Шилэн дансны тухай хуулийг одоо мэдэхгүй хүн ховор байх. Энэ бол төрөөс иргэдээ мэдэх эрхээр хангаж байгаа сайшаалтай ажлуудын нэг. Уг хуулийг өдгөө элдвээр хэлэгдэж яваа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаачилж, парламент 2014 онд баталж байлаа. Ер нь тэгээд бид татвар төлж байгаагийн хувьд төр ямар зүйлд, хэдэн төгрөг зарцуулж байгааг мэдэх ёстой. 2019 оны судалгаанаас харахад Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд компьютерээс 115 мянга, гар утаснаас 43 мянга, таблетаас 1200 орчим хүн ханджээ. Хүмүүс төрийн зарцуулалтад хяналт тавих, мэдээлэл авах сонирхол өндөртэй байна гэсэн үг. Байгууллагуудын байршуулсан мэдээллийг ухаж элдэв “но”-той юм байвал олон нийтэд зарладаг “шилэн” хэмээх хочтой хүнтэй ч болж авсан. Гэхдээ яг жинхэнэ хулгай зэлгийг шилэн данснаас олж харж болох байх гэж бодох өнөөхөндөө хэтэрхий гэнэн төсөөлөл юм. Үүнийг ч аудитын байгууллага нотолж байна.
Энэ долоо хоногт УИХ-аар Үндэсний аудитын газрын “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан”-г сонсохоор төлөвлөжээ. Тайланг харахад өмнөх жилүүдэд өчнөөн ярьсан өнөө гомдлын шинжтэй жагсаалт л байна. Аудитын байгууллагын дүгнэлтэд “Хуулийн үйлчлэлд хамаарах байгууллага, албан тушаалтнууд ил тод байршуулах нийт мэдээллийн 14.3 хувийг хуульд заасан хугацаа хоцроосон зөрчилтэй байгаагаас үзэхэд тухайн зөрчлийг гаргахгүй байх хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна” гэжээ. Нийт мэдээллийн 14 орчим хувь гэхээр нөгөө хулгай, худалтай холбоотой хэсэг нь юм биш биз гэсэн хардлага төрнө. Төрөхөөс ч аргагүй жишээ олон байна. Тэр талаар доор дурдах болохоор ингээд орхиё.
Мөн аудитын байгууллага дүгнэлтдээ Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага байхгүйг цөөнгүй дурдсан байгаа юм. Тухайлбал, “Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэх үүргийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар эрх зүйн зохицуулалтгүйгээс хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагууд Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст хамрагдалт дунджаар 10 хувьтай байгаа нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд иргэд, олон нийт хяналт тавих, холбогдох мэдээлэл авах боломжгүй байна” гэсэн өгүүлбэр юм. Түүнчлэн “Нийслэл болон зарим аймгийн төсвийн ерөнхий захирагчид дотоод хяналт, шалгалтыг хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд холбогдох хяналтыг хэрэгжүүлэх давтамж, хугацаа болон хяналтын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтгүйтэй холбоотой байна”, “Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлэл оруулах арга зүйг боловсронгуй болгож, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд өгсөн аудитын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүйгээс зарим зөрчил давтан гарсаар байна” гэх зэргээр дурджээ.
Үнэхээр аргаа барсан байгаа биз. Хот хүрээ дагасан байгууллагууд нь хэрэгжээд дууссан төсөл, хөтөлбөрийн нэр дээрх цэсийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаснаас хасалгүйгээр нэг төсөв захирагчид нь хамаарах хоёр нэршил бүхий давхар цэс үүсгэн төөрөгдүүлдэг бол орон нутагт бүр тайлагнадаг ч үгүй. Уг нь Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал... хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл хуулиа яаж хэрэгжүүлснийг зургаас хараарай. Шилэн дансанд мэдээллээ байршуулаагүй байгууллагуудад орон нутагт хяналт алга. Хүлээлгэх хариуцлага ч хуулиар алга байна. Ингээд аудитынхны дурдсанчлан өнөө Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ажил хийж байгаа байгууллагуудын мэдээлэл 10 хувьтай байгаа юм.
