Манай сонины “Өглөөний зочин”-оор Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн захирлаар ажиллаж явсан Д.Цэдэнбал гуай уригдлаа. Ахмад уурхайчин түүний хувьд Хөшөөтийн уурхайгаа стратегийн орд болгох чин зорилготой нэгэн юм.
-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу та?
-Сайхаан. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу.
-Сайхан. Та Хөшөөтийн уурхайг стратегийн орд болгох ёстой гэсэн байр суурьтай явдаг хүн. Стратегийн орд болгон батлуулснаар иргэдэд ямар ач тустай юм бэ?
-Стратегийн орд гэдэг нь улсын хөрөнгөөр хайгуул хийсэн, Монголын болон бүс нутгийн эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5 хувьтай тэнцэх борлуулалт хийж ашиг олох боломжтой, мөн Урт нэртэй хуульд хамаарагдах орд газрыг нэрлэж байгаа юм. Дээр дурьдсан бүх шалгуурыг манай Хөшөөтийн уурхай хангадаг. Гэвч өнөөдрийг хүртэл төр засаг энэ уурхайг стратегийн орд болгож авахгүй явсаар харийнхны гараар орж, хамаг баялаг маань гадагш урссаар байна.
-Харийнхны гараар гэдгийг тодруулахгүй юу. Хөшөөтийн уурхайд одоо “МоЭнКо” ХХК олборлолт хийдэг биз дээ. Монгол компани биш хэрэг үү?
-Тийм. Энэ компани чинь Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Монголия Энержи Корпорэйшн Лимитэд“ гэдэг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компани. Хөшөөтийн уурхайд 2007 оноос одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ компани ганцхан Хөшөөтийн ордыг бус Ховд аймгийн хэмжээнд байгаа бүх нүүрсний ордын лицензийг эзэмшсэн байдаг. Тухайлбал, Олон булгын нүүрсний уурхай, Мөст суманд байгаа Цагаан хадны нүүрсний уурхай, Манхан суманд байгаа Ганц модны нүүрсний уурхай гэх мэт бүх нүүрсний уурхайн лицензийг худалдаад авчихсан байдаг.
-Тэгэхээр Ховд аймгийн бүх нүүрсний ордын лиценз Хятад компанийн мэдэлд оржээ. Уг нь хуулиараа Монголын газрын баялаг иргэдийн өмч гэж байх ёстой. Бодит байдал дээр харин эсрэгээрээ байгаа нь харамсалтай?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д Монголын хөрсөн дээр болон доор нь байгаа баялаг бүх ард түмний өмч гэж заасан байдаг. Тиймдээ ч би болон манай Ховд нутгийн ард түмэн энэ газар нутгийнхаа эзэн болж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх юм сан гэсэн хүсэлтэй явдаг. Даанч лиценз нэрээр гаднын мөнгөтэй компани газар нутагт маань эзэн суугаад дураараа аашилж байгаад ахмад уурхайчны хувьд эмзэглэж явдаг. Төр засаг энэ ордоо өөрийн мэдэлдээ авмаар байна. Дахин хэлье. УИХ Хөшөөтийг стратегийн орд газраар баталж, төр өөрийн мэдэлдээ авах цаг болсон.
-Уг нь 2012 онд санагдаж байна. Хөшөөтийг Стратегийн орд болгуулах асуудал яригдаж байсан байх аа?
-Тухайн үед манай ахмад уурхайчид, Ховд нутгийн иргэд, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс хөөцөлдөж байгаад стратегийн орд болгоход шаардлагатай бүх бичиг баримтыг нь цэгцлээд тухайн үеийн Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлж, улмаар Засгийн газраас Ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн байдаг. Гэвч УИХ-д хэлэлцүүлэх шатандаа энэ ажил гацчихсан.
-Яагаад?
-Маш ойлгомжтой зүйл болсон. Юу гэвэл, тухайн үед буюу 2012 онд УИХ дээр хэлэлцэгдэх бус харин Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ажлын хэсэг гарч, Хөшөөтийн уурхайд ирсэн юм. Тэр Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тамгын газрын дарга П.Цагаан, АН-ын дарга С.Эрдэнэ нарын хүмүүс ирж нөхцөл байдалтай танилцаад “МоЭнКо” шиг хариуцлагатай сайхан компани байхгүй гэх зэргийн юм яриад явсан. Тухайн үед тус компани нүүрс тээвэрлэлтийн 311 км автозамыг барьж дуусгаад байсан үе нь ч таарсан юм. Ингээд Хөшөөтийн уурхайг стратегийн орд болгох асуудал дарагдсан. Гэвч миний хувьд энэ уурхайтай амьдралаа холбоод 40 гаруй жил явсан, цагтаа уурхайн захирлаар ажиллаж байсан хүний хувьд харийнхны мэдэлд ингээд үлдээж чадахгүй. Тиймдээ ч 2017, 2018 онуудад ахмад уурхайчид болон нутгийн иргэдтэйгээ Улаанбаатар хотод ирж, хэвлэлийн бага хурал хийж, төрийн өндөрлөгүүдэд санал хүсэлтээ удаа дараа хүргүүлж байсан. Одоо ч гэсэн тэмцсээр л байна.
-Таны хувьд Хөшөөтийн уурхайд хэдээс хэдэн оны хооронд захирал хийж байсан бэ. Уурхайн түүхээс бидэнтэй хуваалцаач?
-Хөшөөтийн уурхайн 50 жилийн ой энэ жил тохиож байгаа юм шүү дээ. Би Хөшөөтийн уурхайнхаа ойд зориулж ном бичиж байгаа. Анх уурхайн нөөцийг 1967 онд Орос Монголын хамтарсан хайгуулын баг хийж тогтоож байсан түүхтэй. Ингээд 1971 онд Говь-Алтай аймгийн Цахиуртын уурхайн салбар болж Хөндлөнгийн дэнж дээр гурван гэртэй, 13 ажилтантай анх байгуулагдаж байсан түүхтэй юм. Улмаар тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын тогтоол гарч, улсын чанартай бие даасан үйлдвэр болсон байдаг. Миний хувьд 1996-1998 оны хооронд тус уурхайн захирлаар ажиллаж байсан. Уурхайтай ажил амьдралаа холбоод олон жил болсон, Ховд нутгийн хүний хувьд уугуул нутгийнхаа баялгийг харийнханд зүгээр цөлмүүлээд суухыг эсэргүүцэж явдаг.
-Уурхайн нөөцийн асуудал дээр таны байр суурийг сонсмоор байна. Хэд, хэдэн хайгуулын баг нөөц тодорхойлохдоо харилцан адилгүй дүгнэлт гаргасан гэдэг юм билээ?
-Би энэ асуудал дээр чамд маш нарийн мэдээлэл өгье. Хөшөөтийн орд газрын байршлын хувьд Улаанбаатараас 1250 км, Ховд хотоос Зүүн урагш 205 км, Зэрэг сумаас баруун урагш 60 км, Цэцэг сумаас зүүн хойш 30 км, Дарви сумаас баруун тийш 50 км-т Алтайн нурууны үргэлжлэл Сутай хайрханы салбар уулс дунд далайн төвшнөөс 1900-2200 метрийн өндөрт, өргөргийн 46 градус 29 минут, 26 доль, уртрагийн 93 градус, 16 минут, 35 дольд оршдог. Хөшөөтийн ордын нүүрсний үе нь одоогоос 450 гаруй сая жилийн өмнө дээд карбоны дунд үеэс эхлэн Мөрөн голын орчимд тархан тогтсон Дөрөвдөгч галавын хурдас чулуугаар хучигдсан, нүүрсний давхаргуудын дундуур шургасан 0,1-1,72 метрийн чулуулгийн үенцэрүүдтэй. Чулуулгийн үеийн зузаан дөрвөн метр, нүүрсний давхаргын зузаан 35 метр орчим. Орд газарт 27 цооног, 10 гаруй шуудуу малтаж, нөөц тогтоосон, нөөц нь цаашид нэмэгдэх бүрэн бололцоотой гэж дүгнэсэн байдаг.
