Хойд хөрш ОХУ-д 1.5 сая гаруй хүн Ковид-19 халдвараас сэргийлэх вакцинд одоогоор хамрагдаад байгаа тухай мэдээлжээ. Өнөөгийн байдлаар тус улсад хамгийн хүртээмжтэй нь "Спутник V" вакцин байгаа хэдий ч оросууд мөдхөн өөрсдийн хүссэн вакцинаа сонгох болно хэмээн эрх баригчид ярьж байна. Оросын “Вектор” төвийн вакцины туршилт явагдаж байгаа бөгөөд тун удахгүй Чумаковын нэрэмжит төвийн боловсруулсан вакцин туршилтаа эхлүүлэх гэж байгаа. Ингэснээр ОХУ-д гурван төрлийн вакцин бий болох хэдий ч энэ оны хоёрдугаар сараас гадаадын вакцинаар тариулах боломж ч мөн нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Тэд чухам юугаараа ялгаатай юм бол. Аль вакциныг нь хийлгэвэл дээр вэ.
Орост Pfizer вакцинаар тариулж болох уу
Pfizer, Moderna зэрэг РНХ /рибонуклейн хүчил/ агуулсан вакцинууд Оросод хараахан бүртгэгдээгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд тус улсад бүртгэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Pfizer вакциныг АНУ, Европын орнууд, Канад, Япон улс нийтдээ нэг тэрбум гаруй тунг 2021 онд авахаар захиалчихаад байгаа бөгөөд тус компани 2020 оны арванхоёрдугаар сард 50 сая тун, 2021 оны сүүлч гэхэд 1,3 тэрбум тунг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Матрицийн РНХ дээр суурилсан вакцинууд урд нь бараг ашиглагдаж байгаагүй шинэ технологиор хийгдсэн бөгөөд ийм технологиор боловсруулагдсан нэг ч вакциныг хүмүүст хэрэглэх чиглэлээр өмнө нь дэмжиж байсангүй. Эдгээр вакцин нь бүтцийн хувьд РНХ болон нано жижиг хэсэг дээр тулгуурлан бүтээгджээ. Энэ нь эсэд нэвтрэн оронгоо өвөрмөц уургийн нийлэгжилтийг идэвхжүүлж, түүн дээр саармагжуулагч эсрэг биетүүдийн ихэнх нь боловсруулагдах аж. Moderna энэ онд 600 сая тун гаргахаар төлөвлөгөөндөө тусгажээ. Гэвч зөвхөн АНУ гэхэд энэ онд 200 сая тунг, цаашлаад ахин 300 саяыг ч авч болохоор захиалга өгсөн аж. Үйлдвэрлэлийн явцад гэнэтийн осол гарах, жишээ нь, технологийн алдааны улмаас олон зуун мянган тун ч устаж болзошгүй тул бусад улс орнууд энэхүү вакциныг худалдан авахад хүлээлт үүсэх магадлалтай байна. Хэрэв АНУ болон Европын орнуудын захиалгын тоо хэмжээг вакцин үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй харьцуулаад үзвэл энэ жилдээ зөвхөн эдгээр зах зээлээ хангах хүчин чадалтай байгаа учраас урьдчилан захиалга өгсөн мэр сэр улсад хэсэгчилсэн байдлаар нийлүүлэх боломжтой аж. Pfizer вакциныг зөвхөн улсын зөвшөөрөлтэй гэрээний дагуу нийлүүлэх учраас тийм хэлэлцээр байхгүй хувийн эмнэлгүүдийн шугамаар Орост нийлүүлэх боломжгүй хэмээн нэгдүгээр сарын 11-нд тус компанийн зүгээс мэдэгджээ. Тэгвэл Оросын газар нутагт бүртгэлгүй байгааг үл харгалзан хувийн эмнэлгүүд барууны вакцинуудаар үйлчилнэ хэмээн яагаад амлаад байгаа юм бол. Учир нь, тусгай хууль эрхзүйн салбарт орших кластер байдаг бөгөөд үүнд хамаарагддаг хувийн эмнэлгүүдэд Оросын нутаг дэвсгэрт бүртгэгдээгүй хэдий ч Эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудад бүртгэгдсэн эм, хэрэгслүүдийг хэрэглэхийг зөвшөөрдөг аж. Pfizer одоогоор Их Британи, Европын Холбоо /ЕХ/, Мексик, Сингапур, Канад, АНУ-д яаралтай тусламжийн үйлчилгээнд хамрагдахаар батлагдсан бол Moderna АНУ (яаралтай тусламжийн зорилгоор), ЕХ, Их Британи, Канад, Израильд батлагдсан байна.
