Соёлын салбараа соёлтой өмгөөлөх цаг иржээ

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

Уугуул үндэстэнтэй улс бүр Соёлын яамтай байдаг. Өөрсдийн үнэт өв соёлоо яамаараа дамжуулан хөгжүүлж ирсэн гэдгийг гадны олон орны жишээн дээрээс харж болно. Харин монголчууд социализмын үед цирк, дуурь, драмын театр, урлан бүтээх төв, хэдэн номын сангаа барьж байгуулсан. Түүнээс хойш шинийг байгуулаагүй ч хуучин хэдээ ч олигтой тордож ирээгүй нь яамгүй байсантай шууд холбоотой гэдгийг салбарынхан цаг ямагт ярьж, шүүмжлэлтэй хандаж ирсэн. Тэр ч утгаараа соёлын салбарынхан маань хүнд сорилтын жилүүдийг туулж өнөөдөртэй золгосон гэхэд дэгсдэхгүй. Боловсрол, аялал жуулчлал, спортын салбарын яамдтай явж ирсэн ч хашаандаа хатгах туггүй л явж ирэв. Харин 2020 онд УИХ Соёлын яамтай байхаар Засгийн газрын бүтцийг баталсан нь энэ салбарт нар үзэх нэг боломжийг нээсэн юм. 

Сайд нь академич С.Чулуун. Түүнийг улс төрийн томилгоо гэхээс илүүтэй монголчуудын өв соёл, музей, номын сан, Шинжлэх Ухааны Академийн түүхийн хүрээлэн зэрэг салбарт ажилласан туршлагыг нь харж томилсон биз. Сүүлийн үед түүнд хаяглаж, чиглүүлсэн олон чулуу “нисэж” байна. Нэг талаас улс төрийн өнцөг, нөгөө талаас атаархагчдын шидсэн чулуу гэдгийг салбарынх нь учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Өмнө нь Монгол Улс бие даасан Соёлын яамтай байхад соёл урлаг ямар хэмжээнд үнэлэгдэж, уран бүтээлчид нь ард түмний хайр хүндэтгэлийн дээд байлаа. Гэвч сүүлийн 24 жил бие даасан яамгүй өнчин хүүхэд шиг хаяж ирснийг бүгд мэднэ. Ёстой л бор зүрхээрээ зүтгэж өнөөдрийг хүрсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнийг соргогоор анзаарч яам байгуулахдаа “Соёлын яам бол Монгол Улс оршин байгаагийн баталгаа. Соёлын яам мөнхөд оршин тогтнох ёстой. Соёл бол монголчуудын оршин байх баталгаа” гэж хэлсэн нь учиртай.

Монголчуудын оршин байхын нэг том баталгаа нь урлаг, өв соёл. Шинэ яам байгуулахад бүтэц бүрэлдэхүүн, байр савнаас эхлээд бишгүй л хүндрэлтэй нүүр тулсан байж таарна. Ямартай ч өнөөдөр Соёлын яам салбарынхны эрх ашгийг хамгаалах, бодлого боловсруулах чиглэлд ажлаа эхлүүлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай хууль, Музейн тухай хуулийг парламентаар хэлэлцүүлж эхэллээ. Харамсалтай нь хэзээнээсээ ноён зантай бидэнд энэ салбар хэрэггүй мэтээр дайрч давшилж байгаа нь Монголын соёлын салбарыг устгах харийн бодлого ч байж мэдэхээр зүйлсийг зарим хүмүүс цухуйлгаж эхлэв. Одоо л нэг энэ салбар амь орох нь гэтэл амийг нь таслахаар улайрч буй хэсэг нөхөд давшилж байгаад бухимдах хүмүүс ч олон байна.

Хатуухан ч гэсэн үнэнийг хэлэхэд урлагийн ариун сүм гэгддэг хөдөөгийн театрууд хог дээр хаягдсан нь үнэн шүү дээ. Хөдөөгийн театруудаа Соёлын яам л дэмжинэ.  Юу үнэн тэр үнэн. Хэн нэгэн улс төрч, хэн нэгэн эрх ашгийн сонирхол бүхий хүмүүс соёлыг хөгжүүлдэггүй юм аа. Соёлын салбарынхан, тэр дундаа яам руугаа дайрч давшилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр аманд орсноо үнэн мэт ярьдаг  зарим хүмүүсийн харгайгаар яамгүй болбол тэд хөгжүүлэх үү. Үгүй шүү дээ. Үсчүүлсэн шүлсээ өөр салбарынхан руу дахин үсчүүлээд соёлынхон хоосон үлддэг 20 гаруй жилийн түүх үргэлжилнэ. Тиймээс соёлын салбарынхан соёлтой байж, салбараа, яамаа өмгөөлж байхгүй бол та бүхний нэрийг барьсан ашиг хонжоо хайгчид дахин шүдэнз зурахад бэлэн байна шүү.

