Б.Бат-Өлзий: Уяач хүн морь уяхаасаа илүү адууныхаа угшилд анхаарах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Хул шаргал өдрүүд адуу шиг дэргэн өнгөрч, өег шаргал наран буцахгүй мэт налайсан намрын сүүл сар шувтрах цагаар олноо Дугараа “Манлай” хэмээн өргөмжлөгдсөн Монгол Улсын Тод Манлай уяач Б.Бат-Өлзийтэй хууч дэлгэж, уншигч танаа өвлийн эхэн сарын тэргүүн өдрүүдэд хүргэж байна.

 


-Таны хурдалж явсан өдрүүд, айраг түрүү гээд морины хорхойтнууд мэдэх учраас энэ мэт жижүүрийн зүйл яримааргүй байна. Тухайлбал, баяр наадмаар адууг эрлийз хурлийзаар нь ялгаж, хэл ам болдог. Гэтэл Улсын баяр наадмаар цус сэлбээгүй адуу огт уралддаггүй гэдгийг учир мэдэх хүмүүс ярих юм. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Адууг эрлийз монголоор нь ялгаж уралдаад олон жил болоход дандаа монгол адуу айраг, түрүү хүртээд байсангүй. Наадмын Морины комисс шинжиж шалгаад уралдуулдаг ч 50 хувь нь эрлийз адуу уралдсаар ирсэн.

Өнгөрсөн жилийн баяр наадмаар гэхэд бараг 100 хувь эрлийз адуу уралдлаа. Үүнийг ялгаж салгах ямар ч арга байхгүй. Зөвхөн сэрвээний өндрөөр эрлийз, эрлийз бус гэж ялгана гэдэг утгагүй зүйл. Сүүлдээ Морины комиссын хүмүүст мөнгө өгч мордуулдаг болсон шүү дээ. Хэн адуугаа сайжруулж хурдан болгож байна, тэр уяач л түрүүлж айрагддаг болоод удлаа. Шинэ цагийн адуу орж ирээд үр төл нь гурав, дөрөвдүгээр үедээ хурдалж байна. Бүх зүйл цаг үеэ дагаад хөгжиж байхад дагаж хөгжихөөс өөр аргагүй. Өнөөдөр “УАЗ-469” машиныг “Ланд-200” машинтай уралдуулна гэдэг бүтэхгүй асуудал биз дээ.

-Таны хувьд бол эрлийз адууг хүлээн зөвшөөрдөг уяачдын нэг аж. Аливаа зүйлд учир шалтгаан бий. Тэр шалтгаан юу байна?

-Би бүр эрлийз адууг биширч шүтдэг хүн. Манай өвөө ч ярьдаг байсан. Хэнтий аймгийн Дадал суманд ходок тэргэнд хөллөдөг эрлийз адуунууд мэр сэр байсан гэдэг. Өвөөгийн өөрийнх унаган бор гүүнээс гарсан зээрд морио уралдуулахад ямар ч Монгол морь гүйцдэггүй байсан, эрлийзэж цус сэлбэсэн адуу сайн гэж өвөө маань ярьдаг байсан. Энэ утгаараа адууны цусыг сэлбэх, эрлийз адууг шүтдэг болсон. Үүнээс хойш Морин тойруулгад ажиллах болж, эрлийз адуутай холбогдсон гээд яах аргагүй эрлийз адууг шүтдэг хүн дээ.

-Таны энэ үзэл бодолтой санал зөрөх хүмүүс байдаг байх. Гэхдээ та эрлийз адуу монгол адуунаас хурдан гэдэгт итгэдэг, бүр шүтдэг хүн байна. Тэгэхээр ямар учраас гэдгээ тодруулж ярихгүй юу?

