Сэрвээний өндрөөр хэмжих нь хамгийн маргаангүй асуудал

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 06

Монголчуудын үнэт өв соёлыг олон зуун жилийн тэртээгээс өдгөө бидэнд тээж ирсэн Эрийн гурван наадамгүйгээр Монголын тухай төсөөлөхийн аргагүй. Бүр өргөн агуулгаар нь авч үзвэл Монгол Улс мөн чанараараа оршин тогтнох эсэх тухай асуудал юм. Гэтэл бид сүүлийн олон жил үндэснийхээ баяр наадмыг зохион байгуулж чадахаа больж маргаандаа тулсан. Үндэстэн оршин тогтнохын нэгэн том шалтгаанаа тойрон маргаж байгаа нь бидэнд тулгарч байгаа хамгийн том аюул гэдгийг дуулгах хэрэгтэй.

Харин энэ цаг дор “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг хэлэлцэж байгаа нь ихээхэн гэрэл гэгээ юм. Гэтэл бид энэхүү хуульд дээрх том агуулгаар нь бус өчүүхэн хувийн эрх ашгийн үүднээс хандаж байгаа нь харамсалтай. Сүүлийн олон жил уяачид маань адууныхаа цусыг сэлбэж, илүү хурдан, Монголын байгаль цаг уурт тохирсон үүлдэр бий болгон хөгжүүлж байна. Уяачид нь адуу дагасан соёлоо улам хөгжүүлэн дэлгэрүүлж, дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байхад Төрөөс тодорхой бодлого гаргаж өгөх шаардлага байгаа учраас хуулийн төсөл санаачилжээ гэж ойлгож болно. Өдгөө хэлцэгдэж байгаа хуульд нэг сайн зүйл байгаа нь хурдан морины уралдаанд морьдыг дан сэрвээний өндөр буюу өндөр намаар нь ялгаж уралдуулах юм. Эрлийз адуу бол угаасаа ойлгомжтой сэрвээний өндрөөр гойд ялгарна. Тодорхой хууль дүрэмгүй учраас малчид уяачид маань бүтэн жилийнхээ хөдөлмөрийг үгүй хийж, зардлаа ч салхинд хийсгэж байгааг ингэж цэгцлэх цаг нь болсон. 

Тэгэхээр тус хуулийн 8.10-т “Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан дээд хэмжээнээс илүүгүй байх бөгөөд энэ хэмжээнд нийцсэн морийг хурдан морины уралдаанаас хасахыг хориглоно” гэж заажээ. Тодотговол хуулиар зааж өгсөн сэрвээний өндөрт тааруулан хурдан морьдоо сойх юм. Энэхүү хуулийн заалтыг малчид уяачид маань дэмжин, дөрвөн зүг, найман зовхисоос манай сонинд саналаа ирүүлсээр байна.

Тэдний хувьд “Малчид уяачид бид баяр наадмаа маргаангүй хийх хэрэгтэй байна. Одоо хэлэлцэж байгаа энэ хуульд бидний хүсэн хүлээсэн заалт орж байгаад туйлын баяртай байгаа. Гол маргаан нь эрлийз хурлийз гэж байгаа ч өнөөдөр цус сэлбээгүй адуу гэж байхгүй. Тэгэхээр Монгол наадмаа маргаангүй хийхийн тулд сэрвээний өндөр хэмжихэд л асуудал шийдэгдэх юм. Жилдээ ганц удаа болдог баяр наадмаа маргаангүй сайхан зохион байгуулах цаг ирж байгаа учраас баяртай байна. Аливаа зүйл шинэчлэгдэж өөрчлөгдөнө, цагийн явцад хөгжинө. Улсынхаа баяр наадамд шууд эрлийз адуу уралдуулахгүй нь ойлгомжтой. Тодорхой хэмжээ заагаад өгчихөөр болчихож байгаа юм. Энэ хуулийг ард түмний дундаас сонгогдсон түшээд батлаад гаргана гэдэгт найдаж байна” гэлээ. Арга ч үгүй сүүлийн 10 гаруй жил наадмын талбарт баярлаж цэнгэх бус маргаан дэгдээж байгаа учраас тэдний хүсэн хүлээсэн зүйл бол “Баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах юм. Тэр тусмаа сэрвээний өндрөөр хэмжээд маргаангүй уралдах асуудал аж. 

Шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс эхлээд нийгмийн бүхий л салбарт хөгжил дэвшил асар хурдтай довтолгож явна. Манай үндэсний спортод ч хөгжил дэвшил бий болж, улмаар шинжлэх ухааны ололт амжилт нь өөрөө бататгах болов. Бид л нүүдэлчдийн соёлын нэгэн том өв болох адуу, морины уралдаанаа зохион байгуулж чадахгүй байгааг ийн цэгцэлж байгаа нь сайшаалтай. Юуны өмнө эрлийз адуу өөрөө хурдан байхаас гадна хүний оюун санаа, хөдөлмөрөөр бий болдог учраас гойд байдаг гэдгийг уяачид ч хэлдэг, баяр наадам, морин уралдаан ч өөрөө батлан харуулсаар байна.

