Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. 2020.12.06, Ням гараг.
Аймгийн цаг үеийн мэдээллийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өглөө.
Тэрбээр "Юуны өмнө онцлон тэмдэглэхэд Сэлэнгэчүүд бид тайвшрах болоогүй, ялангуяа аймгийн төв Сүхбаатар сумын иргэд сонор сэрэмжээ улам сайжруулж, энэ цаг үед хариуцлагатай байх хэрэгтэй байгааг анхааруулъя. Сүхбаатар өртөөний ажилчдад тархсан байсан халдварыг бид аль болохоор хурдан хугацаанд хумих, цааш алдахгүй тогтоох ажлуудаа тогтмол хийж байна.
Та бүхэн Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн мэргэжлийн эмч нарын мэдээллээр сонссон байх. Энэ аюулт вирусын онцлог нь нэг удаагийн түргэвчилсэн шинжилгээ, PCR-аар бол голдуу архаг хууч өвчтэй иргэд, өндөр настан, биеийн эсэргүүцэл сул иргэдэд хурдан хугацаанд илэрч байгаа бол харин биеийн болоод сэтгэл санааны эсэргүүцэл сайтай идэр насныханд 2 дахь, 3 дахь давтан шинжилгээгээр 10-20 хоногт илэрдэг онцлогтой нь харагдаж, баталгаажиж байна.
Ойрын хугацаанд илэрч байгаа тохиолдлууд бол дандаа өмнө нь 1, 2-дугаар хавьтлаар батлагдаж, бид гэрээр нь болон тусгайлан бэлдсэн тусгаарлалтын байранд ажиглалтад авсан байсан иргэдээс 2, 3 дахь шинжилгээгээр илэрлээ.
Өнөөдрийн Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн албан ёсны мэдээллээр Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо 4-өөр нэмэгдэж, 201 боллоо. Энэ 4 тохиолдол мөн л Сүхбаатар суманд буюу Сүхбаатар сумын 1-р багт 1, 8-р багт 1, 7-р багт 2 тус тус бүртгэгдэж батлагдаад байна. Эдгээр тохиолдлын гэр бүлийн хавьталын 12, ойрын хавьталын 35 иргэнийг тодруулан баталгаажуулж тусгаарлаад байна.
Ийнхүү сүүлийн өдрүүдэд батлагдаж байгаа тохиолдлуудын 1411, дам 862 нийт 2273 хавьтлыг тогтоон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Тусгаарлалтын 11 байранд 97 иргэн, гэрийн ажиглалтын 41 цэгт 375 иргэн байна. Эдгээр батлагдсан сэжигтэй тохиолдлуудын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээ /PCR/-г 582 иргэнээс сорьц авч, өссөн дүнгээр 10193 хүнийг баталгаажуулах шинжилгээнд хамрууллаа. Нийт батлагдсан тохиолдлуудын 63 хувь нь гэр бүлийн хавьтлаас, 37 хувь нь үзлэг оношилгоогоор илрүүлсэн.
Шадар сайдын баталсан “Түр журам”-ын дагуу нийт 279 иргэнийг Дархан-Уул аймаг руу нэвтрүүлсэн бол тус аймагт хөл хорионд орсон өөрийн аймгийн 28 иргэнийг татан авч, гэрийн тусгаарлалтад шилжүүллээ. Өчигдрөөс эхлэн бид вирусний халдвартай тохиолдлуудыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд тусгайлан бэлтгэсэн тасагтаа эмчилэх болсонг та бүхэндээ дуулгасан. Энэ дагуу арванхоёрдугаар сарын 06-ны байдлаар аймгийн тасагт биеийн байдал нь хөнгөн 6 тохиолдлыг хүлээн авч, эмчилгээг эхлүүлээд байна. Биеийн байдал нь хүндэвтэр болон бага насны хүүхэд нь Цэргийн төв эмнэлэгт байгаа гэсэн шалтгаанаар 2 иргэнийг УОК-ийн шийдвэрийн дагуу Улаанбаатарлуу тээвэрлэж, шилжүүлээд байна.
Мандал сумын тухайд:
Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 228 ажилтан, алба хаагч, 43 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна. Сумын хэмжээнд түргэвчилсэн оношилгооны 4, суурин оношилогооны 4, нийт 8 цэгт шинжилгээ авч байна. Мандал сумын нутаг дэвсгэрт ууланд самар түүхээр ирж хөл хорионы хязгаарлалтад орсон Улаанбаатар, бусад орон нутгийн харьяат 135 иргэнийг түр зорчих журмыг баримтлан харьяа орон нутагруу нь буцаалаа.
Өнөөдөр нэгэн өөдрөг мэдээ дуулгахад манай аймгаас вирусний тохиолдол нь 11 сарын 19-нд батлагдаад Цэргийн төв эмнэлэг рүү эмчилгээнд шилжсэн эмэгтэй, 29 настай иргэн нь өнөөдөр эдгэрч, эмнэлгээс гарч гэрийн сувилгаа, хяналтад шилжиж байна.
Нийт иргэд та бүхэн энэ онцгой нөхцлийн үед иргэний үүргээ биелүүлж маскаа зүүн, ариун цэврийн дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барин аль болох гэртээ байж бидний ажилд туслаарай гэдгийг дахин анхааруулж хэлье. Улс, аймаг, сумынхаа онцгой комиссуудын шийдвэрийг мөрдөж, халдварын эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа, хайртай бүхнээ хамгаалахыг уриалж байна" гэв.