АНАГААХЫН САЛБАР ДАХЬ АХИЦ ДЭВШИЛ
Хүн төрөлхтөн бүтэн жилийн турш Ковид-19 халдварын эсрэг вакцин боловсруулахаар завсар зайгүй ажиллаж байсан хэдий ч анагаахын бусад салбаруудын хөгжил дэвшил нэг байрандаа зогсоод байсангүй. Тэр ч байтугай агуу гэмээр амжилттай явдлууд ч тохиолджээ. Жишээ нь, эрдэмтдийн өгүүлж буйгаар, ХДХВ буюу ДОХ-ын халдвартай гурав дахь хүнийг энэ онд эмчилж чадсан, мөн энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин боловсруулах ажил ч амжилттай явж байгаа аж. ОХУ-ын Новосибирскийн шинжлэх ухааны "Вектор" төв ДОХ-ын эсрэг вакциныг гаргасан, уг вакциныг 2011 оны вакцин дээр үндэслэсэн бөгөөд "КомбиВИЧвак-Ново" гэж нэрлэсэн тухай мэдээлэл ч гарчээ.
Вирусний эсрэг эм бэлдмэл болон никотинамидыг хослуулан эмчилснээр вирусний тоосонцрын тоо хэмжээ тэг болтол буурч, эмчилгээгээ зогсоосны дараа ч үр дүн нь хэвээр байв. Одоогоор зуун хувь эдгэрэх талаар хараахан яригдаагүй байгаа, цаашид судалгаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа хэдий ч эрдэмтдийн урьдчилсан таамаглал туйлын өөдрөг байна.
Хонконгт эрдэмтэд анх удаа хиймэл торлог бүрхэвчтэй бионик нүдийг бүтээж чадлаа. Түүний хэлбэр хэмжээ, фокуслах аргууд, гэрлийн мэдрэмтгий чанар зэрэг нь төрөлхийн заяамал эрхтэнтэй ихэд адилхан байгаа учраас өмнөх загваруудаас нэлээн ялгаатай аж. Тэд хүмүүсийн хэрэгцээнд ашиглахад бэлэн анхны загваруудыг ойрын 10-20 жилийн дотор бүтээхээр төлөвлөж байна.
Харин биологичид энэ онд зүрхийг анх удаа үүдэл эсээс ургуулж чадлаа. Одоогоор энэ нь хүнд шилжүүлэн суулгахад хангалтгүй жижиг хэмжээтэй байгаа боловч дэлхий дээрх үхлийн нэг гол шалтгаан болох зүрх судасны өвчлөлийг түүн дээр маш нарийн судлах боломжтой болжээ. Түүнээс гадна, хорт хавдрын эсрэг шинэ вакцины клиникийн өмнөх лабораторийн судалгаанууд найдлага бүхий хэтийн төлөвийг харууллаа хэмээн Австралийн эрдэмтэд мэдээлжээ.
САНСАР СУДЛАЛЫН ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛ
Хүн төрөлхтөн урд өмнө гарч байгаагүй цар тахалтай тулгарч, олон улс дахь зөрчил мөргөлдөөн золтой л гуравдугаар дайныг дэгдээчихээс наахнуур байх энэ цаг үед сансар судлалын салбар харин бүр ч амжилттай урагшилсаар байна. Америкийн сансрын SpaceX хувийн компанийн ачаар Олон улсын сансрын станц руу анх удаа хувийн нисэх төхөөрөмжөөр хүмүүсийг зөөвөрлөсөн явдал нь арилжааны сансрын нислэгийн эрин эхэлж, харьцангуй хүртээмжтэй сансрын аялал жуулчлалын төлөвлөгөөний хэрэгжилт хаяанд ирчихжээ гэж ойлгож болох юм.
ОХУ-д “Роскосмос” байнгын шүүмжлэлд өртөж байсан хэдий ч өмнө нь ганцхан удаа хөөрч байсан бөгөөд олон жилийн турш сайжруулан боловсруулсан “Ангара-5” шинэ пуужинг амжилттай туршиж чадлаа. Бусад улс орнуудад ч сансар судлалын салбар урагшлан хөгжсөөр байгаагийн тод жишээ нь Хятад улс анх удаа Саран дээр хөлгөө газардуулж, гадаргуугийн хөрсний дээжийг дэлхийд амжилттай авчирч чадсан гурав дахь орон боллоо. НАСА анх удаа Сарны гэрэлтэй талаас ус олсон нь түүний томоохон эх үүсвэрүүдийг олох найдлага төрүүлээд байна. Тэд мөн Ангараг гараг дээр ус олсон бөгөөд нарийвчлан хэлбэл, тус гарагийн гадаргуу доорх шингэн ус бүхий нууруудын бүхэл бүтэн системийг илрүүлжээ. Хэрэв энэ нь хэт шорвог биш бол усанд нь амьд оршихуйн шинж тэмдгүүдийг хайх боломжийг олгоно хэмээн эрдэмтэд өгүүлж байна. Ер нь 2020 онд яагаад ч юм, хүн төрөлхтөний нүүлгэн шилжүүлэлттэй холбогдох магадлалтай үйл явдлууд ихэд эрч хүчээ авсан аж.
АЛСЫН ЗАЙН АЖЛЫН АРГАЧЛАЛ
2020 он бол олон хүнтэй оффист ажиллах дургүй, оффисын соёлд төдийлөн тааламжтай ханддаггүй хүмүүст харин ч таатай жил боллоо гэхэд хилсдэхгүй. Учир нь, тусгаарлалт, хөл хорионы дэглэмээс шалтгаалан дэлхийн олон компаниуд өөрсдийн ажилтнуудаа алсын зайнаас буюу гэрээс нь ажиллуулах болсон нь хөдөлмөрийн бүтээмжид төдийлөн сөргөөр нөлөөлөөгүй, зарим тохиолдолд ажлын үр дүн бүр өссөн байна.
Иймд олон корпорациуд, ялангуяа технологийн салбарын компаниуд цаашид цар тахал, хорио цээрийн дэглэм байхгүй үед ч гэсэн ажилтнуудаа алсын зайнаас ажиллахыг зөвшөөрч буйгаа зарлажээ. Энэхүү шийдвэрийг хүний нөөцийн мэргэжилтнүүд талархалтайгаар хүлээн авч, алсын зайнаас ажиллах явдал нь долоо хоногийн ажлын цагийг багасгаж, ажил хөдөлмөр эрхэлдэг оюутнууд болон залуухан эцэг эхчүүдэд хувийн амьдралаа тохинуулахад нь сайнаар нөлөөлнө хэмээн үзэж байна.
Мөн мэргэжилтнүүдээ алсын зайнаас ажиллуулах явдал нь компаниудын хувьд оффисын үнэтэй түрээс болон тоног төхөөрөмжийн зардалд хэмнэлт гарах сайн талтай юм. Ерөнхийдөө алсын зайн ажлыг шинэ бодит байдал гэж хэдийн нэрлээд байгаа бөгөөд далайн эргийн наран шарлага дээр ажиллаж буй оффисын ажилтны дүрслэл бүхий сурталчилгааны зурагт хуудсууд нь амжилтын бэлгэдэл гэхээсээ илүүтэй харин өдөр тутмын үйл ажиллагааны зураглал болох аж.
