Нийслэлд газар хөдлөлтийн улмаас хохирол бүртгэгдээгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12


Хөвсгөл аймгийн Ханх сум, Хөвсгөл нуурын орчимд орон нутгийн цагаар өнөөдөр 05:33 минутад 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн талаар өмнө мэдээлсэн билээ. 

Улаанбаатар хотод 05:35 минутын үед чичиргээ мэдрэгдсэн ба одоогоор нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн улмаас барилга, байгууламжинд учирсан хохирол бүртгэгдээгүй байна.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт дээрх хугацаанаас хойш дахин чичиргээ мэдрэгдсэн ба тус сумын зарим байшингийн хананд цууралт үүсэж, цонх хагарчээ.

Газар хөдлөлтөөс үүдэлтэй Хөвсгөл нуурын мөсөнд хил их гарч, бяцралт их өгсөн тул нуурын мөсөөр зорчихгүй байхыг Тосгоны Онцгой комисс, Шуурхай штабаас анхааруулж байна.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газар, Шуурхай штабаас "Засаг даргын тамгын газрын байрнаас албан хаагчдаа гаргаж, гэр рүү нь тарааж, цөөн хэдэн хүн ажиллаж байна. Хоёр давхар байранд байх боломжгүй байгаа. Нялх хүүхэдтэй хүмүүс болон албан хаагчид давхар байранд байх боломжгүй байгаа учраас ах дүүгээрээ бөөгнөрч, аюулгүй байдлаа хангаад, дулаан хувцсаа өмсөх заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Ерөнхийдөө иргэд маань айсан сандарсан байдалтай, эмнэлэг ачаалалтай байна. Ил мэдрэгдэх хохирлын хэмжээгээ тоолох ажлын хэсэг гарсан. Барилга байгууламжийн хана цуурсан байна. ОХУ-д өнөөдөр газар хөдөлнө гэсэн үндсэн мэдээтэй байгаа болохоор газар хөдлөлт үргэлжлэх магадлалтай байна" гэсэн мэдээлэл өгөөд байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (150.129.143.53) 2021 оны 01 сарын 12

Бурхан ивээг биднийг бас эх дэлхийн минь амгалан тайван байгаасай

1  |  0
Top