ОЛОН ӨНГӨ: Бид бусдыг гомдоосондоо л хамгийн их харамсдаг

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16

“Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз болдгийг сана” хэмээх Далай ламын сургааль бий. Анзаараад байхад авч чадаагүй зүйлдээ харамсах харамсал хүмүүст төдийлөн удаан хугацаанд хадгалагддаггүй бололтой юм билээ. Мэдээж, худалдаачин хүнд зарим шинж чанар байдаг байж болох юм. Харин явж явж бусдыг гомдоосон үйлдэлдээ хожим хойно харамсан гашуудах хүн олон. Хамгийн гашуун харамсалын нэгдүгээрт ээжийгээ хангалттай хайрлаж чадаагүй харамсал ордог байх даа гэж хааяа бодогддог. Энд тэнд явахдаа анзаарсан зүйл бол ээжийн холбогдолтой шүлэг, дуу болгон өнчирч хоцорсон бүхний өрийг өвтгөдөг юм байна даа гэсэн бодол.

Түүнчлэн арван жилийн ангийн найзаа гомдоосон тэр байтугай хүүхэд байхдаа амьтан зовоосон явдал ч олон жилийн дараа дотор зураад л байдаг юм. Худ­лаа хэлсэнээсээ ичиж явах нь ч нэг төрлийн бусдыг гомдоосон харамсал шүү дээ. Мөнгөгүй бай­гаа­даа, алдар хүндгүй яваа­даа бачуурдаг хүн ховор. Улс төрд л тийм төрлийн цөөн хүн байдаг байх. Түүнээс биш энэ мөнхийн хорвоод хэдэн жилийн хугацаатай ирээд буцдаг хүн гэдэг амьтан бусдыгаа гомдоосон үйлдлээрээ л өөрийгөө зүхсээр дуусдаг бололтой. Аливаа шашны лам нарын амьдралын мөрдлөг эцсийн дүндээ хэнийг ч гомдоохгүй явахад оршдог мэт санагдах. Ямар ч байсан бидэнд бус­дыгаа гомдоож өөрийгөө гэм­тээх­гүй байх боломж үргэлж байдаг юм шүү гэдгийг л сануулъя даа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонин(202.179.25.38) 2021 оны 01 сарын 18

Цаашид бусдыг гомдоохгүйн тулд өөрийнхөө бусдаас хүсдэг үнэ цэнэтэй сэтгэлийн зүйлийг бусад хүнд түрүүлж хийж өгдөг хандлагатай л болох хэрэгтэй байх. Зарим хүмүүс бусдаас сэтгэлийн тийм зүйл надад өгсөнгүй гэж гомдоллодог. Чи бусдад түүнийг өгөөгүй учраас бусад нь чамд өгдөггүй байж болох талтай.

0  |  0
Б(58.123.56.14) 2021 оны 01 сарын 16

Надад улсаас юу ч өгөөгүй тэрнээс болж би их ядуу зовсон. Улсын дэлгүүр гуанз гээл байшин авсан хүмүүс түрээсийн мөнгөөр таамаглаж байхад би ядуугаасаа болж хүний наймаанд өртөж их зовлон үзсэн хэн ч надад тусгаагүй. Хайран амьдрал минь би уйлж байна өдөр бүр

0  |  0
Хүн(202.179.25.246) 2021 оны 01 сарын 16

Хэнээс ямар сануулга ирээд байнаа???

0  |  0
үнэн(64.119.16.83) 2021 оны 01 сарын 16

Ах, ээж, ааваа алдсан хойно тэгэхгүй яав даа хэмээн бодогддог л юм. ТЭГЖ баярлуулах байсан юм, .. Их бодогддог юм даа. Харамсалтай.

0  |  0
Top