“Өглөөний сонин”-ны хамт олон улс орныг цар тахлын сүүдэр нөмөрсөн энэ үед иргэдийн худалдан авах чадвар хэрхэн буурч, хоногийн хоолоо өр зээл, барьцаагаар хэрхэн залгуулж байгаа талаар хөндөх “Өрийн дэвтэр” цуврал сурвалжилгыг өнгөрсөн удаад Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдрийн дугаарт хотын захын гэр хорооллын эцсийн дэлгүүрүүдэд нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.
Дэлгүүрт өр тавьж хоолтой залгуулдаг иргэд байхад нөгөө талаар өрийн дэвтэр дээр ч нэрээ бичүүлэх эрхгүй “хаягдсан” иргэд хотын захын хороололд олон байна. Хиртсэн ноорхой хувцастай, гэр оронтой болов уу гэмээр харагдах бидний нэг, Монгол Улсын иргэн О.С-д идэх ширхэг талх ч байхгүй. Гэвч тэрбээр дэлгүүрт орохоосоо хүртэл эмээнэ. Учир нь түүнд мөнгө байхгүй. Яагаад ингэж явааг нь асуух гэхэд хариулахаас эрс татгалзаад, Нисэхийн эцсийн нэгэн дэлгүүрээс гарахтай нь таарлаа. Нисэхийн эцэс орчмийн дэлгүүрүүдийн өрийн дэвтэр ямар байгааг сонирхохоор ирсэн надад иргэн О.С-ийн гарч явсан дэлгүүр рүү орвол хэрэгтэй мэдээлэл өгөх байх гэсэн найдлага төрлөө. Дэлгүүрийн худалдагч Н.Г-тэй уулзаж ярилцвал энэ хавьдаа олон жил тогтвортой найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа аж. Тэрбээр 16 жил дэлгүүрээ ажиллуулахдаа олон ч өрийн дэвтэр элээж, сүүлийн жилүүдэд, ялангуяа хөл хорионы үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдөх ёстой учраас өрийн дэвтэр гэхээс илүү хуудас цаас ашиглах болжээ. А4 орчим хэмжээтэй хатуу цаасан дээр өнөөдөр хэн, хэдэн төгрөгийн өр тавьснийг эгнүүлэн бичээд ханандаа өлгөжээ. Нэр хоч өгөн авгайлж бичсэнээс нь харахад ихэвчлэн таньдаг, мэддэг, итгэл даана гэсэн хүмүүстээ 20 мянган төгрөг доторх зээл олгодог нь энэ. Ерөөсөө хүмүүс ойр зуурын хэрэглээний төмс, хүнсний ногоо, давс, ургамлын тос, гурил сэлтийг л зээлээр бичүүлж авдаг юм байна. Яахав зарим тохиолдолд байгаа мөнгөнөөсөө илүү хүнс аваад зөрүү мөнгөө өрийн дэвтэрт зээл болгон бичүүлэх нь бий гэнэ. Гэхдээ ихэнх иргэд цалин, халамжийн мөнгө, хүүхдийн мөнгөө буух хүртэл зээл тавьж, мөнгөтэй болоод зээлээ төлсөөр ямар нэг байдлаар зээлийн хамааралд өдөр хоногийг аргацаан амьдарсаар байгааг зузаарсан өрийн дэвтрүүдийн жишээн дээрээс харж болно.
Өдөрт 500.000-ын орлоготой байсан дэлгүүр хөл хорионы үед 50 мянган төгрөгийн орлоготой болжээ
Худалдагч Н.Г “Хөл хорионы үед худалдан авалт багассан. Худалдан авалт бага учраас ч тэр үү өр тавих хүмүүс багассан. Би ч зээл өгөхөө бууруулж байгаа. Хүн орж ирэхгүй бол 08:00 цаг гээд л дэлгүүрээ хаачихна. Ер нь хүмүүс өрөө төлж чадахгүй гэдгээ мэдээд өр тавихгүй байгаа байж ч мэдэх юм. Бараа ачигч, барилгын туслах ажилтан, угаагч, цэвэрлэгч гээд л туслах ажилтнуудын орлого саяын хөл хорионд шууд зогсож байгаа бололтой юм билээ. Тиймэрхүү үйлчилгээний ажилтай хүмүүс ихэвчлэн зээл сурдаг шүү. Ер нь зээл авах гэж өдөрт тав, зургаан хүн орж ирдэг. Тэдэн дунд мөнгөгүй, цаашдаа ч мөнгөтэй болохгүй гэсэн бодолтой хүмүүс байдаг. Саяхан ажилдаа хэрэглэдэг барилгын багажаа хямдхан зараад талх авъя гэж хөгшин ах нэлээд гуйгаад явсан. Түрүүнд гарсан гудамжны байрын хүн илүүчлэх идэж, уух юм байна уу гээд л асууж сураад гарлаа” гээд санааширлаа. Худалдагч өрийн дэвтэрт зээл бичихдээ иргэний үнэмлэхийг нь барьцаалаад, заримдаа огт барьцаагүйгээр зээл тавьсан хүний утасны дугаарыг ч тэмдэглэхгүйгээр нэр, үнийн дүнг бичээд л болгочихдог гэнэ. Ийнхүү 16 жилийн түүхтэй дэлгүүрээс гараад ойр тойрныг ажиглавал Нисэхийн эцэс орчимд тав, зургаагаар ч тогтохгүй хүнсний дэлгүүр, бас жижиг зах, мах, гурил, будааны бөөний цэгүүд харагдана. Хэд алхаад л дэлгүүр эсвэл бөөний худалдааны төв байна гэхээр чамгүй өрсөлдөөн ч өрнөдөг бололтой. Зарим дэлгүүр хөл хорионы үед бүр хаалгаа барьчихжээ. Нисэхийн эцсийн зам дагуух өөр дэлгүүрт орвол эхнэр, нөхөр хүнс авч байлаа. Хүнсээ торонд хийгээд бодуулахад 50 орчим мянган төгрөг болов. Тооцоогоо картаар хийх гэсэн боловч карт нь ажиллаагүй учраас худалдагч дэвтэр гаргаж ирээд өр бичээд үйлчлүүлэгчээ гаргалаа. Худалдагч, худалдан авагчид хэн хэнээ сайн таньдаг бололтой. Тэр хоёрыг гараад явсны дараа дэлгүүрээс юм авангаа “Та энд худалдагчаар удаж байна уу” гээд хуучлах гэтэл “Удаагүй ээ, энэ хавийг сайн мэдэхгүй” гэж хэлэхэд бидний яриа дууслаа.
“Зээл өгөөд байвал дэлгүүр ажиллуулах хэрэг юу байх вэ”
Нисэхийн эцэст хоёр дэлгүүрээр орсны дараа гэр хорооллын гудамж руу алхаад супермаркет гэсэн бичигтэй тийм ч жижиг дэлгүүр гэж харагдахгүй дэлгүүрт орлоо. Учраа хэлээд өрийн дэвтрийг нь сонирхоё гэтэл халгаасангүй. Тус дэлгүүрийн худалдагч “Ер нь манай дэлгүүрээр өр тавьж үйлчлүүлдэг хүн бараг байхгүй. Зээл өгөөд байвал дэлгүүр ажиллуулах хэрэг юу байх вэ. Нэг хэсэг хүнсний талоныг нь аваад хүнс зарж иргэдэд үйлчилдэг байснаас биш талх, есийн тосыг граммлаж зарна гэж манай дэлгүүрийн хувьд байхгүй” гэж ундууцав. Дараа нь Нисэхийн эцэст байрлах бөөний төвөөр оров. Нисэхийн эцсийн зам дагуу байрласан дэлгүүрүүд танил багатай байдаг учраас олон хүнд зээл өгдөггүй, тийм ч зузаан өрийн дэвтэр үүсгэдэггүй гэнэ. Харин бүр цааш гэр хорооллын гудамжуудаар орвол тэр хавийн дэлгүүрүүдэд зузаарсан өрийн дэвтрүүд олон байдгийг бөөний төвийн худалдагч баталж ярилаа. Бөөний төвийн худалдагч Х.С өмнө нь захын гэр хороололд худалдагчаар ажилладаг байжээ. Тэр үед өрийн дэвтэрт зээл бичүүлэгсэд дэлгүүрийн орлогын гол эх үүсвэрийн нэг байж. Хааяахандаа итгээд зээл өгчихөөр бага багаар зээл тавьж явсаар нэлээд хэдэн төгрөг хүргэснээ хаяган дээрээсээ нүүгээд явчихдаг хүмүүстээ ч таардаг гэнэ. Сүүлдээ хэр баргийн хүнд итгэхээ болино. Ер нь бүр тамтагтаа тулсан ядуу хүн зээл авахгүй шүү дээ. Ямар нэг байдлаар орлоготой хүн зээл авна. Ноорхой, цоорхой хувцастай, үгээгүй харагдах хүмүүс ч мэр сэр орж ирнэ. Заримдаа талхны үлдэгдэл, мах, элсэн чихрийн хаягдал ч хамаагүй гуйгаад зогсчихно. Хааяа өгнө. Хааяа хөөгөөд гаргана. Үгүй бол “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэхчээр дэлгүүрийн буланд архидна, өвлийн хүйтэнд осгочихвол яана гэж боддог байснаа хэллээ. Мөн тэрбээр бөөний төвд худалдагчаар ажиллах жижиг мухлагт ажилласнаас хамаагүй амар юм гэж ч хуучлав. Ийнхүү дэлгүүрийн өрийн дэвтэрт нэрээ бичүүлэх Монгол Улсын иргэдийн тоо 16 жилийн өмнөхөөс огт буурсангүй. Дайр нь дээр давс болж хатуу хөл хорионы үед гэр хорооллын дэлгүүрүүдийн орлого 2-10 дахин буурсан гэхэд итгэмээргүй. Миний хувьд орлогын дэвтрийг нь нүдээр үзэж, дэлгүүрийн худалдагчтай ярилцах 20 гаруй минутад нэг ч худалдан авагч орж ирэхгүй байгаагаас харвал худалдагчийг баримжаагүй хэлсэн гэж бодсонгүй. 16 жил дэлгүүр ажиллуулсан Н.Г-ийнх өдөрт 400-500 мянган төгрөгийн орлого олдог байсан бол өнгөрсөн бямба гарагт 55 мянган төгрөгийн орлого олжээ. Хөл хорионы үед худалдан авалт эрс багассан, дээрээс нь ойр хавьд гурил будаа, махны гээд бөөний төвүүд байдаг учраас өрсөлдөөн ихтэй нь ч нөлөөлдөг байх гэж худалдагч таамаглалаа. Тэрбээр үргэлжлүүлэн дэлгүүрийн орлогын талаас илүү хувийг дан ганц архи, пиво, тэдгээрийг дагаж гардаг ус, ундааны орлого бүрдүүлдэг байсныг ч нуусангүй. Мөн өөр нэг дэлгүүрийн худалдагч “Манай дэлгүүр өдөрт таван ширхэг “Атар” талх, хоёр ширхэг “Мишээл” талх болон хар талх захиалаад өдөртөө дуусдаг байсан бол одоо 2-3 хоногтоо зарагдаж дуусахгүй байна. Энэ нь хүмүүс талх авахаас илүү боов, боорцог хийж, илүү хямд төсөр аргаар хэрэглээгээ шийдэх гэж чармайж буйгаас болсон байх” гэдгийг хэллээ. Ингэж л цар тахал гарсан хүнд цаг үед худалдаа эрхлэгчийн зүгээс ч, иргэдийн зүгээс ч бүсээ чангалах өдөр ирдэг байж.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН