Загварын сэтгүүлүүд АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр шинэ ерөнхийлөгчийн гэргийн өмссөн зүүснийг үнэлж, дүгнэдэг уламжлал тогтсон байдаг.
Тэгвэл АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден АНУ-аас гаралтай хамгийн алдартай загварын тэмдгийн нэг болох “Ralph Lauren” брэндийн хар хөх өнгийн костюм сонгосон байна. Хар хөх өнгө нь найдвартай, тогтвортой байдлыг илэрхийлдэг.
Харин тэргүүн хатагтай Жилл Байден Нью Йоркийн “Markarian” брэндийн номин цэнхэр өнгийн хүрэм, даашинзын сонгосон байна. Загвар зохион бүтээгч Александра О’Нейл тэргүүн хатагтайд зориулж номин цэнхэр өнгөтэй өвдөг давсан даашинз, “Swarovski” болор чимэгтэй хүрмийг бүтээжээ.
Гэхдээ 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр загварын ертөнцийн анхаарлыг АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон анхны эмэгтэй Камала Харрис татаж байв.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуулиас хойш Жо Байдены гэргий Жилл Байден бус харин Камала Харрис загварын нүүр царай болоод байгаа юм. “Vogue” сэтгүүл, салбарын шинжээчид, блогерууд Камала Харрисын дүр төрхийг үнэлж, ямар гоёлтой гарч ирэхийг таамаглаж байснаас үзвэл загварын хүрээнийхний сонирхлыг тэргүүн хатагтайгаас илүү татаж буйг илтгэж байна.
Дэд ерөнхийлөгч Камала Харрис өтгөн хөх ягаан өнгийн даашинз, хүрмийг сонгосон байна. Түүний хувцсыг хар арьст загвар зохион бүтээгч Кристофер Жон Рожерс, Сержио Хадсон нар бүтээжээ. Камала Харрис байнга зүүдэг сувдан гоёлоос татгалзсангүй. Тэрбээр их сургуульд байхаасаа эхлэн сувдан чимэглэлийг зүүж эхэлжээ. Харин түүний нөхөр Харрис Даг Эмхофф “Ralph Lauren” брэндийн хүрмийг мөн сонгосон байна.