ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатартай БНХАУ, Монгол Улс хоорондын харилцааны онцлог, эдийн засгийн хамтын ажиллагаа, Индонезийн нийслэл Жакартад болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлаар ярилцлаа. Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал эдийн засгийн болоод хоёр орны харилцааны хувьд түүхэн амжилт тогтоосон гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга онцолсон юм.
-Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын ажлын хэсэгт орж ажилласны хувьд энэ удаагийн айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг ерөнхийд нь дүгнэж хэлбэл маш амжилттай, найрсаг уур амьсгалтай болж өнгөрлөө. Түүхэн айлчлал болсон гэж хэлж болно. Манай улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай хоёр орны харилцаанд сайнтай, муутай өөдрөг, эргэлзэхүйц цаг мөчүүд зөндөө байсан. Харин сүүлийн хориод жилийн хугацаанд хоёр орны харилцаа эрс сайжирсан. Хориодхон жилийн хугацаанд түүхэн, олон алхам хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулснаас хойш стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ.
-Тэгэхээр манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хурдацтай хөгжжээ?
-Хориодхон жилийн хугацаанд стратегийн түншлэлийн харилцаанд хүрнэ гэдэг түүхэн амжилт. Хоёр хүн нэг гэрт ороод амьдрахад эхэндээ хэцүү байдаг шүү дээ. Үүний нэгэн адилаар хоёр тусдаа, өөр өөрийн үзэл бодол, тогтолцоотой улсын харилцаа хурдан хугацаанд стратегийн түншлэлийн хүрээнд хүрч байгаа нь онцлууштай үйл явдал юм.
Манай хоёр улс мөнхийн хөршүүд. Мөнхийн хөршүүд стратегийн түншүүд болно гэдэг мөнхөд туурга тусгаар хэрнээ стратегийн ашиг сонирхлын хувьд бие биедээ итгэж, хамтарч ажиллах тунхаглалыг бий болгож байгаа хэлбэр юм. Хоёр улс өөр өөрийн түүхэн замнал үндэстний тогтолцоотой учраас зарим зүйл дээр байр суурь нийлэхгүй байж болно. Гэхдээ үүнийгээ бие биендээ итгэлцэх байдлаар шийдэхийн тулд харилцан ярилцаж, ойлголцож, хамтын хөгжлийн хувилбар руу шилжих учиртай. Хамтын хөгжил гэдэгт томоохон төслүүд орж байна.
-Томоохон төслүүд дээр хамтарч ажиллах тал дээр ямар бодлого барьж байна. Хятадын эдийн засгийн өсөлт манайд ч нөлөөлж байгаа талаар Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр яригдаж байсан?
-Таван толгой гэдэг орд Монголд урьд нь байж л байсан. Таван толгойг эзэмшиж байсан Австралийн компани Монголын төрд буцаагаад үнэгүй өгсөн тохиолдол бий. Тэр үед БНХАУ-ын эдийн засаг хурдацтай хөгжөөгүй, тэд нүүрс авдаггүй байсан. Гэтэл өнөөдөр БНХАУ-ын эдийн засаг маш хурдацтай хөгжиж, нүүрс авдаг болсноор хаяа дэрлэн оршиж байгаа манай улсад түүнээс ч хурдан хөгжих боломжийг нээлээ. Ерөнхий сайд бизнесийнхэнтэй уулзах үеэрээ БНХАУ статистикийн хувьд олон дээд амжилтыг тогтоосон гэдгийг онцолсон. Үүнийг дагаад хөгжиж буй Монгол Улсын эдийн засгийн хөгжил БНХАУ-ынхаас ч давах шинжтэй байгаа. Хятадын эдийн засаг маш хурдацтай хөгжиж 11-12 хувьд хүрч байсан бол Монголын эдийн засаг ойрын хэдхэн жилд 20 хувьд хүрч болзошгүй. Том эдийн засаг хөгжихөөрөө араасаа татаж байгаа жижиг эдийн засагт илүү хурдацтай хөгжих боломж олгодог. Ийм түүхэн боломж олгож байгаа хөрштэйгөө стратегийн түншүүд болох нь Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа. Мөн бидний урдаа тавьж буй нийгэм, эдийн засгийн олон зорилтыг шийдэхэд тус дэмтэй.
