2020 оны дэлхийн улс төрийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 31

2020 оны эхнээс дэлхий нийтийг нөмөрсөн хөл хорио, хязгаарлалтыг үл харгалзан улс төрийн амьдрал огт зогссонгүй, харин ч зарим газар нутагт урд хожид байгаагүйгээр эрчимжсэн гэж болохоор. Олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнүүд, хувь заяаг шийдвэрлэхүйц сонгуулийн кампанит ажлууд, дайны хэмжээнд хүрэхүйц хурц ширүүн зөрчил мөргөлдөөнүүдээр 2020 он дүүрэн байв.

ОХУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ

Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралдаан дээр нэгдүгээр сард үг хэлсний дараахан сүүлийн найман жилд анх удаагаа тус улсын Ерөнхий сайд солигдсон төдийгүй, үндсэн хуулийн томоохон хэмжээний өөрчлөлт шинэчлэлтэд бэлтгэх ажил эхэлж, 2020 онд тус орны улстөрийн амьдрал ерөнхийдөө энэхүү асуудлын эргэн тойронд голлон өрнөв. 

Ерөнхийлөгчийн илгээлтээс ердөө долоохон хоногийн дараа үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн бичвэрийг Төрийн Дум анхны хэлэлцүүлгээр баталж, үүний дараа нээлттэй мэтгэлцээнүүд эхлэн гуравдугаар сарын дундуур өндөрлөсөн юм. Тухайн үед Төрийн Дум, Холбооны Зөвлөл, бүс нутгийн парламент, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц зэрэг нь ердөө хэдхэн хоногийн дотор нэмэлт өөрчлөлтүүдийг эцэслэн баталгаажуулсан бөгөөд тэдгээрийг хүчин төгөлдөр болохын өмнө бүх нийтийн санал хураалт дээр иргэдийн дэмжлэг шаардагдахаар болсон аж. Эрх баригчдын зүгээс энэхүү үйл явцыг сунжруулахыг хүсэхгүй байсан учраас бүх нийтийн санал хураалтыг дөрөвдүгээр сарын 23-нд явуулахаар тогтсон байсан хэдий ч цар тахлаас шалтгаалан долоодугаар сарын 1-н болгон хойшлуулжээ. 

Ухуулгын кампанит ажлын үеэр эрх баригчид “бүх нийтийн санал асуулга” гэсэн үгнээс аль болохоор зайлсхийж, харин санал хураалтын үр дүнг мэдээлсний дараа төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков уг үйл явдлыг “Ерөнхийлөгч Путинд итгэл үзүүлэх тухай ялгуусан санал асуулга” хэмээн нэрлэсэн юм. Ингэж нэрлэх болсон нь басхүү тодорхой учир шалтгаантай байсан гэж болно. Учир нь, уг өөрчлөлтүүд нь Засгийн газрын салбар хоорондын харилцааны бүтцийг өөрчлөөд зогсохгүй, Ерөнхийлөгч Путинд 2036 он хүртэл Орос орныг засаглах боломжийг олгож байгаа аж. 

ОНЫ ХӨДӨЛГӨӨН: Black Lives Matter /BLM/

Тогтсон ажилгүй, 46 настай африк гаралтай америк эр Жорж Флойдын амь нас дэлхийг өөрчлөх хэмжээнд хүрнэ гэж хэн нэгэн нь хэзээ нэгэн цагт огт бодож байгаагүй нь лавтай. Тэгвэл 2020 онд энэ явдал тохиолдов. Цагдаагийн ажилтнуудад саатуулагдах үедээ тэрбээр амь насаа алдсан явдал нь эхлээд АНУ-д, дараа нь Европт олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэлээ. Зургаадугаар сард дэлхийн 60 орны 2000 гаруй хотод арьс өнгөөр ялгаварлах үзэл болон цагдаагийнхны хүч хэрэглэхийг эсэргүүцсэн олон сая хүн гудамжинд гарч жагссанаар оргил цэгтээ хүрсэн юм. Эмх замбараагүй, дэг журамгүй байдалд ихэвчлэн шилжиж байсан тэдгээр арга хэмжээнүүдийн манлайд Black Lives Matter /BLM/ хөдөлгөөн голлох үүрэг гүйцэтгэж байлаа. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон хар арьстнуудын эсрэг хүч хэрэглэхийг эсэргүүцсээр ирсэн энэ хөдөлгөөн долоон жилийн өмнө үүсгэн байгуулагдсан хэдий ч энэ онд л дэлхий нийтэд танигдаж амжсан юм. 2020 онд тэрбээр 26 сая хүнийг эгнээндээ нэгтгэж чадсанаар Америкийн түүхэн дэх нийгэм, улстөрийн хамгийн том хөдөлгөөн болсон билээ. ВLM-ийн үйл ажиллагаанууд нь улстөрчид, соёл урлагийн алдартнууд, энгийн иргэдийг хүртэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон өөрсдийн түүхийг эргэн харахад хүргэж, барууны нийгмийн оюун санаанд гүн гүнзгий ул мөр үлдээсэн юм. 

