АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Жозеф Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын тангараг өргөх ёслол лхагва гарагт (2021.01.20) орон нутгийн цагаар 12.00 цагт (УБ-ын цагаар 2021.01.21-ний 01.00 цагт) Вашингтон хотноо ёслол төгөлдөр болж, өндөрлөж байна.

Энэ удаагийн ёслолын ажиллагаа урьд урьдынхаас өөр болов. Учир нь цар тахлын улмаас ёслолын ихэнх арга хэмжээ хязгаарлагдмал хүрээнд болжээ. Хоёрт энэ удаагийн ёслолын ажиллагаа урьд өмнө байгаагүй аюулгүй байдлын хатуу нөхцөлд болов. Гуравт, уламжлал ёсоор шинэ төрийн тэргүүнийг Цагаан ордонд угтах ёстой Доналд Трамп тангараг өргөх ёслолд оролцоогүй бөгөөд лхагва гарагийн өглөө нийслэлээс явсан юм.

Ингэснээр тэрбээр сүүлийн 152 жилд өөрийнх нь халааг авч буй төрийн тэргүүний тангараг өргөх ёслолд оролцохгүй АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байна. Хамгийн сүүлийн удаа ийм тохиолдол 1869 онд гарч байсан түүхтэй. Тухайн үед АНУ-ын 17 дахь ерөнхийлөгч Эндрю Жонсон халааг нь авсан Улисс Грантын тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзаж байжээ.

Уламжлал ёсоор тангараг өргөх ёслолд АНУ-ын өмнөх төрийн тэргүүн болох Барак Обама (2009-2017), Билл Клинтон (1993-2001) олон түүний гэргий Хилари Клинтон, Жорж Буш (2009-2017) нар оролцов. 96 настй Жимми Картер (1977-1981) анх удаа тангараг өргөх ёслолд оролцолгүй өнгөрөөжээ.

Капитолын толгойд болдог ёслолын арга хэмжээнд  зориулж урь өмнө 200 мянга гаруй урилга тараадаг байсан бол энэ жил тасалбар гаргаагүй байна. Хүмүүсийн оронд АНУ-ын 200 мянган ширхэг туг, далбаа шинэ ерөнхийлөгчөө “угтан мэндчилсэн” юм. Конгрессмен, сенаторууд зөвхөн ганц зочны хамтаар ёслолын арга хэмжээнд оролцох боломжтой байв. Нийт нэг мянга орчим хүн оролцсон бөгөөд тангараг ёслолын арга хэмжээг сурвалжлах сэтгүүлчдийн тоог ч мөн цөөлсөн юм.

Энэ удаагийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ урьд өмнө байгаагүй аюулгүй байдлын хатуу хамгааллын дор болж өнгөрлөө. Эл арга хэмжээнээс долоо хоногийн өмнө тус улсын хууль хүчнийхэн Вашингтон хотын ихэнх хэсгийг хаасан байна. Метроны 13 буудлын бүрэн хааж, хэд хэдэн чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна. Капитолын ордон гаднах байдлаараа цайз мэт харагдаж байна гэж орон нутгийн хэвлэлүүд онцолжээ. Конгрессыг тойруулан өргөст тороор дөрвөн метр өндөр хаалт татсан. Түүнчлэн, Капитолын толгойгоос Авраам Линколны дурсгалын хөшөөг хүртэлх төв гудамжийг хаалттай бүс болгожээ. 2009 оны ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр 1.8 сая хүн энд цугларч байжээ.

Аюулгүй байдлыг хангах үүднээс Үндэсний гвардийн 25 мянган алба хаагч Вашингтон хотод дайчлагдаад байна. Энэ нь Ирак, Афганистанд үүрэг гүйцэтгэж буй Америкийн цэргийн нийт тооноос тав дахин их юм. 2017 оны Трампын тангараг өргөх ёслолын үеэр Үндэсний гвардийн таван мянган цэрэг, цагдаагийн гурван мянган алба хаагч дайчлагдан ажиллаж байв.

Орон нутгийн цагаар 12.00 цагт АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис тангараг өргөсний дараа Дээд шүүхийн дарга Жон Робертс АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байдены тангаргийг өргүүлэв. АНУ-ын Үндсэн хуулийн дагуу Жозеф Байден “Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлж, Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг боломжийнхоо хэрээр хамгаалахыг” тангараглан баталж буйгаа илэрхийлэв.

Үүний дараа АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ард түмэндээ хандан үг хэлэв.  Тэрбээр өөрийн бодлого, цар тахлыг хэрхэн даван туулах, эдийн засгаа сэргээх, улс орноо нэгтгэн, эдгээх талаар танилцуулав.

Тангараг өргөсний дараа АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жозеф Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар Капитолын зүүн жигүүрт шилжиж, Зэвсэгт хүчний шинэ ерөнхий командлагч бэсрэг хэмжээний цэргийн жагсаалыг хүлээн авав. Үүний дараа Жозеф Байден Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нарын хамтаар Потомак эрэг дээрх Америк дахь хамгийн том эргийн дурсгалын цогцолбор болох Арлингтоны оршуулгын газарт цэцэг өргөв.

Тэндээсээ АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн автомашины цуваа Цагаан ордон руу хөдөлж, Жозеф Байден албан ёсоор үүрэгт ажилдаа орж байна.

 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2021 оны 01 сарын 21

Hunii naimaachin hujaanuudin ih bayarlaj baigaag

0  |  0
Ам(202.179.25.246) 2021 оны 01 сарын 21

Америк сэргэн мандах замдаа орлоо.

1  |  1
Top