ИНТЕРНЕТ- ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ЦЭЦЭГЛЭЛТ
Үүнийг өмнөх сэдвийн логик үр дагавруудын нэг гэж үзэж болно. 2020 он бол шинэ бодит нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай онлайн үйлчилгээнүүдийн нээлтийн жил боллоо. Түүнээс гадна, урд өмнө хэрэглэгдэж байгаагүй олон янзын онлайн ажил, харилцаа холбооны үйлчилгээ үүсэж, видео дуудлага, онлайн хурал хийх зориулалтын программ хангамжуудыг улам илүүтэй хөгжүүлэх шаардлага технологийн компаниудад гарч ирэв. Мөн технологийн компанийн мэргэжилтнүүд бүхий л боломжит дэлгүүр, ресторануудын хүргэлтийн системийг үүсгэн байгуулах, боловсронгуй болгох ажлуудыг гүйцэтгэн, ихэд ачаалалтай ажилласан жил байлаа. Энэ онд бараг бүх томоохон дэлгүүрүүд өөрсдийн гэсэн хүргэлттэй болж, тайван цагт хүмүүс ажлаа тараад дэлгүүр хоршоогоор өөрсдөө явж хүнсээ цуглуулдаг байсан бол тэдний энэ ажлыг дэлгүүрүүд гүйцэтгэн, бүтээгдэхүүнүүдээ багцлан гэрт нь авчирч өгдөг болжээ. Онлайн кинотеатрууд болон зугаа цэнгэлийн онлайн үйлчилгээнүүд энэ жил ихээхэн амжилт олж, гэртээ сууж буй үзэгчдэдээ зориулан үнэ ханшаа уян хатан болгож, өөрсдийн гэсэн контент үйлдвэрлэн, онлайн номын сангууд хүрээгээ тэлэх зэргээр үйлчлүүлэгчдэдээ сонирхол татахуйц саналуудыг тавьсаар байна. Томоохон кинокомпаниуд 2021 онд хосолмол системээр уран бүтээлүүдээ толилуулахаар төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Matrix 4, Dune, Suicide Squad 2 гэх мэт томоохон киноны нээлтүүдийг нэгэн зэрэг кино театрууд болон стриминг үйлчилгээгээр үзүүлэх юм байна. Ийнхүү кино “донтонгуудын” мөрөөдөл биелэх цаг айсуй....
ХӨРШИЙН ХОЛБОО, ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАА
2020 онд тохиолдож буй олон хүндрэл бэрхшээлүүд хүмүүсийг бухимдахад хүргэж, амь тулсан үед хувь хувиа бодох аминчхан үзэл дэлгэрэх мэт санагдаж байгаа хэдий ч олон нийтийн дунд явуулсан судалгаанаас харахад нөхцөл байдал эсрэгээрээ байсан аж. Нийтлэг асуудлууд тулгарч байсан нь хүмүүс хамтран ажиллаж, нэг нэгнийхээ туслалцааг авахад хүргэж байжээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь хүмүүсийг урд хожид байгаагүйгээр өгөөмөр болгосныг Fundraising Effectiveness Project-ын судалгаа харуулсан байна. Тэд буяны үйлсэд илүү ихээр мөнгө хандивлаад зогсохгүй, сайн дурын ажилд, ялангуяа цар тахлын эсрэг, мөн хоол хүнсний хомсдолыг багасгах, хандивын аян өрнүүлэх зэрэгт идэвхтэй оролцдог болжээ.
Иймэрхүү зан төлөв нь хямрал, гамшгийн үеэр хүмүүст түгээмэл тохиолддог хэмээн Стэнфордын сэтгэл судлаач Жамил Заки өгүүлсэн байна. Одоогоор зарим нь сандарч түгшин өөрсдийгөө бункерт түгжиж байгаа бол нөгөө хэсэг нь гэнэтийн өгөөмөр сэтгэл гарган зөвхөн хамаатан садан, хөршүүд төдийгүй огт танихгүй хүмүүст ч туслахыг хичээцгээж байна. Энэ талаар илтгэх олон сайхан түүхүүд 2020 онд тохиолджээ. Жишээ нь, үндэсний эрүүлийг хамгаалах албанд мөнгө цуглуулж өгөхийн тулд Британийн 99 настай ахмад дайчин хувийн марафонд оролцсоноос авахуулаад Америкийн нэгэн гэрийн эзэгтэйн зохион байгуулсан хөөрхөн арга хэмжээний үр дүнд сайн дурынхан дулаан хувцас нэхэж, хэрэгцээтэй хүмүүст нь тараан өгсөн зэрэг олон сайхан үйлс энэ жил болж өнгөрчээ.
Мөн 2020 оны бас нэгэн онцлог нь бизнесийнхний нийгмийн хариуцлага дээшилсэн явдал юм. Тэд цар тахлын эсрэг хийх тэмцэлд болон хамтын сайн дурын үйл ажиллагааг хүчирхэгжүүлэхэд зориулж асар их хэмжээний хандив өргөсөөр байна. Буяны ажил үйлсэд урд өмнө байгаагүй татварын хөнгөлөлтүүдийг үзүүлэх болсон нь ч үүнд бас сайнаар нөлөөлсөн бөгөөд төрийн зүгээс ч, бизнесийнхний зүгээс ч чадах чадахаараа тусалж байгаа аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59