Эрлийз адуу нь өнөөдөр гэнэт бий болж, маргаан дэгдээгээд байгаа зүйл ч биш. Магадгүй хэдэн зууны тэртээгээс эхтэй гэдгийг Монгол Улсын байлдан дагуулалтын түүх өөрөө хэлээд өгнө. Тухайлбал, дэлхийг байлдан дагуулж байсан Чингис хаан, өвөг дээдэс маань Азиас хальж, Европод дайтаж явсан учраас аль өнгөтэй өөдтэй адууг сорчлон авахаас өөр арга байгаагүй. Энэ үеэс л монгол адуу эрлийзэжсэн гэж үзэх бүрэн үндэслэл бий. Аян дайны үед ганц хурдан унаа бол адуу байсан. Тэрэг техникгүй энэ үед адуугаа хурдан, хүчтэй байлгаж гэмээнэ ялалт байгуулна. Тэгэхээр эзэнт гүрний үед адууныхаа цусыг сэлбэж сайжруулж байсан нь ойлгомжтой.

Эзэн Чингис хаан Сартуул улсад долоон жил дайтахдаа тус улсын адуун сүргээс дайны олзод авч, цус сэлбэх бүү хэл зүйл болж байсан байж таарна. Энэ мэтчилэн олон улсаас адуу авч, цус сэлбэсэн нь гарцаагүй. Гагцхүү Монгол адууны цөм бүтэц эвдэгдээгүй өнөөдөрт ирсэн нь адуучид, уяачдын маань ухаан, хөдөлмөрийн асуудал. Энэ нь ямар ч маргаангүй зохицуулагдаж ирсэн зүйл. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол адууны гүйцэтгэсэн үүргийн талаар бүгд мэднэ. Тэгвэл энэ нь цус сэлбэж сайжруулсан адууны л түүх. Бүр наашлуулж үзвэл 1939, 1945 оны дайны дараа цэрэг дайны зориулалтаар Донн адууг Монгол адуутай эрлийзжүүлээд тэвчээртэй адуу бий болгохоор Жаргалантын морин зовадыг байгуулсан гэдэг. Гэтэл хөгжлийнхөө явцад тэрэг техник хөгжихөөр армид морь хэрэггүй гэж үзээд Жаргалантын морин зовадыг тараасан байдаг. Тэр үеэс буюу жараад оноос Жаргалант, Батсүмбэрт холимог цустай бага адуунууд Төрийн баяр наадамд хурдалж эхэлсэн түүхтэй. Ийнхүү Жаргалантын морин зовад тарахад шилмэл 200 гүү Морин тойруулгад ирсэн өгсөн төдийгүй 1966 онд Оросоос оруулж ирсэн хэдэн азарганы үр төл гээд Монгол адуу улмаа эрлзийжсэн түүхтэй. Өнөөдөр Донн адууны үр төл зургаа дахь үе дээрээ тасралтгүй хурдалж байгааг ч уяачид өгүүлдэг. Монгол Улсын нэрт уяач Д.Даваахүү бол эрлийз адуу үржүүлж, өнөөдрийн өндөрлөгт гарсан хүн. Түүнийг Донн адууны 200 гүү авч байсан Морин тойруулгын уяач гэдгийг бүгд мэднэ. Монголын цуутай хурдан хүлгүүд болох “Тогоруу халтар”, “Солонго”, “Цавьдар халзан”, “Наран” хонгор, Амгалан төрийн ажнай шарга гээд бүгд цус сэлбэсэн хурдан хүлгүүд юм. Энэ уламжлал байх ёстой. Бүр цааш дэлгэрч байх учиртай. Ер нь бол зөвхөн энэ тал дээр ч бус бэлчээрийн мал аж ахуй, тэр дундаас адуу дагасан соёлын тал дээр төрийн бодлого илтэд үгүйлэгдэж байна.

Үүнээс гадна адуу зөвхөн байгалийн өвс идээд уралддаг байдал 2000 оноос хойш байхгүй болж, мэргэжлийн түвшинд нэгэнт хүрчээ. Морь уяаны ажилд шинжлэх ухаанчаар хандаж байна, эрдэс бодис нөхөхөөс эхлээд олон зүйл бий. Энэ бол моринд тулгуурлан хөгжиж байгаа бас л нэг том соёл шүү дээ. Энэ бүгдээс харахад адуу, морины уралдаан уламжлал дээрээ суурилаад хөгжих ёстой гэдгийг төвөггүйхэн харж болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
адгууснаас дор (64.119.20.3) 2021 оны 01 сарын 06

Одоо бид хэн их мөнгөтэй хүн эрлийз нь байна уу !монгол адуу уралдуулж бэл бэнчин баян цатгалангаа гайхуулсан шинэ үеийн баячуудын наадам шоу үзүүлвэр болжээ.Саяхан эхийнхээ гэдсэнд байгаа унага 100.000 000 болчих шиг болсон.Бодоход тэр унага эр охиныг Эхо д хараа байлгүй.Тэгэхэд гэр орон хоол унд тааруу олон арван айл буй.

0  |  0
Хэнчбиш(203.91.115.50) 2021 оны 01 сарын 06

Хамгийн найдвартай арга нь генийн шинжилгээгээр удамшлыг тогтоож сертификатжуулаад 25%-иас дээш цустайг нь тусдаа урэлдуулах шийдвэр гаргах

0  |  0
Top