"Эр хүн ятгатай дуулах нь Монголын их амар амгалан" хэмээн Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж яруусан дуулсан билээ. Эр хүн ятга тоглоод дуулах тэр их амгалан, ярууслыг өнөө цагт Ө.Бохьшарга хэмээх залуу эгшиглүүлж буй. Цэл залуухан эрийн уран цагаан хуруу ятгын чавхдас дээгүүр эрмэгхэн атлаа эвлэгхэн бүжиж, уян налархай бие нь хуруугаа дагаад усны долгис шиг хөвөлзөх нь юутай үзэсгэлэнтэй. Олны өмнө нүүрний масктай гарч ирж шуугиулсан ятгачин, дуучин хүү өдгөө олон уран бүтээлийн эзэн болжээ. Ятга тоглохоос гадна төгөлдөр хуур, гитар гээд олон хөгжимд элдэвтэй хөдөлмөрч, авьяаслаг түүнд ард түмэн хачин их хайртай. Уран бүтээлээ туурвиад завгүй байгаа түүнтэй ярилцсан юм.
-Та урлагт хөл тавих болсон түүхээсээ хуваалцана уу?
-Би Завхан аймагт төрж өссөн. Анх тавдугаар ангидаа Завхан аймгийн Хөгжим бүжгийн сургуульд элсэн орж суралцсан бөгөөд бага байхын дуу хөгжимд дуртай хүүхэд байсан. 2016 онд ХБК төгссөн. Миний багш Д.Нямсүрэн гэж хүн байдаг . Надад анх ятга зааж сургасан хүн. Багшийнхаа хоёр дахь эрэгтэй шавь нь болж суралцсандаа бахархдаг. Урлаг соёлын хүн болно гэдэг ховорхон тохиох хувь тавилан билээ. Урлаг гэдэг хүнийг хүмүүжүүлж, нийгмийг түүчээлж байдаг болохоор урлагийн хүн болсондоо харамсдаггүй.
-Та анх урлагийн тайзан дээр гарч ирэхдээ нүүрэндээ масктай байсан. Энэ санааг хэн гаргасан бэ. Тэмцээнд энэ төрхөөрөө орж байсныг нь тод санаж байна?
-Нүүрэндээ маск зүүх санаа бол миний багш Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Батсүх болон бид хоёрын хоорондоо ярилцаж байж шийдсэн зүйл. Яагаад зүүх болсон гэхээр багш минь "Чиний нас болоогүй байна. Ард түмэн чиний царайг биш авьяасыг чинь сонсдог болохоор энэ багаа авна шүү" гэж хэлж байлаа. Яг үнэндээ бол энэ баг гэдэг зүйл урлагаас нэг их гажаад байх зүйл биш. Анх Грек, Ромын үед уран бүтээлчид бүгд баг зүүж тоглодог байсан юм билээ. Баг гэдэг олон зүйлтэй холбогддог. Одоо бол багныхаа цаанаас ил гарсан. Харин уран бүтээлийнхээ клип, зураг авалтад багаа зүүдэг. Хүмүүс яагаад баг зүүгээд байдаг юм гээд шүүмжилдэг л дээ. Манайхан шинэлэг зүйлд жаахан дасаж өгөхгүй байх шиг санагдсан.
-Яагаад заавал ятга хөгжмийг сонгосон бэ, ятга хөгжмийг хүнээр зүйрлэвэл, ямар ааш араншинтай байх бол?
-Ятга хөгжимд анх ээж минь намайг дурлуулсан. Тэгээд сонгож суралцсан. Ятга хөгжмийг эмэгтэйчүүд их тоглодог л доо. Эрэгтэй хүн ятгатай “амраглах” нь бага болохоор гоё ч юм шиг, заримдаа бусдаас тэс өөр ч юм шиг санагддаг байсан шүү. Одоо бол огт өөр мэдрэмж авдаг. Ятга хөгжим бол эмэгтэй хүн. Тийм гоё уяхан яруу бас тансаг хөгжим. Би заримдаа “Намайг тойрсон олон сайхан хүүхэн байгаа шүү” гэж тоглоод хэлдэг юм. Бор ятгаа “сайхан бор хүүхэн” гээд л энхрийлэн эрхэмлэдэг. Ятга хөгжим миний ээж, найз, амраг бүсгүй юм. Ятга хөгжим өөрөө яг л эмэгтэй хүн шиг уянгалан эгшиглэдэг. Өвдөг дээрээ ятгаа дэрлүүлчихээд чавхдас юуг нь товшиж суухаар хайртай бүсгүйнхээ үсийг илбэж байгаа юм шиг санагддаг шүү .
-Та ардын дуунуудыг өвөрмөц шийдлээр дуулж олон түмэнд хүргэсэн. Урын сандаа хэчнээн дуутай болж байна даа?
-Ардын дуу бол монгол хүн бүхэнтэй хамт дэлхийг тойрох ёстой зүйл гэж боддог. Сүүлийн үед залуучууд ардын дуу язгуур урлаг сонирхохгүй байгаа. Сонирхож байгаа хүмүүс нь 40-өөс дээш насны хүмүүс байх шиг. Уг нь бол бид нар үндэснийхээ урлагаар дэлхийд гангарах ёстой. Даанч сонирхдог залуучууд ховор байгаад харамсдаг. Би бие даасан уран бүтээл хийгээд хоёр жил болж байна. Анхны уран бүтээл минь “Тоохуу нэгэн гос” гэдэг ардын дуу. Энэ уран бүтээлдээ би их хайртай. Энд тэнд очиход хүмүүс энэ уран бүтээлийг минь сонсох их дуртай. Урын сандаа “Тоохуу нэгэн гос “, “Дүүриймаа”, “Гоолингоо”, “Алтаргана”, “Янзаган зоотой шарга” зэрэг уран бүтээлээ амилуулаад байна. Бүх уран бүтээлдээ ятга хөгжмөө шингээж өгдөг. Ятга хөгжмийг П.Адарсүрэн агсан ятгатай дуулж, С.Вандан, Д.Дуламсүрэн хэмээх алдар суутай уран бүтээлчид минь ятга хөгжмийг ард түмэндээ эгшиглүүлж олны хайр хүндэтгэлийг хүлээсэн шүү дээ. Тийм учраас тэдний энд хүрэхийн тулд басхүү тэднээс өөр түвшинд аваачихын тулд өөрийгөө хөгжүүлсэн. Мэргэжлийн хөгжимчний хувьд тоглолт найруулгаа давтагдашгүй байлгахын төлөө өөрийгөө өдөр бүр хөгжүүлдэг. Одоогийн байдлаар дүрсжүүлэлт хийгээгүй зургаан ардын дуу байгаа. Бас Гавьяат жүжигчин С. Батсүх багшийн дуунаас сэргээж дуулахаас гадна хамтарсан уран бүтээлүүд хийжээ. Багштайгаа уран бүтээл дээр хамтарна гэдэг маш их итгэл, хүндлэл гэж бодож явдаг даа. Ятгын гоцлол болгож “Салхит” гэдэг уран бүтээлээ өөрөө зохиож найруулсан. Сүүлийн үед өөрөө дуу зохиож уран бүтээлээ хийх эрмэлзэл их төрдөг болж ээжийн тухай зохиосон шүү. Залуучууд ардын урлагаараа гангарах цаг удахгүй ирэх байх. Үүний төлөө өөрийнхөө чадах бүхнийг залуу хүний хувьд хийх болно.
-Хүмүүс таны шинэлэг санааг янз бүрээр хүлээж авч байгаа харагддаг. Зарим нь ардын дуу, хөгжмийг эвдлээ гэх зэргээр шүүмжилдэг. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?
-“Ардын дууг эвдлээ, ингэж дуулж болохгүй, гажиг юм байна” нтр гээд олон сэтгэгдэл байсан. “Нүүрэндээ гажигтай юм байна. яртай юм байна” гэх мэтээр янз бүрээр хэлүүлж байсан. Одоо бол хүмүүс сайхан хүлээж авдаг болсон байна лээ. Ардын дууны хөгжим эвдэрнэ гэж байхгүй. Хүн бүхний мэдэж байгаа энэ сайхан дуунуудаг хөгжмийн найруулга тал дээр жаахан өөрчлөлт оруулаад хөгжим нь орчин цаг руу хөрвөсөн гэдгээрээ л ахмад настангуудад таалагдахгүй байгаа юм шиг. Угаасаа ардын дууг цөөхүүл хөгжимтэй нь сонсож өссөн болохоор тэгдэг байх л даа. Ардын дууны хамгийн төгс зохицол нь цөөхүүл хөгжим боловч урлаг хөгжих хамгийн том алхам нь өөрчлөлт шинэчлэлт байдаг. Залуу уран бүтээлчдийн сэтгэх өнцөг нь өөр болохоор шинэ содон уран бүтээлийг залуус хүсэж байна шүү дээ. “Шүүмжлээд байвал би гайгүй юм хийжээ гэж бод, хэн ч ярихгүй байвал муу юм хийж дээ л гэж бод” гэж үг байдаг даа.