-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд хоёр орны эдийн засгийн харилцаанд ахиц гарлаа. Түүхэнд байгаагүй хэмжээний хөнгөлөлттэй зээл авахаар болсон талаар ч яригдаж байна?
-Энэ айлчлалын онцлогийг эдийн засгийн үүднээс аваад үзвэл түүхэнд байгаагүй тохиролцоонд хүрсэн. Барагцаалбал 800 гаруй сая ам.долларын гэрээ хэлэлцээрийг хоёр талаасаа тохирлоо. 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл гэдэг бол түүхэнд яригдаж байгаагүй их тоо. 1990-ээд оны үед донорын уулзалт гээд бүх донор улсаа нэгтгэж, Монгол Улсынхаа нэрээр дэнчин тавиад “Бид мөнгийг чинь буцааж төлнө” хэмээж байж хөнгөлөлттэй зээл тусламж авч байсан. Тэгэхэд нийтдээ 330 сая ам.долларын тусламж аваад маш том амжилтад хүрлээ гэж үзэж байлаа. Тэгвэл өнөөдөр Монголын эдийн засаг өөр өнгө төрхтэй, далайцтай болжээ.
-Их хэмжээний зээлийг хөрш маань олголоо. Энэ нь БНХАУ, Монгол Улс эдийн засгийн харилцаагаа далайцтай болгож байгааг ч харуулж байна?
-Бидэнд зээл өгнө гэдэг тухайн зээлийг буцааж төлөх итгэлийг монголчууд хүлээж чадаж байна гэсэн үг. Энэ талаасаа авч үзвэл бидний амжилтыг бусад орон харж, үнэлж байна гэж ойлгож болно. БНХАУ-д хийсэн Ерөнхий сайдын айчлалыг бүс нутагтаа хамтаа хөгжье, хамтдаа өсөж дэвжье, дотоодын асуудлаа хамтын амжилтаар шийдвэрлэж, бие биеийнхээ зовлон жаргалыг ойлгож, хамтарч ажиллая гэсэн тохиролцоотой айлчлал боллоо гэж хэлж болохоор байна.
-Ерөнхий сайд Индонезид ч айлчлал хийсэн. Энэ айлчлалын үр дүнг онцолбол?
-Индонезид хоёр чухал арга хэмжээ болсон. Үүний нэг нь Азийн эдийн засгийн чуулга уулзалт байлаа. Манай Ерөнхий сайд түүнд урилгаар оролцож үг хэлсэн. Чуулга уулзалт хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчидтай нэгэн зэрэг, нэг арга хэмжээний хүрээнд уулзах таатай нөхцлийг олгосон. Энэ утгаараа Монголд тулгамдаад байгаа олон асуудлын талаар түнш орнуудтайгаа ярилцаж, шийдлийг нь тодорхойлох боломжийг олгож байгаа юм. Үүний зэрэгцээ Индонезийн Ерөнхийлөгч, Худалдааны сайд нартай албан ёсоор уулзаж, хоёр талынхаа харилцааг урагшлуулах талаар ярилцсан.
-Манай улс Индонезтэй ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой вэ?
-Индонез бол манай бүс нутгийн хамгийн том нүүрс нийлүүлэгч орон. Нэгдүгээрт, Австрали, хоёрдугаарт Индонез ордог. Үүний дараа манай улс орох боломж бий. Энэ үүднээс авч үзвэл бид нэг л даяаршсан ертөнцөд нэг л зах зээлийг чиглэсэн экспорт хийж байна. Тэгэхээр энэ тал дээр хамтарч ажиллах, бодлогоо уялдуулах, зөвлөлдөх шаардлага байгаа. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллах боломж их байна. Тухайлбал, Индонезид нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд Монголыг нэлээд сонирхож байгаа. Яагаад гэвэл тэдний сайн ойлгодог, мэддэг салбар Монголд бий. Манайд ч гэсэн тэдэнтэй хамтраад ажиллах бодит сонирхол байна. Том, жижиг нүүрсний уурхайнуудыг ашиглахад хөрөнгө мөнгө, технологийн дутагдал гээд олон асуудал бий. Үүнийг шийдэхэд нарийн мэргэшсэн, асуудлаа мэддэг хөрөнгө оруулагчид хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлээр хамтарч ажиллах боломжтой.