Соёлын салбар зөвхөн урлагийн хэмжээнд хязгаарлагдахгүй. Нийгмийг соён гэгээрүүлэх хамгийн чухал үүргийг нь зайлшгүй онцлох нь зөв. Ороо бусгаа нийгмийн харилцаанд Соёлын яамны хийж хэрэгжүүлэх ажил голлох үүрэг гүйцэтгэнэ. Гудамжинд шүлсээ хаясан, амандаа хараал бувтнасан өөрийн гэсэн үнэт зүйл, үндэсний бахархалгүй ирээдүйг бид бүтээж болохгүй. Тиймээс Соёлын салбар хэн нэгэнд баригдаж, хэв шинжид багтаж болохгүй.

Монголчуудын бүтээсэн соёлын экосистем маш эмзэг. Гэхдээ үнэлбэл цар хүрээ нь монгол орны газар нутгийн хэмжээнд бус дэлхийд үнэлэгдэх, дэлхийн олон соёлын анхдагч суурь болж ирсэн. Тиймээс анхаарал суларбал аюулд орох хэмжээнд соёлын салбараа үнэлж, авч үзэх ёстой.

Дэлхий нийтийг цочроосон цар тахал нь соёл урлагийн бүтээх болон түгээх үйл явц, түүний  дунд болон холын ирээдүйд ноцтой нөлөө үзүүлэх болно гэдгийг олон улсын судлаачид тогтоожээ. ЮНЕСКО-гийн үзэж байгаагаар дэлхийн улс орнуудын соёлын илэрхийллийн олон төрөл өндөр эрсдэлд орж байна. Буурай хөгжилтэй орнуудын соёлын үйлдвэрлэлийн хэлхээ хямарснаар гадаадын соёлын бүтээгдэхүүнээс хараат болох явдал ихэснэ гэдгийг ч онцолж байна. Мөн соёл урлагийн мэргэжилтнүүдэд вирусний халдварыг тараах эрсдэлээс гадна, удаан сэхэх энэ салбарт орлого буурах, ажилгүйдэл нэмэгдэх зэрэг асуудлууд тулгарна. Гарах ноцтой үр дагавруудын нэг бол тархины хомстолд орно, өөрөөр хэлбэл уран бүтээлчид, техникийнхэн болон нарийн мэргэжилтнүүд гээд хүний нөөц соёлын салбарыг орхиж явахаас өөр аргагүй болно. Язгуур урлаг, соёлын биет бус өвийг тээгч нарт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг Монголын Урлагийн Зөвлөлийн албан ёсны сайтад нийтэлсэн байгаагаас үзэхэд энэ салбар эзэнгүй бол, энэ салбар харилцааг зохицуулах яамгүй бол, яамыг нь мэргэжлийн хүн удирдаж явахгүй бол дотоод, гадаадын хүчин зүйлсийн нөлөөнд соёлоо бид соёлтойгоор алдах юм байна гэдгийг хаа хаанаа ухаарах цаг болжээ.

Айлын шоовдор хүүхэд шиг хаа газрын хаяа хатавчинд явж ирсэн соёл, урлагийн салбарынхан өнгөрөгч долоодугаар сард Соёлын яамтай болсон. Тус яамыг байгуулахаас өмнө энэ салбарынхан хойд эцгийн гар хардаг шоовдор хүүхэд мэт нэг яамны харьяанд хэлтсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж ирсэн нь нууц биш.

Энэ хүртэл Монголын соёлын өвийн үнэт бүтээлүүд тодорхой харьяалагдах эзэнгүй, хулгайч нарт тоногдож цөлмөгдсөн нэг үгээр хэлбэл "Эцэггүй хүүхдийг яасан ч яах вэ" гэсэн шиг эрээ цээргүй хүмүүсийн гарт үрэгдсэн байсан. Соёлын яамтай болсноор уран зураг, ховор ном, хөгжим зэмсэг гээд соёлын өв бүхэн бүртгэгдэж эхлэв. Нэг үгээр хэлбэл усаа хаших эрэгтэй боллоо. Соёл урлагийн салбарынхан маань ч сэтгэл тэнэгэр нэгэн дуугаар яам байгуулсныг дэмжиж байлаа. Соёлын салбарт зайлшгүй хийж хэрэгжүүлэх ажлууд шил даран хүлээж байна. Тухайлбал, уналтад орж орох оронгүй болсон циркийнхэн, олон ястны биет болон биет бус өв соёлыг тээн үлдээх Соёлын өвийн музей, Чингис хаан, хаад язгууртны музей, Үндэсний номын сан, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын барилгаас эхлээд соёлын салбарын бие даасан хуулиуд, оновчтой бодлого үргэлжлэх том боломжийг эрх баригчид Соёлын яамаар дамжуулан нээж өглөө.

Соёлын яам байгуулагдах хүртэл соёлын салбарын хөгжил Их хурлын нэг гишүүн тойрогтоо очихдоо ганц хоёр хөгжим хэрэгсэл өгөхөөс хэтэрдэггүй байсан нь үнэн. Товчхондоо соёл урлагийн мэргэжлийн уран бүтээлчид сайн дурын уран сайханчийн хэмжээнд үнэлэгдэх болсон нь төр засаг энэ салбарыг хаяж ирсэнтэй холбоотой...

Э.ТЭМҮҮЛЭН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.15.10) 2021 оны 01 сарын 19

Сайн ажиллаарай

0  |  0
Top