Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг УИХ дээр ид өрнөж байна. Ардчилсан нам пропорциональ зонхилсон холимог тогтолцоогоор сонгууль явуулах дээр хатуу зогсох боллоо. Харин Ардын намын зарим гишүүд аль ч учраа олохоо болив. Тэдний нэг хэсэг нь мажоритари голчилсон холимог тогтолцоог санал болгож байна. Ц.Батбаяр мэтийн цөөн хүн цэвэр мажоритари хэмээн гэдийж эхэллээ. Эдгээр хүмүүс “Манай намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан уг хуулийн төслийг намынхаа бүлгээр дахин хэлэлцүүлээгүй. УИХ-ын чуулганаар оруулахын өмнө намын бүлэг эцсийн байдлаар заавал авч үзэх байсан юм” гэж байна. Тэдний хүсэл мөрөөдөл болоод байгаа мажоритари нь сонгуулийн хамгийн жижиг хэсгүүд дээр тоглодог “тоглоомын дүрэм” юм. Хамгийн болхи хэлбэр. Өөрөөр хэлбэл жалга дов бүр дээр сонгогчдын саналыг яаж л бол яаж худалдан авах боломжтой. Үүнийг сүүлийн 10 гаруй жилийн сонгуулиар монголчууд сайн мэддэг болсон. Монголын нийт нутаг дэвсгэрийг 76 хэсэг болгож хуваагаад сонгуулиа явуулсаар ирсэн. Цөөн сонгогчоос саналыг нь хямдхан үнээр цохиж авах нь ядруухан эр Ц.Батбаярт л ашигтай. Түүнийг Баянзүрх дүүргийнхэн 2008 оны сонгуулиар гаргаж ирэхэд иймэрхүү тогтолцоо үйлчилж байсан учраас ялалт байгуулсан болсон. Гэхдээ нэлээд олон хүний саналыг шууд худалдаж аваад шүү дээ. Харин Д.Лүндээжанцан түүнээс арай өөр хэрнээ дахиад санал худалдаж авах хувилбараар зүтгэж эхлээд байна. Тэр мажоритари голчилсон тогтолцоо хэрэгтэй гээд хөндлөн зогсчихлоо. Насаараа шахуу парламентад сууж, дол цохисон энэ эрхэм “Хууль эх баригч” хэдхэн хүний нэг гэгддэг. Түүний хажууд Ц.Нямдорж нь налайж сууна. Тэднийг дагасан 20-иодхон хүн ямар хууль батлахаа бараг мэддэг болчихсон гэж байгаа. Үлдсэн 50 гаруй гишүүн нь зүгээр л даган баясагчид. Их л сайндаа Ардчилсан намын цөөн хэд нь тэдний бохир лоббинд өртөхгүйг хичээнэ. Тийм болохоор Д.Лүндээжанцангийн лүндэн буулгаад байгаа мажоритари давамгайлсан сонгуулийн тогтолцоогоор энэ хууль шийдэгдэх магадлал тун өндөр болж байна. Түүний санаан зоргоор ийнхүү хууль батлагдвал сонгуулийн бараг 50 тойрог дээр мажоритори зарчмаар санал хураалт явагдана. Энэ бол нэр дэвшигчдээр нь сонголт хийнэ гэсэн үг. Үлдсэн 26 тойрог нь пропорциональ болж таарна. Намаар нь санал өгөх хэлбэр юм. Өнөөдөр олон янзын судалгаагаар Ардын намын рейтинг эрс буураад байгаа. Ардчилсан нам ч бас рейтинг нь унасан. Хамтарч засаглалаа барьж буй хоёр том намын рейтинг тун ойролцоо 20-иод хувьтай байна. Энэ нь намуудын улс төрийн амлалтын биелэлт тааруу байгаатай холбоотой. Ялангуяа хэтэрхий популист амлалтууд нь эдийн засгийн сөрөг үр дагавруудыг авчирсан. Стандарт бус Засгийн газрыг байгуулснаа Оюу толгой, Тавантолгой зэрэг томоохон ордыг ашиглах боломж бүрдсэн хэмээн тайлбарлах боловч үүнээс ч эрхэм чухал зүйл байгааг ойшоож үзэхгүй байна. Нийгэмд шударга ёс тогтоох явдал бол эрдэс баялгаас илүү үнэтэй зүйл. Үүнийг энэ хоёр нам шийдэж чадсангүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм дутууг нь гүйцээх гэж “Шударга ёсны төлөө” хэмээн уриалж байгаа ч хоёр том намаас засаглалыг барилцаж буй нөхөд аар саар зүйлээр үнэ цэнийг нь унагахыг оролдож байна. Уг нь уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, ер нь эдийн засаг нийгмийг бүхэлд нь урагшлуулах гол хөшүүрэг нь шударга ёсны зарчмыг бэхжүүлэх явдал юм. Мянган Таван толгой байгаад ч шударга бус үзэгдэл газар авсан төр засаг, нийгмийн салбаруудтай бол ядуу хэвээрээ л хоцорно гэдгийг намууд тоож үзэхгүй байна. Тоохгүйдээ ч биш байх. Гол нь энэ хоёр нам хоёулаа авлига, хээл хахуульд хэтэрхий гүнзгий орчихсон болохоор үүнээсээ салж чадахгүй байгаа ажээ. Ийм тохиолдолд Ардын нам нь ялагч болж дараагийн сонгуулиар гарч ирэхийн тулд арга буюу хуучин мэхээ хийх гэж үзэж байна. Тэр мэх нь хүн бүрийн мэддэг жижиг тойрог дээрх санал худалдан авалт юм. Д.Лүндээжанцан ядаж 50 тойрог дээр энэ аргаа дахин туршаад үзэх гэж ийнхүү улайрч буй нь илт боллоо. Зарим судлаачид, хэрвээ жижиг тойрог дээр популизм, манкуртизм хийвэл иргэд дахиад эсэргүүцэл үзүүлж 2008 оны 7 сарын 1-ийг дахин давтаж болзошгүй гэж үзэж байна. Манкурт боолын системийг хамгийн гаргууд сайн ашигладаг нь Ардын нам хэмээж байгаа. Тэд мухар сүсгээр дамжуулан популизм, манкуртизмаа хийдэг онцлогтой. Одоо тэд явцуухан жижиг хүрээллүүдийг нийгмийн дотор олноор зохион байгуулж байна. Энэ нь орон нутагт баг, хорооны засаг дарга, хэсгийн ахлагчаар дамжин өрхийн аж ахуй, амьжиргааг дээшлүүлэх жижиг төслүүдийг зөвхөн намаа дэмжигчдэд өгч, тархи угаах хэрэгсэл болгоснооор илрэх ажээ. Тархи угаах гэгчийг дан ганц мэдээллийн хэрэгслээр төсөөлж болохгүй. Өмчийн харилцааг шүүрч аваад тархи угаах нь илүү дөт зам аж. Энд мөнгө тараах нь сонгодог хэлбэр болж нэгэнт төлөвшсөн байна. Зөвхөн Хөвсгөл аймагт л гэхэд сүүлийн гурван жилд жижиг дунд үйлдвэрлэлийн төслийн санхүүжилтийг Ардын намын гишүүд л 100 хувь авсан байх жишээтэй. Нөгөөтэйгүүр ямар үзэл баримтлалтай, юуны төлөө яваад байгаа нам болохыг үл мэдэн Ардын намд элсэх хандлага газар авч байна. Ахуйн ядуу тарчиг нөхцөл дээр нь дөрөөлөн барьцаалах замаар иргэдийг намд элсүүлэх хандлага нь яах аргагүй манкуртизмийн үр хөврөл юм. Д.Лүндээжанцанд энэ бүхэн нь илүү ашигтай ажээ. Тиймээс түүний тэргүүлж байгаа “Хууль үйлдвэрлэгч” УИХ-ын 20-иод “том босс” нь хүч түрэн мажоритори маягийн тогтолцоо бүхий сонгуулийн системийг хуульчлах бололтой. Д.Лүндээжанцан аймшигт 7 сарын 1-нийг мөрөөдлөө гэж үү.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )