ОЛОН ӨНГӨ: Ханиад дагасан “хам шинжүүд”

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Манай улс дотооддоо корона вирусний цар тахлыг алдлаа. Тав, арав, гуч, дөчөөрөө нэмэгдэж байгаа мэдээлэл хөвөрч байна. Тэгвэл үүнээс үүдсэн янз бүрийн явдал болж байгаа тухай ярилцах болов. Хоолой нь өвдөж халуурсан хүн дээр жишээ авъя. Монгол бол жилийн ихэнх хугацаанд хүйтэн хахир байдаг цаг уурын онцлогтой. Халуун орны хүмүүсийн дунд ханиад томуу ховор бол манай улсын иргэд жил бүрийн өвөл янз бүрийн томууны дэгдэлтэд дэглүүлж байдаг. Томуу тардаггүй юм гэхэд салхинд цохиулж хоолой өвдөх бол байх л зүйл шүү дээ. Гэтэл хот даяар хөл хорио тогтоож, жижиг томгүй корона хайж давхилдахын зэрэгцээ хоолой нь өвдөж халуурсан хүмүүс хоёр бүлэгт хуваагдаж байна.

Эхнийх нь “Эмнэлэгт үзүүлчихвэл янз бүрийн шинжилгээ аваад тусгаарлачихна” гэж айсандаа эмчид үзүүлж эм авч чадахгүй шаналан хэвтэж буй хүмүүс юм. Тэд өвчнөө зөвхөн биеийн дархлаагаараа эдгээхээр ингэж зовж тарчилж байгаа хэрэг. Тэгвэл нөгөө талд хоолой нь жаахан сэртэгнэх төдийд “Энэ чинь нөгөө вирус юм биш биз” гэсэн бодолдоо хөтлөгдөж эмнэлгийн үүдийг сахигсад. Тэд өөрийгөө өвчинтэй гэж хардсандаа жинхэнээсээ голомтод нь очиж өвчин авах магадлалыг нэмэгдүүлж байна. Яаж ч шийдмээр асуудал юм дээ. Бас өдөржин элдэв мэдээ үзсээр айдаст баригдан хавраар л сэдэрдэг эмгэг нь хөдөлж орилж хашгирсан хүн цөөнгүй бололтой. Сэтгэц мэдрэлийн үндэсний төвийн утасны ачаалал л гэхэд дөрөв дахин нэмэгдсэн гэж байгаа. Өөрийгөө хардах ч дүүрсэн хэрэг. Бусдыг өвчинтэй байж магадгүй хэмээн нүд үзүүрлэж лифтэнд цуг суухгүй хэмээн зодох шахсан явдал ч гарсан байна. Энэ бүхний хамт хөл хориог өдрийн цагаар хийж байгаатай холбоотойгоор өглөө, оройны чөлөөнд өнөө хар сэртэй, хатуу тэвчээртэй хүмүүс маань цугтаа автобусанд шахалдан зорчих авай. Инээдтэй, доогтой ийм л байдал Улаанбаатарт өрнөж байна даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top