Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн талаар Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид Шадар сайд, Онцгой комиссын даргатай цахимаар хуралдлаа. Мэргэжлийн хүмүүстэй ярилцлаа. Одон орон судлалын төвтэй мэдээлэл солилцлоо. Ханх сумаас баруун урагш 34 км зайд байрлах Долоон уулын орчимд газар хөдлөлтийн голомт байжээ гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас газар хөдлөлттэй холбоотойгоор эхний тандалтыг хийлээ. Нийтдээ зургаан удаагийн гол тохиолдол бүртгэгдсэн гэж үзэж байгаа.
Ханх сумын Долоон уул, Ренчинлхүмбэ сумын Жиглэгийн ам орчимд 30 гаруй удаагийн давтамжтай газар хөдлөлт болж, үүнээс хамгийн хүчтэй мэдрэгдсэн нь 6,7 магнитуд хүрсэн байна. Ханх суманд олон удаагийн давтамжтай хөдөлсөн. Ханх сумын Долоон уул орчимд байсан айлын автомашин байрнаасаа 40 см орчим орчим хөдөлсөн. Ренчинлхүмбэ сумын Жиглэгийн ам орчмын айлуудын байшингийн цонх хагарсан, гэрийн тавилгууд унасан тохиолдлууд байна. Азаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол үүсээгүй. Ханх сумын ЕБС-ийн хичээлийн байр, ЗДТГ-ын байрны хананд цууралт өгсөн. Шаардлагатай бол Улсаас комисс авирна. Ренчинлхүмбэ, Цагаан-Уул, Хатгал тосгон зэрэг зэргэлдээх сумдад газар хөдлөлт мэдэгдсэн. Ноцтой хохирол учраагүй, гэхдээ мэдээлэл ирж дуусаагүй байна.
Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд газар хөдлөлт дөрвөн удаагийн давтамжтай хүчтэй мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн улмаас Хилийн цэргийн байр, Гурилын үйлдвэрийн байр, Цагдаагийн байр, 45, 46, 47-р байр, Хаан банкны орон сууц, Эрүүл мэндийн газрын байрууд, "Шинэ Мөрөн" хороолол зэрэг байруудад хагарал цуурал үүсэж, шавар, замаск нь унасан байна. Эдгээр байруудын цахилгаан дулааны шугаманд гэмтэл гараагүй.
Спорт хорооны хуучны, эзэнгүй барилгын эвдрэл, гэмтэл улам нэмэгдэж, нурах эрсдэл өндөр болсон байна. Өмнө нь байсан суурь хагарлууд нэмж хагарсан.
Улсын байцаагч нар сумдын үндсэн барилгуудад газар хөдлөлт нөлөөлсөн эсэхийг үргэлжүүлэн судална. Хүнсний томоохон зах, худалдааны төвөөр шалгалт хийлээ. Ноцтой зүйл бүртгэгдээгүй байна. Одоогоор Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар гэсэн мэргэжлийн байгууллагууд хамтран орон сууцнуудад хяналт шалгалт хийж байна.
Газар хөдлөлтийн улмаас барилга байгууламж, объектод эвдрэл гэмтэл үүссэн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын газрын 7038-3313 дугаарт хүлээн авч байна. Мөн Дулааны станц ТӨҮГ, Хөвсгөл Эрчим хүч ХХК, Хөвсгөл Ус Суваг ХХК, Харилцаа холбооны салбарууд зэрэг онцгой объектуудад үйл ажиллагаа тасалдал доголдолгүй хэвийн ажиллаж байна" гэсэн мэдээллийг "Хөвсгөлийн өнгө" сайтаар дамжуулан олон нийтэд мэдээллээ.
Газар хөдлөлтийн улмаас Ханх сумын ерөнхий боловсролын сургуульд үүссэн цууралт. Эх сурвалж: "Хөвсгөлийн өнгө" сайт
Сэтгэгдэл ( 3 )
hudlaa hutsaad bai
хөвсгөлийн мэдээ яаасан орой ирдэг юм бээ аль өглөө болоод өнгөрсөн байхад, барилга барисан аж ахуй говьд энэ л зуурмагаараа хангай, хээр ч энэл зуурмагаараа биз анхаарах л хэрэгтэй дээ\n
Цуурал гарсан барилгуудыг засах хэрэггүй нураах хэрэгтэй.