АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Жозеф Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын тангараг өргөх ёслол лхагва гарагт (2021.01.20) орон нутгийн цагаар 12.00 цагт (УБ-ын цагаар 2021.01.21-ний 01.00 цагт) Вашингтон хотноо ёслол төгөлдөр эхэллээ. Энэ удаагийн ёслолын ажиллагаа урьд урьдынхаас өөр болж байна. Учир нь цар тахлын улмаас ёслолын ихэнх арга хэмжээ хязгаарлагдмал хүрээнд болж байна. Хоёрт энэ удаагийн ёслолын ажиллагаа урьд өмнө байгаагүй аюулгүй байдлын хатуу нөхцөлд болж байна. Гуравт, уламжлал ёсоор шинэ төрийн тэргүүнийг Цагаан ордонд угтах ёстой Доналд Трамп тангараг өргөх ёслолд оролцохгүй бөгөөд лхагва гарагийн өглөө нийслэлээс явсан юм.

Уламжлал ёсоор тангараг өргөх ёслолд АНУ-ын өмнөх төрийн тэргүүн болох барак Обама (2009-2017), Билл Клинтон (1993-2001) олон түүний гэргий Хиллари Клинтон, Жорж Буш (2009-2017) нар оролцов. 96 настай Жимми Картер (1977-1981) анх удаа тангараг өргөх ёслолд оролцолгүй өнгөрөөжээ.
 
Капитолын толгойд болдог ёслолын арга хэмжээнд  зориулж урьд өмнө 200 мянга гаруй урилга тараадаг байсан бол энэ жил тасалбар гаргаагүй байна. Хүмүүсийн оронд АНУ-ын 200 мянган ширхэг туг, далбаа шинэ ерөнхийлөгчөө “угтан мэндчилсэн” юм. Конгрессмен, сенаторууд зөвхөн ганц зочны хамтаар ёслолын арга хэмжээнд оролцох боломжтой байв. Нийт нэг мянга орчим хүн оролцсон бөгөөд тангараг ёслолын арга хэмжээг сурвалжлах сэтгүүлчдийн тоог ч мөн цөөлсөн юм.

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жозеф Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар тангараг өргөсний дараа Капитолын толгойн зүүн жигүүрт бага хэмжээний цэргийн жагсаал хүлээн авна.  Ёслолын ажиллагааны хөтөлбөр ёсоор Байден Арлингтоны оршуулгын газар дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөсний дараа шинэ өргөө болох Цагаан ордон руу хөдлөх юм.  Мөн өдрийн орой 17.15 цагт Байден хэд хэдэн гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурж, хагас цагийн дараа түүний танхимд ажиллах багийг тангараг өргүүлнэ. Оройн 20.48 (УБ цагаар: 2021.01.21-ний 09.48 цаг) Байден, Харрис нар баярын хөтөлбөрт оролцож, үг хэлнэ. Орон нутгийн цагаар 21.55 цагт Байден, Хариссын хоёр гэр бүл Цагаан ордны тагтан дээр гарч, ард түмэнтэйгээ мэндчилэх юм.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top