Баянгол дүүргийн дөрвөн айл АГААРЖУУЛАЛТЫН ХООЛОЙ-гоор халдвар авсан байх магадлалтай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021.01.22/

Коронавируст халдварын тархалт орон сууцны иргэдэд дамжин халдварлах нэг гол суваг нь агааржуулалтын хоолой болж байгаа юу гэдэг асуулттай холбогдуулан НЭМҮТ-өөс мэдээлэл өглөө.

2021 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооноос 5 өрхийн 5 тохиолдол батлагдсан. Үүнд, байршлын хамаарал ажиглагдаагүй.

2021 оны нэгдүгээр сарын 9-ний  өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 4 өрхийн 8 тохиолдол батлагдсан. Энд бол агаар сэлгэлтээс болсон гэх таамаглах магадлал өндөр байна. Өвчлөл бүртгэгдсэн айлууд нэг орцны харалдаа дээд, доод давхарт байрладаг. Агаар сэлгэлтийн нэг сувагтай. Айлуудын хоолны болон тамхины үнэр ариун цэврийн өрөө, гал тогоонд үнэртдэг байсан. Үнэр үнэртэнэ гэдэг бол нэг айлаас нөгөө айл руу агаар нэвтэрч байгааг илтгэж байна. 

1 ба 6 давхрын айлуудад өвчлөл бүртгэгдээгүй. Халсан агаар дээшээ хөөрдөг учраас 1 давхрын айл өвчлөөгүй байх магадлалтай. 6 давхрын айл өвчлөөгүй байгаа нь барилгын дээд давхар өөр сувгаас агаар сэлгэлтийг аваад гадагшлуулдагтай холбоотой байх гэж таамаглаж байна.

Агааржуулалтын суваг ердийн сараалжтай. Гэрэлтэй холбосон сэнс, хааж нээх хавхлага байхгүй учир ингэж таамаглаж байна гэв.

2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 3 өрхийн 7 тохиолдол бүртгэгдсэн. Үүнд, байршлын хамаарал, агааржуулалтын хоолойтой холбоотой хамаарал  ажиглагдаагүй.

НЭМҮТ-өөс өгч буй мэдээллээр тухайн айлд бусад айлын хоол, тамхины үнэр үнэртдэг бол агааржуулалтын хоолойгоор агаар дамжиж байна гэсэн үг. Хэрэв халдвартай, өвчинтэй иргэн байгаа айл бол халдвар дамжих эрсдэлтэй. Үүнээс сэргийлэх гол арга хэмжээ бол агаар сэлгэлт хийх гэв.

 

Top