Тэдний улстөрийн үр дагаврыг одоогоор үнэлэх хараахан болоогүй хэдий ч ямартай ч, 2020 он бол зүүний хөдөлгөөнүүдийн төлөөлөл болон бүхий л дав­харгын дэвшилтэт хүмүүсийн хувьд маш ам­жилт­тай жил байсан бөгөөд үзэл санаа нь эртний марксизм дээр суурилсан хэмээн ВLM-ийн удирдагчид хүлээн зөвшөөрчээ. 

ОНЫ СОНГУУЛЬ: Беларусь

Беларусь дахь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль нэлээн ширүүхэн болж өнгөрөх нигуур бүр сонгуулийн кампанит ажлын үеэр мэдрэгдэж, сөрөг хүчнийхэн гарын үсэг цуглуулангаа ээлж халаагүй төрийн тэргүүнээ эсэргүүцэн “Саша 3 хувь” гэсэн уриа лоозонтойгоор жагсаал цуглаан зохион байгуулж байлаа. 

Александр Лукашенкогийн гол өрсөлдөгчид нь блогер Сергей Тихановский, “Белгазпромбанк”-ийн экс удирдагч Виктор Бабарико, дипломатч Валерий Цепкало нар байж, тэдний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэгдсэн хэдий ч сөрөг хүчнийхэн бууж өгөхийг хүссэнгүй. Эдгээр нэр дэвшигчдийн штабууд Тихановскийн эхнэр Светланаг тойрон нэгдэж, ингэснээр Беларусийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээт нийгмийн кампанийг үүсгэсэн юм. 

Сонгуулийн санал хураалтын өдөр Беларусийн хотуудад болон энэ улсын дэлхий даяарх Элчин сайдын яамдын гадаа саналаа өгөхийг хүсэгчдийн урт дараалал үүссэн байна. Ингээд сонгуулийн хэсгийн хороод хаагдан, дараа нь Лукашенко 80 гаруй хувийн санал авсан тухай урьдчилсан дүн мэдээ зарлагдахад хүмүүс эсэргүүцэн бужигналдаж эхэлжээ. 

Иргэдийн эсэргүүцлийн хариуд цагдаагийнхан гэрэл дуут гранат, резин сум гээд бүхий л боломжит тусгай хэрэгслүүдийг ашиглан хатуу балмадаар харьцсан явдалд хүмүүс эгдүүцэж, дараа дараачийн өдрүүдэд улам олуулаа болон эсэргүүцлийн жагсаалд оролцох болсон байна. Ингээд тэдний үйл ажиллагаа өдөр бүр үргэлжлэн, томоохон үйлдвэрүүдийн зарим ажилт­нууд ажил хаялт зохион байгуулахыг оролдож, зарим улстөрчид, дипломатчдын зүгээс иргэдтэй эв нэгдлээ илэрхийлж, Александр Лукашенко гартаа автомат буу барин олны нүдэн дээр гарч ирсэн нь иргэдийн дургүйцлийг улам дэвэргэсэн аж. Гэсэн хэдий ч өнөөгийн төрийн дэглэм нь хангалттай тогтвортой байж, харин эсэргүүцлийн хөдөлгөөн нь хангалттай төвлөрсөн биш болж таарчээ. Энэхүү зөрчил мөргөлдөөнд тус улс дахь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн ОХУ-ын шийдвэр чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Минск хот дахь эсэргүүцлийн арга хэмжээ одоог хүртэл үргэлжилсээр байгаа боловч энэ онд тэд өөрсдийн зорилгодоо хараахан хүрч чадахгүй бололтой. 

