АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, 36 жил Конгрессын гишүүний албыг хашсан Жозеф Байден АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болж байна. Тэрбээр гурав дахь оролдлогоор, 76 насандаа Цагаан ордныг тэргүүлэхээр болжээ. Байден АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгчийн хувиар бичигдэн үлдэнэ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сонгуульд өрсөлдөгч Доналд Трампыг ялахаас өмнө тэрбээр Цагаан ордны төлөө хоёр ч удаа өрсөлдөж байжээ. Анх 1987 оны сонгуульд оролцож байсан бөгөөд зохиогчийн зөвшөөрөлгүй бүтээлийг нь хулгайлсан хэрэгт буруутгагдан өрсөлдөөнөөс гарч байв. 2008 оны сонгуулийн сунгаанд Барак Обамад боломж олгон, нэрээ татаж, улмаар түүний дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.
Джозеф Робинетт Байден (Joseph Robinette Biden Jr.) 1942 оны арваннэгдүгээр сарын 20-нд Пенсилван мужид төржээ. Түүний бага насны дурсамж бөгөөд сургамж нь ээрдэг байсан тул үеийнхэндээ шоглуулдаг байсан явдал аж. Үүнийг даван туулахын тулд тэрбээр Ирландын яруу найрагчдын шүлгийг цээжилж, толины өмнө урнаар уншдаг байж. Үүний ачаар тэрбээр уран илтгэгч болжээ. Тэрбээр дэмжигчидтэйгээ “чи” гэж харьцдаг ба энэ нь түүнийг эмэгтэйчүүдэд хэтэрхий чөлөөтэй ханддаг гэж нэг бус удаа буруутгахад хүргэж байв.
Жозеф Байден мэргэжлээрээ хуульч. Байдены хувьд гэр бүл хамгийн чухал. 1972 онд АНУ-ын түүхэнд хамгийн залуу сенаторуудын нэг болсны дараахан тэрбээр эхний гэр бүлээ алдаж байв. Түүний анхны эхнэр, 13 сартай охин автомашинд осолд орж, амиа алдаж байжээ. Хоёрдахь эхнэр болох Жил Байдентай тэрбээр 40 гаруй жил амьдарч байна. 2015 онд эхний гэрлэлтээс гарсан ууган хүү Бо-г алдсан нь дахин нэг цохилт болжээ. Тухайн үед олон хүн түүнийг ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж хүлээж байсан ч хайртай хүүгээ алдсан Жо өрсөлдөхөөс татгалзаж байв.
Байден нохой тэжээх дуртай. Цагаан ордонд түүнтэй хамт 12 настай Чемп, хоёр настай Мейжорын хамт нүүж ирнэ. Байдены гэргий Жил Вашингтонд нүүж ирсний дараа мууртай болох тухай ярьж байсан аж.
Жозеф Байден, дэд ерөнхийлөгч Камал Харрис нарын тангараг өргөх ёслол өнөөдөр орон нутгийн цагаар 12.00 цагт (УБ-ын цагаар 2021.01.21-ний 01.00 цагт) Вашингтон хотноо болно.
Сэтгэгдэл ( 1 )
Жозэф Робинэт Байдэн. Орос галигийг больё.