ОБЕГ: Хөвсгөлд 100 гаруй удаа давтан хөдлөлт мэдрэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох байгууллагууд хамтран Хөвсгөл аймагт газар хөдөлсөн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл "Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт буюу Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд нэгдүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөөдөр үүрээр буюу 05:32 цаг, 58 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Цаашлаад 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6  магнитудтай газар хөдлөлт болсон. Одоо хүртэл давтан хөдлөлт үргэлжилж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол 100 гаруй удаа давтан хөдлөлт боллоо. 

Үндсэн хөдлөлт нь 6.5 магнитуд байсан бол давтан хөдлөлтийн магнитуд нь харьцангуй бага. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 14 удаа бүртгэгдээд байна. Ийм хүчтэй газар хөдлөлт тухайн бүс нутагт анх удаа бүртгэгдэж байна. Голомт нь Ханх сум байна. Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Зайнаас хамаарч чичирхийлэл багасна. 

Улаанбаатар хот газар хөдлөлт болсон тухайн цэгээс 610 км-ын зайд оршдог. Хүрэл тогоотын станцад бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр газар хөдлөлт мэдрэгдсэн байна.

Улаанбаатарын сав газар руу орж ирсэн нь тухайн барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөр өөрөөр мэдрэгдсэн байна. Нийслэлд хэдэн баллаар хөдөлснийг нарийвчлан гаргана. 

Иргэдээс газар хөдлөлтийн талаар олон нийтэд мэдэгдсэнгүй гэх шүүмжлэл гарч байна. Хүчтэй газар хөдлөлт болсны дараа албан тушаалтнуудын цахим шууданд мэдээлэл хүргэдэг. Миний цахим шууданд үндсэн газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа буюу 05:42 минутад мэдэгдэл ирсэн. Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараа иргэдэд хэрхэн мэдээлэх асуудлыг цаашид боловсруулна" гэв.

"Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэх, амжиж анхааруулах боломж бий юу?" гэсэн асуултад Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл "Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэх арга байхгүй. Ямар ч эрдэм шинжилгээний байгууллага ийм түвшинд хүрээгүй байна. Харин болсон газар хөдлөлтийг амжиж анхааруулах боломж бол бий. Манайд амжиж анхааруулах гурван систем байдаг. Хэрэв Улаанбаатар хотод аюул болох хэмжээний газар хөдлөлт болохоор бол хотын ойролцоо оршдог гурван голомтоос систем автоматаар ажиллан дуут дохио өгдөг. Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогтын зааг дээр оршдог Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхтэй хагарал, Булган аймгийн Могод сумын газар хөдлөлтийн идэвхтэй хагарал, Сэлэнгийн Бүтээлийн нурууны газар хөдлөлтийн голомтоос дохио өгдөг. Дуут дохиоллын системийг газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах сургалтын үеэр ашигласан. 2020 онд амжиж анхааруулах систем хэр зөв ажиллаж байгааг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид ОБЕГ-тай хамтран шалгасан. Систем хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн энэ тохиолдолд дуут дохиоллын систем дугарах түвшиндээ хүрээгүй учраас дугараагүй. Ногоон, шар, улаан түвшинтэй. Улаан нь барилга байгууламж нурах хэмжээнд хүрвэл ажилладаг” гэсэн хариулт өглөө. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал Хөвсгөл аймагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас барилга, байгууламжид эвдрэл гэмтэл гарсан эсэх талаар болон улсын хэмжээнд ашиглагдаж буй барилгуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй тухайд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга ашиглагдаж байна. Жилд 1000-1500 барилга шинээр ашиглалтад ордог. 1970 оноос өмнө буюу газар хөдлөлийн бат бэхийн норм норматив гараагүй байхад баригдсан барилгууд бий. Улаанбаатар хотын барилгуудын 8.7 хувь, орон нутагт 17.6 хувь нь газар хөдлөлийн бат бэхийн норм батлагдаагүй байх үед баригдсан гэсэн үг. Газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй, тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт их буюу 16.6 хувь, Улаанбаатар хотод 2.1 хувь байна. Өнөөдрийн газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл аймаг болон зэргэлдээх аймгуудад ажлын хэсэг гарган, үзлэг хийж байна. Хөвсгөл аймгийн Ханх суманд сургууль болон Засаг даргын Тамгын газрын байрны хана цуурсан, шавар, замаск унасан тухай мэдээлэл ирсэн. Мөн аймгийн төвд долоон орон сууц болон жижиг барилгуудад дээрх гэмтэл үүссэн байна. Бусад аймагт болон нийслэлд барилгад эвдрэл, гэмтэл гарсан тухай мэдээлэл ирээгүй. Гэхдээ шалгалт үргэлжилж байна. Манай улсад барилга байгууламж барих, ашиглахтай холбоотой төлөвлөлтийн хоёр норм дүрэм бий. Ашиглагдаж буй барилга байгууламжийн газар хөдлөлийн бат бэхийг шалгах дөрвөн аргачлал байдаг. Тухайн барилга газар хөдлөлийн хэдэн баллын бүсэд баригдаж байгаагаас шалтгаалан зураг төслийг боловсруулдаг. Мэргэжлийн хяналтаас шалгахдаа зураг төсөл нь норм дүрмийн дагуу хийгдэж үү, барилга зургийн дагуу баригдаж байна уу гэдгийг л шалгадаг" гэлээ. 

 


Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
6466(43.242.243.198) 2021 оны 01 сарын 12

Социолизмын үед ийм байсан гээд байх юм. Яасан хөгжиж дэвжидгүй юм бэ. Үе үеийн удирдлагуудын л арчаагүй байдал ш д. та нараас аж ахуйн нэгжийн ХАБЭА-н ажилтнууд арай дээр байгаа дөө

0  |  0
Top