Нэгдсэн стандарт батлахдаа уламжлалыг хадгалж, хэрэглээг харгалзсан

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

ММСУХ-ноос хэрэгжүүлж байгаа “Монгол уяач” дэд төслийн хүрээнд уяачийн малгай, малгайн тэмдэг, залаа болон энгэрийн тэмд­гийн загварыг шинэчлэн, нэгдсэн стан­дарттай болоод байна. Энэ талаар ММСУХ-ны Ажлын албаны дарга Б.Батбаатараас тодруулж байна. 


-Уяачийн малгай, малгайн тэмдэг, залаа, энгэрийн тэмдгийн шинэ стандартын гол онцлог юу вэ?  

-ММСУХ-ны Тэргүүлэгчид 2020 оны хоёрдугаар сарын 7-ны хуралдаанаараа “Монгол уяач” дэд төслийг баталсан. Дэд төслийн хүрээнд

  1. Уяачийн цахим бүртгэлийг эхлүүлсэн.
  2. Уяачийн малгай, залаа, энгэрийн тэмдгийн стандартыг шинэчилсэн.

Уяачийн малгай, залаа, тэмдгийн стандартыг шинэчлэхдээ бид  эрдэмтэн, судлаачдын баг ажиллуулж, одоо хэрэглэгдэж байгаа стандарт дээр санал асуулга явуулсан.

Стандарт, загварыг шинэчлэхдээ
 

  1. Уламжлалаа хадгална.
  2. Хэрэглээний хувьд хэн ч хаанаас ч харсан таньдаг байх ёстой гэсэн үндсэн хоёр зарчмыг баримталсан.

Түүний тулд уяачийн малгайн орой, малгайн залаа, тэмдэг ялгаатай байх ёстой. Хуучин стандартаар Сумын алдарт уяачийн малгай залаагүй байсан ч амьдрал дээрээ бол бүгд залаа хэрэглэдэг байсан. Залааны урт, өргөн, өнгө, айраг түрүүгээр ялгарч байгаа тэмдэглэгээг аймаг, сумууд янз бүрээр хийдэг байсан. Шинэ стандартаар Сумын алдарт уяач, Аймгийн алдарт уяач, Улсын алдарт уяач гурвуулаа залаа хэрэглэнэ, залааны урт, өргөн нарийн бүгд нэг стандарт хэмжээтэй байна, залаан дээрх тэмдэглэгээний өнгөөр ялгарна гэж тогтсон. Энгэрийн тэмдэг дээрхтэй бас адилхан. Улсын  цолтой уяачид энгэрийн тэмдэг хэрэглэдэг, аймаг, сумын уяачид өөрсдийн дураар хэрэглэдэг, зарим нь тэмдэггүй байсан. Одоо аймаг, сумын цолтой уяачийн энгэрийн тэмдэг улсын цолтой уяачийн тэмдгийн стандартаар хийгдэж, дээрх бичиглэл, сууриараа ялгарах болсон. Уяачийн малгайн тэмдгийн шинэ стандартаар бол улсын цолтой уяач Хонгор зээрдийн дүрслэл бүхий дугуй, Аймгийн алдарт уяач нь дөрвөлжин, Сумын алдарт  уяач нь гурвалжин тэмдэгтэй байна, ММСУХ-ны лого, зөвхөн аймаг, сумын алдарт уяач гэсэн бичиглэлтэй байна.

-Монгол Улсын Манлай болон Тод манлай уяачийн малгайн орой хоёр янз батлагджээ. Энэ нь ямар учиртай вэ?

-Монгол Улсын Тод манлай уяач  Дамдин- Янсан бурхны орой болох гурван морины толгой эсвэл зэндмэнэ оройтой малгай өмсөнө. Монгол Улсын Манлай уяач бол нэг морины толгой бүхий орой эсвэл чандмань оройтой малгай өмсөнө. Алийг сонгохоо уяач өөрөө шийднэ. Монгол Улсын алдарт уяач, Аймгийн алдарт уяач, Сумын алдарт уяач гурвуулаа уламжлалынхаа дагуу сампин оройтой байна. Ингэснээр малгайн орой, тэмдэг, залаа, тэмдэглэгээ, энгэрийнх нь тэмдгийг хараад ямар ч хүн таних боломж бүрдэж байна. Батлагдсан загварын өнгө, код, бүх зүйлийг стандартаар заагаад өгчихсөн учраас энийг өөр дүрсээр хэрэглэх боломжгүй.

-Шинэ загварын малгай, тэмдэг, залаагаа яаж авах вэ?

-Уяачид маань цахим бүртгэлдээ хамрагдаж, сумынхаа Уяачдын холбоогоор дамжуулаад холбоондоо захиалга өгнө.

-Хуучин малгай, залаа, тэмдгээ яаралтай солих шаардлагатай юу?

-Нэгэнтээ л шинэ стандарт батлагдсан болохоор түүнийгээ мөрдөх л учиртай. 2021 ондоо багтааж, уяачийн малгайн залаа, тэмдэг, энгэрийн тэмдгийг шинэ стандартаараа шилжиж хэрэглээрэй гэдэг чиглэлийг ММСУХ-ноос 21 аймаг, 330 сум, нийслэлийн зургаан дүүрэгтээ албан бичгээр хүргүүлсэн байгаа. Энэ хүрээнд аймгууд түрүүчээсээ нэгдсэн зохион байгуулалтад ороод шинэчлэх, солих ажлыг хийгээд эхэлсэн.

-Эдгээрийг хаана үйлдвэрлэх вэ?

-Урьд нь уяачийн энгэрийн тэмдэг, малгайн тэмдгийг урд хөршид юм уу Солонгост хийлгэдэг, зарим нь гар аргаар, зарим нь алт, мөнгөөр хийдэг байсан. Харин одоо бид батлагдсан загвар, стандартын дагуу Монголд үйлдвэрлэх ёстой, үндэсний үйлдвэрүүдээ дэмжинэ гэсэн зарчим барьж байна. Тиймээс яг манай зураг, стандартаар, техникийн шаардлагын дагуу үйлдвэрлэж чадах үндэснийхээ үйлдвэр, компаниудтай гэрээ байгуулаад явж байна. Эдгээр загвар Оюуны өмч, зохиогчийн эрхээр ММСУХ дээр баталгаажсан учраас уяачийн багцыг дураараа хэвлэх, үйлдвэрлэх боломжгүй.

-Үнийн хувьд ялгаатай юу?

-Үнийн хувьд улс, аймаг, сум ялгаагүй бүгд нэг ижил, хамгийн боломжит хямд үнээр гарахаар тооцсон. Уяачийн малгайн болон энгэрийн тэмдэг метал хийцлэл бүхий алтадсан, мөнгөлсөн хэлбэрээр хийгдэж байгаа.  Хэрвээ уяач өөрөө хүсвэл алтдуулж, мөнгөлүүлж бүрүүлж болно. Цул алт, мөнгөөр хийлгэж ч болно. Малгайн залааны тухайд үндэсний үйлдвэрлэгч компаниуд албан ёсоор гэрээ байгуулаад, хэвлэх, үйлдвэрлэх ажилд оролцоод явж байгаа.

-Захиалгаа хаана өгөх вэ?

-Сумдын салбар холбоо ММСУХ-ны Ажлын албанд захиалга өгнө. Тун удахгүй ММСУХ-ны www.morinerdene.mn цахим хуудсаар захиалга авдаг болохоор ажиллаж байна. Ингэснээр захиалгын хуудсыг бөглөөд, төлбөрийг нь ММСУХ-ны дансанд шилжүүлснээр өгсөн захиалга баталгаажиж, бид гэрээт үйлдвэрүүдтэй холбогдож, буцаагаад уяачдадаа хүргэх юм. Хэрвээ цахимаар захиалга өгөх боломжгүй байвал Ажлын албаны 77335544 гэсэн утсаар ММСУХ-той холбогдож, шаардлагатай зааварчилгааг аваарай.

Урьд нь бид аймгийн холбоогоор дамжиж, сумдын салбар холбоотой холбогддог байсан. Одоо бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. ММСУХ 21 аймгийн тэргүүн, нарийн бичгийн дарга нар, сумдынхаа салбар холбоотой пэйж, группуудээрээ дамжуулж шуурхай харилцдаг. Дараагийн шатанд бүх уяачаа цахим бүртгэлд оруулснаар ММСУХ аймаг, сумын салбар холбоо, уяач бүртэйгээ шууд харилцах боломж бүрдэж байгаа юм. Тиймээс уяачийн цахим бүртгэлийг хэрхэн хийх, үндэсний их баяр наадамд айрагдаж түрүүлсэн морьдынхоо цувааг яаж оруулах, уралдаан наадмын бүртгэлийг яаж хийх талаар дараагийн дугаарт өгүүлнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(24.252.135.173) 2021 оны 01 сарын 15

Estoi teneg haragddag Gadniihnaas ichej uheh shahdag shuu Ene malgainii oroi n u um geed kkkk Malgainiihaa hajuu tald n erembe tsoliig n hiij boldoggui umuu Mask beluu Mak beluu Ganbaa beluu teneg sta neeh tom morinii tolgoi malgain oroidoo hiitsen ter n hajuu tiishee untsan kkkk Bas bolooguiee alt gejuugaa Unen teneg stanuud shuu

0  |  0
Top