Шарын Ганхуяг: Эрдэнийн хүлэг оршоох нь монгол уяачийн эрдэм

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16

Монгол Улсын Тод манлай уяач, “Зууны манлай уяач” Д.Даваахүү нэгэнтээ “Хүн нэг юманд дэндүү мэргэших гэдгийг бөхийн тайлбарлагч Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин агсан А.Ганбаатар, морины сэтгүүлч, Шарын Ганхуяг хоёроос харж бахархдаг” хэмээн ярьсан байдаг. Хурдан морины зургийг үзүүлэхэд л удам угшлыг нь уяач эзэнтэй нь шууд хэлдэг “Дэлхийн монголчууд” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Шарын Ганхуягийг “Өглөөний зочин”-оороо урилаа.


-Тавтай сайхан өвөлжиж байна уу?

-Тавтай сайхан байна аа.

-Бүтээл туурвил арвин байгааг тань дуулаад ярилцах сан гэж бодлоо.

-“Эрдэнийн хүлэг оршвой” гэдэг номоо хэвлэлд бэлдчихээд, захиалга аваад сууж байна. Адуу яахаараа эрдэнийн хүлэг болдог юм, яагаад хаан төрийн долоон эрдэнэд морь ордог юм гээд олон жил бодсон санаагаа буулгалаа даа. Монголын хаан төр мориноос болж хямарч байсан ч түүх бий. Гэхдээ энэ номондоо өвөг дээдсээс өвлөж ирсэн хэдхэн гол угшлыг өөр дээрээ цуглуулж, өөрийн адуугаа бий болгосон  хүмүүсийн тухай, яаж алдаж онож явсныг нь хольж сүлж гаргасан. Доод тал нь 30 жил дагнаж байж, бий болгож байгаа адуу л даа. Энэ хүмүүс дотор нэгэн жарныг туулаад  явж байгаа нь ч байна. Ингэж байж адуу бий болдог, хурдан адууны удам,  угшил гэдэг бол маш их хөдөлмөр, ухаалаг шийдлүүд байдаг юм аа гэдгийг харуулахыг зорьсон. Урьд нь энэ талын судалгааны ном байсангүй, тэр хүмүүс өөрсдөө л үзсээр байгаад бий болгосон. Тэгвэл энэ арга ажиллагааг мэдсэнээрээ одооны залууст арай хялбар болж байгаа юм л даа.

-Ингэхэд та өөрөө морь уяж явсан уу. Унаж явсан уу?

-Би морь мал уяж байгаагүй ээ. Зүгээр хөдөөний л хүүхэд. Төв аймгийн Алтанбулагийнх. Ганц хоёр жил хурдны морь унасан, гэхдээ олигтой хурдлуулаагүй, морио  амьсгаадахаар нь ойччих ч юм болов уу, үхчих ч юм болов уу гээд айгаад давхиулдаггүй хүүхэд байсан. 1987 оноос Төв аймгийн сонинд ороод, Наадмын дугаар бэлдэх гэж хөдөө хөөгдсөөр, морин дээгүүр явдаг болсон юм. 1997 онд “Ардын эрх” сонинд байхдаа “Монголын хурдан морьдын тухай гурван дэвтэр ном хийе, “Дэлхийн монголчууд” гэж олон улсын сэтгүүл гаргая, дэлхийн монголчуудын тухай ном бичье” гэж бодоод ажлаасаа гарч, чөлөөт сэтгүүлч болоод өнөөг хүртэл явж байна. Морины тухай анхны ном минь 1998 онд “Уяачийн нууц товчоон” нэртэй гарч байлаа, 1999 оны эхээр “Дэлхийн монголчууд” сэтгүүлийн анхны дугаар англи, монгол хэл дээр хэвлэгдсэн.

-Тэр үед монгол морины тухай ном хэр олон байсан бэ. Таны ном юугаараа онцлог байв?

