн тангараг өргөсөн. Социализмын үед хэрэглэж байсан зарим аргуудын агуулгыг орхиод хэлбэрийг нь авах хэрэгтэй. Жишээлбэл, Цэдэнбал дарга 45 дугаар албан даалгавар гарган, дуурийг хүн бүхэн үздэг, үзэхгүй бол хариуцлага тооцдог тогтолцоо байсан. Юу хэлэх гээд байна гэхээр сайд бүрийн багцад соёлын үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө батлуулж байх ёстой. Боловсролын сайдад асар их хөрөнгө батлах хэрэгтэй. Их сургуулиуд дуурь үздэг байх ёстой. Ингэхгүйгээр урлаг, соёлын байгууллагуудыг дэмжих, урлаг, соёлын үйл ажиллагааг даана гэж байхгүй" гэдгийг онцоллоо.

 

ГАВЬЯАТ ГЭДЭГ ШАГНАЛЫГ ТӨРӨӨС ОЛГОДГИЙГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ

 

Соёлын яамны сайд С.Чулуун урлаг, соёлын авьяас билэгтэй хүмүүсийг цаашдаа шагнаж урамшуулна гэдгээ илэрхийлсэн. Шагнал урамшуулал дээр Н.Жанцанноров гуай өөрийн саналыг хэлэхдээ "Монгол төрийн дээд одон медалийн тогтолцоог ямар нэгэн байдлаар шинэчлэх хэрэгтэй. Одон медалийг шинэчлэхэд Соёлын яам идэвхтэй оролцох хэрэгтэй гэж би үзэж байна. Энэ хуучин тогтолцоо өөрийн үнэ цэнээ барж, шавхаж дууслаа. БНМАУ-ын төрийн сүлдтэй гавьяатын тэмдгийг өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин зүүж байгаа. Үндсэн хуулийнхаа агуулгыг зөрчиж байна. Үүнийг цэгцэлмээр байна. Үүнд хоёр асуудал байна. Нэгдүгээрт, Гавьяат гэсэн мэргэжлийн шагналыг төрөөс олгодгийг болимоор байна. Одонгоо өгч болно. Мэргэжлийн салбаруудад нь өгөөд, тэр нь төрөөс болон бусад дэмжигч байгууллагуудаас санхүүгийн дэмжлэгтэйгээр өгдөг болъё. “Гэгээн муза”, “Пентатоник” зэрэг олон наадмуудыг Соёлын яам бодлогын түвшинд дэмжин, агуулгыг сайжруулан, магадгүй сайдын зөвлөлийн дэргэд мэргэжлийн комисс гарган, дэмжигч байгууллагыг нь олж өгдөг баймаар байна. Тухайлбал, дэмжигч байгууллага нь “Гэгээн муза”-гийн шагналыг өгдөг байх хэрэгтэй. “Гэгээн муза”-д шалгарсан гол дүр 100 сая төгрөг, дурсгалт зүйлийн хамт шагнуулж, маргааш нь жүжигт тоглохдоо “Гэгээн муза-гийн шагналт хэмээн хэлэгддэг болмоор байна" гэв.

 

ДРАМЫН ЖҮЖИГЧНЭЭР ТӨГСЛӨӨ ГЭХЭД ГАНЦХАН ДРАМЫН ТЕАТРТАЙ УЧИР ХОШИН ШОГИЙН ПРОДАКШИН БАЙГУУЛАХААС ӨӨР АРГАГҮЙД ХҮРДЭГ

 

Мөн тэрбээр хуучны уран сайхны зөвлөл гэж байсны агуулгыг өөрчлөн Соёлын яам дэргэдээ шинэ уран сайхны бүтцийг бий болгох хэрэгтэй гэсэн санал санаачилгыг гаргаж байв. Жишээ нь, жүжиг тавихаар үүнийг хас, жүжигчин муу байна гэхдээ биш, үнэт зүйлийн түвшинд хүрсэн эсэхтэй судалгаа, үнэлгээ өгдөг уран сайхны зөвлөлийн асуудал зайлшгүй яригдах шаардлага гарч ирдэг аж. Өмнө нь Соёл, урлагийн их сургууль, Хөгжмийн консерватур нэг яаманд харьяалагдаж байсан бол одоо хоёр салж байгах. Тэгэхээр удирдлага, хүний нөөц, зохион байгуулалттай холбоотой асуудлыг Боловсролын яамтай нарийн зохицуулж ажиллахгүй шаардлага гарч байна. Хүний нөөцийн асуудлаа холбогдох хэлтсүүд гаргаж, жилдээ хэдэн драмын жүжигчин, хөгжимчин бэлтгэсэн байгаа, цаашдаа хэчнээн хүнийг ямар мэргэжлээр бэлтгэх вэ гэдгээ судлан боловсруулах нь зүйтэй. Нөгөө талаар, драмын жүжигчнээр төгссөн жүжигчид нь ганц театртай, ажлын байр байдаггүй. Тэгэхээр сургуулийг нь төгссөн залуус продакшн байгуулж, кино, жүжиг, хошин шог хийхээс аргагүй байдалд хүрдэг. Дуурийн дуулаачаар төгсөхөд ганц театртай, үлдсэн нь мэргэжлийн цэргийн чуулгад ордог. Энэ байгууллага нь салбарын үзэл суртал явуулдгаас биш, урлагийн газар биш. Энэ бүхнийг балансжуулах маш чухал байгаа юм.

МОНГОЛ БИЧИГ, СОЁЛЫН ТОМООХОН ГЭРЭЛТ ХӨШӨӨ, ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ЗӨВ

 

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо "2024 онд үндэсний монгол бичигт шилжинэ хэмээн хуульчилсан. Мөн 2024 онд Чингисийн чулууны бичиг бичигдсэний 800 жил, Цогт тайжийн хаданд Цогт тайжийн шүлгийг сийлсэн 400 жил, Данжуурыг судар бичгийн хүрээлэнд залсны 100 жил гээд хэл бичиг соёлтой холбоотой томоохон үйл явдлын он болох гэж байна. Эдгээр түүхэн үйл явдлуудыг үндэсний болон ЮНЕСКО-гийн хэмжээнд үндэсний бичиг, соёлын бахархал болгон тэмдэглэж болох онцгой содон жил. Энэ хүрээнд Үндэсний номын сангийн ховор номын хөмрөгт түшиглэн зохион байгуулах боломж бий болов уу. Хоёрдугаарт, хүн төрөлхтөний бичиг үсэгт зориулсан томоохон хөшөө дурсгалууд улс үндэстэн бүрд байдаг. Тэгэхээр 2024 онд Үндэсний номын сангийн цэцэрлэгт талбай эсвэл нийслэлийн аль нэг хэсгийн тохиромжтой газарт монгол бичиг, соёлын томоохон гэрэлт хөшөө дурсгалын цогцолбор байгуулах ажлыг эртнээс төлөвлөж хиймээр байна" гэлээ.

 

СОЁЛ УРЛАГИЙН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ОЮУТНЫ ЦАЛИНГААР ЯВДАГ

 

Доктор, профессор Э.Сонинтогос "Олон улсын Монгол судлалд соёл урлаг гэдэг нь асар том орон зай. Сүүлийн жилүүдэд олон улсын Монгол судлалын холбоо анхаарч, энэ чиглэлийн судалгаа хийж байна. Соёл, урлагийн судлалын хүрээлэн хүчин чадал муу, төсөвгүй, Соёл урлагийн их сургуулийн оюутны цалингаар явдаг. Соёлын яам манай томоохон төслийг дэмжин, хамтарвал зүгээр байна. Мөн хууль эрх зүйн орчин тодорхой бус байдгаас орон нутгийн боловсрол, соёлын газруудын дарга нар соёлын асуудлаа мэддэггүй. Үнэндээ номын сан, соёлын төвүүдэд хэн нэгэн даргын эхнэрүүд ажилладаг. Мэргэжлийн бус хүмүүс хийдэг ажил энэ болоод байна. Номын сан, дуу хөгжмийн багш нарын 40 гаруй

хувьд мэргэжлийн бус хүмүүс ажилладаг гэсэн судалгаа хүртэл бий. Тиймээс давтан сургах, хос мэргэжлийн талд яамтай хамтран хийх ажлууд байна. Хоёрдугаарт, Манай салбар хөлгүй, тавхайгүй, толгой нь томроод байдаг. Соёл урлагийн салбарт хоёр сургууль дээд боловсрол олгодог, мөн хоёулаа доктор, магистераар төгсгөдөг. Уг нь бидэнд соёл урлагийн судлалын эрдэмтэд шаарлагатай. Бид үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Мөн манай салбарынхан мэргэжил дээшлүүлэх талаар ярьдаг ч мэргэжил дээшлүүлэх сургалт явуулахаар ирдэггүй. Мөнгөгүй гэсэн шалтагтай. Мэдээж, сургалтын чанараа сайжруулах ёстой. Ер нь мэргэжил дээшлүүлэх институтыг их сургуулиа дагаж байгуулмаар байна. Хэлний асуудал манай салбарт маш их дутагдаж байна. Англи, франц, орос хэлгүйгээр Монголын урлаг, соёлыг олон улсад сурталчлах, олон улсын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг ярихад хэцүү. Тиймээс соёл, урлагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх, хэлний асуудалд онцгой анхаарах цаг иржээ" гэв.

 

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САН ТӨРӨӨС БАЙЖ БОЛОХГҮЙ

 

Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн "ЮНЕСКО-г Соёлын яамны дэргэд байгаасай гэж би хувьдаа боддог. Хоёрт, урлагийн салбарын хүний нөөцөө хэрхэн бэлтгэх вэ. Боловсролын яам, манай яам хоёр хэрхэн зохион байгуулах вэ Жанцанноров оо, энэ их чухал. Зөвхөн киноны чиглэлийн сургууль гэхэд л гарын 10 хуруунд багтахааргүй их бий. Боловсролын яам дангаараа үүнийг авч явах боломжгүй, Соёлын яам оролцоотой байх ёстой. Үүнийг цаашид анхаармаар байна. Киноны хууль батлагдчих гээд байгаа болохоор нэг зүйл хэлмээр байна. Кино урлагийг дэмжих сан төрөөс байж болохгүй ээ. Ганц жишээ хэлье. Олон орны киноны хууль ярьж болно, гэхдээ Польшийн киноны хуульд нэг заалт оруулсан байдаг. Польш Улс 30 секундын рекламны орлогоос хүртэл кино хөгжүүлэх сандаа албан ёсоор хуримтлал авдаг. Энэ мэтийн зарим улс орнуудын киноны хуулиас авах боломжтой зүйлийг нь авах гээхийн ухаанаар хуульдаа тусгах нь зөв шүү" гэв.

Ийнхүү соёлын  сайдын зөвлөлийнхөн салбар салбарынхаа тулгамдсан асуудал, хийж хэрэгжүүлэх ажил, санал бодлоо хуваалцлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаахааа(64.119.20.32) 2020 оны 11 сарын 15

Угаасаа сайд нь зантгар толгойтой юм чинь яамны зөвлөл зэнтгэр нь аргагүй биз дээ.

0  |  0
Зочин-2(59.153.113.123) 2020 оны 11 сарын 15

Хуучин цагт соёлын ордон, клубүүдэд явагддаг авъяастан шалгаруулах, хөдөлмөрийн алдартануудыг алдаршуулах ажил нь тухайн салбарын бодлого зорилттой уялддаг байсан. Мөн ”Авъяаслаг монголчууд” шоуг тухайн үедээ нийслэлд байдаг 6-7 соёлын ордон явуулдаг байсныг санаж бна.. Тэр шалгуураар өнөөгийн зарим гавъяат, ардын жүжигчид төрснийг ч үгүйсгэхгүй. Мөн байгуллага, газрын клуб, улаан булан нь тогтмол ажиллагаатай байсан ба энэ нь мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ хүрэлцээтэй холбоотой. Одоо бол түүнээсээ ухарсан дүр төрх харагдаж бна.

0  |  0
Зочин(139.5.218.22) 2020 оны 11 сарын 15

”Сайдын зөвлөл” гээч чинь санал, шүүмж гаргадаг л хэдэн хүний нэг нэгнээ юу хэлэхийг сонирхдог, ямар ч үүрэггүй эд шив дээ. Уул нь тодорхой асуудлыг ярилцаад зөв гарц олж шийд гаргадаг баймаар юм. Доороос нь санал санаачлага гэргаад шийдлийн төсөл төлөвлөөд тэднээр шүүлгэж шийд авмаар юм. Гэтэл тэр нь байхгүй юм байна. Ёстой л хөлгүй, гаргүй ”хоосон” том толгой л байгаа юм даа.

0  |  0
Зочин(64.119.24.242) 2020 оны 11 сарын 15

Монголоо зүрх тархиндаа багтааж дөнгөхгүй нэгэн улсын үндэсний нэртэй байгууллага бараадаж, дараа болдог шинэ цагийн гажиг тогтолцоог яалтай билээ, халмаар л бна, уул шугамандаа бол!!!

0  |  0
Зочин(139.5.218.22) 2020 оны 11 сарын 15

Шинжлэх ухан соёлын яам гэж байхдаа соёлын асуудлыг үүдэнд шидэж, шинээр сэтгэх, удирдан чиглүүлэх чадваргүй хэдэн хүнээ тэндээ авч зүээр л тэжээгээд зогсохгүй ажил хийдэг, ажлын төлөө зүтгэдэг хүмүүсээ зайлуулж байлаа. Шиээн байгуулсан ”Соёлын яам” харин ямархан чадвартай, сэтгэлгээтэй хүнээр бүрдүүлсэн юм бол? Чадварлаг хүмүүсээ татаад ажиллуулая гэхээр тэднийг нь урьдах яам нь хөөчихсөн байдаг. Ер нь энэ улсын аль ч салбарт чадвартай, шудрага зантай хүмүүс доошлоно уу гэхээс дээшлэх биш дээ. Тэгээд боловсон хүчин байхгүй гэцгээнэ.

0  |  0
Зочин(202.55.188.105) 2020 оны 11 сарын 15

Монголд ер нь соёл гэж байдымуу? Даржин нүүдэлчин соёлын тухай ярих боломжтой юу? Зүгээр л соёл гэж нэрлэсэн ажил бас тэгэж итгэсэг хүмүүс л байгаа байх.

0  |  0
Z(202.9.46.31) 2020 оны 11 сарын 15

Энэ хүмүүсээс юу ч гарахгүй

1  |  1
зочин(139.5.217.136) 2020 оны 11 сарын 17

залуу хүн ажлаа аваад удаагүй байхад шүүмжлэхээ л бодох юм даа соёлын сайд харин ч мэдлэгтэй зөв хүн тавигдсан гэж бодож байна тал тал тийшээгээ харж явдаг соёлын хүмүүсийг ийм л хүн удирдахгүй бол хэцүү хүмүүс шүү дээ олон жил өөрсдийн дураар урлаг хийх гэж оролдсон байх одоо нэг дор цугларч хүчээ нэгтгэх хэрэгтэй дээ

1  |  0
ароолтти(202.126.90.71) 2020 оны 11 сарын 15

Орк нийтийн зохиолын билүү балайнуудаа нутаг руу нь явуул.

0  |  0
Top