-Нийгмийг түүчээлж, соён гэгээрүүлж байх ёстой урлаг соёлынхон цар тахлын улмаас хэдэн сар ажилгүй байлаа. Энэ талаар үзэл бодлоо хуваалцана уу?
-Дэлхий нийтээрээ цар тахлаас айж сүрдэж байгаа болохоор бид дүрэм журмаа мөрдөхөөс яахав дээ. Халдвар хамгааллын журмаа сахиад гэртээ байх нь л хамгийн зөв. Энэ үед уран бүтээлчид цахим орчинд лайв хийгээд ард олондоо сэтгэлийн дэм хайрлаж, урам зориг өгч байгаа нь л сайхан. Тийм учраас би ч бас хэд хэдэн удаа лайв хийж уран бүтээлийн дээжээ өргөсөн. Хүмүүс маш сайхан хүлээж авсан нь надад ч бас их урам хайрласан шүү. Хүн гэдэг хүнийхээ л дэмээр явдаг юм байна. Цар тахлын үед ч энэ сэтгэлээ илүү их түгээж баймаар санагддаг.
-Цар тахлын үед уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийг хийгээд олз омог ихтэй байх шиг. Аливаа сөрөг зүйлээс хүртэл эерэг гаргалгааг гаргана гэдэг сайхан юм даа?
-Цар тахлын үед бол уран бүтээл хийх төлөвлөгөө л гаргаж сууна даа. Гэртээ онлайн сургалтаа хийгээд байж байна даа. Залуустаа ятга хөгжим зааж сургана гэдэг биет өвийг тээж яваа хүний хувьд язгуур урлагаа түгээн дэлгэрүүлэх үйлс гэж боддог доо. Бас энэ цаг үед өөртэйгөө сайхан ярилцах боломж олдож байна. Сайхан сайхан санаа их гарсан шүү. Миний хувьд Яармагт байдаг 34 дүгээр сургуульд хөгжмийн багшаар ажилладаг. Мөн өөрийн сургалтаа ажилуулаад нэг жил болж байна. Өөрийн гарын 16 шавьтай.
-Таныг маскныхаа араас ил гарахад хүмүүс яаж хүлээж авсан бэ. Надад бол масктайгаа байх нь илүү сонирхолтой санагддаг?
-Урлаг гэдэг гэнэтийн, нууцлаг байх тусам сонирхолтой. Ямар царай зүстэй хүн юм бол гэж гайхаж сонирхож байсан хүмүүст сонирхолтой л байсан байх. Би бусдын л адил царай зүстэй залуу шүү дээ. /инээв/
-Хөгжим тоглоод дуулах хэцүү байдаг болов уу, эсвэл?
-Хөгжим тоглоод дуулах хэцүү шүү. Ятга, хоолой ,микрофон гээд санаа зовох зүйл их байдаг л даа. Гэхдээ надад бол понаграммтай дуулснаас ятга тоглоод дуулахад илүү гоё мэдрэмж авдаг. Өөрөө студи ажилуулладаг болохоор хүний дуулж байгааг сонсож, өөр дээрээ ажиллаж одоо ч гэсэн суралцаж байна. Дуулалт дээрээ С.Батсүх багшаас зөвлөгөө авдаг даа.
-Цаашид ямар уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Хөл хорио гайгүй болохоор өөрийн зохиосон уран бүтээлээ эхлээд хийх бодолтой байна. Мөн С.Батсүх багш минь нэг дуу өгсөн. Тэр дууг хийхээр ажиллаж байна даа . Ардын дуу гэхээсээ илүү хувийн уран бүтээл дээр түлхүү ажиллана гэж бодож байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Uran bvteeliin ondor amjilt hvsie duug n sonsoh durtai shvv amjilt
setgeld hvrsen sain uran bvteelch minii veiin hvn inged amjilt gargaad ywiina gdg mudg shvv bas
Заавал сонсоно оо, амжилт
Saindyylj hugjimddug avyaslag zaluud yran bvteeliin ih amjilt hvsii.