Яг нөөцийн хувьд 1967 онд Орос, Монголын геологочид нүүрс нь гурван давхаргатай, нийт 16 сая 312 мянган тонн нөөцтэй гэсэн байдаг. Харин 1978 болон 1981 онуудад хийсэн ашиглалтын болон нарийвчилсан хайгуулаар 24 сая 306 тонн нөөцтэй, нүүрсний эзэлхүүний жин 1,4 тонн ам.метр болно. Мөн орд газар нь ашиглалт явуулахад өндөрлөг газар учир нэлээд төвөгтэй боловч нүүрсний тогтоц нь тогтвортой, нэгэн жигд гэж тодорхойлсон байдаг. Хамгийн сүүлд Хятадын хайгуулын баг 2009-2011 оны хооронд хайгуул хийж, 85,7 сая тонн нөөцтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг юм билээ. Гэхдээ эрчим хүчний нүүрс нь яг хэдэн хувьтай, коксжих чанарын нүүрс нь хэдэн хувьтай гэдэг нарийн дүгнэлт байхгүй. Магадгүй энд бичигдээд байгаагаас ч илүү их нөөцтэй байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Ямартаа ч “МоЭнКо” хайгуул хийхдээ Монголд байхгүй технологи хэрэглэсэн. Тэр нь 710 метрийн гүний өрөмдлөг хийж нөөц тогтоосон.
-Хөшөөтийн уурхай Ярантын боомтоор нүүрсээ гаргадаг. Хэдэн жилийн өмнө тэр бүс нутгийн иргэд химийн бодист хордсон тухай мэдээлэл гарч байсан?
-“Элгэн нутаг Сутай” ТББ 2007 онд 300 гаруй хятад орж ирж хайгуул хийж эхэлсэн цагаас хойш “МоЭнКо” компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль бус зүйлүүд дээр дуу хоолойгоо хүргэж байсан. Энэ хугацаанд олон юм болсон. Тэр химийн бодис гэдэг нь алт угаахад ашигладаг нөгөө цианид энэ тэрийг л хэлээд байгаа байхгүй юу. Энэ компанийн Хөшөөтийн уурхайд хийж байгаа олон хор уршигтай зүйл бий. Булганы Ярантын боомтоор химийн бодис оруулж ирж хүмүүс хордож байсан гэдэг нь үнэн. Тэр цагт Н.Энхбаяр Ерөнхийлөгчид хандаж хортой химийн элементүүдийг хураалгаж, улсын орлого болгож 900 гаруй сая төгрөгийг улсын төсөвт оруулсан байдаг.
-“МоЭнКо” ХХК-д 2019 онд аудитын газраас шалгалт хийгээд 399 сая төгрөгийн торгууль тавьсан байдаг юм билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл төлөөгүй гэсэн мэдээлэл бий?
-Тийм байх. Тэрийг бол би сайн хэлж мэдэхгүй нь. Миний туйлын зорилго бол энэ сайхан орд газраа Стратегийн орд газар болгох юм сан л гэж бодож байна. Энэ бол миний хувийн эрх ашиг бус. Ховдын, Баруун бүсийн, цаашлаад Монголын нийт ард түмний эрх ашгийн асуудал юм шүү дээ. Одоо надад нэг хүнээс амыг нь асууж, амлалтыг нь биелүүлэх шаардлагыг тавьмаар байна.
-Хэнээс?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас.
-Ямар амлалт вэ?
-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд сонгуулийн үеэр иргэдэд ил захидал явуулсан байдаг. Надад тэр захидал ирсэн. Би тухайн үедээ тэр захидлыг уншаад л түүнийг сонгосон. Ховдын олон мянган ард түмэн мөн над шиг сонголт хийсэн байх. Учир нь тухайн захидалд “Баялагтаа эзэн байхын төлөө саналаа өгөөрэй” гэсэн утгатай юм бичсэн байсан. Бүр Хөшөөтийн ордыг тэр захиандаа онцолж, монголчуудад хүртээлгүй гадагшаа зөөгдсөөр байгааг таслан зогсоох тухай дурьдсан байсан. Тэгэхээр “Энэ амлалтаа биелүүлээч ээ. Бид таныг хүлээж байгаа шүү” гэж танай сониноор дамжуулан хэлэхийг хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг таньд үлдээе?
-Ховдын ард түмэн төдийгүй Монгол хүн бүр сэрэх цаг болсон. Эх орны маань баялгийг харийнхан хамаад дуусч байна. Хөшөөтийн уурхайн мянга, мянган тээвэрчдийн эрх ашиг зөрчигдсөөр байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд хохирч байна. Хөшөөтөөсөө нүүрсээ түлдэг байсан Ховдынхон одоо чадахаа байлаа. Гэртээ галгүй, нүүрсгүй сууж байна. Захын хэрэглэгчид нүүрсээ түлж чадахгүй байна. 2012 онд Хөшөөтийн уурхайгаа Стратегийн орд болгоод батлуулчихсан байсан бол өдийд ийм өрөвдөлтэй байдалд байхгүй байсан. Бүхэл бүтэн Алтайн нурууг давж тээвэр хийдэг жолооч нар өнөөдөр Гашуунсухайтын тээвэрчдээс хамаагүй баг цалин үнэлэмжтэй ажиллаж байна. Энэ бүхэнд менежмент, зохицуулалт хэрэгтэй. Иймээс төр Хөшөөтийн уурхайгаа онцгой анхаарах цаг болсон шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 30 )
Ер нь бол Монэко кампани ховдийн дарга нар Ховдоос сонгогдсон гишүүдийн бүгдийг нь кармаалсан юм билээ. Баруун бүс нутагт хужаа кампани даам гарч эх нутагийн эзэн монголчуудийг хооронд нь хагалган бутаргаж .монгол улсын хуулийг уландаа гишгэж дотоод дүрэм гэдэг юм яриад жолооч тээвэрчид ард иргэдийг элэг барин дарамтлах болсон .ховдийн ард түмэн чулуу шороо түлж .нүүрсийг нь Хятад авдаг болсон.монгол төр .хууль дүрэм байдаг бол Монэкотой хариуцлага тооцох цаг болсон .Ховдчууд эх нутаг баялагийнхаа төлөө тэмцэхэд бэлэн байгаа шүү
Тэмцэлээ битгий зогсоогоорой.Амжилт хүсье
Эби хулгайчдаа хэл
Цэдэнбал ах олон жил иргэний нийгмийн дуу хоолой болж байгаа хүн дээ. Ховдын нүүрс Хятадуудын гарт ороод удаж бгаа. Төр анхаарах цаг болсоон. Дандаа сонгогддог их хурлын гишүүн нь яагаад дуугардаггүй юм болооо?\n
тэмцэх хэрэгтэй амжилт хүсье
mash zuv.ene hun chadlaaraa temtsdeg.odoo bugdeeree.buh mongolchuud uursdiin bayalgiin tuluu temtseh tsag bolsoon.
Улсад хурааж аваачээ
Бүх уурхайн 51 хувь хувьцаат төрийн бх ёстой.хувийн компаниуд төрөөс түрээслэх хэлбэртэй бхаар хуульчлах ёстой.хувьцаа нь санд ордог бхаар норвег маягаар
Цэдэнбал үнэний төлөө их явсан.Ховдын ард түмний сонголт итгэлийг үргэлж улан доороо гишгэж ирсэн хөгшин Дэмбэрэл,урвагч хулгайч Элбэгдорж ,мэтийн новшнууд нутаг орныг минь баллаж дууссан шүү дээ.Сүүлийн үед Сандагийн Бямбацогт гэж нэг салдаггүй сүрхий ороолон бий болжээ.Ховдод очихоороо ард түмнийг худал хошгоруулна.Араар нь бүхнийг цөлмөнө.Бид ийм байж болохгүй.Авилгачин дарга нарыг очих бүрд нь амыг асууж ялыг тоочоод болохгүй бүтэхгүйг хөөж зайлуулж байцгаая.
Turd shurgasan Hovdiin hujaanuudiin hiisen ajil. Mongoliin bayalgiig hujaad belegleh ajiliig Selenge, hovd, zavhan , ub iin ugsaa zalgamj erliiz hurliizuud l hiij bna.
Яагаад харийн хүнд хүний газрыг өөрийн юм шиг лиценз нэрээр өгөөд байдаг нь сонин цайрчихсан архичинаас дор аюултай тархитай хүмүүс төрд байна гээд бодхоор л гутамшиг
BYMBATSOGT MEDEXIIN DEEDEER MEDEJ BGAA ARDN CH BJ MEDENNE
Эх орныхоо баялагыг ингэж гадагшаа ямарч үнэгүй шахам зөөж байгааг мэдсээр байж 4 жил дуугараагүйерөнхийлэгчээс юу хүлээх вэ одоо энэ засагт хандаад жаахан дулаарахаар сайн жагсаал хийцгээе бүр тууштай шүү би ч ховд нутгийн хүн.
Танай Элбэгээгийн хийж байгаа ажил. Ер нь энэ өлөн Ховдынхон нэг л өдөр газар нутгаа худалдчихаад дүрвээд алга болно шүү. Өнгөрсөн 10 жилд төр барьсан туршлагаас нь харахад тэгэхгүй гэх баталгаа алга. 2010-аад он хүртэлх хамаг ололтыг маань хэдхэн дөрвөд захчид шавхчихлаа гэж үү дээ? Хүний сэтгэлээр ханддаг новшнууд муу цагаачид.
Хөшөөтийн уурхай элбэгийн гараар орсон нутаг нэгтэй улсдаа өгсөндээ.\n
Сонгууль болгоноор сонгож гаргадаг Бямбацогттойгоо ярь
Улс орноо эзэнтэй болгоё гэвэл . Намуудаас нэр дэвшүүлж ерөнхийлөгч сонгдогоо больж ерөнхийлөгчийн засаглалтай болох. Даанч ийм өөрчлөлтийг хийх нөхцөгдлгүй болтол 30 жил хуулиар өөрсдийгөө хуягалсан данхар данхар намуудтай ядарсан Монгол шүү дээ.
Худалч хорлогч Баттулга жонхуу амлалтаа биелүүл
Ene olon licenziig huraah aaviin hyy alga uu\n
Элбэгээгийн балаг байна. Шүүхэд шилжүүлэх хэрэгтэй юм байна
ЭНЭ УУРХАЙГ БАРСБОЛДООС ЭЛБЭГДОРЖ БУЛААЖ АВААД ХЯТАДУУДАД ЗАРСАН ГЭДЭГ
Барсболд гэгч хаана байна сураг байна уу гадаадад гарсан гэсэн үнэн болов уу
Барсболд гэгч хаана байна сураг байна уу гадаадад гарсан гэсэн үнэн болов уу
Барсболд гэгч хаана байна сураг байна уу гадаадад гарсан гэсэн үнэн болов уу
Хэн өгснийг нь олоод шалгарч. Яаралтай авах хэрэгтэй. Ард түмэн дуу хоолойгоо өргөх цаг нь болсон. Монголоороо тэмцэцгээе
ЭНЭ МОНГОЛ УЛСАД ЧИНЬ ЭЗЭН ГЭЖ БАЙНА УУ? ЭЗЭН НЬ ХЭН БОЛЧИХСОН ЮМ БЭ?
hohi chini
xoxnee hyatad ulsiin hooliig beldej uguj baival ... Mgl uls duurthen ulsaa ⁉️ ard tumen yaduu gadnii ulsad buhnee bdag uls yadaad duugui haraad suddag yum be naad xovdiin ard tumen yagaad eserguuthehgui bgaa yum mod chuluu bariad eserguutheh estoi yum bichuu medeed haraad duugui suuj bga bol ta bugd hohnee geh.s yajtai bilee uuriin turj ussun nutgaa hyatadaad uhaj tunhuulj bgad uursdii chin zovlon do ... Mgl hun hyatadad gazar uhaad uzvel shuud thaazlah bhaa da ... hyatadad doromjuulj bgaga Mgl chuud uhamsralgui hohnee hohnee
Бямбацогт Хөшөөтиын уурхайг Мон-Энко д өгсихсөн байхаа
Хов жив шив.