Хүйтний эрч чангарч уулын буга хүртэл нөмөр ээвэр газар бараадан бууж ирээд байгаа нь чангахан өвөл болж буйн дохио. Сүүлийн хэд хоногт ГССҮТ-д гурван ч алба хаагчын хацар, чих, гар хөл нь хөлдөж хайрагдсан шалтгаанаар ирж тусламж эмчилгээ авсан гэх. Гэвч энэ мэдээллийг албаныхан үгүйсгэсэн бөгөөд хэдэн сонсогч байсан гэх. Сонсогч ч бас хүн. “Цэрэг бол хүн биш” гэдэг харалган муйхар бодлоосоо ангижирч жаварт хайруулж яваа журамт эрсээ хайрлаж эрүүл мэндийг нь сахин хамгаалах тал дээр энэ цаг үед бодолцмоор. Энэ сарын 5-ны шөнө хасах 40 хэм хүйтэрч шуурсан. Хэдэн цагдаа нараа үүрэгт ажлаас нь буулгаж нурууг нь амраасан нь сайшаалтай. Нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа, сонсогч, хэв журмынхан нийлсэн 6000 гаруй алба хаагч зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа. Өвлийн хүйтэнд өдөржин гадаа зогсож буй алба хаагчдын ажлыг хөнгөвчилж иргэд гэр, гэртээ байх нь хаа хаанаа хэрэгтэй санж. Алба хаагчид сүүлийн хоёр сар шахам хугацаанд өдөр, шөнийн ээлжинд ээлжлэн найман цаг гадаа зогсож байна. Хасах 30-40 хэмийн хүйтэнд тэд хацар чихээ хөлдөөж, гар хөлөө хайрагдтал тэсэж байгаа.
Алба хаагчдын тавьсан шаардлагыг үл хүндэтгэх, хориотой чиглэл рүү зорчих, онцын шаардлагагүй сэлгүүцэх зэргээр ажилд нь хүндрэл учруулах иргэд мундахгүй олон. Хэрэв цагдаа нар иргэдийн хөдөлгөөнийг сааруулж, горимд нь оруулаагүй бол халдварын дэгдэлт хэд дахин их байх байсан. Ийм эмзэг цаг үед үүрэгт ажлаас нь чөлөөл гэж хэлэх тохиромжгүй тул хоёр асуудлыг хөндөж байгаа билээ. Нэгдүгээрт, тэдний хувцас, гутлын хангамжийн асуудал юм. Өмссөн дүрэмт хувцас хэр зузаан, хэр дулаан билээ. Зарим дүүрэг алба хаагчдадаа тэмээний ноосон хантааз олгосон дуулдав. Тэгвэл тэмээний ноосон хантаазгүй алба хаагч хэд бол. Тэдний өмссөн гутал нь дотор гээд байх юм байхгүй. Гадаа ганц цаг зогсоход л доороос төмөр шиг хайрдаг гэдгийг алба хаагчид хэлдэг. Хэлсэн ч, хэлээгүй ч хоёр хөлөө хавиран, байж ядан холхиж яваа алба хаагчид гудамжинд гурав алхахад л тантай тааралдана. Хараад тэдний өмнөөс дагжин чичирч, дааран жинддэг. Уулзвар бүр дээр уур савсуулан зогсоо хэдэн цагдаа нартаа үндэсний үйлдвэрлэлийн тэмээний ноосон хантааз, ноолууран малгай ороолт, нохой, цаа буга, адууны арьсан гутлаар хангах эрхийг нь олгомоор байна. Арван тавны цагдаа нар эсгий гутал, хөвөнтэй өмд, нэхий дээлтэй байдаг байсан. Энэ дүр төрх нь ч сэтгэлд дулаан буудаг. Дүрэмт хувцасных нь хэв шинжийг хадгалаад, загвар хийцийг нь өөрчлөөд, мөрдэс, цолыг нь хадаад өгчихөж болно шүү дээ. Улсын Онцгой байдлын газарт хэдэн саяараа хандив, тусламж ирлээ л гэдэг. Тэр мөнгөнөөс нь дулаан хувцас, гуталны нөөц гаргуулж туйлдаж цөхөрсөн хэдэн эрчүүдээ бөндийтөл бөөцийлмөөр. Бид ийм хүйтэн өвөл гадаа хэдхэн минут зогсоход хэчнээн даардаг билээ дээ. Бүтэн найман цаг зогсоно гэдэг шандас сорьсон яггүй ажил. Даарч хөрснөөс үүдээд эрүүл мэндийн асуудал урган гарна. Ямар ч хүн доороосоо даарвал бөөр, нуруунаас эхлээд ханиад томуу, уушги, сүрьеэ тусахгүй гэх аргагүй. Улсын генетикийн нөөц, удмын санг хадгалж буй эрчүүдийн эмзэг сэдэв болсон түрүү булчирхайн үрэвсэл даарч хөрснөөс багагүй үүдэлтэй. Залуу халуун насандаа хатуу ширүүн, халуун хүйтнийг үзэж яваа эрчүүд маань насны эцэст өвчний үүр л болно гэсэн үг. Оройтож гэртээ харьж байгаа эрс шөнө дундтай уралдан хооллож ундалсаар ходоодны өвчтэй ч болох нь энүүхэнд.