Орон нутгийн хөгжлийн сангийн төсөл авсан байгууллагууд яахав гэхэд Орон нутгийн өмчит компаниудын зөрчил зөндөө. Тайланд дурдсанаар “Баянхонгор эрчим хүч” ЦТХХК нь худалдан авалтын мэдээлэл, хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний дөрвөн тендерийг мэдээлээгүй, “Чандмань Баянхонгор” ХК худалдан авалтын мэдээллийг байршуулаагүй, хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан зургаан тендер, төсөв, өмч хөрөнгө зарцуулах гурван шийдвэрийг мэдээлээгүй, “Цэвэр хот” ОНӨХК нь төсөв, өмч хөрөнгө зарцуулах найман шийдвэрийг мэдээлээгүй, “Дархан Азза” ТӨХК нь төсөв, өмч хөрөнгө зарцуулах 14 шийдвэрийг мэдээлээгүй, “Дархан-Шарын гол” ТӨХК нь худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хугацаа хоцроосон, гурван тендерийн ерөнхий мэдээллийг мэдээлээгүй байна. Дээрээс нь эхлээд хэдийг нэрлэхэд ийм байна. Мэдээлэл огт оруулаагүй газрууд ч байна лээ. Төрийн хийгээд орон нутгийн өмчит компаниудын зөрчил болгоныг энд дурдаад байвал сонины зай талбай ч хүрэлцэхгүй. Тэгэхээр уншигч та бүхэн http://forum.parliament.mn/projects/10959 цахим холбоосоор ороод аудитын дүгнэлттэй танилцах боломжтойг сануулъя.
Манайх шиг өргөн уудам нутагтай орны хувьд аймгийн Засаг дарга нар дээрээ удирдлагатайгаа жилдээ цөөхөн удаа мэдэрч, газар орондоо “ван” мэт аашилж байдаг. Тэднийг өөгшүүлдэг хүмүүс нь УИХ-ын гишүүд л дээ. Мэдлэг чадвар, хувийн хүмүүжлээс илүү эргээд очиход сонгуульд нь дэмжих итгэлтэй хүнээ тавих гээд зүтгэдэг байдлаас улбаатай зүйл. Нутгийн иргэдийн нүдийг хорстол хулгайлсаар байгаад манай нийгэм тэр чигтээ дарга нарт дургүй болчихлоо. Тэрнээс эрх баригчдыг АН муулсаар байгаад ийм болгочихсон юм биш. МАН нь АН-ынхнаа муулсаар байгаад хүмүүс дургүй болчихсон ч юм биш. Ерөөсөө ээлжилж урагшгүй дарга нар улс төрийн шалтгаанаар тавьсаар байгаад иргэдийг цөхрөөчихсөн гэдгээ олж харцгаамаар байна. Шилэн дансны тухай хууль гараад зургаа, долоон жил өнгөрлөө. УИХ-аас шилэн дансандаа мэдээллээ оруулахгүй бол ядаж ажил албатай нь ярьдаг болчихмоор байгаа юм. Энэ журмыг гаргах гэхээр л УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь эрх ашигтай зөрчилдөөд байдаг бололтой. Өөрөөр тайлбарлах арга ч алга. Ийм байхад хэн хулгай хийснээ тайлагнах юм бэ. Тэгж байснаас хуулийн хариуцлага байхгүй юм чинь тайлагнахгүй өнгөрвөл өлзийтэй биз дээ. Дарга нар угсраагаараа бие биенийхээ толгойг илсэн ийм байдал удаан үргэлжилбэл олон түмний төрдөө итгэх итгэл тэр чинээгээр л алдагдана. Бизнес, эдийн засаг бүр хулгайн сүлжээ юм байна гэсэн үнэмшил нэмэгдэнэ шүү. Тэгэхээр парламентын шинэ, залуу гишүүдэд зөвлөхөд хожим хойно сайнаар дурсагдаж явъя гэвэл Шилэн дансны тухай хуулийг биелүүлээгүй бол хариуцлага тооцох механизмыг боловсруулаарай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ИХ хурлын эрхэм гишүүд минь хуультай болсон нь алхам гэхдээ амьдрах чадамжтай биелүүлэхгүй бол харицлага хүлээдэг амьд хууль гарга л даа