AstraZeneca хүртээмжтэй юу
Оксфордын Их сургууль болон AstraZeneca хамтран бүтээсэн бас нэгэн гадаад вакцинаар тариулах боломж оросуудад байна. Энэхүү вакцин нь “Спутник V”-ийн адил аденовирусний вектор дээр суурилсан технологиор бүтээгджээ. Орост уг вакцины олон улсын туршилтын хэсгийг явуулахаар төлөвлөн, “Р-Фарм” вакцин үйлдвэрлэлийн талаар AstraZeneca-тай гэрээ байгуулсан хэдий ч одоогоор энэ судалгаа “зогсонги” байдалд байгаа. Үр дүнгийн талаарх урьдчилсан сул үзүүлэлтийн дараагаас AstraZeneca вакцинд хандах олны итгэл багассан аж. Сайн дураар туршилтад хамрагдагсдын нэг хэсэг нь протоколд заагдсан ижил хоёр тунг биш харин бүтэн хагас болгон хэтрүүлсэн алдаа туршилтын явцад гарсан бөгөөд эдгээр хүмүүст вакцин илүүтэй үр нөлөө үзүүлснийг урьдчилсан байдлаар тогтоожээ. Протоколд заагдсан хоёр тун 62 хувийн түвшинд хамгаалж байгаа нь 90-ээс дээш хувь хамгаалдаг Pfizer, Moderna болон “Спутник”-ээс хавьгүй бага үзүүлэлт юм. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын дундуур AstraZeneca оросын “Спутник V”-ыг зохион бүтээгчдээс хамтран ажиллах тухай санал хүлээн авлаа хэмээн мэдэгдэж байсан. Тэд гадаад зах зээл рүү чиглэсэн нийлмэл бэлдмэлийг гаргахаар төлөвлөж байна. Энэ нь “Спутник V”-ын хувьд хилийн чанадад үнэлэмжээ дээшлүүлэх боломж юм. Одоогоор түүнийг зөвхөн Аргентин, Алжир, Боливи, Серби, Беларусьд л хэрэглээнд нэвтрүүлэхээр дэмжээд байгаа. Харин AstraZeneca-ын хувьд бол вакцины үр дүнгийн үзүүлэлтээ сайжруулах боломж гэж үзэж байна.
“Спутник” болон түүний “лайт-хувилбар”
Орост одоогоор хамгийн хүртээмжтэй нь аденовирусний вектор дээр суурилсан “Спутник V” вакцин байгаа бөгөөд нөхцөл байдлаас тооцоолон үзэхэд нэлээн удаан хугацаанд энэхүү вакцин идэвхтэй хэрэглэгдсээр байх бололтой. Түүний “лайт-хувилбар”-ын туршилт тус улсад эхлэн, одоогоор 150 хүн оролцоод байна. Энэхүү хувилбар нь “Спутник” вакциныг хоёр удаа тарихын оронд нэг удаагийн тарилга болгон өөрчилжээ. Хоёр удаагийн тарилгын үр нөлөө 91.4 хувь байгаа бол нэг удаагийнх 85 хувийн үр дүнтэй байгаа аж. “Спутник V” хоёр бүрэлдэхүүнт хэсэгтэй, хоёр дахь тарилгыг нэг дэхээс гурван долоо хоногийн дараа хийнэ. Энэхүү вакцины хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийн үйлдвэрлэлтэй хүндрэл учирсан талаар Meduza мэдээлж байв. Вакцины “лайт-хувилбар”-ыг гаргасан явдал нь өвчлөлийн, ялангуяа үхлийн давлагааг зогсоох, өөрөөр хэлбэл, цаг хугацааны хэмнэлттэй талаар Гамалейн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург мэдэгджээ. Мөн нэг тарилга хийлгэсэн хүн хожим өөрөө хүсвэл хоёр дахийг хийлгэж болох талаар онцлон дурдсан байна. Гинцбургийн өгүүлснээр, вакцины энэхүү хувилбар нь харьцангуй залуу хүмүүст илүү үр дүнтэй бөгөөд 40-50 наснаас дээш хүмүүст бол хоёр тарилгат вакцин дээр аж. “Спутник” вакциныг хуурай хэлбэрээр үйлдвэрлэж байгаа тул алслагдсан газар нутаг болон халуун бүсийн орнууд руу тээвэрлэхэд тохиромжтой гэж үзэж байна. Уг вакциныг хадгалахад онцгой нөхцөл шаардлагагүй, ердийн хөргөгчинд нэг сар, хөлдөөгчинд хагас жил хадгалах боломжтой аж.