-Цэгмид гуай, Баярмагнай гуай гээд цөөн хэдэн хүний ном гарсан байсан. Тэр номуудыг харж байхад хурдан морь тал руугаа бичсэн болохоос уяачийн талаар мэдээлэл арай бага юм шиг санагдсан. Тухайн үед уяач хүн гэдэг ерөнхийдөө жаахан ад үзэгдсэн маягтай байв. 1990 он хүртэл морь уясан хүн ажилсаг, амжилт гаргасан гэж сайнаар хэлүүлдэггүй байсан шүү дээ. Уяачид улсын наадамд явахдаа заримдаа сум орон нутгийн зөвшөөрөл авах явдал ч мэр сэр байв. Нэгдэл нийгмийн олон мал орхиж явах хариуцлагатай хамжаа хүн олох, ноос, сүүний төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлсэн  зэргээс шалтгаалах явдал ч гарна. Хурдан морьтой хүнийг ард олон л тэр уяач, энэ уяач гэж их ярьдаг, хүндэлдэг байсан даа. Хурдан морьдыг судлаад Галшар, Тэс, Тайж, Банди адуу гээд лавшруулаад хөөгөөд байсан чинь нэг зүйл тодорсон. Олон хүн морь уядаг ч цөөхөн  хүн удам угшил гэдгийг бий болгож үлдээдэг, тэр нэгэнт буй болж тогтсон адууны удам угшлын адууг  авсан хүмүүсийн адуу л эзэн хүнээ баярлуулах нь илүүтэй ажээ. Тэгэхээр уяачийн эрдэм талаас  нь ном гаргавал хүмүүст өгөөжтэй байж магадгүй гээд “Уяачийн нууц товчоон”  номоо анх бичсэн юм.

Манай ихэнх ялангуяа төвийн бүсийн баруун талын нутаг орны уяачид урсгалаараа одоо жишээлбэл “Энхжавхлангийн хээр азарга гайгүй давхисан, тэднийхээс байдас, үрээ олж ирлээ” гэж  ярихаас биш удам угшлын талаар ойлгоцгүй байгаа нь мэдэгдсэн. Энэ хүмүүст удам угшил, унаган хурд гэж юу юм, өөрийн хурд гэдэг юу юм гэдэг талаас нь ойлгуулахаар “Унаган хүлэг” номоо хийсэн. Энэ номондоо Монголын язгуур хурдан адууны угшлуудын ерөнхий тархцыг, жишээлбэл Галшарын адуу, Норов хүрэн, Оонон харын удам угшлууд  гэхэд хаашаа хаашаа тарсан байх вэ гэх ч юм уу  ерөнхий чиглэлийг бичсэн. Бүгдийг нь бичиж амжихгүй л дээ.  Сэлэнгэд хурдалсан хэдэн адууг хөөхөд явсаар байгаад Хардэл жанжин бэйсийн Оонон хар, Дагмид адууны угшил руу л хөтлөөд ирдэг. 2000 оны эхээс хөрөнгөлөг баячууд олноороо морь руу шуурхай орсон. Хаагдаж боогдож байснаас ч болсон байх, ер нь морь гэдэг хүнийг олонд таниулахдаа их амархан цаг нь ирэхэд цахим сүлжээ шиг хурдтай байдаг учраас зарим нь өөрийгөө таниулъя гэж, зарим нь үнэхээр сонирхлоороо орсон байх.

Тэгээд баячууд ороод ирсэн чинь ерөнхийдөө язгуур монгол  адууны удам угшил бүдгэрэх тийшээгээ хандсан л даа. Тэр нь яаж ажиглагдсан гэхээр, шинээр гадаадын үүлдэр угсааны адууны азарганууд олноор орж ирсэн, хотын  нэг баян хүн явж байгаад нэг айлаас үрээ авчихаад тэрийгээ  улсад айрагдуулчихлаа гэж бодоход морь авсан хүнийхээ нэрийг ч, удам угшлыг нь ч мэдэхгүй. Тэгээд “Шөнө  давхиж яваад нэг өвгөнийд хоноод маргааш нь тэр айлаас нэг үрээ аваад ирсэн чинь ингэчихлээ” гэх ч юм уу, зарим хүн улс, бүсийн наадмаас айраг түрүү авангуутаа  “Миний адуу хурдан, би өөрийнхөө ийм, тийм угшил удмын адууг гаргана” гээд ярьдаг болсон. Ингэхээр нөгөө хурдан монголын язгуур адууны  удам угшил мартагдах тийшээ орно оо доо.

Ийм үзэл бодолтой, шинэ цагийн уяачдын давлагаанд монголын удамт сайн адуугаар сайжруулж тэсвэр хаттай болгосон гадны англи, араб ч гэх юм уу олон үүлдрийн  адуутай эрлийзжүүлж, сэлбэж сайжруулсан “шинэ цагийн монгол адуу” гарах нь элбэг боллоо. Тэгэхээр “Шинэ монгол” гэж яригдах болсон өнөө цагийн адууг бий болгоход  монголын ямар язгуур удам угшил тэр адуунд орж  бүрдэв, хэн гэдэг уяачийн эрдмээр цойлов гэдгийг баримтжуулах нь түүх ч болно, хойч үеийн судалгаанд ч хэрэгтэй гэдэг талаас “Уяачийн алтан гэрэгэ” номоо бичсэн. Тэр номыг маань “Иточу” компанийн захирал, Монгол улсын манлай уяач Товуугийн Энхбат гэдэг залуу ивээн тэтгэж хэвлүүлсэн юм.  Тэрбээр “Таны хийсэн ажлыг би мэднэ. Энэ их хөдөлмөрийг зүгээр орхичихмооргүй байна, юм болгож үлдээх нь зөв” гээд дэмжээгүй бол энэ ном гарахгүй байсан. Чи бод доо. 2008 онд шүү дээ. Ном хэвлүүл гээд 42 сая төгрөг аваад өгдөг хүн өнөөдөр ч алга, өнө хожмоо байх эсэхийг хэлж мэдэхгүй юм даа.

-1000 гаруй нүүртэй, А-4 хэмжээтэй том ном юм. Гадуур худалдаанд байгаа юу?

-Байхгүй ээ. Өөрт минь ч үлдсэнгүй. Монголын морь сонирхогчдын ойж гарч ирсэн үед гурван жил хөдөөгүүр явж, олон хүнтэй уулзаж, бор дээлтэй өвгөдтэйгээ хуучилж хийсэн ном доо. Цаг үе хувьсан өөрчлөгдөж байгаа яг тэр зааган дээрх яриаг авч үлдсэнээрээ энэ ном минь аргагүй л түүхэн баримт болжээ гэж боддог юм. Морьтойгоо яг гардан ноцолдож байсан улсуудын арга барил хойч үед үлдэх нь өв соёл талаасаа дахин давтагдашгүй юм даа.

Хуучиндаа  уяачид хэдэн жил нэг адууг оролдож оролдож, ганцхан наадамд л тавина. Тэжээл мэжээл гэж байхгүй. Жилдээ ганц удаа, наадамд л хоншоороо үзнэ. Тэр үетэй харьцуулахад уяачид маань өөрчлөгджээ. Морь малын зүс мэдэхгүй, морио ч танихгүй алдарт олширсон байна. Уяа хүртэл ондоо болчихсон. Илүү технологи тал руугаа хөгжиж байна. Сүүлд хүн “Чиний Уяачийн алтан гэрэгэ номонд цохолж орсон хүмүүсээс цол аваагүй хүн үлдсэнгүй” гэж хэлж байсан. Тэр номонд 3000 хүн, 10 мянган гаруй адуу орсон ч гэл үү их уйгагүй, тэр бүхнийг тоолсон хүн ч дуулдаж байсан.

-Хоёулаа Монголд цуутай хүлгүүдийн тухай хөөрье. Сүхбаатарын “Нийгмийн хонгор” гэж түүхтэй хурдан ажнай бий. Угшлаараа хаанахын адуу вэ?

-Яг л Сүхбаатар сумын адуу даа. Тонгоон Жамъян гэж хүний загал азарганы  үр төл юм гэнэлээ.

-Сүрэнхорын хээр ямар адуу байсан бэ. Та Сүрэнхор уяачийн гал дээр очиж л байсан байх.

-Жижигхэн биетэй, ер нь бол дундын биетэй хязаалан үрээ шиг л юмдаа гэж санагдаж байсан. Боржигон, Галшараас жижиг хэрнээ онцгой хурдан адуу цөөнгүй гарсан байдаг юм.

-Социализмын үед зартай байсан Партизаны сангийн аж ахуйн Доржсүрэнгийн хээрийн тухай яривал...

-Доржсүрэнгийн хээр бол Жаргалант адуу. Тухайн үед нэг айлын өмчтэй дүйхүйц, өндөр үнээр, 10 мянган төгрөгөөр авсан гэсэн байх шүү. Тэр морийг Доржсүрэн таньж авсан, тэр морь Доржсүрэнг манлай болгосон шүү дээ. Ер нь хөрөнгө хаяж авсан болгон сайн давхиад байдаг юм биш л дээ. Гэхдээ наймаалцахдаа таталдаж, юмыг нь увуу цувуу өгсөн морь харин давхихдаа тааруу байгаа юм шиг санагдаж байсан. Уяач хүнд хурдан морийг таних эрдэм байна. Яаж өөрийн хурдан адууны цөм бий болгох вэ гэдэг бодлого байна. Одоо хөдөөгүүр захын айлд ороход “Одоо нэг эрлийз юмтай, цустай юмтай болохгүй бол болохгүй нь ээ” гэсэн яриатай байдаг болж. Эрлийз болгон давхидаг юм биш. Эрлийзжүүлсэн болгон хурдалдаг ч юм биш. Энийг хүмүүс мэдэж байх учиртай.

-Төв морин тойруулгын Тогоруу цагааныг эрлийз адуу гэж сонсож байсан...

-Тогоруу цагаан биш Тогоруу халтар юм. Нэгдүгээр үеийн эрлийз адуу л даа. Тэр үед одоотой адилгүй, мориндоо сайхан нэр өгдөг байлаа. Тогоруу халтар гэхэд ерөнхий төрх нь харагдаж байгаа биз. Олигор тогоруу шиг хүзүүтэй, “Тогоруу” гэдэг нэрийг тэр үед тойруулгын хурдан морь уяж байсан  Даваахүү уяач өгч азарга тавьсан юм гэсэн.  “Алтан гадас” гээд хоёрдугаар үеийн эрлийз зээрд халзан азарга байсан. Тэрийг харахаар дээд талын хэсэг арай өргөн дугуй, тэрнээсээ доошоо чанх халзлаад буусан байгаа. Морин тойруулгын нэгдүгээр үеийн эрлийз, сартай хамар цагаан зээрд морь байлаа. Чих мих гоё л доо. “Янзага” гэж нэрлэх жишээний. Нэгдүгээр үеийн маш хурдтай, чадалтай, гараа их өндөртэй эрлийз хүрэн халзан азарга “Их салхин” гэдэг нэртэй. Түүний удам угшил одоо ч хурдалсаар байгаа. Одоо бол эрлийз адууг “50-тай, 25-тай, 75-тай” гээд яриад явчихдаг боллоо шүү дээ. Эндээс юу харагдаж байна гэхээр, өөрөө маллаад, адгуулж байгаа хүн адуундаа хайртай. Тэгж байж ийм гоё нэр өгнө. Хэсэг адуугаа эрлийзжүүлээд  зарж үрж байгаа хүн бол арай ондоо. Тэрийг авч байгаа хотын залуучууд бол өгье гэсэн ч оносон зохисон нэр олоод өгөхдөө барагтайхан байх л даа. Ер нь нэр өгөх хэцүү. Номны нэр ч хэцүү л байдаг.

-Та наадмын өдрүүдэд Хүй долоон худагт өнждөг үү?

-Үгүй дээ. Оръё гэхээр хаалттай, хэц татчихсан том том гэрүүд, орох хаалган дээрээ харуул хамгаалалт цэрэг зогсоочихсон. Ороод ч таван үг солих уяач ховордчихож. Цаана манлай, алдарт гээд хүмүүс бөөн хөөр болоод, айраг архи сөгнөөд байдаг. Наана  уяач нь гээд нэг хүн гүйгээд байдаг. Миний хувьд тийм юм руу очоод яах вэ гэж боддог юм. Чи бодоод үз. Нэг сайн уяачид 20 хүн 200 адуу уяулж. Тэр 200 адуу бол зүгээр нэг захын айлаас авсан биш хурдтай гэсэн адуунаас үнэ цохиж цуглуулсан байж таарна. Хөдөөний нэг малчин гайгүй гэсэн үрээ олж аваад, чадлаараа л тэжээж тэтгэж байгаад наадамд авчирна. Гэтэл нөгөө талд нь нэг насанд нэг уяан дээрээс 40, хаслаа гэхэд 30 морь мордуулж байна. Нэг уяаны 30 шилмэл морьтой, өвгөний ганц морь үзэх нь байна шүү дээ. Тэгэхээр л нөгөө уяачийн эрдэм харагдахгүй болчихож байгаа юм.  Нэг насанд гучин сайн удамтай адуу уяад мордуулж байгаа хүний уяанаас аль нэг нь айрагдана биз дээ. Тэгтэл ганц адуу мордуулсан хүнийх орчихвол ямар байх вэ. Тэгэхээр алдар цолонд ч гэсэн бодолцох ёстой. Ер нь гадны хүмүүс монгол наадмыг, монгол адууг л үзэх гэж ирэхээс биш дэлхий дахинд тархсан араб, англи адуу монголын наадамд уралдахыг харах гэж ирэхгүй л дээ. Тэгээд ч одоо эрлийз, монгол гэсэн талцал үүсэж, наадам маань учир битүүлэг маргааны талбар болчихлоо.  Миний бодлоор, цэвэр цусны адууг тойрогтоо л уралдуулах нь зөв байх. Асуудлын гол нь эрлийз адууны алхам монгол адуунаас хамаагүй хол юм л даа. Түүнээс хурдаар илүүрхээд байх нь юу л бол. Хурдан морины давхилыг туурайн гишгэдлээр хэмждэг уяачид тэрийг тооцож л байгаа.  Нэг туурайн хэмжээгээр илүү урд гишгэж байгаа морь алхмын гишгэгдлийн тоогоор нөгөө мориноосоо холдоод явчихдаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр тохой, алд дэлмээр илүү гишгэж байгаа морь ямар байх вэ гээд бодвол сонин л дүгнэлт гарна. Жишээ нь өрсөлдөгч мориныхоо ард орвол гүйцэхгүй, урд орвол гүйцэгдэхгүй гэдэг тооцоон дээр гуравхан харайлтыг манай уяачид тооцож чаддаг байгаа юм.

-Тэгэхээр та ямар наадам үздэг хүн бэ?  

-Миний санаанаас гардаггүй хамгийн сайхан наадам бол Яармагийн дэнжид болдог наадам. Уяачид нь буучихсан. Хүмүүс очоод хажууд нь жижигхэн майхнаа босгочихсон, хэдэн хуушуураа авааччихсан, морь мал харсан шиг... хэний ч майханд орсон дайлж цайлаад, нэг их сайхан. Яармагийн дэнж тэр чигээрээ уяачтайгаа, морьтойгоо, наадамчидтайгаа наадмын талбай. Анхны “Их хурд” наадам бас их сайхан болсон. Газар газрын уяачид цуглаад ирэхээр Монголын хурд хаанаа байдаг нь тодорхой болсон. Манай зарим аймгийнхан бүдүүн тойм уядаг байсан. Тэд  шургаж ордог, нэг, хоёр хүний жижигхэн майхантай ирчихсэн. Гадаанаа хоолоо идчихээд, хоёр нь майхандаа шургаж унтчихаад, гадаанаа уулзаад л. Гэтэл Төв, Хэнтий, Дундговь аймгийнхан наадаад сурчихсан. Гэр майхан, уяа зэлээ хүртэл бэлдээд ирдэг. “Их хурд”-д ирсэн зарим аймгийн хүмүүс сүүлд ярьж байсан, “Мэдээж айраг, түрүү авахгүй, гэхдээ яах вэ миний азарга шалгараад ирсэн нь сайхан байсан. “Их хурд”-д ирээд их юм мэдлээ. Уяа хэцээ сайхан татах ёстой юм байна, гэр майхнаа барих  ёстой юм байна, идээ будаагаа сайхан засах ёстой юм байна. Том уяачдыг харлаа. Адуу малыг нь харлаа. Шал ондоо байдаг юм байна аа. Их юм сурлаа. Ингэж л нааддаг юм байна” гээд ярьж байсан. Угаасаа наадмын соёл гэдэг чинь маш том соёл шүү дээ.

Анхны “Их хурд” юугаараа гайхалтай байсан бэ гэхээр бүх аймгаас ирсэндээ их сайхан болсон.  Хөхөл сүүлэнд нь шар шувууны өд гозойтол боочихсон, нэг их гоё эрээн нөмрөгтэй, казахын цагаан бор морь, азарга хоёр бас содон харагдаж байсан. Тэгэхэд манайхан нарны нэмнээ энэ тэр нэг их хэрэглэдэггүй байсан даа. Аймгууд тойроод хэсэг хэсгээрээ хуарагнаад буучихсан. Орой болохоор ихэнх нь гаднаа гал түлнэ. Энд тэндгүй гал харагдаад, хоорондоо уулзахаар морьтойгоо явж байгаа нь их гоё, яг л кино шиг. “Өдрийн сонин”-ы Дашрэнцэн бид хоёр наад толгой дээрээс тэднийг хараад  “За Зүчийнхнээс Хасарынхан руу явчихлаа. Тэр гал чинь хэнийх билээ? Сүбээдэйнхний гал бил үү, тийшээ буух уу” гээд ярьж байсан чинь ”Их Монгол улсын үед бид ийм л байсан байх” гэж бодогдоод явчихсан. Тэр үеийн зургуудыг авч, бичлэг хийсэн бол гайхалтай... дахин давтагдахгүй наадам байлаа. Миний нүдэнд үргэлж харагддаг.

-“Их хурд”-аас харахад Монголын хурд хаанаа байна?

-Хурдны цөмийг хаана бий болгож чадсан байна, тэндээс л хурд нь гардаг. Баянхонгорт, Сэлэнгэд хурдалсан адууг судлахад Галшараас л байна. Сүхбаатарын адуу гэхэд л дээд тал нь Галшар, Боржигоны хошуунаас гарсан байдаг. Баруун тал нь Тэсийн голоосоо байдаг. Хомын борлогууд гээд ярихаар дээд талыг нь хөөхөөр Тэсийн адуунууд байдаг. Товчхондоо Монголын хурд Тэсийн гол, Галшарын бүс нутгаас усны ундрага шиг гарч байдаг.

-Шинжаанд явж байхдаа Баруун Монголын “Харшаарын адуу” гэж зартай хурдан морьдын тухай сонссон...

-Тэр их хурдан адуу гэсэн. Ховд аймгийн “Чимэдийн цагаан тавагт” гэж хээр халтар морь байсан юм гэнэ лээ. Тэр морийг анх Харшаараас оргож орж ирсэн хүн унаж явсан. Тэрийгээ Чимэдийнхэнд орхиод унаагаа сэлгээд явахдаа “Энэ хурдан морь шүү, чи эзэн болоорой” гэсэн гэдэг. Тэр нь “Чимэдийн цагаан тавагт” гэдэг түүхэн хурдан морь болсон. Морь нь тийм байгаа юм чинь Баруун Монголын уяачид сайн байх ёстой. Ардын хувьсгалын партизан Цахарын Сумъяа бэйс гэж байлаа даа. Бор талаас цэргүүдтэйгээ Манж- Хятадын эсрэг босоод Монголд орж ирэхэд Сэлэнгийн хойд хэсгээр нутаг зааж суулгажээ. Энэ цахаруудын морьд нь дийлдэхгүй байсан гэнэ лээ. Яагаад дийлдэхгүй байсан гэхээр тэд морио тэжээсэн байгаа юм. Сэлэнгийнхэн тэд нараас тэжээлийн уяаг тохируулаад сурчихсан. “Ус хорьж уях” гэж сонин уяаг бас Сумяа бэйсийнхэн хийдэг байжээ. Нэг л өдөр морийг сайн хурдлуулдаг уяа. Тэрийг сэлэнгэчүүд бас цахаруудаас сурсан байгаа юм.  Сонин шүү. Дэлхийн талаар явахад аль ч газар очсон монголчууд морьтой л холбогдсон байдаг.

-Та Өвөрмонголын хошуудаар нэлээн явсан. Тэндэхийн хурдны угшлын талаар сонирхсон уу?

-Манайхтай адилхан язгуур юм байхгүй. Яагаад гэхээр малыг нь нийгэмчлээд хураачихсан тул морь мал уралдуулахаа больсон, бараг мартчихсан байсан. Одоо харин өв соёлоо сэргээж, манай уяачдаас их юм сурч байна.

-Вьетнамаас гүйж ирсэн азарганд гүү хураалгаж тавьсан гэсэн яриа байдаг. Тэр үнэн түүх үү?

-Одоо сураг сонсох юм бол тийм адуу их олон болчихоод байгаа юм. 1970-аад оны эхээр манай сум, Өнжүүл хоёрын зааг дээр Вьетнамаас гүйж ирсэн хүрэн зээрд морь байсан. Хонгон дээрээ хойноос нь буугаар шүршчихсэн, сумных нь шарх эдгээд сорвижсон алга дарам хоёр гурван цагаан үстэй. Тэр морь Вьетнамаас гүйж ирээд, дөрвөн хөлөө тэлж шаасан гадас шиг хөдөлгөөнгүй зогсоод, хамар нь газар бараг хүрэн алдаж өнжүүт хонуут унтаж байгаад нэг л өглөө гэнэтхэн  сэрээд хөдөлсөн гэдэг юм. Сүүлд нь Намын төв хорооноос хүмүүс ирж, тэр морийг сэтэрлэж, хадаг зүүгээд тавилаа гэж ярьж байсан шүү.

Судлаад үзэхээр Шанхай хотоос гүйгээд Хөлөнбуйр руу ирсэн морь ч байдаг юм. Хожим Хятадын нутгаар хөндлөн гулд явж байхдаа Шар мөрөн, Хөх мөрний дээгүүр сунайсан урт гүүрээр давхиж явахад “Хөөрхий тэр хүрэн морь энэ их усыг яаж гаталж гараа бол. Хүнээс дайжиж яваа амьтан төмөр зам дагаж гараагүй нь лав. Тэгээд шархтай” гэж өөрийн эрхгүй бодогдож байсан шүү. Монгол адуу  гэдэг бол гайхамшигтай амьтан л даа. 

Өнөөдөр фэйсбүүк дээр өдөрт 400, 500 км явсан морь байжээ гээд мэдээлэл гархаар одоогийн залуучууд үнэмшдэггүй юм билээ. Тэгэхэд талдаа 200-400 км газар өдөртөө яваад ирдэг морьд байж л байсан. Тэр замыг туулж байгаа морь, тэрийг туулж байгаа эр хоёр овоо л юм байх нь дээ. Урьд нь монголчууд морийг морь болгож унадаг байж. Одоо бол манайхан чинь адуугаа уулаасаа эдлэхгүй байна шүү дээ. Тоотой хэдэн морио уячихаад л, өвөл нь уядаг хэдийгээ авчирч тэжээгээд ихэнх адуу нь эмнэг хангалаараа явж байна. Дааганаас нь эхлээд л дагиж байгаад морийг морь болгодог байсан үе орчин цагаа дагаад алга болж байна л даа.

-Өвөл хаврын морин уралдааны талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Уламжлал гэвэл ойролцоо буусан айлууд тэрүүхэн уулын амандаа хэдэн морь цуглуулаад Цагаан сараар уралддаг байсан. Хамаа уралдаан, цохио уралдаан гээд жижиг уралдаан хүмүүсийн яриа хэлцлээс гардаг байсан. Бас “Баа авах” гэж байна.  Тэр мэтийн наргиа  даргиа намайг бага байхад  байсныг зах зухаас нь мэдэх юм. Тэр болгон одоо юу гэж сэргэх вэ.

-Одоо та ямар бүтээл дээр сууж байна?

-“Дэлхийн монголчуудаар зорчсон тэмдэглэл” номоо монгол бичгээр гаргасан. Одоо тэрийгээ кирил дээр гаргахаар эхийг нь бэлэн болгоод байгаа.  Бас хурдан морьдоо түүхтэй холбохоор бодож байна. Жишээлбэл Тэсийн голын адууны тархцыг бичихээр Тэсийн голын эхэнд очихоор Чингүнжавын нутагт очиж байгаа юм. Чингүнжавын овоон дээр гарахад Хотгойдын хэдэн хошуу алган дээр тавьсан юм шиг харагдана. Баруун тал руу Хан хөхий гээд явахаар Амарсанаагийн Дөнөн хөх морьтой холбогдоод явчихна. Хүн чинь харьшихдаа их амархан юм байна. Энэ манайх, тэр танайх гээд хилийн зогоон татахад л ахан дүүс бие биенээсээ холддог байгаа юм. Тэгтэл мал их сонин. Урд хөршид явж байхдаа Монголтой хил залгаа нутгийнханаар бууж мордож явахад тэднийхний адуу, үхэр, хонь мал хэдэн үеэрээ хойшоогоо хуучин нутаг бэлчээр лүүгээ,  Монгол руу гүйсэн байгаа юм. Орой гүүгээ тавиад урагш нь лавхан гаргаад өглөө үүрээр  хойд хилийн зогооноос адуугаа хумих жишээтэй байж л дээ. Харин тэр малыг эрлийзжүүлснээр тэгж явахаа байчихсан гэсэн. Гэтэл долоо найман зуун жилийн өмнө хүний нутагт цэргийн үүргээр очсон хүмүүсийн удам, мах цусны тасархайнууд минь биднийг хараад баярлаад, бэтгэрч санаад уйлаад байгааг манайхан ойлгодоггүй, шоолоод байдаг. Гэхдээ юм их өөрчлөгдөж байна. Одоо наадам дээр эмээл хазаар нь сайхан тохирсон сайхан морьтой хүн явж байвал хүн эргээд хардаг болжээ. Урьд бол жийптэй хүнийг хардаг байлаа шүү дээ. Язгуур юм гэдэг язгуурын л байх юм.

Өнөөдөр монгол уяач хорь, гуч, дөч, тавь, жаран жил ноцолдож байж цөм сүргийг бий болгож байна. Тийм олон жилийн дараа тэр хүний адуу хэв загвараа олж тогтоно, давхил нь тогтоно, тэгж байж өөрийн гэж нэрлүүлэх адуутай болно. Тэгж чадсан хүн өөрийн эрдэнийн хүлгээ буй болгож, баялаг, өв уламжлал болгож чадаж байгаа юм. Эрдэнийн хүлэгтэй хүн алтаа ухаад, газраа зараад баяжъя, Америк явж амьдаръя гэхгүй, адуу нь л байхад болно. Энэ бол хөгжил дэвшлээс ухраад улс орноороо хэдэн малаа дагаад амьдаръя гэсэн үг биш л дээ. Энэ орон зайд ирээдүйн хөгжил дэвшил өөд цойлсон эрдэмтэн мэргэд төрж, сансрын орон зайд ч нэр алдраа мөнхөлж хүн төрөлхтний манлайд явж байдгийг түүх гэрчилдэг. Өнөөгийн хамгийн хэцүү зүйл бол үүх түүхээ мэдэхгүй, удмын нэр төрөө эрхэмлэхгүй монголчууд төрд гарсан учраас “Монголчууд малаас өөр юу ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг хүмүүс” гэж гадны түлхээсээр үндэс угсаагаа муучилж, өөрсдөө гүйж очоод улсаа худалдчих гээд байх юм. Сэтгэл гаргаад, жаахан өнгийгөөд харвал дэлхийн түүхийг монголчууд яаж урагш ахиулсныг, тэдний бүтээснийг хэдэн зуун жил гадны улс төр, шашны бүлэглэлүүд хэдэн үеэрээ самравч байж л байгааг төвөггүй мэдэрч болно. Мал нь хүртэл санаж, бэтгэрч, гүйж ирдэг эх нутгаа язгуурын монгол хүн хэзээ ч худалдахгүй. Тэгэхээр бидний аюул гадна биш дотроо байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наранхүү(66.181.161.111) 2021 оны 01 сарын 20

Сайхан ярилцлага байна. Монголын хурдан морь уяачдын тухай зуун дамнасан сайхан түүх намтарыг бичиж хойчийн бидэнд үлдээж буй сэтгүүлч эрхэм ахын гавьяа их ажээ. Номын цагаан буян арвижин болтугай

0  |  0
Matilda(197.234.221.127) 2021 оны 01 сарын 16

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Top