ОНЫ ЯЛАГДАЛ: Трамп Байдены эсрэг

2020 оны эхэн үед Дональд Трампыг хоёр дахь удаагаа дахин сонгогдоно гэдэгт ихэнх нь эргэлзэлгүй найдаж байлаа. Учир нь, АНУ-ын эдийн засаг өсөлт сайтай байж, ажилгүйдлийн түвшин хамгийн бага түвшинд хүрсэн, Трампын гол өрсөлдөгчид болох ардчилагч нэр дэвшигчид түүнээс ахимаг насныхан байсан юм. 

Гэвч хагас жилийн хугацаанд АНУ-д болон дэлхий дахинд нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, одоогийн Ерөнхийлөгчийн ялалтыг хэн ч урьдчилан хэлэх боломжгүй болов. Анх удаа дэлхий даяар энэхүү сонгуулийн үр дүнг ганц шөнө бус бүр хэдэн өдрөөр хүлээж, анх удаагаа ялагдсан нэр дэвшигч өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан зэргээр 2020 оны сонгууль хамгийн хэл амтай, зөрчилтэй байсан хэмээн америкчуудын ой тоонд дурсагдан үлдэх биз ээ. 

Трампын талынхны зүгээс гаргасан олон тооны шүүхийн нэхэмжлэхүүд ямар ч үр дүнд хүрэлгүй, эцсийн эцэст Сонгогчдын коллег Жо Байдены ялалтыг баталгаажуулснаар ирэх нэгдүгээр сард Цагаан ордонд шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөхөөр боллоо. 

ОНЫ МӨРГӨЛДӨӨН. Уулын Карабах дахь дайн

Оны турш энэ бүс нутагт нөхцөл байдал хэд хэдэн удаа хурцадсан бөгөөд есдүгээр сарын 27-нд бараг бүрэн хэмжээний дайн дэгдсэн юм. Уулын Карабах дахь Армен-Азербайжаны зөрчил мөргөлдөөнөөс Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган ч хоцролгүй Бакуг дэмжиж буйгаа нээлттэй илэрхийлж байлаа. 

Дайн тулаан зургаан долоо хоног үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд талууд хэд хэдэн удаа эвлэрэл тогтоохоор оролдсон хэдий ч удаа дараа амжилтгүй болж, харин Оросын тусламжтайгаар арваннэгдүгээр сарын 10-нд хийсэн гурван талт хэлэлцээр нь амжилт олж дайны галыг зогсоосон билээ. 

Энэхүү гэрээнд Азербайжаны ялалт тэмдэглэгдсэнээр тус улс нь хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын ихэнх нутаг дэвсгэрийг хяналтандаа авч, Нахичеванд өөрийн автономит тээврийн коридорыг байгуулах боломжтой болсон юм. Тус бүс нутагт гал зогсоох дэглэмийн хэрэгжилтийг Оросын энхийг сахиулагчид баталгаажуулан хянах аж. 

Дайнд ялагдсан явдал нь Арменд улстөрийн тогтворгүй байдал үүсгэж, Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардсан сөрөг хүчний эсэргүүцлийн үйл ажиллагаанууд орон даяар өрнөсөөр байна. Армений Засгийн газрын тэргүүний зүгээс сөрөг хүчний дарамт шахалтад бууж өгөхийг хүсэхгүй байгаа бөгөөд харин ээлжит бус парламентын сонгуульд нам нь ялагдсан тохиолдолд албан тушаалаа өгөхөд бэлэн байгаа аж. 

ЭЦЭСТ НЬ: Коронавируст цар тахал

Шинэ төрлийн коронавируст цар тахал нийгмийн амьдралын бүхий л салбарт нөлөөлснөөрөө 2020 оны голлох үйл явдал болж байна. Олон улстөрчид, тэдэн дунд хамгийн дээд түвшний эрхмүүд болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин нар энэхүү халдвараар өвчилсөн билээ. Гэвч үүгээр цар тахлын улстөрийн амьдралд үзүүлсэн нөлөөлөл хязгаарлагдахгүй аж. 

Энэ оны туршид дэлхийн улстөрчид, эрх баригчдын зүгээс ард иргэдийнхээ амь насыг хамгаалах, мөн эдийн засгаа аврахад туслахуйц шийдвэрүүдийг нэгэн зэрэг гаргахыг хичээж, үүний хажуугаар өөрсдийн рейтингийн төлөө тэмцэн, тэр ч байтугай, зарим тохиолдолд сонгууль, санал хураалтыг хойшлуулахад хүрсэн юм. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top