Оросын бусад вакцинууд
Новосибирскийн “Вектор” эрдэм шинжилгээний төвийн бүтээсэн “ЭпиВакКорона” пептид вакцины клиникийн судалгаанууд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 11-нд эхэлсэн. Судалгаанд 18-60 нас хүртэлх 5000 орчим сайн дурынхан, 60-аас дээш насны 180 хүн хамрагдсан бөгөөд вакцин хийлгэсэн хүмүүст ямар нэгэн гаж нөлөөлөл илрээгүй нь тогтоогджээ. “ЭпиВакКорона” бол дэд нэгжит /вирусний зөвхөн хэсэг буюу уураг агуулсан/ вакцин юм. Мөн бие махбодийн дархлааны хариу урвалыг бий болгодог дархлааны системээр танигдсан пептидүүд болох зохиомлоор нийлэгжүүлсэн уургийн тусгай хэсгүүдийг агуулна. Пептидүүд нь зөөвөрлөгч-уурагтай холбогдон, туслах бодисонд бэхлэгдэнэ. Пептид вакциныг шинэ технологиор үйлдвэрлэж буй хэдий ч иймэрхүү вакцинууд нь харьцангуй аюулгүй, гаж нөлөө бараг илэрдэггүй. Иймээс өндөр настай хүмүүст пептид вакцин илүү тохиромжтой юм. Судлаачдын “ЧуВак” хэмээн хошигнон нэрлээд буй нөгөө нэг вакциныг Чумаковын нэрэмжит төвд боловсруулжээ. Одоогоор хараахан бүртгэгдэж амжаагүй, судалгааны хоёр дахь шатандаа явж байна. Энэхүү вакцин хуучны, сайн судлагдсан технологиор үйлдвэрлэгдэн, хүнийг халдварлуулах чадваргүй хэдий ч түүнд дархлааны хариу урвал тогтоох чадвартай “үхмэл” вирус агуулж байгаа аж. Үйлдвэрлэлийн явцад энгийн вирусыг биореакторууд дахь эсүүдэд ургуулж, дараа нь идэвхгүйжүүлнэ. Энэ вакцин нь боловсруулалт дахь энгийн хялбар байдал, харьцангуй дундаж дархлааны хариу урвал үзүүлдгээрээ бусдаас ялгаатай юм. “Энэ бол вакцинтай холбоотой 300 жилийн туршлага, дэлхий дээрх вакцинуудын 99 хувь” хэмээн төвийн захирал Айдар Ишмухаметов үйлдвэрлэлийн технологио танилцуулахдаа онцлон дурджээ.
Хятад вакцинууд
Хятадын Sinovac Biotech компани бас нэгэн “үхмэл” вакциныг боловсруулжээ. Уг вакцин 86 хувийн үр нөлөө үзүүлж, хийлгэсэн хүмүүсийн 99 хувьд эсрэг биет үүсэж байгаа тухай урьдчилсан дүгнэлтийг тэрбээр идэвхгүйжүүлсэн вакцин үйлдвэрлэгчдийн дотроос хамгийн түрүүнд нийтэлсэн байна. Ноцтой гэхээр сөрөг нөлөөллийг судлаачид олж тогтоогоогүй аж. Хятадын CanSino Biologics эмийн компанийн бүтээсэн "Конвидеция" (Ad5-nCoV) вакцин өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Орост бүртгэгдсэн бөгөөд түүний хамтрагчаар “Петровакс” ажиллаж байгаа.
Энэхүү вакцин “Спутник”-ийн адил аденовирусний вектор дээр суурилсан бөгөөд зөвхөн тав дахь төрлийн аденовирусыг ашиглаж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард хятадын эрдэмтэд хулгана дээр хийсэн судалгаагаа нийтэлсэн. Тэнд өгүүлснээр, Ad5-nCoV нь эсийн дархлааны хариу урвалыг бий болгосноор SARS-CoV-2 коронавирусний халдвараас хамгаалдаг гэсэн дүгнэлтийг хийжээ. Хүн бүр вакцин хийлгэх шийдвэр гаргахдаа өөрийн эрүүл мэндийн онцлогууд болон өвчний түүхээ харгалзан үзэх нь зүйтэй юм. Вакцинуудын эмнэлзүйн гуравдугаар шатлалын бүрэн дүүрэн үр дүнгүүд хараахан гараагүй учраас тэдний харьцангуй үр нөлөөг илтгэх бүрэн зураглал одоогоор алга байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Мөнхсайхан сайдын авах гэж байгаа вакцин энд байхгүй байна.