Өнгөрч буй арван жилийн хөгжилд "Хөгжлийн банк"-ны гүйцэтгэсэн үүрэг их
Монгол Улс хөгжлийг дэмжих төрийн мэдлийн банктай болоод арав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Хөгжлийн банкийг байгуулсан үндсэн зорилго бол ердөө энэ. Өнгөрсөн хугацаанд сайн, муугаар цоллуулсаар ирсэн ч Монголд нэн дутагдалтай байсан олон олон үйлдвэр, барилга байгууламжийг тус банкны бондын хөрөнгөөр босгосон юм. Дурдвал, Монгол Улс гаднын улсаас цементийн хараат байдлаас гарсан, цахилгаан станцуудаа өргөтгөсөн, хятадуудад түүхийгээр нь алддаг байсан ноолуурынхаа тодорхой хэсгээр дотооддоо бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Энэ мэт дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийн өнгөрсөн хугацааны хөгжил Хөгжлийн банкны бондын хөрөнгөөр өндийсөн нь үнэн. "Сайны хажуугаар саар" гэгчээр улстөрчид гар хөлөө дүрсэн, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан бондын хөрөнгөөс хумсалсан зэрэг засаглалын асуудал бас дагалдсан. Удирдаж байсан улсуудад нь асуудал байсан гэдгийг хууль хяналтын байгууллага ил болгосон. Гэхдээ өнгөрсөн хугацаанд авсан сургамжууд, УИХ, Засгийн газраас хийсэн эрх зүйн өөрчлөлтүүд тус банкны засаглалд дэвшил авчирсан.
Хамгийн сүүлд Сангийн яамны мэргэшсэн баг тус банкны удирдлагад очсоноор санхүүгийн сахилга үндсэндээ сайжирсан гэж болно.
Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл тогтвортой байна
Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөлийг тодорхойлохын тулд хөрөнгө оруулагчдын хандлага, бондын өгөөжийн мэдээллийг харах хэрэгтэй. Аль аль нь тогтвортой байгаа. Хамгийн сүүлд Засгийн газар "Номад" бондыг амжилттай арилжаалсан нь үүнийг илтгэнэ. 5.5 жилийн хугацаатай 600 сая ам.долларын "Номад" бондын хөрөнгөөр ирэх оны дөрөвдүгээр сард төлөх "Мазаалай" бонд, 2022 оны арванхоёрдугаар сард төлөх "Чингис" бондуудын тодорхой хэсгийг буцаан худалдан авсан. Дэлхий даяар тархаад буй КОВИД-19 цар тахлын нөлөө Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед Засгийн газар нь 2021 онд эргэн төлөгдөх 10.875 хувийн хүүтэй Мазаалай бондыг 5.125 хувийн бага хүүтэй шинэ бондоор сольж, жил бүр Засгийн газрын гадаад бондын хүүгийн зардлаас 26.7 сая ам.долларыг хэмнэх боломжтой болсон. Ийнхүү Хөгжлийн банкны өрийн дарамт 2021-2022 онд 1.5 тэрбум ам.доллароор буурсан юм. Зайлшгүй дахин санхүүжүүлэх шаардлагатай байсан бондын эргэн төлөлтийн хугацааг 5.5 жилээр хойшлуулж чадсан. "Номад" бондын хүү 5.125 хувь байсан нь Хөгжлийн банкны олон улсын зах зээл дээр гаргасан анх бонд буюу 2012 оны эдийн засгийн өндөр өсөлтийн үеийн 5.75 хувиас бага байжээ. Үүний өмнө олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Standard and Poor’s болон Moody’s, Fitch агентлагууд Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг тогтвортой гэж дүгнэсэн. Тухайлбал, Standard & Poor’s агентлаг өнгөрсөн наймдугаар сард B буюу тогтвортой, Moody’s тавдугаар сард B3, Fitch B буюу тогтвортой хэмээн үнэлээд байгаа юм. Олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд тус банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээхдээ, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспорт-импортын санхүүжилт хийх үндсэн чиг үүрэгтэй, Засгийн газрын эзэмшлийн цорын ганц бодлогын банк гэдгийг авч үзсэн тухай мэдээлэлдээ онцолж байлаа.
Цар тахлын үед хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй дэмжив
Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 халдварт цар тахлын улмаас олон улс хилийн хорио тогтоож, Монгол Улс онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаа өнөө үед Хөгжлийн банк үр тариа болон хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац алдахаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд тариалан эрхлэгчдэд хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн. Мөн ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зээлийг жил бүр олгосоор ирсэн. Ерөнхийдөө Хөгжлийн банк нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой уул уурхайн бус салбарыг онцлон дэмжиж ирснийг харахад, бодлогын банкны үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэж болно. Ялангуяа, хамгийн олон ажлын байр бүрдүүлж эдийн засгийн дархлаа байх учиртай боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ. Улмаар өнгөрсөн оны эцэст нийт актив нь 4.3 их наяд болж, өөрийн хөрөнгө нь 1.1 их наяд төгрөгөөр өссөн байгаа юм.
Хөгжлийн банкны хөрөнгийн эргэлт хаана гацав
Хөгжлийн банкны үндсэн үүрэг бол хөгжлийн санхүүжилт хийх. Гэвч энэ үүргээ тогтвортой гүйцэтгэхэд нь хариуцлагагүй зээлдэгчид саад болж буй. Өнгөрсөн хугацаанд тус банкинд хийсэн шалгалтуудын дүнд Төрийн орон сууцны корпорац (ТОСК) 257.5 тэрбум төгрөг, “Худалдаа хөгжлийн банк” дангаараа 168.5 тэрбум, “Худалдаа хөгжлийн банк”-ны мэдлийнх гэдэг нь тогтоогдоод байгаа “Кью Эс Си” компани 161.3 тэрбум төгрөг, “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэр 161.2 тэрбум төгрөг, "Голомт" банкны хамаарал бүхий гэгддэг “Цэцэнс Майнинг энд энержи” 140.9 тэрбум төгрөг, "ДЦС-4" төрийн өмчит хувьцаат компани 105.1 тэрбум төгрөг, ТОСК-ын бүтээн байгуулалтад голчлон оролцсон “Бэрэн” компани 101.8 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргэн төлөөгүй байдаг. Эдгээр компани Хөгжлийн банкнаас хамгийн их буюу бүгд 100 тэрбумаас дээш төгрөгийн зээл авчээ. Хөгжлийн банк 2011 оноос хойш 5.5 их наяд төгрөгийг гурван сувгаар компаниудад зээлдүүлсэн. Тиймээс бондын эх үүсвэрээс авсан зээлээ хугацаандаа төлөөгүйгээс банкийг хохироосон 964.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, 19 зээлийг эргэн төлүүлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулж байгаа талаар мэдээлэл бий. Эдгээр зээл бол Хөгжлийн банкнаас Монгол Улсын хөгжлийг дэмжих ёстой ч хариуцлагагүй зээлдэгчдийн улмаас түгжигдээд буй хөрөнгө.
Энэ хөрөнгийг хууль ёсных нь дагуу эргүүлэн төлүүлсэн тохиолдолд Хөгжлийн банкнаас зээл хүлээсэн үйлдвэрлэгчдийн асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
МАН -ын удирдлагууд сахал Д. Эрдэнэбилэгтэй тохироо хийсэн учраас ХХБ-ны хамаарал бүхий крмпануудын өр төлөгдөхгүй байна.