-Санал зөрөх хүн байлгүй яахав. Би үүгээрээ монгол адууг хэрэггүй гэсэн үг биш шүү. Эрлийз адуу өөрөө хурдан байхаас гадна хүний оюун санаа, хөдөлмөрөөр бий болдог учраас гойд байдаг. Удамших тал дээр ч ойрхон байдаг юм. Монгол адуу хурдан төрнө гэдэг тун ховор. Ёстой л азтай хүндээ төрдөг. Тэр болгон удамшиж ирээд байдаггүй амьтан. Тэгээд ч эрлийз адуу нь өнөөдөр гэнэт бий болчихсон зүйл биш. Их эртнээс эхтэй гэж боддог. Дэлхийг байлдан дагуулж байсан Чингис хаан, өвөг дээдэс маань Азиас хальж, Европод дайтаж явсан учраас аль өнгөтэй өөдтэй адууг сорчлон авч байсан байж таарна. Энэ үеэс л монгол адуу эрлийзэжсэн. Аян дайны үед ганц хурдан унаа адуу нь сайн байж л ялалт байгуулна биз дээ. Тэгэхээр эзэнт гүрний үед адууныхаа цусыг сэлбэж сайжруулж байсан гэж боддог. Наашлуулж үзвэл эх орны дайны дараа цэрэг дайны зориулалтаар Донн адууг Монгол адуутай эрлийзжүүлээд тэвчээртэй адуу бий болгохоор Жаргалантын морин зовадыг байгуулсан. Гэтэл хөгжлийнхөө явцад тэрэг техник хөгжихөөр армид морь хэрэггүй гэж үзээд Жаргалантын морин зовадыг тараасан. Тэр үеэс буюу жараад оноос Жаргалант, Батсүмбэрт холимог цустай бага адуунууд давхиж эхэлсэн түүхтэй. Жаргалантын морин зовад тарахад шилмэл 200 гүү Морин тойруулгад ирсэн байдаг. Үүний зэрэгцээ 1966 онд оросууд уралдах гэж ирээд орхиод явсан азаргануудын үр төл гээд эрлийз адуу бий болсон. Оросоос орж ирсэн Донн адууны үр төл зургаа дахь үе дээрээ тасралтгүй хурдалж байна

-Таны ярианаас анзаарч байхад Монголын цуутай хурдан хүлгүүд эрлийз байж таарах нь?

-Монгол адууг үгүйсгэж байгаа юм биш. Монголчуудын сайн мэдэх “Тогоруу халтар”, “Солонго”, “Цавьдар халзан”, Д.Даваахүүгийн “Наран” хонгор, Мөөнөөгийн зээрд, тэдний үр төл гээд олон хурдан адуу байна. Энэ бүгд чинь миний дурдаад байгаа эрлийз адууны удам угшил, одоо тэдний үр төл ч хурдалж байна. Өнөөдөр Америкаас ирсэн адуу ч байна, дэлхийд уралдаж байгаа Англи адуу ч байна, Араб адуу ч бий. Одоо энэ бүхнийг ялгаж салгаж хүндрэл үүсгэх хэрэггүй. Адуугаа шууд гадаад болгох гэж байгаа биш Монгол адуугаа сайжруулаад явж байгаа хэрэг шүү дээ. Уяач хүн морь уяхаасаа илүүтэй адуугаа хурдан байлгах, удам угшилд нь анхаарах хэрэгтэй. Ямар ч чадвартай жолооч “УАЗ-469” машин унаад “Ланд-200” машины өмнө гарахгүй. Үүнтэй адил ямар ч сайн уяач хурдны удам угшилгүй адуу уяад хурдан адууныхаа өмнө гаргахгүй. Адууны үржил маш чухал.

-Адууг ялгаж салгахаас гадна өвөл зун уралдана, уралдахгүй гээд маргаан гардаг. Мөн морин уралдаан нь зөвхөн баячуудын наадам мэтээр ярих нь ч бий. Энэ тал дээр таны бодол юу байна вэ?

-Ер нь бол зөвхөн энэ тал дээр ч бус бэлчээрийн мал аж ахуй, тэр дундаас адуу дагасан соёлын тал дээр төрийн бодлого үгүйлэгдэж байна. Өвөл уралдахгүй гэж хорих хэрэггүй юм. Монголчууд эртнээсээ өвлийн ид хүйтнээр морио уралдуулж байгаагүй. Хаврын тэргүүн сар гарч, урины үзүүр ирэхээр уралдуулдаг байсан. Хөдөө өссөн залуучууд морио уралдуулахын тулд мал маллаж байна гэхэд хэтийдэхгүй. Гэтэл морио уралдуулахыг нь хааж боогоод байхаар залуус яаж хөдөө амьдрах юм. Хэдэн малаа зараад хот суурин бараадна, мэргэжилтэй мэргэжилгүй, ажилгүй хүн нэгээр нэмэгдэнэ. Ар гэрийн асуудал тулгарна, хөдөө өссөн залуусын ихэнх нь төв суурин газарт амьдарч чадахгүй, учраа олохгүй тохиолдол ч байна. Гэтэл Хятадын харъяанд, хаалттай нийгэмд амьдарч байгаа өвөрмонголчууд дуртай үедээ морио уралдуулаад байхад эрх чөлөөт ардчилсан Монгол Улс яагаад морио уралдуулж болохгүй байгаа юм. Морийг баячуудын тоглоом гэх нь буруу. Морь уяж байгаа хүмүүсийн хэд нь баячууд хэд малчин түмэн байгаа юм. Бүх аймгийн малчид л морио уядаг. УИХ-ын зарим нэг гишүүн, бизнесийн салбараас тоотой хүмүүс морь уядаг. Тийм ч олон биш. Гэтэл үүгээр далимдуулан “Баячуудын наадам” хэмээн зарлаж байгаа нь буруу юм. Тэгээд ч УИХ-ын гишүүд, бизнесмэнүүд нь морио уяж, уяулж байвал сайн л биз дээ. Нэг ч гэсэн монгол хүн морио уяж, тэр адуу дагасан уламжлалт соёлоо дэлгэрүүлээд л явж байгаа хэрэг шүү дээ.

-Бас нэг асуудал бий. Морийг бага насны хүүхдэд унууллаа, үүнээс болж, бэртэж, гэмтэх, бүр эндэж ч байна хэмээн шуугиж байдаг. Яах аргагүй л анхаарах зүйлийн нэг байх?

-Морийг хэтэрхий бага насны хүүхдээр унуулж болохгүй, үүнийг дэмждэг. Тиймээс долоон наснаас дээш болгосон зөв юм. Спорт учраас алдах онох, бэртэх гэмтэх зүйл гардгийг нуухгүй. Зарим жил нэг, хоёр хүүхэд эндсэн тохиолдол ч бий. Үүнийг өлгөж аваад хүүхдийн эрх ярьсан байгууллага, хүмүүс үй олон болчихдог. Гэтэл машинд өчнөөн арваараа дайруулж энддэг, хүчирхийлэлд өртөж амь насаа алдаж байхад энэ олон хүмүүс, нөгөө байгууллагууд хаана ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр учир дутагдалтай. Бараг дуугардаг уу, үгүй юу. Гэтэл морь руу, унаач хүүхэд гээд дайрдаг. 

-Тантай ярилцаж суухад морь руу хэргээр дайрдаг гэсэн санаа цухалзаж байна. Энэ талаар дурдахгүй юу?

-Монголын өв соёлыг устгах гэсэн бодлого явж байхыг үгүйсгэхгүй. Хариас санхүүждэг ч байж болох юм. Даяаршлын энэ үед Монгол үндэстэн юугаараа ялгарч үлдэх юм, юуны өмнө эх нутаг газар шороо, нүүдэлчдийн өвөрмөц өв соёл нь авч үлдэнэ. Үүний нэг томоохон үндэслэл, дархлаа нь адуу, морь юм. Аливаа улс үндэстэн оршин тогтнох билгэ тэмдгээ хадгалж үлдэх, улам дэлгэрүүлэхийг зорьж байхад бид хумих бодлого явуулж байна. Монгол Улс 4000 гаруй морь уралдуулж, дэлхийн түүхэнд, Геннисийн номонд үлдээлээ. Залуу үеэ ч моринд дурлуулж уламжлал руугаа орйтуулахгүй бол болохгүй цаг үе иржээ. Хот суурин газарт өссөн хүүхэд нэгнээ ч хайрладаггүй юм шиг ээ, миний юм миний юм, бусдынх бол хамаагүй ханддаг. Гэтэл хөдөө өссөн хүүхэд айл хөршдөө туслаж, мал сүргийг нь сураг гаргахаас эхлээд дөхүүлж ойртуулах, бусдыг хайрлах, эх нутгаа хүртэл бусдаас хамгаалан хүмүүжиж байна.

-Энэ бол яах аргагүй суурин иргэншлийн нэг чанар учраас яалтай ч билээ. Нөгөө талаар хөгжил дэвшил гэж байна. Чухам яах ёстой юм бэ?

-Суурин иргэншил, хөгжил дэвшлийг яалтай ч билээ гээд орхиж  болохгүй. Эх орон, эх нутаг гэж юу юм бэ гэдгийг залуус хүүхдүүдэд ойлгохгүй өсөж байгаа нь аюул. Энэ тал дээр арга хэмжээ авч, залуусаа аль болох уламжлалд ойр байлгахыг анхаарах  хэрэгтэй. Ингэхийн тулд залуу малчдаа дэмжих, мал аж ахуйгаа хөгжүүлэх нь эхний асуудал боллоо. Тухайлбал, морь руу ойртуулахгүй бол мал маллах залуус ховор болж байна.

-Адуу дагасан соёл, өв уламжлал гэж ярьдаг ч морьдоо машинд ачдаг, өвс тэжээл өгдөг, эм тариа шахдаг зэрэг нь уламжлалаас холдуулж байна гэх шүүмжлэл бас л байна?

-Аливаа зүйл хөгжлийнхөө шатанд өөрчлөгддөг. Дээр үед майхан бариад, морио хөтлөөд наадамд ирдэг байлаа, болж л байсан. Одоо цагт уламжлал гээд майхан бариад суух нь зүйд нийцэхгүй. Гадна дотны зочин ирэхэд шороо бужигнуулаад майханд угтаж болохгүй. Зөвхөн байгалийн өвс идээд уралддаг байдал 2000 оноос хойш байхгүй болсон, мэргэжлийн түвшинд хүрсэн. Морь уяаны ажилд шинжлэх ухаанчаар хандаж байна, эрдэс бодис нөхөхөөс эхлээд олон зүйл бий. Энэ бол моринд тулгуурлан хөгжиж байгаа бас л нэг соёл шүү дээ. Тэгэхээр уламжлал дээрээ суурилаад хөгжих ёстой болов уу. Бид хоёрын дээр хөндсөн олон асуудлыг мэргэжлийн холбооны бодлого, олон уяачдын саналаар шийдээд явахаар улстөржиж, эсэргүүцээд байдгийн цаана чухам ямар санаа байна вэ гэж бодоход хүргэдэг.

-Нэртэй уяачтай уулзаад болох бүтэхгүй гэмээр зүйл яриулчихлаа. Гэхдээ “Амны билгээс ашдын билгэ” гэдэг дээ. Улаанбаатарын унаган хүү нэртэй уяач болно гэдэг хэн хүний санаанд амар багтахгүй. Нутаг ус, морьтой холбогдсон гээд яриа дэлгэх үү?

-Би Баянхошуунд төрж өсөж, нийслэлийн 67, 76 дугаар сургуульд найм, аравдугаар ангиа дамжиж төгссөн Улаанбаатар хотын унаган хүүхэд. Өвөө маань Хэнтий аймгийн Дадал сумын хүн учраас би “Дадал сумын” хэмээн овоглож, цоллуулж явдаг. Манай өвөө хоёр дайнд оролцож, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” хүртсэн дайчин хүн. Дандар баатрын удирдсан 17 дугаар морьт хороонд байлдаж явсан гэдэг. Өвөө маань морь, нохойнд хайртай хүн учраас хэдэн сайхан морьтой, туранхай морь авч таргалуулаад дэлийг засаж наймаа хийдэг хүн байв. Тиймээс багаасаа л өвөөгөө дагаж моринд дурласан. Гэтэл Яармагт байсан Морин тойруулга Баянхошуунд нүүж ирэхэд би 13 настай хүүхэд Морин спортын дугуйланд орсноор морьтой нэгэнт холбогдсон. Морин тойруулгад тамирчин, адуучин, уяач гээд 17 жилийн амьдралаа холбожээ. Дунд нь хоёр жил цэргийн алба хаасан. Намайг очиход Морин тойруулгын даргаар Т.Даваадорж, уяачаар Хөдөлмөрийн баатар, нэрт уяач Д.Даваахүү, дугуйлангийн дасгалжуулагчаар Т.Цэрмаа нар байж, тэднээс их зүйл сурсан даа. 

-Анх морь уяж байсан, анхны айраг амсаж байсан үеэ дурсахгүй юу. Цэрэгт байхдаа мориноос хөндийрөв үү?

-Сүхбаатар аймгийн Дарьгангын нутаг Ламтын заставт алба хаасан учраас мориноос хөндийрсөнгүй. Хилийн цэргийн морьдыг хэвтүүлэх, юм шүүрэх саадан дээгүүр харайлгах гээд бүхий л зүйлд сургахаас эхэлсэн. Анх шинэ цэрэг Онгоны отрядын төв дээр морин үзүүлбэр үзүүлж байв. Халагдах жилээ отрядын төв дээр хоёр сар болж, хэдэн цэрэг сургахаас эхлээд мориноос огт хөндийрөөгүй. Цэрэгт байхдаа л анх морины сүүл шуусан даа. Заставын дарга Борхүүтэй хамт манааны “15-ын хүрэн” гэж морийг уяж, 1990 онд Алтан-Овооны анхны наадамд уралдаж байлаа. Тэгэхэд “15-ын хүрэн” бид хоёр сайн уралдаж чадсангүй, харин Заставын даргын саарал даага есөд орж байсан. Анхны айраг гэхээр 1991 онд цэргээс халагдаж ирэхэд өвөө нэг цагаан морь авч өгсөн. Түүнийгээ Партизаны Цагаан сарын уралдаанд уяж очоод аман хүзүүдэж байлаа. Тэгэхэд улсад түрүүлж байсан Эрэндамбын саарал морь түрүүлж байв.

-Улсын дэвжээнд гарч ирсэн үе, төрийн наадмаас авсан айраг түрүү гээд дурсамж сөхөхгүй үлдэж болохгүй байх?

-Морин тойруулгын уяач болж, хээр халзан морио Төрийн наадамд уяад зургаад оруулж байсан. Зул задрахад ганцаараа зугтааж гарсан морь өнгөн дээр ганцаараа явсаар байгаад хүмүүс дунд орж ирэхэд гуравт орж, барианд ороход шогшоод зургаалсан даа. Хүүхэд маань туршлага дутаж, хадгалж гамналгүй уралдсан хэрэг л дээ. Залуу ч байсан, хор шартай ч байлаа, уйлж байв. 2002 онд “Магнай трейд”-ын захирал Тэрбишийн буурал азаргыг уяж Төрийн наадмаас анхны айраг амсаж байлаа. Өөрийн гэвэл 2003 онд загал үрээгээ айргийн тавд хурдуулсан. Үүнээс хойш Төрийн баяр наадам, бүс нутгийн уралдаанд унаган адуугаа түрүүлгэж айрагдууллаа, хүмүүсийн адууг ч айрагдуулж, түрүүлгэлээ.

-Асуухгүй өнгөрч болохгүй нэг зүй бий. Иртэй аатай явах үедээ бусдын сүргээс морь танин авч уяж уралдуулж, түрүүлгэж айрагдуулж байв уу?

-Хөдөө малын захад өссөн монгол эр хүн болгон л морь шинждэг. Ийм үндэстэн дэлхий дээр Монголоос өөр байхгүй байх гэж боддог. Дорнод аймгийн Матад сумын Улсын алдарт уяач Чадраа гэдэг хүний адуунаас “Энэ хурдан адуу байна” гээд загал үрээг заасан, өвгөн ч надад загал үрээг бэлгэнд өгсөн. Тэгээд улсад уяад айрагдуулж байлаа. Анхны айраг ийм учиртай. Ер нь морь таних магадлал маш бага байдаг. Удам л бий.  Аз л таарна. Морь хурдлуулна гэдэг уяач, хүүхэд, адууны удам угшил, хийморь лундаа гээд олон зүйл таарч эвлэж байж бий болдог. Бидний хувьд энэ өндөр амжилтад хүртлээ бүх насаа, амьдралаа зориулсан хэрэг шүү дээ. Мөнгөтэй хүн хурдан морь худалдаж аваад нэрд гарах бүхий л амьдралаа адуунд зориулж нэрд гарах хоёрын дунд асар том ялгаа бий. Уяач хүн хурдалснаасаа хурдлаагүй нь олон шүү дээ.

-Морь уях бол эрдэм, тэгэхээр энэ эрдмийг зааж сургасан хүмүүсийн тухай дурсах ёстой?

-Морь уяаны эрдэм заасан анхны хүн бол өвөө юм. Тэгээд Морин тойруулгад туслах уяачаар ажиллаж байхад Манлай уяач Батчулуун ах зааж зурж байв. Дээр үеийн ахмад уяачдаас бүгдээс нь суралцсан даа. Хүний хичээж, ойлгож сонсож харсан бүхэн л эрдэм шүү дээ. Нэрт уяач Данзанням гуай “Таны хүрэн морь ахиад яагаад түрүүлэхгүй байна” гэж асуухад “Би нэг түрүүлэхээр нь жаазлачихсан юм чинь аргагүй” гэж байсан. Учир нь морио нэг түрүүлэхээр нь хөөрч, тахин шүтээд жаазанд хийж залаад, ажлыг нь дутуу хийснээ л хэлж байгаа хэрэг. Мөн нэрт уяач Чойдог гуай “Их насны морийг энэ жил уяад айрагдаж байвал дараа жил уяаг нь дахин чангалж уядаг юм шүү” гэж хэлдэг байлаа. Тэр нэртэй уяач алаг морио гурав айрагдуулж, нэг түрүүлгэж байсан хүн. Энэ мэт өвгөдийн үг ухаанаас ухаж ойлгож, сэхээрч л өссөн. Миний хүрэн морь хоёр түрүүлсэн нь энэ эрдэмт уяачдаас үг сонсож явсны л хүч гэж боддог.

-Таныг уяачид гол төлөв Дугараа л гэх юм. Гэтэл Б.Бат-Өлзий нэртэй байдаг. Энэ тухай ярьж өгөөч?

-Намайг төрөхөд өвөө маань Дугар гэж нэр өгтөл ээж маань төрсний гэрчилгээ авахдаа Бат-Өлзий гэж нэр өгч бичүүлснээр би хоёр нэртэй болсон. Сургуульд ортлоо Дугараа нэрээр дуудуулж, сургуульд орсон цагаас хойш Бат-Өлзий болсон түүхтэй. Манай өвөө өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүн байсан, дэвтрүүд нь надад байдаг. Намайг төрөхөд өвөө маань “Радиогоор Баян Монгол дуу явж, гадаа үхэр тугалж, тэнгэр цэлмэг их билгэтэй сайн өдөр хүү төрлөө. Миний хүү амны хишигтэй, сайн малчин болно” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дондог(202.55.188.83) 2021 оны 02 сарын 04

Та нар битгий худлаа утасны цаанаас ингэж хүн доромжилж байгаач. Хийх юмаа олж ядаад байдаг юмуу? Бүр өрөвдчихлөө

1  |  0
AA(183.177.97.14) 2020 оны 12 сарын 22

Эрлийзийг сайн гэх гээд байдаг хүн юм

0  |  0
mmm(202.126.89.171) 2021 оны 02 сарын 04

ene hvvhdiin erh yrij unuulahgvi geed bga hvmvvs oorsdoo gants ch mori unaj bgagvi ogt mal medehgvi hvmvvs l yriad bgamdaa .teheer ene ni tsaana ymar neg uchir bgaa shvvmjilheese omno ehleed ymar hvmvvs yriad bna gedgiin medwel zohino ene esergvvtseed bgaa hvmvvs ooroo law mori unaj vzeegvil hvmvvs bgaa

1  |  0
rs(202.9.40.118) 2021 оны 02 сарын 04

Манлай уяачдаа баяр хүргэе. Энэ хүн өөрийн мэрэгжилдээ жинхэнэ эзэн болсон хүн байна. Үнэн л юмыг зоригтой хэлж байна. Монголын ард түмний үндэсний бахархал соёл ёс заншилын дархлаа болсон эрийн гурван наадмын нэг хурдан морьдын уралдааны өнөөдрийн хийгээд ирээдүйн тухай ярьж байна.Ийм өндөр мэдрэмжтэй асуултуудад маш цэгцтэй оновчтой хариулаж энэ салбарынхаа цаашдын ахиц дэвшилд сэтгэл зовж явдагаа далдуур илэрхийлсэн байна.Монголын манлай уяач хүний шударгуу үнэн үгийг анх удаа сонслоо. танд амжилт хүсье.

1  |  0
Эрдэнэ(103.26.195.176) 2021 оны 02 сарын 04

Энэ саяхан Бат Эрдэнээс морины хөл авсан гээд хөөгдөх гэж байхад даян түмэн эх морь таарч амь гарсан нөхөр дөө.Тийм сайн юм бол эрлийз морио 2 түрүүлгэхгүй яасан новш вэ.Хүрэн морийг уяахгүй, ийм морь уралддаггүй гэж солиорч байсан гар даа.Хоол нь жоохон ихэдсэн б.а гөлөгний.

0  |  1
зочин(64.119.20.205) 2020 оны 12 сарын 22

Пээ, яасан айхтар ухаантай хүүхэд, морьны яргачин бэ, жилд өчнөөн хүүхэд ослоор энддэг гэнэ үү, барьцах юм аа олов оо мөн, осол бол золгүй тохиолдол, харин жаахан хүүхдүүдийг морь унуулаад амьд ирвэл аз чинь үхвэл хохь чинь гээд явуулж байгааг чинь гаж дон гэхээс өөр юу гэх юм

0  |  1
Малчин(66.181.161.63) 2021 оны 02 сарын 04

Ингэж айхтар явцуурч болохгүй ээ. Энэ хүний яриагаар чингэс хаан маань адуу эрлиизжүүлж бсын бна. Ер н бол адууг цус сэлбэлээ гэхэд монгол төрхөнд н оруулж бж уралдуулах хэрэгтэй л дээ. Улс орныхоо эсрэг шахуу яриад бна.

1  |  1
zochin(202.126.89.111) 2020 оны 12 сарын 02

zuv ch ym yrilaa buruu ch yrilaa

0  |  0
Баатаржав(202.9.40.13) 2020 оны 12 сарын 22

Үхсэн хойноо. Уяачид гэж толгой дээрээ адсагны дүрс залсан малнууд. Одоо монголын бараг бүх хүн уяач болжээ. Зуны дэлгэр цагт юу ч хийхгүй худлаа морь уяж байна гэж цаг нараа өнгөрөөгөөд л . Уяачид адууны мах лав иддэггүй байж таараа ха ха

0  |  6
Zochin(150.129.143.231) 2021 оны 02 сарын 04

Tod manlai ih saihan zow ym yrij bna shvv

1  |  0
Mygmardorj (203.91.115.40) 2021 оны 02 сарын 04

mash zow yum yrij bna

1  |  0
Mygmardorj (203.91.115.40) 2021 оны 02 сарын 04

mash zow yum yrij bna

2  |  0
Монгол(202.126.89.146) 2022 оны 03 сарын 02

Энэ өөрөө эрлийз юм бна. Муу буриад

1  |  7
Top