Өнгөрсөн шөнө хүйтний эрч өмнөх шөнөөс 1-28 хэмээр суларчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

2021 оны нэгдүгээр сарын 11-ний 08:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 12-ны 08:00 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Увсын зүүн хойд, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Төв аймаг болон Дорнодын зарим газраар 0.0-4.0 мм цас орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Чандагатад 4.0 мм, Цагааннуурт 2.0 мм, Баянзүрх 1.3 мм, Завханы Баян-Уулд 3.7 мм, Тосонцэнгэлд 1.4 мм, Нийслэл хот орчмоор 0.8-1.0 мм цас орсон  байна. 

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Говь-Алтай, Завхан,  Булган, Төв, Сэлэнгэ, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Ховд, Архангай, Дорнодын өмнөд хэсгээр 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Бугант 15 см, Сүхбаатарын Асгат 14.0 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Увсын Давст, Баянхонгорын Байдраг, Архангайн Түвшрүүлэх, Сүхбаатарын Түмэнцогт, Сүхбаатар, Халзан, Хүдэр, Дарьганга сумдын нутгаар 11-13 см, Баянхонгорын Галуут, Хэнтийн Оргил, Өлзийт, Булганы Гурванбулаг, Завханы Баян-Уул, Хөвсгөлийн Баянзүрх, Сүхбаатарын Наран, Өвөрхангайн Бүрд, Төв аймгийн Борнуур сумуудад 10 см, бусад сумдын нутгаар 1-9 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Нийт нутгийн 72 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна.

Температур их: Өчигдөр өдөр өмнөх өдрөөсөө зүүн аймгуудын нутгаар 0-8 градус хүйтэрч, бусад нутгаар 2-20 градусаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар  -17...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -0...-8 градус, бусад нутгаар -10...-16 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө хүйтний эрч ихэнх нутгаар өмнөх шөнөөсөө 1-28 градусаар суларч, Увс нуур болон Дархадын хотгороор -32...-38, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -25...-31 градус, цас багатай энгэр ээвэр газраар -2...-10 градус, бусад нутгаар -14...-22 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр цас ороогүй. Өнгөрсөн шөнө 0.8-1.0 мм цас орсон байна. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдөр өдөр -16...-18 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -27 градус, бусад хэсгээр -21 градус байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top