Хүнээ дээдэлдэг оронд замын хөдөлгөөн нь хянах камераар иж бүрэн тоноглогдсон байдаг. Энэ бол дараагийн асуудал юм. Хэзээ ч өвлийн тэсгим хүйтэнд хүнээрээ мөсөн хөшөө тахидаггүй. Цагдаа нар хүн болохоос төмөр биш. Төрийн төлөө тангараг өргөсөн гээд төрсөн биеэрээ хохирно гэсэн үг мөн үү. Техник технологи хөгжөөд байгаа энэ цагт хөдөлгөөнт эргүүл, хяналтын камераа нэмэгдүүлж, ухамсаргүй иргэдэд хариуцлага тооцвол хэдэн хүний нуруу амрах бол. Хэрэв иргэд ухамсартай байвал заавал цасан дээр тэднийг царцаах шаардлага гарахгүй шүү дээ. Халдварын голомт ч хурдан хумигдаж, хөл хорио ч тавигдах болно. Эцэст нь хэлэхэд сонсогч хүүхдүүд төрсөн гэрээсээ хол, өмсөх хувцас тааруу, мөнгө төгрөг муутай, айлд амьдардаг хэцүү байдалтай байдаг нь ч нууц биш. Тэд чинь оюутан болохоор бусад оюутнуудын адил гэртээ сурч, хөгжих эрхтэй. Шөнө хариад л амарч чадахгүй хичээлээ хийгээд суучихдаг аж. Дүрэм журам нь чанга хатуу болохоор даарлаа, хөрлөө гэж гомдоллох эрх хэнд нь ч байхгүй. Цагдаа нарт урамшуулал өглөө л гэдэг. Тэр мөнгөөр чинь өвчин эмгэгээ эдгээх эм тариа аваад л таарах нь байна шүү. “Ерөнхий сайд маань албаны өрөөндөө жиндэх маягтай сууж байна лээ” хэмээн нэгэн гишүүн уруул өмөлзөн уулга алдсан удаатай. Гэтэл тангараг өргөсөн мянга мянган эрсээ гунан үхрийн эвэр хуга хөлдмөөр гудиггүй хүйтэнд дарга сэтэртэнгүүдээс хэн өрөвдөн өмөөрсөн билээ дээ. Заналт цар тахлаас илүү зам дээр зогсоод өвдөх нь байна шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
MALGAITAI KURTEG TOM JIHTEI MALGAI TSAMTS PALITOI, DELHII DEER N1 NOOSNII TUUHII EDTEI,TERIIGEE HOG BOLGOOD HAYACHIHDAG ULS,NAAD DEEREE BAIGAA HULGAICHUUDDAAL GOMDODOO,
HEN HULUU HULDUU GESIIN,YAVUULIN BUTEG HALUUN TSAI MAIGAA UUJ BAIGAACH TIIM UILCHILGEE BAINGA AVAH YOSTOI YUM BAIGAA BIZDEE,NAAD BAIGUULAGA CHINI ESVEL TER ZARDALUUDIG NI UUR ZAMAAR ASHIGLAAD BAIDIIM UU????,NAAD MULGUU TSAGDAA GESEN BAIGUULAGAASAA AJILCHID NI SHAARDAACH,YUUGAA HULEEGEED ZOGSOOD BAIDIIN
uvliin huitend gadaa zogsoj ard ijgediin ayulgui bdliin tuluu eruul mendee ul haihran ajillaj bgaa tsagdaagiin alban haagchidad oir oirhon jijighen horogdoh bair /putik/ barij uguuchee zuuvriin jijighen yum barihad hichneen hurungu orov gejde hunii eruul mendiig bodoh heregtei shuu hotiin dargaa ene sanaliig ajil bolgoochee dotor ni halaagch tavij uguud l asuudal shiidegdeh yum bishuu\n
Иргэд еерсдее бас ухамсартай байж энэ хунд уед нэгнээ гэсэн сэтгэлээр хандаж беегнерехгуй зевшеерелгуй бол машинаа гаргахгуй ажилдаа тодорхой едер явдаг болж еерсдее жаахан ес зуйтэй болмоор байнаа
Дэгтий өмсгөөчээ.залуу болоод мэдэхгүй байна дараа нь ууц нуруу гээд бөөн өвчин болно шүү
Нүдэнд харагдтал бичжээ. Залуус үнэнийг их бичиж, шаардах л юм. Нөгөө пээдийсэн ,ярвайж янцагласан дарга даамлууд нь хандивын мөнгө хувааж ,халааслаад юун цагдаа, сонсогч хүүхдүүдийн эрүүл мэндийг бодохтой манатай.
Цагдаагийн дарга улирдлагууд Өөрсөд өө бас ингэж Зогсмоор юм,
8 цаг арай дэндуу Гол нь гутал муу байхаа Эсгий гутал огоочээ Бугд боор турий булчирхайн овчтэй болно шуу дээ Хэзээ хунээ боддог болох вэ