СУРВАЛЖИЛГА | Отроор явсан ч хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж явдаг

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Улс орны нийгэм эдийн засаг цар тахлаас үүдэж  хүндхэн байгаа энэ үед орон нутагт малчид хатуу хахир өвөл, хавартай золгох бэлтгэлээ базааж байна. Хэдийгээр зун, намартаа хувийн бэлтгэл базаасан ч олон жилийн дунджаас ахиу цас унаж, хүйтний эрч нэмэгдэх төлөвтэй байгаа нь малчдын санааг зовоож байна.  Баруун аймгаас мэдээллээс бэлтгэхээр явсан ТВ8 телевизийн сурвалжлах багийн аян замаасаа бэлтгэсэн мэдээг хүргэе.


Цар тахлын  аюул хотод ч хөдөө ч нөлөөлсөн энэ цаг үед ТВ8 телевизийн сурвалжлах баг эх орны баруун хийгээд зүүн хязгаар руу малчин ардын аж амьдралыг сурвалжлахаар хүлгийн жолоо залсан юм. Бидний хамгийн эхний уулзсан малчин бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат малчин Сумъяагийн Төгсмөнх байлаа. Тэрбээр өнгөрсөн 9 дүгээр сараас эхлээд оторт гарсан. Нутагт нь зун өвсний гарц муу байснаас  мал нь тарга тэвээрэг авч чадаагүй. Тиймээс хүндхэн өвөл болох цагийн төлвийг ажин оторт гарсан энэ аж.

Отроор яваа малчнаас бэлчээрээ харамлан хөөхгүй байх үүргийг Засгийн газрын түвшинд аймгийн удирдлагуудад үүрэг болгосон. Тиймээс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин С.Төгсмөнх Төв аймгийн нутагт сэтгэл амар өнтэй өвөлжинө гэж ярьж байлаа. 

С.Төгсмөнх 500 гаруй бог малтай оторт яваа. Түүний хажуугаар олон тооны хурдан морь авч яваа гэнэ. Учир нь уяач хүний ажил наадам дөхсөн халуун зун биш наадмын маргаашаас эхлэн бүтэн жил үргэлжилдэг учраас уяа сойлгыг нь ийнхүү тааруулж яваа гэсэн юм. 

Уяачдынхаа хөдөлмөрт нь тус нэмэр болж,  дэмжлэг үзүүлэхээр аймгийнх нь  уяачдын холбоо ч эргэж яваатай бид таарсан.

Отроор явсан ч хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж явдаг гэдгийг тэр бүр олон нийт мэддэггүй гэж хашир малчид учирлаж байлаа. Хэдийгээр 2-3 насанд морь уяхаар төлөвлөсөн ч 10 гаруй морь зэрэг уяж яваа гэнэ.  Уралдах морьдын тоо бага ч уяж байгаа адууных нь тоо ийн их байгаагийн учир нь сумын наадмаас эхлээд төрийн наадам дээр болдог замбараагүй маргаанаас болдог гэнэ.  Эрлийз хийгээд монгол гэдэг ангиллыг хэн дуртай нь тийнхүү хийдгээс болж уяачид аль хурдныгаа биш аль хасагдахгүй байх магадлалтай вэ гэдгээрээ уядаг болж.

Өнгөрсөн жилийн наадмаар уралдсан морьдын тооноосоо хасагдсан морьдын тоо хэд дахин их байсан. Нийт бүртгүүлсэн хурьдан морьдыг нас насанд 40-50 хувийг нь хассан.  Энэ нь хэтэрхий өрөөсгөл байсныг малчид энэ үеэр ярьж байлаа. Нэгдсэн нэг ойлголттой болохгүй бол шинэ цагийн монгол адуугаа монгол адуу биш хэмээн хасах нь олон мянган малчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн хэрэг болж байна гэж тайлбарлаж байв.


ДЭЛГЭРЭНГҮЙ СУРВАЛЖЛАГЫГ ДАРААХ ХОЛБООСООС ҮЗНЭ ҮҮ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top