Иргэдийн зээлд тѳлѳх мѳнгѳ хэрэглээнд зарцуулагдах нь бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 27

Коронавирусний эдийн засаг дахь сөрөг нөлөөллийг бууруулахын тулд гаргасан  зээлийн эргэн тѳлѳлтийг хойшлуулах шийдвэр иргэдэд нэн түрүүнд, шууд нѳлѳѳлөх үү гэдэгт Төв банкны ерөнхийлөгч дараах байр суурийг илэрхийлж байна.

“Монгол Улсын санхүүгийн гол ачаалал банкны салбар дээр тогтсон,  санхүүгийн хэрэглэгчид ч үүн тийш илүүтэй төвлөрсөн. Энэ утгаараа өнөөгийн тулгарсан хүндрэл бэрхшээлийг зөөлрүүлэх шийдвэр гаргахад харилцагч, бизнесийн байгууллагуудын саналыг харгалзан үзэх нь зайлшгүй юм.  Тиймээс цар тахлаас болж орлого нь хумигдсан  өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний болон бизнесийн зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөхгүйгээр хугацааг сунгах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр санхүүгийн эрсдэл үүсэх дарамт, хүндрэлийг бууруулахад дэмжлэг болно гэж үзэж байна. Хүсэлтүүд мэдээж ирж байна. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн эргэн төлөлтийн хойшлуулалтын байдал дээр жишээ болгон авч үзэхэд л арванхоёрдугаар сарын 11 –ний өдрийг хүртлэх хугацаанд 2.2 их наяд төгрөгийн 41.5 мянган хүсэлтийг банкууд хойшлуулсан нь нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 63 орчим хувийг эзэлж байна. Гэх мэтээр аль ч төрлийн зээл хойлшуулалт хийгдсээр байна. Эдийн засгийн хөдөлгөөн суларсан энэ үед иргэдийн зээлд тѳлѳх мѳнгѳ хэрэглээнд нь зарцуулагдаж, ѳрхийн хэрэглээ огцом унахгүй байх нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, бизнесийн үйл ажиллагааг давхар дэмжих ач холбогдолтой. Тиймээс Монголбанкны зүгээс аль болох зээлдэгчдийн төлбөрийн чадварыг нарийвчлан харгалзан үзэж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх талаар банкуудад чиглэл өгч ажиллаж байна. Тэгэхээр энэ нь иргэд, бизнесийн байгууллагууд, санхүүгийн системийг бүхэлд нь харсан шийдвэр гэж ойлгож болно. Цаашид нөхцөл байдлын хувьд эхний вакцинууд амжилттай туршигдахын зэрэгцээ гадаад худалдааны том түнш орны эдийн засгийн гүйцэтгэл, тѳлѳв нь сайжирч гадаад орчинд эерэг ѳѳрчлѳлтүүд бий болно гэж харж байна. Харин дотоод орчны хувьд вирусний дэгдэлтийн эрсдэлийг маш хурдан хяналтандаа оруулах нь чухал байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top