Юутай ч Ерөнхий сайд Индонезид айлчлах үеэрээ уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтцийн чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцсан. Боловсрол, аялал жуулчлалын салбарт ч хамтарч ажиллах боломж байна. Монголчууд Зүүн өмнөд Азийн ихэнх оронд визгүй зорчдог болсон хэрнээ Индонезтэй өнөөдрийг хүртэл ийм тохиролцоонд хүрч чадаагүй. Энэ асуудлыг шийдчихвэл монголчуудад чөлөөтэй зорчих улс нэгээр нэмэгдэх учиртай гэсэн бодлого барьж байна. Үүнийг биелүүлэхийн төлөө ажиллах болно.
-Индонез бүс нутгийн хамгийн том нүүрс нийлүүлэгч орон болох талаар дээр дурдсан. Энэ утгаараа тэднээс суралцах зүйл бидэнд их байгаа байх?
-Энэ бол маш чухал асуудал. Индонезчүүд байгаль орчноо нэн тэргүүнд тавиарай, олсон ашгаа зөв хөгжилд зарцуулаарай гэж хэлж байсан. Энэ бодлогыг аль аль талдаа барьж байна. Давосын эдийн засгийн чуулга уулзалтын Жакарта дахь салбар хуралдааны үеэр Индонезийн Худалдааны сайд голлох яриа хэлэлцээрт оролцсон. Тэрбээр “Хүнсний хангалт, нийлүүлэлтийн тал дээр анхаарах хэрэгтэй байна. Аж үйлдвэрийн салбарт олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн ашиглаж эхэлснээс болоод хүнсний нийлүүлэлт буурах шинжтэй байна. Үүнийг дагаад дэлхийн зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт ажиглагдаж эхэллээ. Энэ бүхнийг хоорондоо ярьж шийдвэрлэх хэрэгтэй” гэж хэлсэн.
-Бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал чуулга уулзалтын үеэр яригдсан байх?
-Хямралын дараа дэлхийн эдийн засгийн төвүүд өөрчлөгдөж эхэлж байгаа тухай яригдсан. Баруун Европ, Америк төвтэй хөгжлийн загвар өөрчлөгдөж, Азийг чиглэж байгаа юм биш үү. Бид үүнд бэлэн байна уу гэдэг талаар санал солилцлоо. Бид хамтарч ажиллаж чадаж байна уу, ийм механизм байна уу гэдгийг ч цэгнэлээ. Ер нь хөгжил ирж байхад бидний харилцааг холбох суваг бөглөрөөстэй байна гэдэг асуудлыг нэлээд хөндсөн.
-Бүс нутгийн хувьд нийтлэг тулгамдсан ямар асуудал байна вэ. Үүнийг шийдэх чиглэлээр ямар шийдэлд хүрсэн бэ?
-Ажилгүйдэл, үнийн хөөрөгдөл гэх зэрэг асуудал байна. Баян хоосны ялгаа бүс нутгийн хэмжээнд бүрэн гүйцэд арилахгүй байна. Үүнд яаж анхаарах вэ гэдэг асуудал яригдлаа. Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Даяаршил бүх зүйлийг даяаршлуулдаг. Түүн дотроо эрсдэл ч гэсэн даяаршдаг юм байна. Өмнө нь жижиг Монгол Улсын эрсдэл зөвхөн Монголд л хамаатай байсан бол өнөөдөр бидний эрсдэл даяаршлын шинж чанартай боллоо. Зарим эрсдэл биднээс үл шалтгаалсан өнгө аястай байна” гэж хэлсэн. Манайх агаар мандалд гаргаж байгаа озоныг задлагч бодисоороо харьцангуй бага. Гэтэл дэлхийн бусад улс орон агаар мандлыг бохирдуулж байгаатай холбоотойгоор олон улс орон бохирдож байна. Үүний дотор Монгол Улс орсон. Даяаршлын шинж чанартай эдгээр эрсдлийг хамтарч шийдэх хэрэгтэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )